Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00842/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум *** дугаар баг, Үйлчилгээний төв *** ББСБ-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум *** дугаар баг, *** байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, Х***овогт Б*** ***д холбогдох

 

31 658 859 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П***, А.Б*** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц***, нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ББСБ-ийн захирал Б.П***, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*** ББСБ нь Батдэлгэр овогтой ***тай 2011 оны 1 дүгээр сарын 14-нд **/** тоот зээлийн гэрээ, **/** тоот барьцааны гэрээгээр 12 сарын хугацаатай, сарын 3,0 хувийн хүүтэйгээр нийт 25 000 000 төгрөгийн зээл олгосон ба зээлийн хугацаа дуусахад дахин нэг жилийн хугацаа сунгуулсан. Б.*** нь зээл авснаас хойш 2013 оны 9 дүгээр сарын 25 хүртэл зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд үндсэн зээлээсээ 8 378 875 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрөө хийхгүй болсон бөгөөд зээл, хүү төлүүлэх тухай албан мэдэгдэл хүргүүлэхэд өөрийн эхнэрийн дүү Э***ыг дагуулж ирээд энэ хүн удахгүй төлөөд өгнө гэсэн. Э*** нь 3 өрөө байраа зараад төлнө, дэлгүүрээ зараад төлнө гэсээр одоог хүрсэн ба ***гийн барьцаагаар төлүүлнэ гэхэд эгч хөхний хавдар авахуулсан, эмчилгээтэй байгаа тул ийм юм дуулгавал аминд нь аюултай байна гэсээр бага сага хүү төлсөөр өдийг хүргээд 2016 оны 5-р сард Америк руу алга болсон. Энэ хүн чинь явах гээд байна гэж ***д хэлэхэд Э*** явахгүй эхнэр нь явна, санаа зоволтгүй гээд байсан нь худлаа байна. Иймд ***гаас үндсэн зээл 16 621 125 төгрөг, түүний хүү 15 037 734 төгрөг, нийт 31 658 859 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч *** ББСБ-ийн захирал Б.П*** шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа :

*** ББСБ нь Батдэлгэр овогтой ***д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 16-нд **/** тоот нэхэмжлэл гаргахдаа гэрээ ёсоор нэхэмжлэх нэмэгдүүлсэн хүү 4 864 121 төгрөгийг орхигдуулсан тул нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.*** нь 2011.01.14-нд 25 сая төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр авч 2016.05.13 хүртэл хугацаанд үндсэн зээлээс 8 378 875 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 864 121 төгрөг, зээлийн хүүд 36 402 121 төгрөг төлсөн байна. Уг зээлийг Б.***гийн нэрээр хийсэн боловч *** аваагүй түүний эхнэрийнх нь дүү Н.Э*** авсан гэдэг. Үүнийг *** ББСБ мэдэж байсан. Гэрээний хугацаа 2011.01.14-2012.01.14 хүртэл 1 жилийн хугацаатай хийсэн. Гэрээний дагуу төлсөн хүү нь нийт 13 805 000 төгрөг бөгөөд гэрээний үүрэг төлөх хугацаа дууссанаас хойш хүү нийт 9 354 125 төгрөг болжээ. Иймд гэрээний үүрэг хүлээгээгүй хугацаанд төлсөн 9 сая 354 125 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 16 621 125 төгрөгөөс хасаж тооцно. Үндсэн зээл болох 25 сая төгрөгнөөс 8 378 875 төгрөг төлсөн байсан юм. Ингээд 16621125 төгрөгөөс хүү гэж төлсөн 9354125 төгрөгийг хасч тооцоход 7 267 000 төгрөг болж байгаа ба үүнийг төлөхийг зөвшөөрч байна. *** ББСБ нь 2013.01.14-нд гэрээний хугацаа дууслаа, ажил төрөл эрхэлдэггүй, төлөх чадваргүй байна, нөгөөтэйгүүр зээлийг гардан авсан Э*** төлнө, шүүхэд өг шийдүүлье гэсэн хүсэлт тавихад дээрхи ББСБ нь яахаа бид мэднэ гээд шүүхэд нэхэмжлээгүй юм. Энэ нь их хэмжээний хүү төлүүлж авах зорилготой байсан гэж үзэхээр байна. Иймд 36 522 980 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 267 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, бусдыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ББСБ нь хариуцагч Б.***д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 16 621 125 төгрөг, хүү 15037734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4864121 төгрөг нийт 36 522 980 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.*** нь нэхэмжлэлийн шаардлагаас 7 267 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, бусдыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч *** ББСБ нь хариуцагч Б.***тай 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 11/03 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, мөн өдрөө Дархан сумын ***  тоот Б.***, хамтран өмчлөгч Н.Э***, Х.С***, Х.С*** нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, талуудын тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П*** хариуцагч Б.*** нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... зээл авснаас хойш нийт 2015 оны 11 дүгээр сарын 20 хүртэл үндсэн зээл, хүү нийт 31 538 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч *** ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... зээлийг зээлдэгч Б.*** авсан боловч цааш дамжуулан түүний эхнэрийн дүү Н.Э*** авсан, Н.Э*** нь дэлгүүр ажиллуулдаг гэж тайлбарлаж байгаа бөгөөд зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан хэдий ч энэ зохицуулалт нь зээлийг тодорхой зориулалтаар олгох, зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд хяналт тавих, зээлийг зориулалтын дагуу ашигласнаар хүү төлөх үүрэг зээлдэгчид, хүү төлөхийг шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах, зээлдүүлэгч нь олгосон зээлийн ашиглалтыг шалгаж, эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж хуулинд заасан эрхээ нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 2232-т Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч *** ББСБ нь хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаа 2011.01.14-2012.01.14 хүртэл 1 жилийн хугацаатай хийсэн. Гэрээний дагуу төлсөн хүү нь нийт 13 805 000 төгрөг бөгөөд гэрээний үүрэг төлөх хугацаа дууссанаас хойш хүү нийт 9 354 125 төгрөг болжээ. Иймд гэрээний үүрэг хүлээгээгүй хугацаанд төлсөн 9 сая 354 125 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 16 621 125 төгрөгөөс хасаж тооцно гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.***гаас үндсэн зээлийн төлбөр 16 621 125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ-д олгож, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19 901 855 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч *** ББСБ нь хариуцагч Б.***тай 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр **/** тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.***, Н.Э***, Х.С***, Х.С*** нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум *** тоот 3 өрөө, Ү200300**** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м2 талбайтай орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн барьцааны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хамтран өмчлөгч нарын итгэмжлэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа хамтран өмчлөх нараас итгэмжлэл авсан бөгөөд тэр үед Х.С*** насанд хүрээгүй байсан тул итгэмжлэлд гарын үсэг зураагүй, одоо Х.С*** насанд хүрсэн бөгөөд итгэмжлэлд гарын үсэг зураагүй тул түүний эрх ашиг хөндөгдөж байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч итгэмжлэл хууль бус гэдгийг нотлох баримт ирүүлээгүй байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.***гаас үндсэн зээлийн төлбөр 16 621 125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ-д олгож, 19 901 855 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум **** тоот 3 өрөө Ү200300**** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м2 талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 241056 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА