Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1615

 

 

 

“СЭМГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01340 дугаар шийдвэртэй, “СЭМГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 846 678 508 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: ХБНГУ-ын “ДВОТГмбХ”  компаниас нэхэмжлэгч нь шаардах эрхийг шилжүүлж авсан. “ДВОТГмбХ”  компанийн захирал Владимир Дерхо, Монгол улсын тээвэр зуучлалын “Ж” ХХК-ийн захирал А.Г нар нь замын битум худалдах, худалдан авахаар тохиролцож, 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт хэлэлцээр №2 гэрээ байгуулж, БНД 90/130 маркийн 440 хүртэлх м.тн замын битумыг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны дотор нийлүүлэх, 1 м.тн битумыг 895 ам.доллараар, нийт 393 800 ам.доллараар худалдахаар тохирсон.

“ДВОТГмбХ” компани нь нэмэлт хэлэлцээр №2-т заасан хугацаанд нийт 315.33 м.тн БНД 90/130 маркийн битум нийлүүлж, 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2552/2013 тоот нэхэмжлэхээр 35 382.93 ам.долларыг, 2553/2013 тоот нэхэмжлэхээр 246 841 ам.долларыг тус тус нэхэмжилсэн. Бараа хүлээн авсныг баталгаажуулах бичигт “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурж, битум хүлээн авснаа баталгаажуулан хариу бичсэн.

Үүний дараа “Ж” ХХК-иас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 100 000 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 146 821 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 35 313 ам.долларыг тус тус “ДВОТГмбХ”  компанийн Коммерц банкны дансанд шилжүүлсэн. Энэ шилжүүлэг хэрэгт авагдсан, нийт 282 114 ам.доллар төлөгдөж нэмэлт хэлэлцээр №2-ын төлбөр дууссан. 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “ДВОТГмбХ” компани,“Ж” ХХК-ийн захирал А.Г нарын хооронд нэмэлт хэлэлцээр №3 байгуулсан. Үүнд, ПБВ-90 маркийн битум 1 680 м.тн-г 1 м.тн-ыг 865 ам.доллар, нийт 1 453 200 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцсон.

Уг гэрээгээр “ДВОТГмбХ” компани, “Ж” ХХК-ийн захирал А.Гнарын хооронд компани 2014 оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 32 вагоноор 630.4 м.тн, 16 вагоноор 315.2 м.тн, 30 вагоноор 591.0 м.тн битумыг “Ж” ХХК-ийн нэрээр ОХУ-аас ачуулсан. 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр захирал А.Гбараа хүлээн авсныг баталгаажуулах бичигт гарын үсэг зурж, манайд мэдэгдсэн. Үүгээр “Ж” ХХК нь нийт 1 329 159 ам.долларын үнэ бүхий 1 536.6 м.тн битум хүлээн авч, “Ж” ХХК-ийн нэрээр 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 500 000 ам.долларыг ПБВ-90 маркийн битумын төлбөрт, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 105 000 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 70 000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 30 000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 55 000 ам.доллар нийт 760 000 ам.доллар төлсөн.

Үлдэгдэл  569 159 ам.долларын тооцоо үлдсэн. Үүнээс хойш төлбөр төлөгдөхгүй 2 сар өнгөрсөн тул шаардлага хүргүүлж, энэ дагуу 102 000 ам.долларыг 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Ингээд 467 159 ам.доллар үлдсэн. Энэ мөнгө өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй, тооцоо нийлэх хүн байхгүй, А.Гнь “...ажлаасаа гарсан, “Ж” ХХК мэдэж байгаа...” гэдэг. Гэтэл “Ж” ХХК-ийн ерөнхий захирал Т.Мнь “... А.Гюу хийснийг мэдэхгүй, манайх битум хүлээж аваагүй...” гэдэг албан бичиг ирүүлсэн. Нэмэлт 3 хэлэлцээрээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг захирал Т.М нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14/053 тоот, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14/063 тоот албан бичгээр хотын гаалийн газарт хандан “...манай компанийн зуучлалаар ОХУ-аас импортоор ирсэн битум бүхий ачаатай чингэлэгүүдийг гадаад худалдааны гэрээгээр “Б.О” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгоно уу...” гэж мэдэгдсэн ёсоор “Б.О” ХХК бүрдүүлэлтийг хийж, барааг хүлээж авсан байдаг.

Иймд “Ж” ХХК-иас битумны үнэ 467 159 ам.долларыг гэрээний 10.1-д заасан алдангийг 50 хувиар тооцож 233 580 ам.доллар нийт 700 759 ам.долларыг тухайн өдрийн ханш 2 635.35 төгрөгөөр тооцож 1 846 678 508 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: “Б.О” ХХК 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээ 03 тоот гэрээ байгуулж уг гэрээгээр тохирсон нөхцөл нь өмнө “Ж” ХХК-тай хийсэн гэх гэрээний дагуу тохиролцсон бүх нөхцөлийг 100 хувь бүрэн тусгасан байна. Тэгвэл “Ж” ХХК-ийн хийсэн гэх гэрээг ерөнхий захирал Т.М мэдээгүй байхад компаний нэрийг барьж А.Г гэгч хийсэн бөгөөд, уг гэрээгээр ачаа гааль дээр ирэхэд “Б.О” ХХК холбогдох бүхий л татвар хураамжийг төлж ачаагаа хүлээн авсан. “Ж” ХХК эндээс ямар ч ачаа хүлээн аваагүй. “Ж” ХХК нь өмнө “ДВОТГмбХ” компаниас бараа худалдан авч үнийг нь бүрэн төлж дууссан. Яагаад 2 ижил атлаа худалдан авагч талууд нь өөр “Ж” ХХК, “Б.О” ХХК гэсэн 3 тоот гэрээ яваад байна гэвэл А.Г “Б.О” ХХК-ийг үүсгэн байгуулаагүй байсан, эсвэл дөнгөж байгуулсан шинэ компанийн нэрийн өмнөөс “ДВОТГмбХ” компанитай гэрээ хийхэд бэрхшээлтэй бөгөөд өмнө харилцаатай байсан “Ж” ХХК-ийн нэрийг ашиглан худалдан авалт хийхэд дөхөмтэй байсан зэрэг өөрт ашигтай байдлыг харж, “...тайван ахын ачаа ирлээ...” гэж худал хэлж өөрийн “Б.О” ХХК-д шилжүүлэн авсан байдаг.

Хожим ачаагаа бидэнд мэдэгдэхгүй хүлээн авахын тулд “Б.О” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж, татвар төлсөн. Тодруулбал, “Б.О” ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу нийт 78 ширхэг 20 тоннын чингэлэгтэй 1 536.6 метр тонн битумыг 7 удаагийн бүрдүүлэлтээр гаалийн татварт 115 847 913.67 төгрөг, НӨАТ-т 243 280 618.71 төгрөг, нийт 359 128 532.39 төгрөгийг төлж тус ачааг авсан байна. Үүнээс, 349 780 206.10 төгрөгийг “Б.О” ХХК-ийн харилцах данснаасаа, 9 348 326.28 төгрөгийг мөн өөрийн касснаасаа төлсөн нь хотын гаалиас ирсэн баримт бичгийн жагсаалтад байгаа. “Ж” ХХК нь 03 тоот нэмэлт гэрээг байгуулаагүй, уг гэрээний дагуу ямар ч ачаа хүлээн аваагүй, ачааг А.Г-ын үүсгэн байгуулсан “Б.О” ХХК хүлээн авсан нь тогтоогдож байх тул “Ж” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж” ХХК-иас 1 846 678 508 төгрөг гаргуулахыг хүссэн “СЭМГ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 391 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ, битумыг “Б.О” ХХК хүлээн авсан, төлбөр төлж байсан тул бусад төлбөр тооцоог хариуцахаар байна гэж дүгнэсэн. Тодруулбал, шүүх шийдвэртээ: ... “Б.О” ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татварыг төлж барааг хүлээн авсан нь Улаанбаатар хотын гаалийн газрын баримтуудаар, хүлээн авсан барааны үнийг “Ж” ХХК-ийн өмнөөс “Б.О” ХХК төлж байсан нь тогтоогдсон, нэмэлт хэлэлцээр 3-аар нийлүүлсэн битумыг “Б.О ХХК” хүлээн авч төлбөр төлж байсан, бусад үлдэгдэл төлбөр тооцоог хариуцахаар байна гэж тайлбарлажээ гээд, “Ж” ХХК-ийн 14/053, 14/063 тоот албан бичиг нь бүтээгдэхүүнийг өөрөө хүлээн авсан гэх утгыг агуулаагүй хэмээн тайлбарлаж, “битумыг “ДВОТГмбХ” компаниас “Ж” ХХК хүлээж аваагүй” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн.

Дээрх дүгнэлт нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. “ДВОТГмбХ” компани нь барааг хариуцагч “Ж” ХХК-д хүлээлгэж өгсөн бөгөөд “Ж” ХХК нь тус компаниас хүлээж авсан барааг “Б.О” ХХК-д шилжүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх “Б.О” ХХК барааг шууд “ДВОТГмбХ” компаниас хүлээж авсан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Бараа хүлээн авсаныг баталгаажуулах гурван удаагийн бичигт //1хх 35, 36, 44, 45, 52, 53/ тусгаснаар “Ж” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 630 400 тн, 315 200 тн болон 591 000 тн, нийт 1 536 600 тн битумыг хүлээн авсан болох нь тус бичгээр эргэлзээгүй нотлогдож байгаа. Эдгээрт “ДВОТГмбХ” компани, “Ж” ХХК-тай байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 080713 дугаар гэрээ, түүний 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар Нэмэлт гэрээний үндсэн дээр битумыг хүлээлцэж байгаа тухай байдаг.

Харин “Ж” ХХК, “ДВОТГмбХ” компаниас авсан бараагаа “Б.О” ХХК-д шилжүүлсэн талаар шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “Ж” ХХК нь Хотын гаалийн газарт 2014  оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14/053 тоот, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14/063 тоот “Гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл хүсэх тухай” албан бичгээр тус... “Б.О” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгохыг хүсчээ гэж дүгнэсэн. Иймд “Ж” ХХК нь “ДВОТГмбХ” компаниас барааг хүлээн авч, “Б.О” ХХК-д шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

“Ж” ХХК-ийн дээрх албан бичгүүдэд “манай компанийн зуучлалаар ОХУ-с ирсэн” гэж заасан нь тус компани битумыг “ДВОТГмбХ” компанитай байгуулсан 080713 дугаар гэрээ, 03 дугаар нэмэлт хэлэлцээрт үндэслэн хүлээн авсаныг үгүйсгэх баримт болохгүй юм. Учир нь, “Ж” ХХК болон “ДВОТГмбХ” компанийн хооронд худалдах, худалдан авах гэрээнээс бусад ямар нэгэн зуучлалын гэрээ байхгүй тул шүүх “Ж” ХХК-ийн 14/053, 14/063 тоот албан бичиг нь бүтээгдэхүүнийг өөрөө хүлээн авсан гэх утгыг агуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

“ДВОТГмбХ” компани “Ж” ХХК-тай байгуулсан 03 дугаар нэмэлт хэлэлцээрийн “Хүргэлтийн нөхцөл” хэсэгт нийлүүлэгч нь барааг “Инкотермс 2010” баримт бичгийн ДиЭйПи /DАР/ нөхцлийн дагуу нийлүүлэхээр тохиролцсон тухай тусгагдсан. “Инкотермс 2010”, ДиЭйПи /DАР/  нөхцлийн 2 /худалдан авагчийн үүрэг хариуцлага/ дахь заалтын 2.2-т худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдэлийг өөрөө хариуцана. Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдэлээр хариуцана гэж, 2.5 (Эрсдэл шилжих) заалтын Б-д худалдан авагч барааг хүлээн авахтай холбоотой импортын зөвшөөрөл, лиценз, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтуудыг олж авч чадаагүй бол түүнээс учрах бүх эрсдэлийг хариуцана гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, ДиЭйПи /DАР/ нөхцөл нь худалдан авагч өөрийн улсын гаалийн бүрдүүлэлтийг хариуцах агуулга бүхий нөхцөл тул “ДВОТГмбХ” компани бараа/битумны гаалийн бүрдүүлэлтийг хийх үүрэггүй. Харин “Ж” ХХК гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хариуцах бөгөөд барааг хилийн гадна хүлээж авч байгаатай холбоотой бусдад /Б.О ХХК-д/ шилжүүлэх, захиран зарцуулах, гуравдагч этгээд барааны гаалийн бүрдүүлэлт хийх боломжтой.

2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Барааг хүлээн авсаныг баталгаажуулах бичиг”-т тусгагдсан ёсоор тус өдөр “ДВОТГмбХ” компанийн битумыг “Ж” ХХК хүлээн авсан нь өөрөө захиран зарцуулах, гуравдагч этгээдэд, тухайлбал “Б.О” ХХК-д бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэх боломжтой. Энэ нь “Ж” ХХК болон “Б.О” ХХК-иудын хоорондын харилцаа болох тул “Ж” ХХК-ийн “ДВОТГмбХ” компанитай байгуулсан гэрээний үүргээс “Ж” ХХК-ийг чөлөөлөх эсвэл тус компани “ДВОТГмбХ” компаниас барааг хүлээж аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Гагцхүү “Ж” ХХК нь “ДВОТГмбХ” компаниас хүлээж авсан бараагаа “Б.О” ХХК-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу хариуцагч нь “ДВОТГмбХ” компаниас хүлээж авсан бараагаа ямар ч нөхцлөөр “Б.О” ХХК-д шилжүүлж болох бөгөөд өөрсдийн төлөх төлбөрийг “Б.О” ХХК-иар төлүүлэх буюу төлбөрийн үүргээ гүйцэтгүүлж болох юм.

Учир нь, “ДВОТГмбХ” компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнүүдэд төлбөр төлөх үүргийг худалдан авагч “Ж” ХХК өөрөө биечлэн гүйцэтгэхээр заагаагүй. Үүрэг гүйцэтгэгчийн онцгой ур чадвар, дүр төрх зэрэг хувийн байдалтай салшгүй холбоотойгоор үүрэг хүлээлгэж байгаа нөхцөлд үүргийг заавал биечлэн гүйцэтгэхээр талууд тохиролцдог. ...Гуравдагч этгээд “Б.О” ХХК төлбөр төлөх үүргийг гүйцэтгэж байсан нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийг “Ж” ХХК, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх, гэрээний үлдэгдэл төлбөрийг гуравдагч этгээд үргэлжлүүлэн төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Үүнийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дах хэсэгт тодорхой зохицуулсан ба гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, бидний маргааны хувьд хариуцагчийн өмнөөс төлбөр төлж байсан “Б.О” ХХК төлбөрийг төлөөгүй байгаа нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч “Ж” ХХК хариуцах үүрэгтэй хэвээр байх юм.

Дээрхээс дүгнэхэд, анхан шатны шүүх “ДВОТГмбХ” компанийн “Ж” ХХК-тай байгуулсан 2013 оны 080713 дугаар гэрээ, 2014 оны 03 дугаар Нэмэлт гэрээний үндсэн дээр “Ж” ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 11-нд хүлээлгэж өгсөн 1 536 600 тн битумыг хариуцагч хүлээж аваагүй гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзнэ. Мөн шүүх “Б.О” ХХК “Ж” ХХК-ийн өмнөөс битумын төлбөрийг төлж байсан нь үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй гэсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 210.3 дах заалтуудтай зөрчилдсөн тул “Ж” ХХК-иас 1 846 678 508 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “СЭМГ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ХБНГУ-ын “ДВОТГмбХ” компани, Монгол Улсын тээвэр зуучлалын “Ж” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 03 тоот нэмэлт гэрээ байгуулсныг болон уг гэрээний дагуу “ДВОТГмбХ” компани нь “Ж” ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ПБВ-90 маркийн 1 536.6 метр тонн замын битум нийлүүлсэн болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байжээ. /1хх 1-3/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “СЭМГ” ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1 846 678 508 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. /4хх16-19, 47,48/

 

Нэхэмжлэгч тал уг маргааныг хянан шийдвэрлэх нь хариуцагч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх А.Г-ын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болох үндэслэлээр түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг, шүүх хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцуулжээ. /3хх 76, 78,79/

 

Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад хариуцагчаас уг шаардлагын талаар гаргасан тайлбар, татгалзал болон хэргийн баримттай танилцуулах ажиллагааг хийгээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, улмаар шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэсэнтэй нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд талуудын хооронд үүссэн маргааны хувьд мэтгэлцэгчийн байр суурьтай хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн байна.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн өмнө талууд эрх тэгш байх, талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэн хэрэгжээгүй гэж үзнэ.

 

Гуравдагч этгээд энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул шүүхээс дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулах, маргааны үйл баримт, түүний хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.  

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01340 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “СЭМГ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 391 343 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                            ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                             Т.ТУЯА