Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/04213

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/04213

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод үйл ажиллагаа явуулах, *** ХХК /РД:*** /,

 

Хариуцагч: *** тоотод байрлах, *** ХХК /РД:5081599/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** тоотод байрлах, *** ХХК /РД:5741165/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,846,678,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д***

нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О***,

хариуцагчийн өмгөөлөгч Э.У***,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Г***, түүний өмгөөлөгч А.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч *** ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Нэхэмжлэгч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын *** компанийн шаардах эрхийг хүлээн авагч Монгол улсын *** ХХК-ийн нэхэмжлэлтэй.

*** компанийн захирал *** , Монгол Улсын тээвэр зуучлалын *** ХХК-ийн гүйцэтгэх захирал *** нар нь замын битум худалдах, худалдан авахаар тохиролцож, *** тоот гэрээг байгуулсны үндсэн дээр 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт хэлэлцээр *** гэрээгээр *** маркийн 440 хүртэлх метр тонн замын битумыг нийлүүлэхээр, нэг метр тонныг 895 ам.доллараар, бүгд 393,800 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон байна. Энэ нэмэлт хэлэлцээр *** гэрээгээр нийлүүлсэн барааны төлбөр төлөгдөж дууссан. Үүний дараа *** компанийн захирал *** болон *** ХХК-ийн гүйцэтгэх захирал *** нар дахин 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт хэлэлцээр ***  гэрээг байгуулж, *** маркийн замын битумыг 1680 метр тонн хүртэлх хэмжээгээр нэг бүрийг 865 ам.доллараар, нийт 1,453,200 ам.доллараар нийлүүлж худалдах, худалдан авахаар тохиролцсон. Энэхүү нэмэлт гэрээний дагуу *** компани 2014 оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 32 вагоноор 630,4 метр тонн, 16 вагоноор 315,2 метр тонн, 30 вагоноор 591,0 метр тонн битумыг *** ХХК-ийн нэрээр ОХУ-аас ачиж илгээснийг *** ХХК-ийн гүйцэтгэх захирал *** Барааг хүлээн авсныг баталгаажуулах бичиг-т бараа хүлээн авсныг баталгаажуулан 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурж, *** ХХК-ийн тамгыг дарж *** компанид албан ёсоор хариу мэдэгдсэн байна. Үүгээр нийт 1,329,159 ам.долларын үнэ өртөг бүхий бүгд 1,536.6 метр тонн битумыг *** ХХК хүлээн авсан нь баталгаажсан. Бараа хүлээн авсан бичгийг үндэслэн *** компаниас 2014.02.11-ний өдрийн 3110/2014 нэхэмжлэхээр 545,296 ам.доллар, 3111 тоот нэхэмжлэхээр 272,648 ам.доллар, 3112 тоот нэхэмжлэхээр 511,215 ам.долларыг тус тус *** ХХК-иас нэхэмжилсэн. Нэмэлт гэрээ *** аар нийлүүлсэн барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 467,159 ам.доллар үлдсэн. Нэмэлт хэлэлцээр *** нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг *** ХХК-ийн ерөнхий захирал Т.*** нь 2014.02.12-ны өдрийн 14/053 тоот, 2014.02.14-ний өдрийн 14/063 тоот албан бичгүүдээр Хотын гаалийн газарт бараа бүтээгдэхүүнийг *** ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгохыг мэдэгдсэнээр *** ХХК барааг бүтээгдэхүүнийг хүлээн авсан гэдэг. *** ХХК бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн авсан гэсэн үндэслэлээр *** ХХК төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Бараа нийлүүлэгч *** компани, барааг хүлээн авагч *** ХХК-ийн хооронд нийлүүлж буй барааг *** ХХК-д шилжүүлэн хүлээлгэж өгөх талаар ямар нэгэн зөвшөөрөл, тохиролцоо байгаагүй, ингэж шилжүүлснийг мэдээгүй, нийлүүлсэн барааны төлбөр нь *** -ын нэрээр болон *** ХХК-иас төлөгдөж байсан.

Иймд *** ХХК-д нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдэл 467,159 ам.долларыг талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1 дэх хэсэгт заасны дагуу алданги болох 233,580 ам.долларын хамт нийт 700,739 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкнаас зарласан ханш 2,635.33 төгрөгөөр хөрвүүлэн 1,846,678,508.87 төгрөгийг Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д зааснаар *** ХХК-иас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Манай компани нь *** компанитай 1, 2 дугаар гэрээг байгуулан гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгасан. *** ХХК-ийн захирал *** нь *** ХХК-ний нэрийг ашиглан 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт *** тоот гэрээг байгуулж уг гэрээгээр тохирсон нөхцөл нь *** ХХК-тай хийсэн гэрээний гол нөхцөлийг 100 хувь бүрэн тусгасан. *** нь *** ХХК-ийг үүсгэн байгуулаагүй байсан эсвэл дөнгөж байгуулсан шинэ компанийн нэрийн өмнөөс *** компанитай гэрээ хийхэд бэрхшээлтэй бөгөөд өмнө харилцаатай байсан *** ХХК-ийн нэрийг ашиглан 3 тоот гэрээг байгуулсан. *** ХХК-ийн хийсэн гэх дээрх гэрээг ерөнхий захирал Т.*** мэдээгүй, *** ХХК нь энэ *** тоот гэрээгээр ямар ч бараа хүлээн аваагүй. Бидэнд мэдэгдэхгүйгээр хүлээн авахын тулд *** ХХК-ийн нэрийн өмнөөс гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн татвар 115,847,913.67 төгрөг, НӨАТ-ын татварт 243,280,618.71 төгрөг, нийт 359,128,532.39 төгрөгийг төлж 78 ширхэг 20 тоннын чингэлэгтэй 1536,6 метр тонн битумыг хүлээн авсан байна. Үүнээс 349,780,206.10 төгрөгийг *** ХХК-ийн харилцах данснаас, 9,348,326.28 төгрөгийг өөрийн касснаас бэлнээр төлсөн нь Улаанбаатар хотын Гаалиас ирсэн баримт бичигт байдаг.

*** ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот нэмэлт гэрээг байгуулаагүй, уг гэрээний дагуу ямар ч ачаа хүлээн аваагүй бөгөөд тус ачааг *** ын үүсгэн байгуулсан *** ХХК хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд: Т.*** нь *** ХХК-д ажиллах саналыг тавьж хамтран ажил эхэлсэн. Компанийг 50/50 хувь эзэмших аман тохиролцоотой байсан бөгөөд миний хувьд итгэлцлийн үүднээс нэрээ шилжүүлээгүй байсан. Компанийн бүх шийдвэр, үйл ажиллагааг хоёулаа хамтарч шийдэж явдаг байсан. Т.*** захирал н.*** гэдэг Германы компанийг төлөөлж байгаа хүнийг ажил дээр авчраад ийм ажил хийнэ гээд цаашид чи хариуцаад ажиллана, эхний ээлжид битум оруулж ирж зарна гэсэн. Тухайн үед *** компани болон *** ХХК нь байгуулсан гэрээн дээр гүйцэтгэх захирал *** гэж гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтээр нотолж байна. Гаалийн бүрдүүлэлтийг *** ХХК-ийн нэрээр хийж байсан боловч *** ХХК-аас орж ирсэн мөнгөөр гаалийн тооцоог төлсөн байсан. Гэрээний төлбөрт 2013 оны 9 дүгээр сард 2 удаа 100,000 ам.долларын төлөлт хийгдсэн. Мөн 246,000 ам.долларын төлбөр төлсөн баримтууд гаргаж өгсөн байгаа. Энэ баримтууд *** ХХК-аас мөнгө орж ирсэн баримттай давхцаж байгаа. Тэгэхээр 1,536,6 тонны төлбөр орж ирэхэд *** ХХК өмнөх төлбөртөө тооцуулж байсан учраас энэ гэрээг хүлээн зөвшөөрч байсан. Бодит үйлдлээр төлбөрийг өөртөө шилжүүлж аваад өмнөх өр төлбөртөө тооцуулж байгаа нь *** ХХК энэ гэрээний талаар мэдэж байсан *** ыг төлөөлүүлж байсан гэдгийг харуулж байна. Улаанбаатар гаалийн газраас ирсэн баримтууд дээр захирал Т.*** гарын үсэг зурж зөвшөөрөл олгохыг хүссэн байдаг. *** ХХК болон *** ХХК-ийн төлбөрүүд холилдоод төлөгдөж байсан нөхцөлүүд байгаа учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж хүсэлт тавьсан. Уг нь хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа шатанд нийт хэдэн төгрөг төлсөн талаар бодитоор гаргаад ирсэн бол зүгээр байсан. Энэ *** тоот гэрээний хүрээнд өр төлбөртэй байгааг *** ХХК хариуцна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ***,

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ***

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ***

7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: ***

8. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: ***

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч нь *** компани хариуцагч *** ХХК-тай *** тоот худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, дахин 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт хэлэлцээр *** гэрээг байгуулж, *** маркийн замын битумыг 1680 метр тонн хүртэлх хэмжээгээр нэг бүрийг 865 ам.доллараар, нийт 1,453,200 ам.доллараар нийлүүлж худалдах, худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу бүгд 1,536.6 метр тонн битумыг нийлүүлсэн тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 467,159 ам.доллар, талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1 дэх хэсэгт заасны дагуу алданги болох 233,580 ам.доллар нийт 700,739 ам.доллар буюу 1,846,678,508 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Манай компани нь *** компанитай 1, 2 дугаар гэрээг байгуулан гэрээний дагуу барааг хүлээн авч төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Харин нэмэлт хэлэлцээр *** гэрээг байгуулаагүй, уг барааг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. *** нь *** ХХК-ний нэрийг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт *** тоот гэрээг байгуулж, түүний үүсгэн байгуулсан *** ХХК ачааг хүлээн авсан, манай компани энэ гэрээний дагуу ямар ч төлбөр хийгээгүй гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ХБНГУ-ын *** компани болон *** ХХК-ийн хооронд 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр *** тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагджээ. Гэрээгээр *** ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан *** тоот гэрээ, 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3 тоот нэмэлт хэлэлцээртэй холбоотой асуудлаар шаардах эрхийг *** ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд ХБНГУ-ын *** компани болон Монгол улсын *** ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр *** тоот гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт хэлэлцээр *** гэрээ байгуулж, *** маркийн 440 хүртэлх метр тонн замын битумыг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны дотор нийлүүлэх, 1 метр тонн битумыг 895 ам.доллараар нийт 393,800 ам.доллараар худалдахаар тохиролцсон. *** компани нь нэмэлт хэлэлцээр *** гэрээнд заасан хугацаанд нийт 315.33 метр тонн *** маркийн битум нийлүүлж *** ХХК нь нийт 282,114 ам.доллар төлж, төлбөр дууссан талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь *** компани 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр *** ХХК-тай нэмэлт хэлэлцээр *** гэрээг байгуулсан, тус гэрээнд *** ХХК-ийг төлөөлж *** гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг дарсан. Гэрээний дагуу *** маркийн 1591.0 м.тн битумыг нийлүүлж *** ХХК-ийн нэрээр нийт 862,000 ам.долларын төлбөр төлсөн, үлдэгдэл төлбөр болон алдангийг төлөх үүрэгтэй гэж, хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот нэмэлт гэрээг байгуулаагүй, *** *** ХХК-ний нэрийг ашиглан гэрээг байгуулж, түүний үүсгэн байгуулсан *** ХХК ачааг хүлээн авсан, манай компани энэ гэрээгээр ямар ч ачаа хүлээн аваагүй, төлбөр хийгээгүй гэж маргасан.

 

Маргааны зүйл болох 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт хэлэлцээр *** гэрээгээр Герман улсын *** компани нь 1680 метр тонн *** маркийн замын битумыг 1 тонн тутмыг 865 ам.доллараар нийлүүлэх, *** ХХК нь нийт 1,453,200 ам.долларын төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 180 хоногийн дараа төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдэд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч *** ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт хэлэлцээр *** гэрээгээр *** компанийн нийлүүлсэн барааг хүлээн аваагүй тул барааны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэж маргасан тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан. Энэхүү заалт нь худалдан авагч барааг хүлээн авсан эсэх талаарх маргааныг шийдвэрлэх бөгөөд хариуцагч эд хөрөнгийг хүлээн авсныг заавал тодорхой үгээр илэрхийлэх албагүй, үйлдэл болон эс үйлдэхүй хийсэн байхад хангалттай юм. Шаардах эрхийн үндэслэл нэг талаас худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн гомдлын шаардлага гаргах эрх, эсхүл үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах, үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага байж болно. Эдгээр нь эд хөрөнгийг хүлээн авсан эсэхээс шалтгаална.

 

Нэхэмжлэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт хэлэлцээр *** гэрээгээр Герман улсын *** компанийн *** ХХК-д нийлүүлсэн гэх 1680 метр тонн *** маркийн замын битумыг *** ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж барааг хүлээн авсан болох нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч *** ХХК-ийн Улаанбаатар хот дахь Гаалийн газарт 2014 оны 02-р сарын 12-ны өдрийн *** тоот, 2014 оны 02-р сарын 19-ний *** тоот Гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл хүсэх тухай албан бичгээр *** ХХК-ийн хүлээн авах ачаа болохыг мэдэгдэж, гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл олгохыг хүссэнээр уг ачааг *** ХХК хүлээн авсан байна.

 

Хариуцагч нь *** тоот албан бичгээр нэхэмжлэгчид *** ыг *** ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад мэдэгдэлгүй гэрээ байгуулсан болохыг мэдэгдэж, *** тоот албан бичгээр *** ХХК *** бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, *** компаний данснаас бүтээгдэхүүний төлбөр гүйцэтгэснийг нотлох ямар ч баримт байхгүй учир тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурах боломжгүй талаар мэдэгдэж байжээ.

 

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт 5 удаагийн үйлдлээр *** ХХК-ийг 760,000 ам.доллар төлсөн гэсэн үндэслэл нь тогтоогдохгүй байхаас гадна *** ХХК-иас *** трейдинг компани руу гүйлгээ хийгээгүй болох нь Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот албан бичгээр ирүүлсэн дансны хуулга, Хаан банкны 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ***4 тоот албан бичгээр ирүүлсэн дансны хуулга, Голомт банкны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот албан бичгээр ирүүлсэн дансны хуулга баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Коммерц банкны цахим мэдээлэл бүхий баримтаар *** трейдинг компанид хүлээн авсан барааны үнийг төлсөн гүйлгээний утга хэсэгт *** ХХК, *** ийн өмнөөс гэж тэмдэглэгдсэн байх боловч уг төлбөрийн шилжүүлгийг *** ХХК хийсэн нь тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *** ХХК-ийн хариуцагч *** ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гуравдагч этгээд нь ирээдүйд өөрт нь холбогдож гарах шаардлагаас урьдчилан сэргийлж, өөрийн эрх ашгийг хөндүүлэхгүй байх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд *** ХХК нь маргаан бүхий гэрээгээр нийлүүлсэн барааг хүлээн авсан учир тус компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцуулсан нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                               

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *** ХХК-иас 1,846,678,508 төгрөг гаргуулах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,391,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН