Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00160

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01340 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1615 дугаар магадлалтай,

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Журмак ХХК-д холбогдох,

1 846 678 508.87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунхишиг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ариундарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХБНГУ-ын ДВ ойл Трейдинг ГмбХ компаниас нэхэмжлэгч нь шаардах эрхийг шилжүүлж авсан. ДВ ойл Трейдинг ГмбХ компанийн захирал Владимир Дерхо, Монгол Улсын тээвэр зуучлалын******* ХХК-ийн захирал А.Ганбат нар нь замын битум худалдах, худалдан авахаар тохиролцож, 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт хэлэлцээр №2 гэрээ байгуулж, БНД 90/130 маркийн 440 хүртэлх м.тн замын битумыг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны дотор нийлүүлэх, 1 м.тн битумыг 895 ам.доллараар, нийт 393 800 ам.доллараар худалдахаар тохирсон.

ДВ ойл Трейдинг ГмбХ компани нь нэмэлт хэлэлцээр №2-т заасан хугацаанд нийт 315.33 м.тн БНД 90/130 маркийн битум нийлүүлж, 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2552/2013 тоот нэхэмжлэхээр 35 382.93 ам.долларыг, 2553/2013 тоот нэхэмжлэхээр 246 841 ам.долларыг тус тус нэхэмжилсэн. Бараа хүлээн авсныг баталгаажуулах бичигт******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганбат 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурж, битум хүлээн авснаа баталгаажуулан хариу бичсэн.

Үүний дараа******* ХХК-иас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 100 000 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 146 821 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 35 313 ам.долларыг тус тус ДВ ойл Трейдинг ГмбХ компанийн Коммерц банкны дансанд шилжүүлсэн. Энэ шилжүүлэг хэрэгт авагдсан, нийт 282 114 ам.доллар төлөгдөж нэмэлт хэлэлцээр №2-ын төлбөр дууссан. 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ДВ ойл Трейдинг ГмбХ компани,******* ХХК-ийн захирал А.Ганбат нарын хооронд нэмэлт хэлэлцээр №3 байгуулсан. Үүнд ПБВ-90 маркийн битум 1 680 м.тн-г 1 м.тн-ыг 865 ам.доллар, нийт 1 453 200 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцсон.

Уг гэрээгээр ДВ ойл Трейдинг ГмбХ компани,******* ХХК-ийн захирал А.Ганбат нарын хооронд компани 2014 оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 32 вагоноор 630.4 м.тн, 16 вагоноор 315.2 м.тн, 30 вагоноор 591 м.тн битумыг******* ХХК-ийн нэрээр ОХУ-аас ачуулсан. 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр захирал А.Ганбат бараа хүлээн авсныг баталгаажуулах бичигт гарын үсэг зурж, манайд мэдэгдсэн. Үүгээр******* ХХК нь нийт 1 329 159 ам.долларын үнэ бүхий 1 536.6 м.тн битум хүлээн авч,******* ХХК-ийн нэрээр 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 500 000 ам.долларыг ПБВ-90 маркийн битумын төлбөрт, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 105 000 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 70 000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 30 000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 55 000 ам.доллар нийт 760 000 ам.доллар төлсөн.

Үлдэгдэл 569 159 ам.долларын тооцоо үлдсэн. Үүнээс хойш төлбөр төлөгдөхгүй 2 сар өнгөрсөн тул шаардлага хүргүүлж, энэ дагуу 102 000 ам.долларыг 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Ингээд 467 159 ам.доллар үлдсэн. Энэ мөнгө өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй, тооцоо нийлэх хүн байхгүй, А.Ганбат нь ...ажлаасаа гарсан,******* ХХК мэдэж байгаа... гэдэг. Гэтэл******* ХХК-ийн ерөнхий захирал Т.Мяндагмаа нь ...А.Ганбат юу хийснийг мэдэхгүй, манайх битум хүлээж аваагүй... гэдэг албан бичиг ирүүлсэн. Нэмэлт 3 хэлэлцээрээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг захирал Т.Мяндагмаа нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14/053 тоот, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14/063 тоот албан бичгээр хотын гаалийн газарт хандан ...манай компанийн зуучлалаар ОХУ-аас импортоор ирсэн битум бүхий ачаатай чингэлгүүдийг гадаад худалдааны гэрээгээр Богат ойл ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгоно уу... гэж мэдэгдсэн ёсоор Богат ойл ХХК бүрдүүлэлтийг хийж, барааг хүлээж авсан байдаг.

Иймд******* ХХК-иас битумны үнэ 467 159 ам.долларыг гэрээний 10.1-д заасан алдангийг 50 хувиар тооцож 233 580 ам.доллар, нийт 700 759 ам.долларыг тухайн өдрийн ханш 2 635.35 төгрөгөөр тооцож 1 846 678 508 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Богат ойл ХХК 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нэмэлт гэрээ 03 тоот гэрээ байгуулж уг гэрээгээр тохирсон нөхцөл нь өмнө******* ХХК-тай хийсэн гэх гэрээний дагуу тохиролцсон бүхий л гол нөхцөлийг 100 хувь бүрэн тусгасан байна.

Тэгвэл******* ХХК-ийн хийсэн гэх дээрх гэрээ нь түүний ерөнхий захирал Т.Мяндагмаа мэдээгүй байхад компаний нэрийг барьж А.Ганбат гэгч хийсэн бөгөөд, уг гэрээгээр ачаа гааль дээр ирэхэд Богат ойл ХХК холбогдох бүхий л татвар хураамжийг төлж ачаагаа хүлээн авсан байна.******* ХХК эндээс ямар ч ачаа хүлээн аваагүй.******* ХХК нь өмнө DW oil компаниас бараа худалдан авч үнийг нь бүрэн төлж дууссан.

Чухам яагаад 2 ижил мөртлөө худалдан авагч талууд нь өөр байх /Журмак болон Богат ойл/ 3 тоот гэрээ яваад байна гэвэл А.Ганбат нь Богат ойл ХХК-ийг үүсгэн байгуулаагүй байсан, эсвэл дөнгөж байгуулсан шинэ компаний нэрийн өмнөөс DW oil компанитай гэрээ хийхэд бэрхшээлтэй бөгөөд өмнө харилцаатай байсан******* ХХК-ийн нэрийг ашиглан худалдан авалт хийхэд дөхөмтэй байсан зэрэг өөрт ашигтай байдлыг харж, Тайван ахын ачаа ирлээ гэж худал хэлж өөрийн Богат ойл ХХК-д шилжүүлэн авсан байдаг.

Хожим ачаагаа бидэнд мэдэгдэхгүйгээр хүлээн авахын тулд Богат ойл ХХК-ийнхаа нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж, татвар, НӨАТ-ын татварыг төлсөн.

Тодруулбал, Богат ойл ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу нийт 78 ширхэг 20 тоннын чингэлэгтэй 1 536.6 м.тонн битумыг 7 удаагийн бүрдүүлэлтээр гаалийн татварт 115 847 913.67, НӨАТ-ын татварт 243 280 618.71, нийт 359 128 532.39 төгрөгийг төлж тус ачааг авсан байна.

Үүнээс 349 780 206.10 төгрөгийг Богат ойл ХХК-ийн харилцах данснаасаа, 9 348 326.28 төгрөгийг мөн өөрийн касснаасаа төлсөн байдаг нь Улаанбаатар хотын гаалиас ирсэн баримт бичгийн жагсаалтад байгаа.

Дахин хэлэхэд******* ХХК нь 2014 оны 01 сарын 30-ны өдрийн 03 тоот нэмэлт гэрээг байгуулаагүй бөгөөд, уг гэрээний дагуу ямар ч ачаа хүлээн аваагүй бөгөөд тус ачааг А.Ганбатын үүсгэн байгуулсан Богат ойл ХХК хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01340 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан******* ХХК-иас 1 846 678 508 төгрөг гаргуулахыг хүссэн ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 391 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1615 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01340 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 391 343 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагч******* ХХК-иас 1 846 678 508 төгрөг гаргуулан нэхэмжлэгч компанид олгох буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт бидний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг шүүгч тайлбарлахдаа битумыг Богат ойл ХХК хүлээн авсан, төлбөр төлж байсан тул бусад төлбөр тооцоог хариуцахаар байна гэж дүгнэсэн байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрт Богат ойл ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татварыг төлж барааг хүлээн авсан нь Улаанбаатар хотын гаалийн газрын баримтуудаар, ДВ Ойл Трейдинг компанид хүлээн авсан барааны үнийг******* ХХК-ийн өмнөөс Богат ойл ХХК төлж байсан нь тогтоогдсон. ...Нэмэлт хэлэлцээр №3-аар нийлүүлсэн битумыг Богат ойл ХХК хүлээн авч, төлбөр төлж байсан, бусад үлдэгдэл төлбөр тооцоог хариуцахаар байна хэмээн тайлбарлажээ. Мөн******* ХХК-ийн 14/053, 14/063 тоот албан бичиг нь бүтээгдэхүүнийг өөрөө хүлээн авсан гэх утгыг агуулаагүй хэмээн тайлбарлаж, битумыг ДВ Ойл Трейдинг компаниас******* ХХК хүлээж аваагүй гэх агуулга бүхий дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан байна. Ингэхдээ хариуцагчаас гаргасан тайлбар, татгалзал болон хэргийн баримттай гуравдагч этгээдийг танилцуулах ажиллагааг хийгээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.4 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн хэрэг гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох гомдлын үндэслэл:

ДВ Ойл Трейдинг компани нь барааг хариуцагч******* ХХК-д хүлээлгэж өгсөн бөгөөд******* ХХК нь тус компаниас хүлээж авсан барааг Богат ойл ХХК-д шилжүүлж өгсөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Богат ойл ХХК барааг шууд ДВ Ойл Трейдинг компаниас хүлээж авсан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Нэгдүгээр хавтаст хэргийн 35, 36, 44, 45, 52, 53 дахь талуудад авагдсан гурван удаагийн Бараа хүлээн авсныг баталгаажуулах бичигт тусгагдсанаар******* ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 630 400 тн, 315 200 тн, 591 000 тн, нийт 1 536 600 тн битумыгхүлээн авсан болох нь тус бичгээр эргэлзээгүй нотлогдож байгаа. Тус бичгүүдэд ДВ Ойл Трейдинг компанийн******* ХХК-тай байгуулсан 2013.07.08-ны өдрийн 080713 дугаар гэрээ болон түүний 2014.01.30-ны өдрийн 03 дугаар нэмэлт гэрээний үндсэн дээр тус бараа битумнуудыг хүлээлцэж байгаа тухай ч тусгагдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй байх.

Харин******* ХХК ДВ Ойл Трейдинг компаниас авсан бараагаа Богат ойл ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт******* ХХК нь Хотын гаалийн газарт 2014.02.12-ны өдрийн 14/053 тоот, 2014.02.19-ний өдрийн 14/063 тоот Гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл хүсэх тухай албан бичгээр тус... Богат ойл ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгохыг хүсчээ хэмээн дүгнэсэн. Иймд******* ХХК нь ДВ Ойл Трейдинг компаниас барааг хүлээн авч, Богат ойл ХХК-д шилжүүлсэн болох нь үүгээр нотлогдож байгаа.

Журмак ХХК-ийн дээрх албан бичгүүдэд манай компанийн зуучлалаар ОХУ-с ирсэн гэж заасан нь тус компани битумыг ДВ Ойл Трейдинг компанитай байгуулсан 2013.07.08-ны өдрийн 080713 дугаар гэрээ болон 2014.01.30-ны өдрийн 03 дугаар нэмэлт хэлэлцээрүүдийн үндсэн дээр хүлээн авсныг үгүйсгэх баримт болохгүй юм. Учир нь******* ХХК болон ДВ Ойл Трейдинг компаниудын хооронд дээрх худалдах-худалдан авах гэрээнээс бусад ямар нэгэн зуучлалын гэрээ байхгүй. Иймд анхан шатны шүүх******* ХХК-ийн 14/053, 14/063 тоот албан бичиг нь бүтээгдэхүүнийг өөрөө хүлээн авсан гэх утгыг агуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

ДВ Ойл Трейдинг компанийн******* ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар Нэмэлт хэлэлцээрийн Хүргэлтийн нөхцөл хэсэгт нийлүүлэгч нь барааг Инкотермс 2010 баримт бичгийн РАР нөхцөлийн дагуу нийлүүлэхээр тохиролцсон тухай тусгагдсан. Инкотермс 2010, ОАР нөхцөлийн 2 (Худалдан авагчийн үүрэг хариуцлага) дахь заалтын 2.2-т Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдэлийг өөрөө хариуцна. Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдэлээр хариуцна гэж, 2.5 (Эрсдэл шилжих) заалтын Б-д Худалдан авагч барааг хүлээн авахтай холбоотой импортын зөвшөөрөл, лиценз, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтуудыг олж авч чадаагүй бол түүнээс учрах бүх эрсдэлийг хариуцна гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, ОАР нөхцөл нь худалдан авагч өөрийн улсын гаалийн бүрдүүлэлтийг хариуцах агуулга бүхий нөхцөл тул ДВ Ойл Трейдинг компани бараа битумны Монгол Улсын гаалийн бүрдүүлэлтийг хийх үүрэг хүлээгээгүй. Харин******* ХХК гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хариуцах бөгөөд барааг хилийн гадна хүлээж авч байгаатай холбоотой барааг бусдад (Богат ойл ХХК-д) шилжүүлэх, захиран зарцуулах, гуравдагч этгээд барааны гаалийн бүрдүүлэлт хийх боломжтой.

2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Барааг хүлээн авсаныг баталгаажуулах бичгүүдэд тусгагдсан ёсоор тус өдөр ДВ Ойл Трейдинг компанийн бараа битумыг******* ХХК хүлээн авсан. Ингэснээр барааг******* ХХК өөрсдөө захиран зарцуулах эсвэл бусад гуравдагч этгээдэд, тухайлбал Богат ойл ХХК-д бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэх боломжтой. Энэ нь******* ХХК болон Богат ойл ХХК-иудын хоорондын харилцаа болох тул******* ХХК-ийн ДВ Ойл Трейдинг компанитай байгуулсан гэрээний үүргээс******* ХХК-ийг чөлөөлөх эсвэл тус компани ДВ Ойл Трейдинг компаниас барааг хүлээж аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Гагцхүү******* ХХК нь ДВ Ойл Трейдинг компаниас хүлээж авсан бараагаа Богат ойл ХХК-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түуний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биөчлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болногэж тус тус заасан. Хуулийн тус зохицуулалтуудын дагуу******* ХХК нь ДВ Ойл Трейдинг компаниас хүлээж авсан бараагаа ямар ч нөхцөлөөр Богат ойл ХХК-д шилжүүлж болох бөгөөд өөрсдийн ДВ Ойл Трейдинг компанид төлөх төлбөрийг Богат ойл компаниар төлүүлэх буюу тус компаниар төлбөр төлөх үүргээ гүйцэтгүүлж болно. Учир нь ДВ Ойл Трейдинг компани болон******* ХХК-иудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнүүдэд төлбөр төлөх үүргийг худалдан авагч болох******* ХХК заавал өөрөө биечлэн гүйцэтгэхээр заагаагүй. Үүрэг гүйцэтгэгчийн онцгой ур чадвар, дүр төрх зэрэг хувийн байдалтай салшгүй холбоотойгоор үүрэг хүлээлгэж байгаа нөхцөлд л үүргийг заавал биечлэн гүйцэтгэхээр талууд тохиролцдог. Харин аливаа худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн төлбөр төлөх үүргийн хувьд худалдан авагч гагцхүү өөрөө биечлэн гүйцэтгэх шаардлага тавих нь утгагүй. Яагаад гэвэл тус шаардлагыг тавьснаар худалдан авагч банк, санхүүгийн байгууллага болон өөрийн хамааралтай, бизнесийн түнш зэрэг бусад байгууллагаар төлбөр төлүүлэх боломжгүй болж, ингэснээр худалдагчид төлбөр төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгдэх тул түүнд ашиггүй байдаг. Өөрөөр хэлбэл, худалдагчийн хувьд төлбөрийг хэн төлөх нь худалдагчид (төлбөр хүлээн авагчид) ач холбогдолгүй байхын зэрэгцээ худалдан авагч бусад этгээдээр төлбөр төлүүлэх боломж нээлттэй байх нь худалдагчийн төлбөрийг хугацаанд нь төлүүлэх сонирхолд нийцэх тул худалдан авагч өөрөө болон бусад этгээдээр төлүүлэх сонголтод худалдагч үргэлж нээлттэй ханддаг.

Гэвч гуравдагч этгээд (Богат ойл ХХК) төлбөр төлөх үүргийг гүйцэтгэж байсан нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийг (Журмак ХХК) үүрэг гүйцэтгүүлэгчийн (ДВ Ойл Трейдинг компани) өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх, гэрээний үлдэгдэл төлбөрийг гуравдагч этгээд (Богат ойл ХХК) үргэлжлүүлэн төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ тухай Иргэний хуулийн 210.3 дахь хэсэгт тодорхой зохицуулсан. Хуулийн тус хэсэгт гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна гэж заасан. Өөрөөр хэлбэл, бидний маргааны хувьд******* ХХК-ийн өмнөөс төлбөр төлж байсан Богат ойл ХХК төлбөрийг бүхэлд нь төлөөгүй байгаа нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч болох******* ХХК хариуцах үүрэгтэй хэвээр байх юм. Иймд анхан шатны шүүхийн худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг Богат ойл ХХК төлж байсан тул үлдэгдэл төлбөрийг ч тус компани хариуцах учиртай гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт юм.

Энэ бүгдээс дүгнэхэд, анхан шатны шүүх ДВ Ойл Трейдинг компанийн******* ХХК-тай байгуулсан 2013.07.08-ны өдрийн 080713 дугаар гэрээ, 2014.01.30-ны өдрийн 03 дугаар нэмэлт гэрээний үндсэн дээр******* ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэж өгсөн 1 536 600 тн битумыг******* ХХК хүлээж аваагүй гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь нотлох баримтуудыг буруу үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан хэрэг боллоо. Мөн анхан шатны шүүх Богат ойл ХХК******* ХХК-ийн өмнөөс битумны төлбөрийг төлж байсан тул үлдэгдэл төлбөрийг ч үргэлжлүүлэн төлөх үүрэгтэй хэмээн дүгнэсэн нь Иргэний хуулийн 210.1, 210.3 дахь заалтуудтай зөрчилдсөн хэрэг юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох гомдлын үндэслэл:

А.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд гуравдагч этгээдээр оролцох үндэслэл бүхий этгээд бус юм. ИХШХШтХ-ийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал тус этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулж болох тухай заасан. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг Богат ойл ХХК хүлээж авсан гэж маргадаг боловч тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Ганбат хувь хүнийхээ хувьд хүлээж авсан хэмээн маргадаггүй. Компанийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй тухай тодорхой заасан. Иймд энэхүү маргааны талаар гарах шүүхийн шийдвэр Богат ойл ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Ганбатад сөргөөр нөлөөлнө гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, А.Ганбат нь өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өөрийн тайлбараа шүүхэд гаргаж байсан. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч маргаан бүхий асуудал, хариуцагчийн хариу тайлбар нь өөрчлөгдөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой хариуцагчийн шинэ тайлбарыг А.Ганбатад танилцуулах, тайлбар авах учиртай байсан хэмээн тайлбарлах нь үндэслэлгүй юм. Нэгэнт А.Ганбат нь нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаан бүхий асуудлаар өөрийн тайлбарыг шүүхэд гаргаж байсан тул анхан шатны шүүх түүний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Гагцхүү хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх зөрчлийг л ИХШХШтХ-ийн 168.1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлд хамааруулах үндэслэлтэй билээ.

ИХШХШтХ-ийн 76.2-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх тухай заасан боловч А.Ганбатын зүгээс тус үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд шүүхээс түүнийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм. А.Ганбат шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцох сонирхолгүй байсан бөгөөд ийм учир давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох, давж заалдах гомдолтой холбоотой тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж бид үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болоогүй байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч ******* ХХК нь******* ХХК-д холбогдуулан ХБНГУ-ын ДВ Ойл Трейдинг ГмбХ компани нь Монгол Улсын олон улсын тээвэр зуучлалын******* ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3 тоот нэмэлт гэрээ байгуулсныг тогтоолгох, энэ гэрээний үндсэн дээр ДВ Ойл Трейдинг ГмбХ компани нь******* ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ПБВ-90 маркийн 1 536,6 метр тонн замын битумыг нийлүүлснийг******* ХХК гаалийн бүрдүүлэлт хийж, хүлээн авсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 467 159 ам.долларыг гэрээгээр хүлээсэн алданги болох 233 580 ам.долларын хамт, бүгд 700 739 ам.доллар буюу 1 846 678 508.87 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулахаар шаардсан байна.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, А.Ганбат нь компанийн тамга тэмдгийг ашиглаж гэрээ хийсэн байдаг гэж маргасан тул нэхэмжлэгчээс******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ганбатыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

 Анхан шатны шүүх өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулан өгч хариу тайлбар авснаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулах, маргааны үйл баримт, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзжээ.

 Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөс хойш гуравдагч этгээдийг шүүхэд дуудаагүй, өөрчлөгдсөн нэхэмжлэлийг гардуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, оролцуулахаар ямар нэг ажиллагаа хийсэн талаар хэрэгт баримтгүй байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 Анхан шатны шүүх магадлалд дурдснаас гадна дараах зөрчлийг гаргасан байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3., 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, ...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг, туршилт хийлгэх хүсэлт гаргах эрхтэй, ...хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.

 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №080713 тоот гэрээний нэмэлт №3 гэрээ болох 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг хариуцагч******* ХХК-ийн захирал А.Ганбат байгуулсан тул нэхэмжлэгч нь******* ХХК-иас нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг шаардсан.

 Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүнийг******* ХХК хүлээн аваагүй, хариуцагч нь дээрх гэрээ байгуулсан талаар мэдээгүй, бүтээгдэхүүнийг Богат ойл ХХК хүлээн авч, төлбөрийг******* ХХК-ийн нэрийн өмнөөс төлж байсан нь баримтаар нотлогдсон, А.Ганбат нь ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд тус Богат ойл ХХК-ийг үүсгэн байгуулагч нь******* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан А.Ганбат болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацааны Богат ойл ХХК-тай холбоотой борлуулсан битумын НӨАТ-ын баримтыг харьяа татварын албанаас гаргуулах хариуцагчийн хүсэлтийг, мөн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг нотлуулахаар шүүхээс үзлэг хийлгүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэн, хангахгүй орхисон нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

 Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1615 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 391 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                 Х.СОНИНБАЯР

                 ШҮҮГЧИД                П.ЗОЛЗАЯА

                                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                  Д.ЦОЛМОН

                                                          Х.ЭРДЭНЭСУВД