Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1654

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00842/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг, Үйлчилгээний төв *** ББСБ-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар: *** , Х*** Х***д холбогдох

 

31 658 859 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** , хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, нарийн бичгийн дарга  Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ББСБ-ийн захирал Б.П*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           *** ББСБ нь Б*** овогтой Х***тай 2011 оны 1 дүгээр сарын 14-нд *** тоот зээлийн гэрээ, *** тоот барьцааны гэрээгээр 12 сарын хугацаатай, сарын 3,0 хувийн хүүтэйгээр нийт 25 000 000 төгрөгийн зээл олгосон ба зээлийн хугацаа дуусахад дахин нэг жилийн хугацаа сунгуулсан. Б.Х*** нь зээл авснаас хойш 2013 оны 9 дүгээр сарын 25 хүртэл зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд үндсэн зээлээсээ 8 378 875 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрөө хийхгүй болсон бөгөөд зээл, хүү төлүүлэх тухай албан мэдэгдэл хүргүүлэхэд өөрийн эхнэрийн дүү Э*** ыг дагуулж ирээд энэ хүн удахгүй төлөөд өгнө гэсэн. Э*** нь 3 өрөө байраа зараад төлнө, дэлгүүрээ зараад төлнө гэсээр одоог хүрсэн ба Х***гийн барьцаагаар төлүүлнэ гэхэд эгч хөхний хавдар авахуулсан, эмчилгээтэй байгаа тул ийм юм дуулгавал аминд нь аюултай байна гэсээр бага сага хүү төлсөөр өдийг хүргээд 2016 оны 5-р сард Америк руу алга болсон. Энэ хүн чинь явах гээд байна гэж Х***д хэлэхэд Э*** явахгүй эхнэр нь явна, санаа зоволтгүй гээд байсан нь худлаа байна. Иймд Х***гаас үндсэн зээл 16 621 125 төгрөг, түүний хүү 15 037 734 төгрөг, нийт 31 658 859 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *** ББСБ-ийн захирал Б.П*** шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа :

*** ББСБ нь Б*** овогтой Х***д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 16-нд *** тоот нэхэмжлэл гаргахдаа гэрээ ёсоор нэхэмжлэх нэмэгдүүлсэн хүү 4 864 121 төгрөгийг орхигдуулсан тул нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч *** ББСБ-ын захирал Б.П*** , өмгөөлөгч Б.Цэдэндамба нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Х*** нь 2011 оны 01 дүгээр сарын 14-нд зээлийн гэрээ байгуулан 25 000 000  төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Мөнгийг бэлнээр олгосон. Эхнэрийнхээ дүү Э*** тай нийлж Смарт дэлгүүрт бараа татах зорилготой гэсэн. Зээл авснаас хойш үндсэн зээлэнд 8 378 875 төгрөг, хүүд 23 159 125 төгрөг нийт 31 438 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 1 дүгээр сарын 14-нд дууссан боловч Х*** нь дахин 1 жилээр сунгах өргөдөл өгсөн. Түүнээс хойш төлбөрөө хийж байсан. Зээлийн гэрээний барьцаанд Х*** нь өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Х*** нь зээлээ бүрэн төлөөгүй тул 2016 оны 5 сарын 13-ныг хүртэл үндсэн зээл 16 621 125 төгрөг, хүү 15 037 734 төгрөг нийт 31 658 859 төгрөг нэхэмжилж байна.

Нэмэгдүүлсэн хүү 4 864 121 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** , өмгөөлөгч Д.Цагаандарь нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Х*** нь 2011.01.14-нд 25 сая төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Х*** нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Зээлийг Э*** авсан. Э*** зээл хүсээд очиход нь барьцаа хэрэгтэй гэхэд нь Х***г гуйгаад 3 өрөө байрыг нь тавиад Э*** д зээл авч өгсөн. Зээлийн төлбөрт нийт 31 538 000 төгрөг төлсөн. Гэрээ нь гарын үсэггүй, тамгагүй байдаг. Э*** ыг авсныг мэдсээр байж Х***гаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй. 25 сая төгрөгийг 31 сая төгрөг болгож төлсөн тул дахин мөнгө төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ББСБ нь хариуцагч Б.Х***д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 16 621 125 төгрөг, хүү 15037734 төгрөг нийт 31658 859 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж нэмэгдүүлсэн хүү 4864121 төгрөг нийт 36 522 980 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Х*** нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийг Э*** авсан гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл хүсэх өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн гэрээний хугацаа сунгах өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай дүгнэлт, зээлийн төлбөр төлж байсан баримтууд зэрэг нотлох баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 452.2-т “ Зээлдэгч  гэрээнд  заасан  хугацаанд  авсан  зээлээ  эргүүлэн  төлөөгүй бол гэрээнд

заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

      Хариуцагч Б.Х*** нь зээл авснаас хойш зээлийн төлбөрт нийт 31 538 000 төгрөгийг  төлсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

      Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 1 дүгээр сарын 14-нд дууссан боловч хариуцагч Б.Х*** нь зээлийн гэрээний хугацааг дахин 1 жилээр сунгахыг хүсч бичгээр өргөдөл өгсөн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуулинд заасан буюу талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан ...баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 12 сараар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

      Хариуцагч Б.Х***гийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай дүгнэлтэд ...шинжлэгдэн байгаа 2011.11.14-нд бичигдсэн №*** дугаартай зээлийн гэрээн дээрх гарын үсэг нь Б.Х***гийн гарын үсэг мөн байна гэсэн байх бөгөөд зохигчид хэн аль нь дүгнэлтэд санал хүсэлт, гомдол гаргаагүй байна. / хх-ийн 40-41/

     

Нэхэмжлэгчийн үндсэн зээл 25 000 000 төгрөгнөөс хариуцагчийн 2013 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт төлсөн 3 025 000 төгрөг, хүүд төлсөн 5 280 000 төгрөгийг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 21 975 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2 896 200 төгрөг нийт 24 871 200 төгрөгнөөс 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс хойш төлсөн нийт 14 708 000 төлбөрийг хасч үлдэх 10 163 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ-д олгох нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *** ББСБ-ын захирал Б.П*** нь шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн хүү 4 864 121 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хариуцагчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч *** ББСБ нь хариуцагч Б.Х***тай 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр *** тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Х***, Н.Э*** , Х.С*** , Х.С*** нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг *** тоот 3 өрөө, Ү*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м2 талбайтай орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн барьцааны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хамтран өмчлөгч нарын итгэмжлэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Х***гаас 10 163 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ-д олгож, 21 495 659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү 4 864 121 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг *** тоот 3 өрөө Ү*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м2 талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 177561 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУЯА