Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2023/00097

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04213 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00514 дүгээр магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ж” ХХК-д холбогдох

 Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,846,678,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн өмгөөлөгч У, Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд “Б” ХХК-ийн төлөөлөгч Г, түүний өмгөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-аас хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,846,678,508 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04213 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Ж” ХХК-аас 1,846,678,508 төгрөг гаргуулах тухай “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,391,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00514 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас нийт 1,846,678,507.87 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.” гэж, 2 дах заалтын “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч “Ж” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 9,391,342 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,391,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд хууль зүйн өөр өөр дүгнэлтүүд хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт /магадлал/ нөлөөлсөн.

Манай компаниас нэхэмжилсэн 1.8 тэрбум төгрөгийн мөнгөн дүн ямар ч нотлох баримтгүйн дээр “С” ХХК болон “Б” ХХК хоорондын хуйвалдаан, гүтгэлгээр их хэмжээний мөнгөний луйврыг дэмжиж байгаагаар харагдаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэсэн.

1-хх-25-26. 2014.01.30-ны өдөр “Д” компани, “Ж” ХХК-тай Битум нийлүүлэх №080713 тоот гэрээний нэмэлт 03 тоот гэх гэрээний нөхцөл:

Барааны нэр, тоо ширхэг, тээвэрлэлтийн чухал элементүүд:

-Замын битум ПБВ 90-1680мт, Сүүлчийн тээвэрлэлтийн огноо 2014.02.28, үнэ нэг мт үнэ-865$, нийт үнэ 1,453,200$,

Бусад нөхцөлүүд: 2014.01.30-ны өдрийн Нэмэлт №3 нь 2013.07.08-ны өдрийн №080713 тоот гэрээний салшгүй хэсэг байна. Энэхүү нэмэлтэд тодорхойлогдоогүй бусад бүх тохиолдолд 2013.07.08-ны өдрийн №080713 тоот гэрээний заалтууд үйлчилнэ.

3-хх-189-р талд авагдсан /Шүүгчийн захирамжийн дагуу нотлох баримтаар ирсэн УБ хотын Гаалийн бүрдүүлэлтийн баримт/ 2014.01.30-ны №080713 тоот гэрээний Нэмэлт №3 гэрээний нөхцөл:

ПБВ-90 маркийн авто замын битум, хэмжээ 1,680 м.т, нэгж үнэ 865$, нийт үнэ 1,453,200$, сүүлчийн ачилтын огноо 2014.02.28,

Бусад нөхцөл: 2014.01.30-ны өдрийн нэмэлт гэрээ №3 нь 2013.07.08-ны өдрийн №080713 тоот гэрээний салшгүй хэсэг болно. Энэхүү нэмэлт гэрээнд тусгагдаагүй бэлтгэн нийлүүлэлтийн бусад бүх нөхцөл нь 2013.07.08-ны 080713 тоот гэрээний нөхцөлүүдээр зохицуулагдана.

/З-хх-187/ “Д” компаниас УБ хотын гаалийн газарт илгээсэн гаалийн мэдүүлгийн баримт дахь 2014.02.10-ны өдрийн албан бичгээр дээрх 2 гэрээнд тусгагдсан гэрээний зүйл болох авто замын битумын хүлээн авагчийг “Б” ХХК мөн болохыг баталж импортын барааны бүрдүүлэлтийг хийх зөвшөөрөл хүссэний дагуу маргаан бүхий худалдах худалдан авах эрх зүйн харилцааны нэг тал нь “Б” ХХК мөн болох нь нотлогддог.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

4.2.1.  2014 оноос эхлэн “Д” компани 4 жилийн хугацаанд ийм 78 дугаар бүхий 1,536.6 тонн битумыг танайх хүлээн авсан мөнгөө төлөө гэж тодорхой нэхэмжилж байгаагүй мөн яг юуны төлбөр нэхээд байгаа нь тодорхойгүй албан бичиг ирж байсан тухай дор бүр нь манай компаниас бид тухайн ачааны талаар мэдэхгүй гэдгээ илэрхийлж татгалзаж байсан. Манай компани нь танай компанид ямар нэг өр болон үлдэгдэлгүй бараа чинь хаана байгааг мэдэхгүй болон манай дансанд бүртгэгдээгүй тул тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурахгүй бүр цаашилбал цаашид хамтран ажиллахад бэлэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үнийн саналаа өгнө үү гэх мэт албан бичгийг явуулж байсан /1-хх- 89-94/. Үүгээрээ бид өргүй байснаа нотлож байсан ба энэ тухай В-д хаяглан явуулж байсан. Ингээд 78 чингэлэг дугаарууд тодорхой болж УБХГаалиас лавлагаа авахад 2018.04.06 ны өдрийн 01/124 тоот албан бичиг /1-хх-146-248, 4-хх-229-330/ хуудас баримтанд “Б” ХХК 7 удаагийн бүрдүүлэлт хийж авсаныг хожим шүүхэд хэрэгтэй танилцах үедээ мэдсэн. Хэргийн материалд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрч байсан тухай цахим шууданд /и-мэйл/ авагдсан 2014 оноос нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үеэс үнэхээр “Д” компани нь манай компаниас №3 гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзсэн бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхийн 3 жилийн хугацаандаа буюу 2017 он дуусахаас өмнө шүүхэд гэрээний төлбөрийн үүрэг шаардсан нэхэмжлэлийг гаргах эрхтэй байсан. Гэтэл 2018 онд тухайн маргаан бүхий гэрээг байгуулсан болохыг, мөн ачаа хүлээн авсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх удаа гаргасан нь Иргэний хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг алдсан байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь ноцтой зөрчил юм.

4.2.2. Манай компанитай байгуулсан гэх №3 гэрээг манай компанийн төлөөлөх эрхгүй Г нь бидэнд мэдэгдэлгүйгээр нууцаар байгуулсан, “Б” ХХК-аараа шунахайн сэдлээр ашиг олох зорилгоор “Ж” ХХК-ийн нэр, тамгыг ашиглан нууцаар хийсэн хүчин төгөлдөр бус байх гэрээг давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр гэрээ юм гэж дүгнэхдээ түүнийг шийдвэрлэх хэргийн харъяаллын талаар тохиролцоог анхааралгүй шийдвэрлэсэн. Нэмэлт №3 гэрээнд “энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй бусад нөхцөлүүд 2013.07.08-ны өдрийн 080713 тоот гэрээгээр зохицуулагдана” гэсэн бол тус 080713 тоот гэрээнд “Энэхүү гэрээ болон үүнтэй холбоотойгоор үүдэн бий болсон аливаа маргаан, санал зөрөлдөөнийг талууд Дюссельдорф хот дахь Германы худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын шүүхээр Герман улсын хууль шүүхийн хэрэг шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлүүлэх ба тус шүүхийн шийдвэр нь талуудын хувьд эцсийнх бөгөөд заавал биелүүлэх үүрэг байна” гэсэн тохиролцоо бүхий заалтаар тухайн хэргийг харъяалал зөрчин шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлалд нөлөөлсөн буруу шийдвэр болно.

4.2.3. “Д” компаний гэрээний талаарх шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу “С” ХХК нэхэмжлэл гаргасан. /1-хх-5/ Ингэхдээ эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох гэсэн тус гэрээнд дурдсан шаардлагыг гаргасан бол 2019 онд тус шаардлагаа өөрчилж гэрээний дагуу төлбөрийн үүрэг шаардсан шаардах эрх шилжүүлэх гэрээгээр шилжээгүй шаардлагыг давж заалдах шатны шүүх хууль бусаар ханган шийдвэрлэсэн явдал нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна. Мөн ИХ-ийн 123 дугаар зүйлийн зохицуулалт нь Иргэний эрх зүй дэх өмчлөх эрхийн харилцаа үүсэх, дуусгавар болохтой холбоотой зохицуулалт бөгөөд хэрвээ шаардах эрх шилжүүлэх гэрээнд дурдсан эрхийн дагуу олж авах эдийн болон эдийн бус баялаг нь шаардах эрх шилжүүлэн авагч талын өмчлөлд бүр мөсөн шилжих онцлогтой бол тухайн гэрээг харвал шаардах эрхийг бүр мөсөн шилжүүлээгүй бөгөөд анхна шаардлагаар буцаан шаардах болон, шилжүүлэгч талын тайлагнаж байх үүрэг хүлээсэн болох нь товчхондоо шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн шинжийг агуулсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байхад түүний гаргасан нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон нь илэрхий байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх нэрийн шийдлийг бүхэлд нь өөрчилж “Д” компани болон гуравдагч этгээд “Б” ХХК-ийн хооронд үүссэн суурь харилцааг “С” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд үүссэн мэтээр илэрхий хууль бус дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэж байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хууль бус, холбогдох нотлох баримтуудад хийсэн үндэслэлгүй дүгнэлтүүддээ тулгуурлаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар илт хууль бус магадлал гаргасныг дараах хууль зүйн үндэслэлүүдээр няцааж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүхээс магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт хийсэн дүгнэлтүүдэд:

ХБНГУ-ын “Д” компани нь хариуцагч “Ж” ХХК-тай 2013.07.08-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Д” компани 100,000 хүртэлх метр тонн замын битумыг худалдах, “Ж” ХХК нь худалдан авсан барааны төлбөрийг нэхэмжлэхийн дагуу борлуулагчийн дансанд ам.доллараар шилжүүлэхээр тохиролцсон байна. /1хх-ийн 20-24-р тал/ Дээрх гэрээний талууд 2013.08.10-ны өдөр нэмэлт №2 гэрээ байгуулж, худалдагч “Д” компани нь 90/130 маркийн, 1 м.тн нь 895 ам.долларын үнэ бүхий 440 хүртэлх м.тн битумыг “Инкотермс 2010” нөхцөлийн дагуу Монгол Улс ОАР Сүхбаатар руу тээвэрлэх, худалдан авагч “Ж” ХХК нь барааг тээвэрлэснээс хойш 60 хоногийн дараа нэхэмжлэлийн дагуу төлбөрийг 100 хувь төлөх /З-хх-213-214-р тал/. Мөн 2014.01.30-ны өдөр нэмэлт №3 гэрээ байгуулж, худалдагч “Д” компани нь ПБВ 90 маркийн, 1 м.т. нь 895 ам.долларын үнэ бүхий 1680 м.тн битумыг “Инкотермс 2010” нөхцөлийн дагуу Монгол Улс БАР Сүхбаатар руу тээвэрлэх, худалдан авагч “Ж” ХХК нь барааг тээвэрлэснээс хойш 180 хоногийн дараа нэхэмжлэлийн дагуу төлбөрийг 100 хувь төлөхөөр тус тус тохиролцсон буюу талууд нийт 3 удаа гэрээ байгуулжээ. /1-хх-ийн 25-26-р тал/ Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Эхний хоёр гэрээний төлбөр төлөгдсөн, харин нэмэлт №3 гэрээний дагуу худалдагч “Д” компани нь нийт 1536.6 м.тн битум нийлүүлснээс худалдан авагч “Ж” ХХК нь 862,000 ам.долларыг төлж, үлдэгдэл 467,159 ам.доллар буюу 1,231,118,127.87 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр алданги 615,560,381.4 төгрөгийн хамт нийт 1,846,687,507.87 төгрөгийг “Ж”ХХК-аас шаардсан /4-хх-ийн 16-19 тал/.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул худалдагч нь борлуулсан бүтээгдэхүүний үнийг хариуцагч “Ж” ХХК-аас шаардах эрхтэй гэжээ.

Няцаалт: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан суурь харилцаа /худалдах, худалдан авах гэрээ/-нд ямар талуудын хооронд үүссэн болох талаарх дүгнэлтийг шүүхүүд зөрүүтэй хэрэглэсэн.

А. Төлөгдсөн төлбөр тооцооны талаарх дүгнэлтийн хувьд анхан шатны шүүх хуралдааны явцад Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс: Энэ асуудлыг “Ж” ХХК хариуцах ёстой юу бүрдүүлэлт хийж байснаараа “Б” ХХК хариуцах ёстой юу гэж асуухад Гэрч Г: “Б” ХХК хариуцах ёстой байсан. “Д” компанийн хүсэлтээр төлбөрийн гүйлгээний утга дээр “Ж” ХХК-аас болон бусад компаниудын нэрийн өмнөөс хийж байсан” гэж мэдүүлж байсныг дурдах нь зүйтэй.

“Ж” ХХК болон “Д” компанийн хооронд 2013.07.08-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2013.08.10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нэмэлт №2 гэрээг тус тус харилцан тохиролцож байгуулсан нь үнэн боловч Гын гарын үсэг зурж баталгаажуулсан нь Гад “Ж” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх олгосныг нотолж буй явдал биш бөгөөд тухайн 080713 болон Нэмэлт 02 тоот гэрээг байгуулах үед тус гэрээний төслүүдийг менежер Гын танилцуулснаар өөрийн ажилтан Санчираар орчуулуулж тус төслүүдэд захирал М өөрөө гарын үсэг зурж Гад өгч явуулсан ч хожим дээрх 080713 тоот гэрээ болон 02 тоот нэмэлт хэлэлцээрт захирал хэмээн Гын гарын үсэгтэй болж хавтаст хэрэгт авагдсан нь үнэхээр байх боломжгүй зүйл юм. “Ж” ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл, бичиг баримтад захирал Мгаас өөр хүн гарын үсэг зурдаггүй, зурах боломжгүй болох тухай гэрч Б-н мэдүүлсэн мэдүүлгэд тодорхой дурдсан байдаг.

“Ж” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг тус компанийн үүсгэн байгуулагч, цор ганц хувьцаа эзэмшигч М дангаар хэрэгжүүлдэг болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтуудаар нотлогддог бөгөөд “Ж” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд нь тус компанийн захирал албан тушаалтай М болно. Г нь тус компанид ажиллаж байх хугацаандаа тээврийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байсан нь Гын ажилд орохыг хүссэн анкет, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай тушаал зэрэг баримтуудаар давхар нотлогддог.

Б. 2013.07.08-ны өдрийн №080713 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нэмэлт гэх 2014.01.30-ны өдрийн №3 гэрээнд “Худалдан авагч: “Б” ХХК, түүнийг төлөөлж захирал Г” гэж, “Д” компанийн баталгаанд “Тус бичиг нь “Б” ХХК бараа хүлээн авагч мөн болохыг баталж байгаа” гэж тус тус дурдсан байдаг. “Б” ХХК нь “Ж” ХХК-тай ямар нэг холбоо хамааралгүй хуулийн этгээд бөгөөд 2014.01.30-ны өдрийн №3 гэрээ нь “Б” ХХК "болон “Д” компанийн хооронд байгуулагдсан гэрээ болох нь тус гэрээ болон “Д” компанийн баталгаанаас тодорхой харагдаж, нотлогддог юм.

“Д” компани болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь “Ж” ХХК-тай байгуулсан гэрээний бүх нөхцөлийг адилхан тусгасан, ижил нөхцөлтэй гэрээг хоёр өөр /”Ж” ХХК, “Б” ХХК/ хуулийн этгээдтэй байгуулсан байдаг. Тодруулбал 2014.01.30-ны өдрийн №3 гэрээнд заасан барааг зөвхөн “Б” ХХК хүлээн авсан болох нь Улаанбаатар хотын Гаалийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд “Б” ХХК ч №3 гэрээний дагуу бараа /битум/-г хүлээн авсан талаараа нэг ч маргаагүй. Мөн түүнчлэн Улаанбаатар хотын Гаалийн баримтанд 7 удаагийн бүрдүүлэлт тус бүрт “Д” компани болон “Б” ХХК-ийн хоорондын бараа нийлүүлэх тухай гэрээ авагдсан байдаг. “Б” ХХК ачаа бараатай холбоотой бүх зардлыг хариуцаж, ачаа барааны үнийг төлөх, ачаа барааг импортлоход шаардагдах лиценз, зөвшөөрөл, бусад бичиг баримтуудыг бүрдүүлэх, импортын гаалийн бүрдүүлэлт, түүнтэй холбоотой татвар хураамж /Гаалийн татвар импортын НӨАТ-ийн татвар/ гэж 359,128,532.39 төгрөгийг өөрийн нэрийн өмнөөс бүрэн хариуцаж Худалдаа хөгжлийн банкны 417005692, Голомт банкны 1410012485 тоот харилцах данснуудын хуулгаар тус тус төлсөн болох нь тогтоогдсон билээ. Тус гэрээгээр худалдан авсан гэж Гаалийн болон НӨАТ-ийн татваруудыг харилцах данснаасаа төлсөн банкны баримт гаалийн мэдүүлэг зэрэг бүхий л шаардлагатай бичгийн нотлох баримтууд Улаанбаатар хотлын Гаалийн архивт одоо ч хадгалагдаж байгаа болно.

5.1.1. Худалдагч “Д” компани нь нэмэлт №3 гэрээний дагуу нийт 1,536.6 м.тн битум нийлүүлсэн болох нь бараа хүлээн авсныг баталгаажуулах бичиг, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хариуцагч “Ж” ХХК-аас Гаалийн газарт хүргүүлсэн албан бичиг, төлбөрийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /1-хх-ийн 35-58, 2-хх-ийн 20, 29, 67, 167, 182, 205, 210-241-р тал/” гэж дүгнэжээ.

Няцаалт:

А. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Б” ХХК-ний төлөөлөгч Г 1536,6 тонн битумыг танайх авсан уу гэсэн асуултад:

- “Гаалийн бүрдүүлэлт хийж авсан”, түүнийг хэрхэн захиран зарцуулсан бэ гэхэд

- “М ХХК-д өгсөн”, хэдэн тонныг нь гэхэд

- “Бүгдийг нь”, төлбөр тооцоогоо “М” ХХК-аас авсан уу гэхэд

- “Тэгсэн”, 3-хх-ийн 189 дэх талд байгаа гэрээний дагуу танайх хүлээн авсан уу гэхэд

- “Ямар гэрээг нь мэдэхгүй байна. “Б” ХХК, Д компанитай байгуулсан гэрээгээр л авсан” гэж маргаан бүхий ачаа барааг хүлээн авч захиран зарцуулсан болохоо нотлон тайлбарладаг. /Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 18-р хуудас/

Б. “Б” ХХК үүсгэн байгуулагдсанаас хойш анхны санхүүгийн тайлан тус тайлант хугацаанд өөр андуурах битум болон бусад ямар нэг бараа байхгүй зөвхөн 78*20 чингэлэгтэй битумыг импортолж оруулж ирж түүнтэй холбоотой авлага өглөг барааны үлдэгдэл борлуултын орлого, зардал бүрийг балансын мөр болгонд тодорхой харж болно. Тайлангийн задаргаа /5-хх 47-51/ “Б” ХХК-ийн өөрийн гаргаж өгсөн битумаа “М” ХХК НӨАТ-ын падаан /5-хх 41-44/

Мөн гаалийн татвар хураамж төлсөн их хэмжээний мөнгөө бүрдүүлэхдээ “М” ХХК-д битумаа урьдчилан зарж мөнгөө харилцах дансуудаараа аваад 2014 оны 2-3 сард 4 удаагаар тонныг нь 1080USDээр хэсэгчлэн зарж нийт 988,698,000 төгрөгөөр зарж татварын албаны борлуулалтын падаанаар баталгаажуулсан. Шилжиж орж ирсэн 988,698,000 төгрөгөөс Улаанбаатар хотын Гаальд шаардлагатай татвар хураамж тус бүрийг төлсөн нь ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын 2022.01.13-ны өдрийн 05/55 албан бичгээр ирүүлсэн “Б” ХХК-ийн 2014 оны 01-р улирлын Санхүү байдлын баталгаажсан тайлангаар нотлогддог.

Хариуцагч “Ж” ХХК татгалзалдаа “Д” компанитай байгуулсан 3 удаагийн гэрээ болон бараа хүлээн авсныг баталгаажуулах баримтад гарын үсэг зурсан Г нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй “Ж” ХХК-ийн тамга тэмдгийг дур мэдэн ашигласан, тус гэрээний дагуу манай компани битум хүлээн аваагүй гэж тайлбарлажээ. Гэвч Г нь гэрээ байгуулагдах цаг хугацаанд хариуцагч “Ж” ХХК-д ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /3-хх-ийн 5-р тал/

5.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлөөлөгч буюу “Д” компанитай байгуулсан 3 удаагийн гэрээнд хариуцагч “Ж” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...“Ж” ХХК-ийн захирал М бид хоёр 2005 оноос эхлэн хамтран ажилласан бөгөөд бүх асуудал итгэлцлийн үндсэн дээр явдаг байсан, “Д” компаниас авсан битумын төлбөрийг “Ж” ХХК хариуцах ёстой” гэж, /6-хх-ийн 8-р тал/,

Няцаалт:

А. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг” гэх хуулийн зохицуулалтыг дурдсан атлаа зөвхөн гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэн “Д” компаниас авсан битумын төлбөрийг “Ж” ХХК хариуцах ёстой гэж дүгнэжээ.

Дээр дурдсанчлан Г нь тус “Ж” ХХК-д ажиллаж байх хугацаандаа тээврийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байсан нь Гын ажилд орохыг хүссэн анкет, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай тушаал зэрэг баримтуудаар нотлогдох ба “Ж” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч, захирал албан тушаалтай М болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтуудаар нотлогддог болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь бодит байдлыг нотолж буй нотлох баримтыг үл хэрэгсэн зөвхөн нэг талыг барьсан хууль бус дүгнэлт болно.

5.1.3. Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2013.07.08-ны өдөр “Ж” ХХК нь “Д” компанитай гэрээ байгуулсан, хэлцэлд гарын үсэг зурсан гэж гэрээ байгуулсан үйл баримтыг зөвшөөрч тайлбар гаргажээ. /бхх- ийн 13-р тал/

Няцаалт:

А. Манай “Ж” ХХК болон “Д” компанийн хооронд 2013.07.08-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2013.08.10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нэмэлт №2 гэрээг тус тус харилцан тохиролцож байгуулсан үйл баримтыг манай компанийн зүгээс эсэргүүцдэггүй.

Тодруулбал гэрээг талууд баталгаажуулахаас өмнө “Ж” ХХК болон “Д” компани нь хүсэл зоригоо бодитойгоор, тодорхой илэрхийлж, гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцон, зөвшилцөлд хүрэх үе шаттайгаар гэрээг байгуулсан бөгөөд талууд гэрээний гол нөхцөлийг тогтоож, хэлэлцээрт хүрсэн буюу гэрээний саналыг зөвшөөрснөө нөгөө талдаа илэрхийлсэн болно.

Улмаар гэрээг бичгээр баталгаажуулах явцад гэрээнд “Ж” ХХК-ийн захирал М захирал өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан Гад өгсөн байдаг. Компанийн хувьцаа эзэмшигч, захирал итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий цорын ганц субьект болох М нь тээврийн менежер Г болон өөрийн компанийн өөр ямар ч ажилтанд гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгож байгаагүй юм.

Б. Мөн түүнчлэн 2013.07.08-ны өдрийн №080713 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нэмэлт гэх 2014.0.30-ны өдрийн №3 гэрээний талууд нь “Худалдан авагч: “Б” ХХК, түүнийг төлөөлж захирал Г” гэж зурсан, “Худалдагч: “Д” компани гэж гэрээнд заасан байдгаас үзэхэд гэрээний худалдан авагч тал нь “Ж” ХХК биш болох нь бүрэн нотлогдож байдаг.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Ж” ХХК-ийг төлөөлөн Г гэрээнд гарын үсэг зурж, бараа хүлээн авсныг баталгаажуулсан бичгийн баримт үйлдсэн байх тул компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй хэлцэл хийсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэлд дурдсан битумыг “Б” ХХК хүлээн авсан тул үнийг тус компани хариуцах ёстой гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлаж байх боловч хариуцагч “Ж” ХХК нь 2014 оны 02 дугаар сард “Оросын Холбооны Улсаас импортоор ирсэн битум бүхий ачаатай чингэлгүүдийг “Б” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгоно уу” гэх агуулга бүхий албан бичгүүдийг Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хүргүүлсэн байна. /2-хх-ийн 20, 29, 67,167,182, 205-р тал/

5.1.4. Худалдагч “Д” компанийн илгээсэн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч “Ж” ХХК-ийн хүсэлтээр “Б” ХХК хүлээн авсан нь хариуцагч “Ж” ХХК-ийг гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба хариуцагч “Ж” ХХК нь худалдан авсан битумын үнийг төлөх үүргийг “Д” компанийн өмнө гэрээгээр хүлээсэн байх тул шаардах эрхийг шилжүүлэн авсан нэхэмжлэгч “С” ХХК нь нэхэмжлэлийг “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй.” гэжээ.

Няцаалт:

А. “Ж” ХХК нь өнөөдрийн хүртэл үйл ажиллагаандаа 2013.07.08-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2013.08.10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нэмэлт №2 гэрээнд заасан хэмжээний битум /бараа/-ыг л авч бараа бүтээгдэхүүн борлуулсан борлуулалт байдаг бөгөөд бусад он жилүүдэд тээвэр зуучлалын үйлчилгээний орлогоороо орлогоо бүрдүүлж ирсэн юм.

Улаанбаатар хотын Гаалийн газарт олон улсын тээвэр зуучлалын компаниуд зуучилж ирсэн ачаа болгондоо тодорхойлолт өгдөг юм. Гэтэл энэхүү тодорхойлолтыг “Д” компани мушгин гуйвуулж тайлбарласан байдаг. Манай компанийн зуучлалаар ирсэн гэдэг нь манай компанийн ачаа мөн юмаа гэсэн үг огт биш юм. Тээвэр зуучлалын энэхүү нэр томъёо одоо ч бичигдсэн хээвэр байгаа юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Г нь “Ж” ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан, 2014 оны №03 тоот гэрээнд Г нь “Ж” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан гэж дүгнэсэн байх хэдий ч 2014 оны №03 тоот гэрээнд “Б” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан байдаг.

Мөн түүнчлэн “Ж” ХХК-ийн өмнөөс “Б” ХХК нь ямар эрх зүйн баримт бичигт үндэслэн 2014 оны №03 тоот гэрээний дагуу гаалиар орж ирсэн бараа /битум/-г хүлээн авсан болох нь тодорхойгүй байхад тус барааг “Ж” ХХК-ийг хүлээн авсан тул төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь магадлалд нөлөөлсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх дараах зөрчлийг гаргасан.

2013.07.08-ны өдрийн 080713 тоот гэрээний дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр харилцаа үүссэн гэж дүгнэхэд хүрвэл тухай гэрээний 3.1 “Энэхүү гэрээ болон үүнтэй холбоотойгоор үүдэн бий болсон аливаа маргаан, санал зөрөлдөөнийг талууд Дюссельдорф хот дахь Германы худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргээх Арбитрын шүүхээр Герман улсын хууль, шүүхийн хэрэг шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлүүлэх ба тус шүүхийн шийдвэр нь талуудын хувьд эцсийнх бөгөөд заавал биелүүлэх үүрэг байна” гэсэн, мөн 2014.01.03-ны өдрийн 080713 тоот гэрээний Нэмэлт гэрээ №3-ын Бусад нөхцөл хэсэгт зааснаар “2014.01.30-ны өдрийн №3 нь 2013.07.08-ны өдрийн 080713 тоот гэрээний салшгүй хэсэг болно. Энэхүү гэрээнд тусгаагүй бэлтгэн нийлүүлэлтийн бусад бүх нөхцөл нь 2013.07.08-ны өдрийн 080713 тоот гэрээний нөхцөлүүдээр зохицуулагдана” тохиролцоо мөн хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Эндээс үзвэл ИХШХШ тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг зөрчсөн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Хэргийн харъяаллын хувьд “Ж” ХХК-ийн зүгээс “Ж” ХХК-тай байгуулсан гэх №03 тоот нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус, мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр маргасан тул Арбитрын тохиролцоо буюу хэргийн харъяаллын талаар маргаан бүхий тайлбар гаргаагүй болно.

5.2.1. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд.

“Д” компани Монгол улс руу 1,536.6 м.тн битум нийлүүлэх гэрээний төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа алдсан байна. “Ж” ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг давж заалдах шатны шүүх анхаарах ёстой. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан. Гэтэл 2014 оноос “Д” компани “Ж” ХХК-аас төлбөрийн үүргийг шаардаж эхэлсний хариуд “Ж” ХХК нь тус гэрээг хийгээгүй, энэ талаар мэдээгүй гэдэг агуулгаар татгалзсан үеэс нэхэмжлэгчийн шаардах эрх зөрчигдсөн бол хожим 2018.01.28-ны “Д” компаниас “С” ХХК-д шаардах эрхээ шилжүүлсэн байна. Тус шаардах эрх нь гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, гэрээний дагуу битум нийлүүлсэн болохыг тогтоолгох зорилгоор шаардах эрхээ шилжүүлжээ. Харин хожим гэрээний төлбөрийн үүрэг шаардсан нь 2019.03.01-нд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр анх удаа шүүхэд хандсанаар тодорхойлогдох бөгөөд шүүх хүчин төгөлдөр шаардах эрхтэй гэж үзсэн бол мөн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүй нь буруу байна.

5.2.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “ХЯНАВАЛ” хэсгийн 6 дахь хэсэгт “Худалдагч тал болох “Д” компани нь “С” ХХК-тай 2018.01.28-ны өдөр 04/2018 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу “С” ХХК нь “Ж” ХХК-аас 2013.07.08-ны өдөр байгуулсан 04/2018 тоот гэрээ, 2014.01.30-ны өдрийн нэмэлт №З гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болон алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна. /1-хх-ийн 5-8-р тал/” гэж дүгнэжээ.

Шаардах эрх шилжүүлэх гэрээ. Огноо-2018.01.28. Гэрээний зүйл. “2.1 Шаардах эрх шилжүүлэх нь 2013.07.08, 2014.01.30-ны өдрүүдэд Жтай гэрээ, нэмэлт хэлэлцээр байгуулж, гэрээнд заасан бүтээгдэхүүнийг “Ж” ХХК-д гэрээний дагуу нийлүүлсэн болохыг тогтоолгох зорилгоор...” гэжээ. Тэгвэл нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээг дурдаагүй буюу гэрээний үүрэгт мөнгөн төлбөр шаардах талаар эрхийг шилжүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл “С” ХХК “Ж” ХХК-аас гэрээний үүрэгт 1,846,678,508 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байсан.

Мөн тус эрх шилжүүлэх гэрээний 2.2-т Шаардах эрх шилжүүлэгч нь шилжүүлсэн эрхийнхээ гүйцэтгэлтэй танилцах, гүйцэтгэлийг хүлээн авах, шаардах эрхээ эхний шаардлагаараа буцаан авах эрхтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох зохицуулалтад нийцэхгүй бөгөөд Нотариатын тухай хуулийн 46.1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу гадаадын хуулийн этгээд түүний удирдлагын гарын үсгийн үнэн зөвийг батлаагүй байна.

5.3. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтүүдээс харахад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 40.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэсэн заалтуудыг зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүй, анхан шатны шүүхээс нотлох баримтуудын талаар хийсэн үнэлэлт, дүгнэлтүүдийг няцаагаагүй, хэргийг бүхэлд нь хянах хуулийн заалтыг хангаж ажиллаагүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргахын тулд бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч Э нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.05.04-ний өдрийн 001/ШХТ2023/00517 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,846,678,508 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...ХБНГУ-ын “Д” компани нь хариуцагч “Ж” ХХК-тай 2013.07.08-ны өдөр 080713 тоот худалдах-худалдан авах гэрээг байгуулсны үндсэн дээр нэмэлт хэлэлцээр №2 гэрээгээр БНД90/130 маркийн 440 хүртэлх м.тн замын битумыг нийлүүлэхээр нэг метр тонныг 895 ам.доллараар, худалдах-худалдан авахаар тохиролцсон, энэ гэрээгээр нийлүүлсэн барааны төлбөр төлөгдөж дууссан. Үүний дараа 2014.01.30-ны өдөр дахин нэмэлт хэлэлцээр №3 гэрээг байгуулж, ПБВ-90 маркийн замын битумыг 1,680 метр тонн хүртэлх хэмжээгээр нэг бүрийг 865 ам.доллараар, нийт 1,453,200 ам.доллараар нийлүүлж худалдах-худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу бүгд 1,536.6 метр тонн битумыг 2014.01.29, 30-ны өдрүүдэд ОХУ-аас ачиж илгээсэн, “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г барааг хүлээн авсны баталгаажуулах бичигт гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж, нийлүүлэгч компанид хариу ирүүлсэн тул барааны үнийг нэхэмжилсэн, ...одоо үндсэн төлбөрийн үлдэгдэл 467,159 ам.доллар, талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1 дэх хэсэгт заасны дагуу алданги болох 233,580 ам.доллар нийт 700,739 ам.доллар буюу 1,846,678,508 төгрөг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч “Ж” ХХК тайлбартаа: “...Манай компани нь “Д” компанитай 1, 2 дугаар гэрээг байгуулан гэрээний дагуу барааг хүлээн авч төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Харин нэмэлт хэлэлцээр №3 гэрээг байгуулаагүй, уг барааг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г нь “Ж” ХХК-ийн нэрийг ашиглан 2014.01.30-ны өдрийн нэмэлт 03 тоот гэрээг байгуулж, түүний үүсгэн байгуулсан “Б” ХХК ачааг хүлээн авсан, манай компани энэ гэрээний дагуу ямар ч төлбөр хийгээгүй...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...2014.01.30-ны өдрийн нэмэлт хэлэлцээр №3 гэрээгээр Дкомпанийн “Ж” ХХК-д нийлүүлсэн гэх 1,680 метр тонн ПБВ-90 маркийн замын битумыг “Б” ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж барааг хүлээн авсан болох нь Улаанбаатар хот дахь Гаалийн ерөнхий газрын баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт 5 удаагийн үйлдлээр “Ж” ХХК-ийг 760,000 ам.доллар төлсөн гэсэн үндэслэл нь тогтоогдохгүй байхаас гадна “Ж” ХХК-аас “Д” компани руу гүйлгээ хийгээгүй болох нь Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкнуудаас албан бичгээр ирүүлсэн дансны хуулгаар нотлогдож байна.

К банкны цахим мэдээлэл бүхий баримтаар “Д” компанид хүлээн авсан барааны үнийг төлсөн гүйлгээний утга хэсэгт “Ж” ХХК, Жийн өмнөөс гэж тэмдэглэгдсэн байх боловч уг төлбөрийн шилжүүлгийг “Ж” ХХК хийсэн нь тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...Худалдагч “Д” компанийн илгээсэн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч “Ж” ХХК-ийн хүсэлтээр “Б” ХХК хүлээн авсан нь хариуцагч “Ж” ХХК-ийг гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба хариуцагч “Ж” ХХК нь худалдан авсан битумын үнийг төлөх үүргийг “Д” компанийн өмнө гэрээгээр хүлээсэн байх тул шаардах эрхийг шилжүүлэн авсан нэхэмжлэгч “С” ХХК нь нэхэмжлэлийг “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй.

Нөгөө талаар, “Д” компани болон гуравдагч этгээд “Б” ХХК нь тусдаа замын битум худалдах гэрээтэй, тус гэрээний дагуу үүссэн өр, төлбөрийн асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 2868 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.25-ны өдрийн 235 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байх тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

Хариуцагч “Ж” ХХК нь “Д” компаниас 2014.01.30-ны өдрийн нэмэлт №3 гэрээний дагуу авсан битумын үнэ /1,536.6 м.тн х 865 $ = 1,329,159 $/-ийг бүрэн төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй хэдий ч нэхэмжлэгч “С” ХХК нь нэхэмжлэлдээ хариуцагч “Ж” ХХК-ийг 862,000 ам.доллар төлсөн гэж тайлбарласан. Иймд уг төлбөрийг хасаж, үлдэх 467,159 ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханш 2,635.33 төгрөгөөр тооцвол, нийт 1,231,118,127.47 төгрөгийн үүрэг хариуцагч “Ж” ХХК-д үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Алданги 233,580 ам.доллар буюу 615,560,381.4 төгрөг гаргуулах шаардлагын тухайд 2013.07.08-ны өдрийн үндсэн гэрээний 10.1-т худалдан авагч хүлээн авсан барааны төлбөрийг хугацаа хоцроосон тохиолдолд борлуулагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч “С” ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч “Ж” ХХК-аас нийт 1,846,678,507.87 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь зүйтэй...” гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1,846,678,507.87 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дээр дурдснаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг өөр өөрөөр дүгнэснээс зөрүүтэй гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцлээ.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

10.1. ХБНГУ-ын “Д” компани, Монгол Улсын тээвэр зуучлалын “Ж” ХХК-ууд газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авахаар нийт 3 гэрээ байгуулсан байна. Үүнд:

  • 2013.07.08-ны өдрийн 080713 дугаартай гэрээгээр нийт 100,000 м.тн хүртэлх хэмжээний замын битум худалдах-худалдан авахаар, 
  • дээрх гэрээний үндсэн дээр 2013.08.10-нд 080713 гэрээний нэмэлт №2 гэрээгээр БНП 90/130 маркийн 440 м.тн хүртэлх замын битумыг нэг м.тн-ыг 895 ам.доллараар, бүгд 393,800 ам.доллараар худалдан авахаар,
  • улмаар 2014.01.30-ны өдрийн 080713 тоот гэрээний нэмэлт №3 гэрээгээр ПБВ-90 маркийн замын битумыг 1,680 м.тн хүртэлх хэмжээгээр, нэг бүрийг нь 865 ам.доллараар, нийт 1,453,200 ам.доллараар худалдах-худалдан авахаар тус тус харилцан тохиролцжээ.

Эхний хоёр гэрээний үүргээ талууд бүрэн биелүүлсэн, төлбөр тооцоо байхгүй талаар маргаангүй байна.

Харин 3 дахь гэрээний үүрэгт худалдагч тал  буюу нэхэмжлэгч нь 1,536.6 м.тн замын битум нийлүүлснийг худалдан авагч тал болох хариуцагч хүлээн авсан боловч төлбөрийн үлдэгдэл 467,159 ам.долларыг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөр, гэрээгээр тохирсон алдангийн хамт нийт 700,739 /467,159+233,580/ ам.доллар буюу 1,846,678,508.87 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 3 дахь гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулаагүй, гэрээний дагуу замын битум хүлээж аваагүй гэж маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...“Ж” ХХК-ийн аливаа гэрээнд зөвхөн захирал М гарын үсэг зурдаг тул тус гэрээг байгуулаагүй, 080713 тоот гэрээний нэмэлт №3 гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд Г гарын үсэг зурсан, түүнд гэрээ байгуулах эрх олгогдоогүй бөгөөд гэрээний дагуу орж ирсэн замын битумыг Гын 100 хувийн эзэмшлийн “Б” ХХК хүлээж авсан болох нь баримтаар нотлогдсон, ...түүнчлан Г болон “Б” ХХК энэ бүхнийг зөвшөөрч байгаа тул төлбөрийг “Ж” ХХК төлөхгүй...” гэж тайлбарласан.

10.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэдийгээр хариуцагч нь дээрх байдлаар маргаж байгаа боловч захирал М талуудын хооронд байгуулагдсан 3 гэрээнд “Ж” ХХК-ийг төлөөлж “Гүйцэтгэх захирал Г” гэж гарын үсэг зурагдсан, компанийн тамга дарагдсан, улмаар эхний хоёр гэрээ биелэгдэж, дуусгавар болсон үйл баримтыг үгүйсгээгүй байна.

10.3. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж, 65 дугаар зүйлийн 65.1-д нэг этгээд өөрийгөө төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Гын шүүхэд гаргасан: “...тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах үүргийг компанийн удирдлагаас өгсөн, “Ж” ХХК-ийг төлөөлж “Д” компанитай гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамгыг дарсан, улмаар гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан...” талаарх тайлбарыг хариуцагч үндэслэл бүхий баримтаар үгүйсгээгүй байна.

Түүнчлэн “Ж” ХХК-ийг төлөөлж Г гарын үсэг зурсан эхний хоёр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, улмаар харилцан үүргээ гүйцэтгэснээр дээрх гэрээ хэрэгжсэн нөхцөл байдал нь “Д” компанид Гыг “Ж” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж ойлгогдох үндэслэл болно.

Иймд Гтай байгуулсан 2014.01.30-ны өдрийн 080713 гэрээний нэмэлт №3 гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх  хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

10.4. “Д” компани болон “Ж” ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, 2014.01.30-ны өдрийн 080713 тоот гэрээний нэмэлт №3 гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43  дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

  11. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй.

11.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь ХБНГУ-ын “Д” компанийн хариуцагч “Ж” ХХК-тай байгуулсан 2013.07.08-ны өдрийн 080713 тоот гэрээ, гэрээний нэмэлт №3 гэрээтэй холбоотой асуудлаар шаардах эрхийг 2018.01.28-ны өдөр шилжүүлэн авсан, зохигчийн хороонд байгуулсан Шаардах эрх шилжүүлэх  гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8-д заасан шаардлагад нийцсэн байна.

Гэрээний 3.2-т ...шаардах эрх шилжүүлэгч нь ...шаардах эрх хүлээн авагчид шаардагдах бүх эрхийг хүлээлгэн өгсөн гэдгээ энэхүү гэрээгээр баталж байгаа болно гэж заасан байх тул “...“Д” компани мөнгөн төлбөр шаардах эрхийг шилжүүлээгүй...” талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

11.2. “Д” компани нь ХБНГУ-аас их хэмжээний нефть болон замын битумыг Монгол Улсад оруулан, худалдан борлуулсан боловч бусдад залилан мэхлүүлсэн гэх үндэслэлээр 2014 оноос Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулсан, тус эрүүгийн хэрэг 2018 он хүртэл шалгагдсан байх тул энэ хугацаанд нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан, улмаар “Д” компанийг төлөөлж эрх бүхий этгээд 2018 онд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

11.3. Түүнчлэн хариуцагч нь анхан болон давж заалдах шатны шүүхэд хэргийн харьяаллын талаар маргаагүй тул энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

11.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь 2014.01.30-ны өдрийн 080713 гэрээний нэмэлт №3 гэрээний худалдан авагч тал болох “Ж” ХХК-ийг хариуцагч гэж тодорхойлсон тул “...“Б” ХХК, иргэн Г нь барааг хүлээн авсан талаар маргаагүй байхад хариуцагчийг буруу тодорхойлсон...” талаарх гомдол үндэслэлгүй. 

Дээр дурдсанчлан “...нэхэмжлэгчийн илгээсэн барааг хүлээн авсан, ...барааны үнийг төлж байсан этгээд “Б” ХХК болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон, ...Г нь “Ж” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд тул хэлцэл хүчин төгөлдөр бус, ...гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...шүүх харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, ... нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн...” /тогтоолын 4, 5-д тусгагдсан/ гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохыг хүссэн хариуцагч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

12. “Д” компани “Ж” ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө төлөх үүрэг хүлээнэ гэж, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, ...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д тус тус зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

12.1. “Д” компанийн илгээсэн бараа бүтээгдэхүүнийг тухай бүр хүлээн авсан талаар “Ж” ХХК Бараа хүлээн авсныг баталгаажуулах бичиг үйлдэж, гарын үсэг зурж, компанийн тамгыг дарсан, улмаар бараа хүлээж авсан үндэслэлээр нэхэмжлэгч нь барааны нэхэмжлэхийг “Ж” ХХК-ийн нэр дээр явуулсан, худалдсан бүтээгдэхүүний хариу төлбөр төлөгдөж байсан үйл баримт тогтоогдсон тул маргаж буй 080713 тоот гэрээний нэмэлт №3 гэрээний худалдан авагч тал нь “Ж” ХХК байна.

Тэрээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчаас хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэгтэй, харин зарим төлбөрийг “Б” ХХК төлж байсан нь “Ж” ХХК-ийг үлдэгдэл төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй юм. 

13. Хариуцагч “Ж” ХХК нь “Д” компаниас нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ болон үлдэгдэл төлбөр болох үнийн дүнгийн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 467,159 ам.долларыг, гэрээний 10.1-д заасан алдангийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

14. Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 467,159 ам.долларын 50 хувиар тооцож, 233,580 ам.долларыг нэхэмжилсэн боловч анзын хэмжээ илт их, “Д” компанийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хариуцагч хэрэглээгүй, гуравдагч этгээд барааг хүлээн авсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан хяналтын шатны шүүхээс анзын хэмжээг 50 хувиар багасгах боломжтой гэж үзлээ.

Иймд үлдэгдэл төлбөр 467,159 ам доллар, алданги 116,790 /233,580х50%/ ам.доллар нийт 583,949 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ам долларын Монгол банкны ханшаар /1 ам.доллар=2,635.33 төгрөг/ тооцож, нийт 1,538,898,317 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00514 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04213 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас 1,538,898,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 307,780,191 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...56.1” гэснийг “...56.2” гэж, “...үлдээсүгэй,” гэснийг “...үлдээж, хариуцагч “Ж” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 7,852,441.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч Э нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ж” ХХК-аас 2023.04.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,391,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                             Н.БАЯРМАА

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД