Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 440

 

П.Ч, Я.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Н.Ариунболд, Г.Мөнхбат, шүүгдэгч Я.А-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 603 дугаар магадлалтай, П.Ч-, Я.А- нарт холбогдох 201601000059 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ***, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *** оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, З овогт П Ч,

2. Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ***, ам бүл 2, нөхрийн хамт, *** ял шийтгүүлж байгаагүй А а овогт Я А.

Шүүгдэгч П.Ч- нь *** ажиллаж байхдаа, нийслэлийн төсвийн хөрөнгийн санхүүжилтээр хэрэгждэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан хүмүүст шаардлагатай орпотед, протез болон бусад тусгай хэрэгсэлийг холбогдох хууль, дүрэм журмын дагуу сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан түгээх ёстой ажлыг зохих журмын дагуу хэрэгжүүлэлгүй, албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий болон бусад нэгдмэл ашиг сонирхол бүхий хүмүүсийн компаниудад 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 11 удаагийн үйлдлээр мөнгөн шилжүүлэг хийлгэн, тэдгээр компаниудаар дамжуулан иргэдэд тусгай хэрэгсэл тарааж, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг алдагдуулж, байгууллагад нийт 44,770,000 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Я.А- нь *** ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга П.Ч-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхэд  дэмжлэг үзүүлэн, нийт 8 удаагийн үйлдлээр нэгдмэл ашиг сонирхол бүхий хүмүүсийн компаниудад 31,570,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийхэд 2 дугаар гарын үсэг зурж, хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Ч-,  Я.А-т нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч П.Ч-, Я.А- нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Ч-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар П.Ч-ад оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9,578,000 төгрөгийн үнэ бүхий, тодорхой нэр төрлийн тусгай хэрэгслүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст буцаан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Ч-аас 30,992,000 төгрөг гаргуулан Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний газарт олгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн П.Ч-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207001456 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрын 50 тоот орон сууц захиран зарцуулах эрхийг хэвээр үлдээж, Я.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2207001688 дугаарт бүртгэлтэй Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөшшанд 3 дугаар гудамж, 8 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч П.Ч-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Я.А-т холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч П.Ч-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я.А-ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Я.А-т даалгасугай.” гэж,

5 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

7 дахь заалтыг “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9,578,000 төгрөгийн үнэ бүхий, тодорхой нэр төрлийн тусгай хэрэгслүүдийг П.Ч-ад буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Ч-аас 40,570,000 төгрөгийг гаргуулан Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний газарт олгосугай.” гэж,

9 дэх заалтыг “П.Ч-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207001456 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 50 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, Я.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2207001688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөшшанд 3 дугаар гудамж 8 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “гэм буруу, эрүүгийн хариуцлага, хууль хэрэглээ, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх” талаар маргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Г.Мөнхбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Энэ хэрэг 2002  оны эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, 2017 оны 01-р сарын 30-ны өдөр яллах дүгнэлт нь бичигдсэн байдаг. Ийм учраас 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн талаар дурдая.

П.Ч-ын үйлдэл оролцоог нотлох үндсэн баримт нь Я.А-ийн мэдүүлгүүд байдаг. Гэтэл Я.А- нь хэрэг үйлдэх үедээ болон мөрдөн байцаалтын үе шатанд сэтгэцийн өвчтэй байсан байсан бөгөөд 2014 оны 03 сарын 23-наас 04 сарын 21 хүртэл, мөн 2014 оны 11 сарын 15-аас 2014 оны 12 сарын 21 хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлээд гарсан байна. Я.А-ийг сэжигтнээр тооцоогүй байхдаа мэдүүлэг авсан. Нийт сэжигтэн, яллагдагчаар 5 удаа мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй. Энэ нь ЭБШХ-ийн 79.4, 380, 320.1.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 9,578,000 төгрөгөөр тогтоосон байдаг. Ингэж хуульчилсан нь нэг талаас шүүх хуралдааныг чиглэсэн тодорхой зорилгын хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, нөгөө талаас ямар ч тохиолдолд шүүгдэгчийн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой юм. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Загарсүрэн нь 9,578,000 төгрөг гаргуулан авья. 35,000,000 төгрөгийн ортопед хэрэгсэл нь зорилтод бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараагдсан гэж үзэж байна гэж хэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх 30,992,000 төгрөгийн хохирол, давж заалдах шатны шүүх 40,570,000 төгрөгийн хохирол төлүүлэхээр боллоо. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн.

Магадлалд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 заалтын 7-н заалтыг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчих гэсэнд ордог.

Хууль буруу хэрэглэсэн тухайд: Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний санд 44,770,000 төгрөг байсан байна. Энэ мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай хэрэгслүүдийг худалдан авч тараасан. Тараагдсан барааны үнэ 30,992,000 төгрөг, одоо агуулахад 9,578,000 төгрөгийн бараа байгаа. Энэ тусгай хэрэгслийг Засгын газрын тогтоолоор батлагдасан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг жагсаалтад заасан үнээс хямд, чанарын шаардлага хангаж байгааг хөрөнгө үнэлгээний компани тогтоосон.

Энэ үйл явц 2014 оны 02-р сараас 2015 оны 03-р сар хүртэл үргэлжилсэн. Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан журмыг хэрэгжүүлэх ажлыг 2015 оны 07 дугаар сард тендер зарлан, 09 дүгээр сард нийслэлд байрлалтай 3 компанийн мэдээллийг ирүүлсэн нь төрийн ажлыг цалгардуулсан, хугацаандаа хийж хэрэгжүүлээгүй, мөн алслагдсан дүүргийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй зэрэг алдаа дутагдлаа бусдад нялзаах гэсэн оролдлого гэж үзэж байна. Нийслэлийн халамж үйлчилгээний газар, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өөрөөр хэлбэл тендер сонгон шалгаруулалт явуулахгүй байж байгаад 2015 оны 09-р сарын 24-ний өдрийн 1/291 тоотоор шалгаруулсан компанийн нэрийг Налайх дүүргийн халамжийн байгууллагад ирүүлсэн.

П.Ч- нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. П.Ч- нь халамжийн байгууллагаар боломжтой иргэд үйлчлүүлдэггүй, дандаа л ядарсан, зүдэрсэн, өвдсөн иргэд үйлчлүүлдэг гэдгийг ажил үүргийнхээ болон хувь хүнийхээ хувьд сайн ойлгодог. Мөрөө харахгүй хүнд нэг нүдний шил, хүрэх газраа очиж чадахгүй хүнд нэг таяг ямар их дэм болдогийг зүрх сэтгэлээрээ ойлгодог хүний хувьд журам зөрчсөнөөс хувьдаа ашиг хараагүй.

Магадлалд иргэдээс ...тусламж хүсээгүй байхад эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж...”, “...хийх ёсгүй ажил үүрэг гүйцэтгэж ... иргэдийн болон нийтийн эрх ашиг хөндөгджээ” гэж дүгнэсэн. Бодит байдал дээр цагдаа болон АТГ-ын албан хаагчид баримт үзлэг хийх хураан авах явцад өргөдөл, хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, тэтгэврийн дэвтрийн хуулбар, хорооны тодорхойлолт зэрэг бүрдүүлсэн баримт байдаг нь мөн л хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд өдөрлөгт ирж бараа материал авсан иргэдтэй уулзсан гэх яриа шүүх хуралдаан дээр яригддаг ба анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан баримтууд хэрэгт бий юм.

Шүүхүүд хохирлын хэмжээг буруу тооцсон. УДШ-ийн 2009 оны 05 сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.1-д Энэ зүйлийн 120.1-д заасан “хохирлын хэмжээ” гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна гэж заасан  байгаа. Протез, ортопед, гурил ч мөн адил иргэдэд очсон. Одоо агуулахад хадгалагдаж байгаа протез, ортопед  хэрэгсэл хүний хэрэгцээг хангах шинээрээ байгаа хөрөнгө юм. 2005 оны 12 сарын 08-ны өдрийн “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”, 2012 оны 01 сарын 19-ний өдрийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль” энэ 2 хуулийн дагуу гаргасан Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6, 3 дугаар хавсралтын 1.9-д заасны дагуу  хэрэгцээ, шаардлагатай иргэдэд барааг олгож ажилласан бөгөөд үүний дагуу 2014 онд 24,770,000 төгрөгийн тусгай хэрэгслийг иргэдэд олгохдоо хороо тус бүрт ажиллаж байгаа халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр дамжуулан, иргэдийн холбогдох материал хүлээн авч, хүсэлтийн дагуу олгосон бөгөөд энэ нь иргэд өөрийн сонгосон байгууллагаас авна гэсэн журмыг зөрчөөгүй.

Мөн холбогдох материалыг санхүүгийн баримтад хавсаргасан. Налайх дүүрэгт энэхүү тусгай хэрэгсэл зарж, борлуулдаг нэг ч худалдааны цэг байхгүй. Энэ журамд иргэн өөрөө сонгоно гэж заасан байгаа нь орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн зүгээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст хандахаас өөр арга байсныг шүүх харгалзан үзээгүй.

Мөн 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаартай тогтоолоос хойш /нийт 20,000,000 төгрөг/ засгийн газрын тогтоол ямар байж байгаад ямар болсон тухай, энэ тогтоол хэзээ гарч П.Ч-ын журам зөрчсөн үйлдэл тогтоолын өмнө хойно хуваагдахыг нарийвлан үзээгүй. Хохирлын хэмжээг зөв тооцон гаргавал орон сууц битүүмжилсэн тогтоол хүчингүй болох юм.

Иймд гомдлыг хянан үзэж шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Н.Ариунболд хэлсэн саналдаа “Шүүгдэгч П.Ч- нь хий бичилт хийж мөнгө цавчсан зүйл байхгүй. Зөвхөн албан тушаалын байдлаа хэтрүүлсэн нь харагдаж байгаа бөгөөд урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байгаа юм. Хэргийн зүйлчлэлтэй холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүх алдаа гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Я.А-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч Я.А- нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын аль алинд нь гомдол гаргаагүй учраас өмгөөлөгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд хэлэх тайлбар байхгүй” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Ч-ад холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Я.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дугаар зүйлийг журамлан 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгч нар хохирлын хэмжээг 9,000,000 сая төгрөг гэж ярьж байна. Яллах дүгнэлтэд П.Ч-ын хувьд 12 удаагийн үйлдлээр буюу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 44,770,000 төгрөг буюу хүнд  хохирол учруулж тухайн гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж бичигдсэн. Хохирлын хэмжээг дахин хэлэхэд 44,770,000 төгрөг.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Я.А-, П.Ч- нар нь өөрсдийн эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор хийх ёсгүй үүргийг гүйцэтгэж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд болон байгууллагын эрх ашиг хөндөгдсөн гэх дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн материалаас үзэхэд нийт 44,770,000 төгрөгийг 1 төрийн бус байгууллага, 4 хувьцаат компани, 1 иргэний дансаар оруулж гаргасан байдаг. Эдгээр байгууллагууд нь П.Ч-ын өөрийнх нь эхнэрийн компани, Я.А-ийн дүүгийнх нь компани, найз Батмөнхийн данс гэх зэрэг хүмүүсийн дансаар сангийн мөнгийг оруулж гаргасан. Худалдаж авсан хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулсан гэх зүйлс нь өндөр настны Нийгмийн хамгаалалын тухай хуульд заасан зорилгоосоо хазайсан зүйл харагддаг. Тухайн хэрэгслүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан, өндөр настанд хэрэгцээтэй зүйл байхгүй. Жишээ нь харааны шил, гар таяг, нурууны бүс, хос таяг зэрэг байсан. Тэгэхээр эдгээр хямд үнэтэй зүйлсийг П.Ч- нь байгууллагадаа шахаж өндөр үнээр нийлүүлсэн нь харагддаг. Өмгөөлөгчийн хувьд Я.А-ийг сэтгэцийн өвчтэй байсан гэж ярьж байна. Шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн дүгнэлтийн 2 дугаарт Я.А- нь гэмт хэргийг үйлдэхдээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан гэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаас харахад Алтанцэцэг нь нойргүйдэлд орж органик сэтгэл хөдлөлийн эмгэгт автаж эмнэлэгт хэвтэж байсан нь үнэн. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр хэрэг үйлдэхдээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан болох нь нотлогдон тогтоогдсон.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хууль буцаан хэрэглэхдээ буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шинэ хуулиар их хэмжээний хохирол 50,000,000 төгрөгөөс эхэлж байгаа. Шинэ хуулийг буцаан хэрэглэхдээ анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэн хууль буцаан хэрэглэхтэй холбогдсон заалтууд мөн зүйл анги, зүйлчлэлийг өөрчилсөн зэрэг өмгөөлөгчийн хэлсэн өөрчлөлтүүд орсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн П.Ч-, Я.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч П.Ч- *** нь ажиллаж байхдаа, нийслэлийн төсвийн хөрөнгийн санхүүжилтээр хэрэгждэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан хүмүүсийн хэрэгцээнд шаардагдаж буй орпотед, протез болон бусад тусгай хэрэгсэлийг холбогдох хууль, дүрэм журмын дагуу сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан түгээх ёстой ажлыг зохих журмын дагуу хэрэгжүүлэлгүй, албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий болон бусад нэгдмэл ашиг сонирхол бүхий хүмүүсийн компаниудад 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 11 удаагийн үйлдлээр мөнгөн шилжүүлэг хийлгэн, тэдгээр компаниудаар дамжуулан иргэдэд тусгай хэрэгсэл тарааж, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг алдагдуулж, байгууллагад нийт 44,770,000 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Я.А- нь *** ажиллаж байхдаа П.Ч-ыг албаны эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, нийт 8 удаагийн үйлдлээр нэгдмэл ашиг сонирхол бүхий хүмүүсийн компаниудад 31,570,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийхэд 2 дугаар гарын үсэг зурж, хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Ч-, Я.А- нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

П.Ч-, Я.А- нарын албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийгмийн халамжийн тусгай хэрэгслүүдийг өөрсдийн хамаарал, нэгдмэл сонирхол бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан түгээж байгаа үйлдлүүд нь тухайн үйлчилгээг авч буй иргэд, холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөж тусгай хэрэгслийг түгээх эрхийг олж авсан аж ахуйн нэгж, байгууллагууд, түүнчлэн нийгмийн халамж үзүүлэх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүх нь прокуророос П.Ч-ад холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Я.А-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” хэмээн тодорхойлсон бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас “их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан тул шүүгдэгч П.Ч-, Я.А- нарын гэмт үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжтэй нийцэж тохирохгүй байна гэж дүгнэн шүүгдэгч П.Ч-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Я.А-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэж, хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Г.Мөнхбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 603 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Г.Мөнхбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН