Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/57

 

Х.Анхтамирт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0066/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал, Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                          Ч.Мядагбадам /онлайн/

              Хохирогч                                           Э.Эрдэнэсүрэн /онлайн/

              Хохирогчийн өмгөөлөгч                   П.Батжаргал /онлайн/

              Цагаатгагдсан этгээд                       Х.Анхтамир /онлайн/

              Цагаатгагдсан этгээдийн

              өмгөөлөгч                                         Ж.Эрдэнэбаатар /онлайн/

          Нарийн бичгийн дарга                     Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар цагаатгах тогтоолтой, Хүрэлчулууны Анхтамирт холбогдох, 2118000000019 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйн багш мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл-1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4.2 дугаар байрны 127-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дүгээр зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнагдаж байсан, МЮ87012516 регистрийн дугаартай, Цахиур овогтой Хүрэлчулууны Анхтамир,

Шүүгдэгч Х.Анхтамир нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 1-5 тоотод буюу халуун усны газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Эрдэнэсүрэнг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Цахиур овогт Хүрэлчулууны Анхтамирт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Анхтамирыг цагаатгаж,

Шүүгдэгч Х.Анхтамир нь хохирогч Э.Эрдэнэсүрэнд 9414111 төгрөгийн хохирол төлбөр төлснийг дурдаж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Анхтамирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

       Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт болсон үйл баримтын талаар дүгнэхдээ “ ...узелийн өрөөнөөс хохирогчийг гаргахад гартаа шалны мод, хогийн шүүр барьж гарч ирэн шүүгдэгч Х.Анхтамирыг цохисон, тухайн мөчид шүүгдэгч хохирогчийг түлхсэн, түлхэлтэд хохирогч Эрдэнэсүрэн усанд ордог өрөөний хана мөргөсөн, халтирч шалан дээр ар дагзаараа унасан үйл баримт "тогтоогдож байна" гэж дүгнэсэн атлаа, цааш нь хохирогч дахин хогийн шүүр, шалны мод зэрэг зүйлс барин шүүгдэгчийг цохихоор ирэхэд нь шүүгдэгч цохиулахгүй байх үүднээс холдуулан түлхсэн” гэж хохирогч шүүгдэгчийг шалны мод, хогийн шүүрээр цохиогүй байсан, цохихоор ирэхэд нь цохиулахгүйн тулд өөрөөсөө холдуулж түлхсэн мэтээр өөр өөр агуулгаар зөрүүтэй дүгнэж бичсэн, хийсэн энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

           Хэрэгт авагдсан дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогч шүүгдэгчийг хогийн шүүр, шалны модоор цохисон, ингэж цохисны хариуд нь шүүгдэгч түүнийг түлхэж унагаасан үйл баримт болсон нь тодорхой тогтоогдсон ба энэ нөхцөл байдалд аргагүй хамгаалалтын шинж үгүйсгэгдэнэ.

            Шүүх хохирогч Э.Эрдэнэсүрэн нь Х.Анхтамирын толгойн тус газар шампанскийн шилээр цохиж уг шил хагарсан, мөн архины шил хагалж шуун тус зүссэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө мэдүүлж байх ба дээрх уг довтолгоо дууссаны дараа хэсэг хугацаа өнгөрч дахин хогийн шүүр, шалны мод зэрэг зүйл барин цохиж дараа шүүгдэгч хохирогчийг түлхэж хананд савж шалан дээр унагаж буй үйлдлийг довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт “...аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй...” гэж заасныг анхаарч үзээгүй.

            Мөн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

         Шүүхийн практикт аргагүй хамгаалалтын шинжийг дүгнэхдээ хамгаалалт буюу довтолгоо хоорондоо нийцсэн буюу нийцээгүй төдийгүй хамгаалагчид заналхийлсэн довтолгооны аюулын шинж чанар, түүний эрч хүч, довтолгоо явагдсан цар хүрээ, түүний эцэст буй болох байсан хор уршиг, түүнчлэн довтлогч ба хамгаалагчийн хоорондын хүчний бодит харьцаанд нөлөөлж болох бусад нөхцөл байдал" зэргийг харгалзан үзэх, тодруулбал довтлогч ба хамгаалагчийн хоорондын хүчний бодит харьцааг тогтооход довтлогч ба хамгаалагчийн тоо, тэдний хувийн байдал, нас, хүйс, бие бялдрын хөгжилт, хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, халдлага болсон цаг үе, газар зэргийг тал бүрээс, бүрэн анхааралтай авч үзэх нь зүйтэй.

            Хэрэгт авагдсан 39 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Х.Анхтамирын биед хогийн шүүр, шалны модоор цохиулсны улмаас үүссэн гэх гэмтэл тогтоогдоогүй.

            Харин 38 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн биед тархины хүнд зэргийн гэмтлээс гадна зүүн нүдний зовхи, 2 гар, 2 өвдгөнд бас цус хуралт тогтоогдсоноос үзэхэд шүүгдэгч, хохирогч нар нь маргалдсанаас болж харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж байсан нь харагдаж байхад анхан шатны шүүх ядаж хохирогч, шүүгдэгч нарын биед учирсан гэмтлийн шинж байдлыг ч харгалзан үзэж бодитой дүгнэлт хийгээгүй, аргагүй хамгаалалтыг шинжийг үгүйсгэж байгаа бусад нөхцөл байдалд ч хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, няцааж үгүйсгэж дүгнэж чадаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

            Анхан шатны шүүх дээр дурдсан аргагүй хамгаалалтын бүх шинжүүдээс зөвхөн хохирогчийг хогийн шүүр, шалны мод барьж ирэхэд нь цохих нь гэж бодож цохиулахгүйн тулд хохирогчийг түлхсэн үйл баримт болсон нь тогтоогдож байна, энэ нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн хангасан үйлдэл гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл болсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг анхан шатны шүүх хангаагүй гэж үзэж байна.

            Иймд тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх “ Х.Анхтамир хохирогч Э.Эрдэнэсүрэнг түлхсэн үйлдлээс хохирогч унан эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл. тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний зовхи. 2 гар, 2 өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь хангалттай нотлогдож байна" гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч "Хэргийн нөхцөлд шүүгдэгч Х.Анхтамирын халдашгүй байдалд хохирогч Э.Эрдэнэсүрэн халдан довтолсон болох нь насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөний мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Х.Анхтамир өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бусаар халдагч этгээдийг өөрөөс холдуулах, түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор хохирогч Э.Эрдэнэсүрэнг түлхэхэд хана мөргөсөн, унахдаа ар дагзаар шалан дээр унасны улмаас түүний биед хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ ” гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Учир нь хэргийн хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн “.... Х.Анхтамир намайг ” Чи ийм болохоороо л одоо хүртэл нөхөргүй явж байгаа юм байна гэж учир битүүлэг юм яриад байхаар нь би пиво цацахад Х.Анхтамир намайг алгадсан. Тэгэхээр нь чи намайг яахаараа зоддог юм бэ гээд би түүнийг цохисон. Дараа харахад миний нүд, хөл, гар энд тэндгүй хөхөрсөн байсан ’’ гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Х.Анхтамир, хохирогч Э.Эрдэнэсүрэн нар нь хоорондоо маргалдаж, улмаар Х.Анхтамир эхэлж хохирогчийг алгадсанаар харилцан зодолдож эхэлсэн байх ба уг маргаан, зодоон үргэлжлэх явцад Х.Анхтамир нь Э.Эрдэнэсүрэнг түлхэж унагааж, түүнд гэмтэл учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн нүд. хөл, гарт учирсан цус хуралт бүхий гэмтлүүд нь хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг үнэн зөв болохыг давхар нотолдог. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Анхтамир хохирогч Э.Эрдэнэсүрэнг түлхэж унагахаасаа өмнө нь ч түүнийг цохиж зодож байсан нь хангалттай тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үргэлжилсэн маргаан, зодооны зөвхөн төгсгөл хэсгийг тасалж аван ".... довтолгоо дууссаны дараа дахин хогийн шүүр. шалны мод зэрэг зүйлс барин цохихоор ирэхэд нь цохиулахгүй байх үүднээс холдуулан түлхсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй ” ; дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Шүүгдэгч Х.Анхтамир нь хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа 1 цаг үргэлжилсэн зодооны сүүлийн 5 минутад дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай огт нийцээгүй. Х.Анхтамир анх хохирогчийг зодсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Харилцан зодооны эцэст хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Эрдэнэсүрэн тайлбартаа:

Маш их гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Х.Анхтамир тайлбартаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгч, прокурорын гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.Анхтамирт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх “ ... шүүгдэгч Х.Анхтамирын халдашгүй байдалд хохирогч Э.Эрдэнэсүрэн халдан довтолсон нь насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөний мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Х.Анхтамир өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бусаар халдагч этгээдийг өөрөөс холдуулах, түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, аргагүй хамгаалалт гэж  үзнэ.” гэж дүгнээд шүүгдэгч А.Анхтамирын үйлдэл холбогдлыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Тухайлбал:

Шалны мод барьж бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар заналхийлж довтолсон Э.Эрдэнэсүрэнгийн халдлагын талаар анхан шатны шүүх  хангалтай дүгнэлт хийсэн боловч Э.Эрдэнэсүрэн яагаад ийм үйлдэл хийх болсон, ямар санаа зорилготой байсан, шүүгдэгч Х.Анхтамир хохирогчийн бие, эрүүл мэндийн эсрэг хийсэн хууль бус үйлдлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

-Гэрч Б.Соронзонболдын “... би пиво ууж байгаад машинаа халаах гэж гараад машинаа асаачхаад буцаад халуун усны газар луу орох гэхэд хаалгаа дотроос нь түгжсэн байсан. Миний араас Дөлгөөн ирсэн. Бид хоёр  хаалгаа онгойлгооч гээд зөндөө удаан хаалгыг нь нүдсэн. Онгойлгоогүй бөгөөд Эрдэнэсүрэн, Анхтамир хоёр дотор хэрэлдээд байсан.” /хх 1-15 тал/ гэх мэдүүлэг,

-Гэрч Э.Дөлгөөний “... Эрдэнэсүрэн эгч, Анхтамир ах хоёр хоорондоо маргалдаад байсан. Би гадаа нь бараг цаг гаруй хүлээсэн.  Хэрэг болсны маргааш Э.Эрдэнэсүрэн эгчийн зүүн нүд хөхөрсөн, гар хөл нь хөхөрсөн байсан. Хэрэг гарах өдөр Э.Эрдэнэсүрэн эгчийн гар хөл, нүдийг анзаараагүй.” /хх 1-20 тал/ гэх мэдүүлэг,

-Гэрч Ц.Цэцгээгийн ” ...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр Анхтамир манай гэрт ирээд –Эрдэнэсүрэн бид 2 зодолдлоо. Та халуун усанд очихгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Халуун усны газар очиход иргэдийн хүлээлгийн өрөөний хэсэг нэлэнхийдээ эмх замбараагүй байсан. Юу болсныг Соронзон болд, Дөлгөөн нараас  асуухад  Эрдэнэсүрэн, Анхтамир хоёр хаалгаа дотроос нь түгжээд нэг цаг гаран зодолдсон гэж хэлсэн. ” /хх 1-23 дугаар тал/ гэх мэдүүлэг,

-2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт хэвтэх иргэний тархвар судлалын хуудас “... Э.Эрдэнэсүрэнгийн зүүн нүдний дээд доод зовхи хөхөрсөн. ” /хх 1-95, 97 дугаар тал/,

-Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 тоот шинжээчийн “... Э.Эрдэнэсүрэнгийн биед ... зүүн нүдний зовхи, хоёр гар, хоёр өвдгөнд цус хуралт тогтоогдлоо.” /хх 1-35 тал/ гэсэн дүгнэлт

-Хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн “... Анхтамир миний өнгөрсөн амьдралыг яриад -Чи ийм дээ л нөхөргүй явдаг юм байна. Сонин хүүхэн. Урдын амьдралыг чинь мэдсэн гээд инээгээд орилоод дайрч эхэлсэн....би тэгэхээр нь пиво цацсан чинь Анхтамир намайг алгадсан.

Хэрүүл маргаан хийж байхдаа намайг хэд хэдэн удаа алгадаад байсан учраас намайг дахиад цохих гэж байна гэж бодоод шалны мод далайсан чинь намайг түлхээд би нойтон пялтан шалан дээр савж унасан. ... Анхтамир хүн харахаараа л Дөлгөөнөө  хараач энэ намайг зодоод байна гэж хэлдэг.... Анхтамир намайг эмнэлэгт хэвтэж байхад шалан дээр өөрөө халтираад унасан гээд мэдүүлчих гэсэн. Би тэрний дагуу мэдүүлэг өгсөн. ” хх 1-243 тал, хх 2-23 тал, хх 2-82 тал,/ гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг” заах тухай хуулийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр хангаагүй илтэд нэг талыг барьж дүгнэлт хийсэн байх тул “Цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Аргагүй хамгаалалтын үйлдэл нь: Хамгаалагч этгээд өөрийн амь нас, эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах нийгэмд ашигтай зорилгыг удирдлага болгон хийгдсэн үйлдэл байхаас гадна халдагч этгээдээс ирэх халдлага бодитой байж, хамгаалагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, заналхийлсэн нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хийгдсэн байх ёстой.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулан нэг бүрчлэн хянаж үзэхэд нь 2021 оны 12 дугаар сарын 31-с 01-нд шилжих шөнө Х.Анхтамир, Э.Эрдэнэсүрэн нар архи ууж согтуурсан үедээ бие биеэ элдэв үгээр доромжилж улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдах явцад хохирогч дээрх гэмтлийг авсан байна.

Түүнчлэн хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн “…Намайг дахиад алгадах гэж байна бодоод Би шүүрээ далайсан (цохсон).” гэсэн мэдүүлэг нь халдагч этгээд бусдад хохирол учруулах биш өөрийгөө хамгаалах санаа зорилго агуулсан байсан нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын  үндсэн шинж болох “ бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоо” хийгдээгүй гэж дүгнээд анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Цагаатгагдсан этгээд Х.Анхтамирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргалын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                  ШҮҮГЧ                          Г.ДАВААРЕНЧИН

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МАНЛАЙБААТАР