Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              “Т Д” ХХК-ний

                         нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын  11-ний өдрийн 133/ШШ2019/00188  дугаар шийдвэртэй,

 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, АНУН төвд байрлах “Т Д” ХХК-ний /РД: 5167647/ нэхэмжлэлтэй,

  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Р овгийн Б. Д /РД: ДЭ72032106/, Мөнх овгийн Ц. Г /РД:          ЕТ81060908/, Тайж овгийн Х. Б /РД: ДЛ88022610/ нарт холбогдох

  Байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 39.065.460 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Дгийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч Х.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Т Д ХХКомпани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т Д ХХКомпанийн Говь-Алтай аймаг дахь салбарт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 29.111.900 /хорин есөн сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг дутагдал илэрсэн. Уг зөрчлийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар 20160700009 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Т Д ХХК-д 29.089.220 /хорин есөн сая наян есөн мянга хоёр зуун хорин/ төгрөгийн хохирол учирсан болохыг Улаанбаатар аудит ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 193 тоот аудитын дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон боловч хариуцагч тус бүр хэзээ, яаж, хэдэн төгрөгний хохирол учруулсныг шинжээчийн болон аудитын дүгнэлтээр тогтоох боломжгүй, хариуцагч тус бүрийн хүлээх хариуцлагын хэмжээ тодорхой биш гэсэн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчид нь байгууллагад 29.111.900 /хорин есөн сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч тэнцүү хувааж төлөхөөр тохиролцсны үндсэн дээр байгууллага үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд байгууллагад учруулсан хохирлыг барагдуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Д.Д аудиторын ажлын хөлс 616.700 /зургаан зуун арван зургаан мянга долоон зуун/ төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар аудит ХХК-иар дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг, нийт 6.916.700 /зургаан сая есөн зуун арван зургаан мянга долоон зуун/ төгрөгийг шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн. Иймд байгууллагад учирсан нийт хохирол 36.005.920 /гучин зургаан сая таван мянга есөн зуун хорин/ төгрөгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 12.001.980 /арван хоёр сая нэг мянга есөн зуун наян/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Түгээгч Х.Б 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Т Д ХХК-д бичгээр гаргасан тайлбартаа Могойн бор харилцагчаас хувийн дансандаа барааны үнэ 3.059.520 /гурван сая тавин есөн мянга таван зуун хорин/ төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэж бичсэн ч төлөлт хийгээгүй болно. Иймд Х.Боос дээрх 12.001.980 төгрөг дээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын Могойн бор харилцагчид нийлүүлсэн барааны хувийн дансандаа шилжүүлэн авсан үнэ 3.059.520 төгрөг, нийт 15.061.500 /арван таван сая жаран нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т Д ХХКомпани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Хариуцагч Ц.Г нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан тул Ц.Гөд холбогдох компанид учруулсан хохирол болох 12.001.980 /арван хоёр сая нэг мянга есөн зуун наян/ төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Б.Д, Х.Б нараас компанид учруулсан хохирол болох 27.063.480 /хорин долоон сая жаран гурван мянга дөрвөн зуун наян/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Т Д ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Тус ХХКомпаниас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэнэтийн тооллогоор 29.111.900 төгрөгийн дутагдал гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж бидний хууль бусаар бусдын эд хөрөнгийг ашигласан, үрэгдүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хэрэг хэрэгсэхгүй болсон. Биднийг уг компани нь дутагдлаа төлөхөө зөвшөөрвөл цаашид ажиллаад хохирлоо барагдуул, шүүх цагдаа гэхгүй өнгөрнө гэж биднийг хуурч төлөх баталгаа бичүүлж авсан боловч хууль хяналтын байгууллагад өгсөн байсан. Мөн намайг ажиллуулахгүй байгаа боловч чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, тушаал шийдвэр гардуулаагүй байгаа болно. Иймээс бид ямар учраас хэрхэн дутагдал гарсан болохыг шалгаж тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн, хэрхэн ямар учраас дутагдсан болох нь ч тогтоогдоогүй, уг дутагдалд намайг гэм буруутай болохыг өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд миний бие нь ямар үндэслэлээр надаас 12.001.980 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Д нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Д миний бие нь анх 2007 онд Зүүн хараа трейд ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан бөгөөд сүүлд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр компанийн нэр Т Д ХХК болж өөрчлөгдсөн. Миний бие нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс салбарын ахлахаар томилогдон ажиллаж байгаа болно. Ингээд 2016 оны 06 дугаар сараас энэхүү маргаан үргэлжилж байгаа бөгөөд намайг эрүүгийн хэрэг шалгах хугацаанд миний ажлыг түдгэлзүүлээгүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй өдий хүрсэн бөгөөд миний буруутай үйлдлээс мөнгө дутагдсан нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилд тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Д нь Т Д ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Энэ дутагдалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдаад хэн хэдэн төгрөг завшсан, үрэгдүүлсэн болох нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэгч талаас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн эрүүгийн хэрэгт гаргасан аудитын дүгнэлтийг үндэслэн, аудитын дүгнэлтээ нотлох баримтаар гаргаж өгч нэхэмжлэл гаргасан байдаг. Эрүүгийн хэргийн явцад гарсан дүгнэлт. Энэ дүгнэлт нь ямар баримтын үндсэн дээр гарсан бэ гэхээр энэ хэрэгт ямар ч баримт ирээгүй. Эрүүгийн хэргийн явцад 3, 4 янзын дүгнэлт гардаг. Мөнгөн дүн нь хоорондоо янз бүрийн зөрүүтэйгээр гарч ирдэг. Энэ байдлаар тухайн эд хөрөнгийн хэдэн төгрөг яаж дутагдаад байгаа нь тогтоогдохгүй байна гэдэг байдлаар эрүүгийн хэрэг шийдэгдэж байсан. Энэ асуудал явсаар дээд шүүхээр орсон байдаг. Дээд шүүх ямар асуудал хэлэлцсэн гэхээр энэ дүгнэлт гараад байгаа тооллогын материал хаана байна гэдэг асуудал яригддаг. Бид нарын зүгээс эрүүгийн хэрэг дээр ч нэг ширхэг зарлагын баримт гарч ирээгүй гэдэг тайлбарыг хийхээр нэхэмжлэгч талаас баримт байгаа гэдэг тайлбарыг хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл анхан шатны шүүх хуралдаан болоод давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл ямар ч нотлох баримт, ямар ч зарлагын баримт гарч ирээгүй. Өнөөдөр тэр зарлагын баримт гаргаж өгсөн бол бие биедээ эд хөрөнгийг ямар байдлаар хүлээлгэж өгдөг, өгдөггүй гэдэг асуудал гарч ирсэн бол эд хөрөнгийн дутагдал юм уу, мөнгө дутсан юм уу гэдгийг тогтоож хэн нэгнээс гаргуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ тогтоогдох ямар ч боломжгүй байдлаар аудитын дүгнэлт гараад ирсэн. Аудитын дүгнэлт юунд тулгуурлаж гардаг бэ гэхээр тооллогын баримт гэсэн зүйлээр гарч ирдэг. Тэр тооллогын баримт хаанаас гарч ирдэг бэ гэхээр зөвхөн компаниас гаргаж өгдөг. Тэгэхээр энэ өөрөө Б.Д, Х.Б, Ц.Г гэж гурван хүний хэнээс нь мөнгө дутаад байгаа хэнээс нь эд хөрөнгө дутаад байгаа, хэнээс нь хэдэн төгрөг дутаад байгаа. Яг хэдэн төгрөгийн хохирол учирсан юм бэ гэдэг асуудал байхгүй. Бараа дутсан юм уу, мөнгө дутсан юм уу гэдэг асуудал эрүүгийн хэргээр ч тогтоогдоогүй, иргэний хэргээр ч тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Хэрвээ бараа дутсан бол агуулахаас дутах боломжтой. Агуулахаас дутсан юм бол агуулах хариуцдаг нярав хариуцах боломжтой байсан. Гэтэл агуулахаас дутсан юм уу, мөнгө дутсан юм уу, бараа дутсан юм уу мэдэгдэхгүй дүгнэлтийг гаргасан байгаа. Мөнгөний дутагдлын асуудал дээр бодит байдлыг тогтоож байж хэн хэнээс хэдэн төгрөг гаргуулах асуудлыг тогтоох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Үнэхээр программын алдаа байсан юм уу, эд хөрөнгийн дутагдлын алдаа байсан юм уу энэ бол нэхэмжлэгч талаас, нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаа зарлагын болоод ямар нэгэн баримтуудыг гаргаж өгөөгүй, санхүүгийн анхан шатны нэг ширхэг ч баримт хэрэгт авагдаагүй байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Б нь MCS ХХК-нд түгээгчээр ажилд орсон. Бараа бүтээгдэхүүнээ аваад дэлгүүрүүдээр тарааж түгээлт хийчхээд энэ мөнгөө өөрийн болон байгууллагын дансаар байгууллагтайгаа нийлдэг байсан. Эндээс Х.Бын тухайд үнэхээр бараа материал хэдэн төгрөгийн барааг хэдэн сарын хэдний өдөр авсан бараанаасаа хэдэн төгрөг дутагдуулж өгсөн юм бэ гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй, гэм хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгож байсан. Тэгэхээр гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон дээр хууль бусаар компанид гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Бараа материалын дутагдал гээд байгаа. Бараа материалын дутагдал 29.089.220 төгрөг гэж нэхэмжлээд байгаа. Шинжээч, аудитын дүгнэлт бүгд цагдаагийн байгууллага дээр гарсан. Шүүх дээр нэг удаа ч шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлт гараагүй. Тэгэхээр Цагдаагийн байгууллага дээр шинжээч, аудитын дүгнэлт гараад 6.916.700 төгрөг гарсныг энэ гурваас хуваагаад нэхээд ороод ирж байгаа. Бараа материалын дутагдал дээр энэ мөнгө нь нэмэгдээд нэхэмжлээд ороод ирж байгаа. Цагдаагийн газар дээр гэмт хэргийн шинжгүй байна. Энэ хүмүүсийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон хэргийн шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлтийг энэ гурван хүнээс, дээрээс энэ нь бараа материалын дутагдал дээр нэмэгдээд ороод ирсэн. Хичнээн төгрөгийн бараа материал дутагдсан энэ бараа материалын дутагдлаас Х.Б гэдэг хүн хэдэн төгрөгийн бараа аваад хэдэн төгрөгийн бэлэн мөнгө нийлүүлээгүй юм уу, авч явсан бараанаас нь дутсан юм уу энэ нь тодорхойгүй байгаа юм. Тийм учраас тэнцүү хэмжээгээр хувааж тогтоолгоно гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Т Д” ХХК нь хариуцагч Б.Д, Ц.Г, Х.Б нарт холбогдуулан барааны үнэ 29 089 220 төгрөг шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн 6 916 700 төгрөг нийт 36 005 920 төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр буюу хүн тус бүрээс 12 001 980 төгрөг, хариуцагч Х.Бын “Могойн бор” харилцагчаас хувийн дансаараа шилжүүлэн авсан 3 059 520 төгрөгийг нэмж Х.Боос нийт 15 061 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Б.Д нь Т Д ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад хариуцагч Ц.Г нас барсан тул нэхэмжлэгч Т Д  ХХК нь хариуцагч түүнээс 12 001 980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч  Х.Дэлгэрмаа нь Т Д ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан байна.

Хариуцагч Б.Д, Х.Б нар нь “хэний ямар буруутай ажиллагааны улмаас ямар хэмжээний дутагдал гарсан нь тогтоогдоогүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

“Т Д” ХХК нь Б.Дг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “М Си Эс дистрибюшин” ХХК-ы Говь-Алтай аймаг дахь салбарын ахлагчийн ажилд харин Х.Быг 2011 оны 6 дугаар сарын 11-ний өдөр түгээгчийн ажилд тус тус томилж, хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж уг гэрээг шинэчилж байжээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Т Д ХХК-ы Говь-Алтай аймаг дахь салбарын ахлагчаар ажиллаж байсан Б.Д, агуулахын няраваар ажиллаж байсан Ц.Г, түгээгч Х.Б нар нь бүлэглэн Т Д ХХК-ы бараа материалын үнэ болох 29089220 төгрөгийг завшсан гэх хэргийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хийсэн Улаанбаатар аудит корпораци ХХК-ы аудитын шинжилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчдийн санхүүгийн баримтанд дахин шинжилгээ хийсэн дүгнэлт зэргийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь журамд заасны дагуу ажилладаггүй, дэлгүүрүүдээс авсан бэлэн мөнгөө тухай бүр нь шилжүүлдэггүй, өмнө үүссэн өр төлбөрийг дараагийн борлуулалтын мөнгөөр нөхөж төлдөг байснаас уг дутагдал үүссэн гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь шүүхэд ирүүлсэн аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, хариуцагч Ц.Г анхан шатны шүүх хуралдаанд өгсөн намайг ороход жаахан дутагдал байгаа гэж Б.Д хэлж байсан. Сүүлдээ өр нэмэгдээд болж өгөхгүй болохоор энэ болохгүй байна гэж хэлдэг, хоорондоо ярилцаад яваад байдаг байсан, тогтсон арга хэмжээ авч байгаагүй. Сүүлдээ өр нэмэгдээд болж өгөхгүй болохоор нь түгээгч Х.Бтой ярьж байгаад төв рүү мэдэгдсэн. Би өөрийн дансаар мөнгө авч болдоггүй гэдэг мэдээлэл авч байгаагүй. Харилцагч нар ирээд надаас бараа худалдаж авахад ачаалалтай үед дансаа өгөөд мөнгө хийхээр нь аваад түгээгчийн данс руу шилжүүлдэг байсан. Сүүлд нь шалгалт ирэхэд данс руу авч болдоггүйг. Цаг тухай бүрд нь шивэх ёстойг мэдсэн. Төвөөс тооллого ирэхэд сум руу гаргасан байсан хайрцагтай архиа зарим нэгийг хийгээгүй байсан. Үүсээд яваад байсан өр ихсээд байсан учраас тэрийг зохицуулахын тулд орж ирсэн барааны мөнгөө нөхөж хийдэг байсан гэсэн тайлбар, Нэхэмжлэгч талаас гаргасан Улаанбаатар аудит ХХК-ы аудитын шинжилгээ, Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчдийн Т Д ХХК-ы Говь-Алтай аймаг дахь салбарын бараа материалын дутагдал 29 089 220 төгрөг байна гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. Эдгээр баримтыг хариуцагч тал үгүйсгэж чадаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нар барааны төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч улмаар төлж барагдуулахаа илэрхийлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд  дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж өгөөгүй ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.3-т заасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв бөгөөд хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь зөв байна.

 

Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар Б.Д нь бүс хариуцсан менежерийн шууд удирдлага дор ажиллаж, батлагдсан журам, зааварчилгааны дагуу барааг хүлээн авах, хадгалах, олгох үйл ажиллагааг гүйцэтгэх, тухайн өдрийн борлуулалтын мэдээг дараагийн ажлын өдрийн 11:00 цагаас өмнө оруулах, түгээлтийн мэдээ гаргах, бэлэн мөнгөний орлого авах, бэлэн мөнгө тушаагдсан тухай бүрт санхүүгийн программд шивэж кассын орлогын баримт гаргах, маргааш өглөөний 09 цагт скайнардаж хариуцсан нягтлан бодогч болон бүсийн менежер рүү и-мэйлээр илгээх, тухайн өдрийн борлуулалттын бүх орлогыг ХААН банкны цүнхээр мөнгө авах үйлчилгээгээр тушаах, мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх зэрэг үүрэг хүлээжээ.

Харин Б.Баттогтох нь ачилтын падааныг үндэслэн бараа бүтээгдэхүүнийг агуулахын няраваас шалган хүлээн авах, борлуулалтын орлогыг өдөрт нь кассанд тушааж, өдрийн баримт, мэдээг шаардлагатай албан тушаалтанд гаргаж өгөх, бараа хүргэлтийн өдрийн түгээлтийн тайлан бичих, агуулахын нярав болон касстай өдөрт нь тооцоогоо нийлж байх зэрэг үүрэг хүлээжээ.

Хариуцагч нар нь хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, Т Д ХХК-д учрсан бараа материалын дутагдал нь хариуцагч нарын ажил үүргийн хувиарт заасан харилцан уялдаатай үйл ажиллагааны улмаас учирсан байх тул бараа материалын дутагдлыг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Х.Боос 3 059 520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн 6 916 700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Уг дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулсан бөгөөд гэм буруутай этгээд тогтоогдоогүйн дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлохын тулд нэхэмжлэгчээс гаргасан зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм. 

Түүнчлэн Б.Д, Х.Б нар нь байгууллагаас өөрт нь эзэмшүүлэн хариуцуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын төлөө бүрэн хариуцлага хүлээх бөгөөд тооллого, тооцоо бодолтоор гарсан дутагдалд ажилтан буруутай нь тогтоогдвол хохирол төлбөрийг бүрэн хэмжээгээр хариуцан төлөхөөр тохирч гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Б.Д, Х.Б нараас шинжээч, аудитын дүгнэлт гаргуулсан ажлын хөлсөнд 6 916 700 төгрөгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан хариуцагч нарын  давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б.Дгаас 12 001 980 төгрөгийг, Х.Боос 12 001 980 төгрөгийг” гэсний “Б.Дгаас 8 543 630 төгрөгийг, Х.Боос 8 543 630 төгрөгийг” гэж, “нийт 24 003 960 төгрөгийг гаргуулж” гэснийг “нийт 17 087 260” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “138985 төгрөгийг хариуцагч Б.Дгаас, 138985 төгрөгийг Х.Боос, нийт 277 970 төгрөгийг”  гэснийг “121693 төгрөгийг хариуцагч Б.Дгаас, 121693 төгрөгийг хариуцагч Х.Боос нийт 243386 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Д, Х.Бын нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр  138 985 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ш.БАТТОГТОХ

 

ШҮҮГЧИД                                 Б.АРИУНБАЯР

            

                                                  Ч.ЭНХТӨР