| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2020/0003/Э |
| Дугаар | 2022/ДШМ/20 |
| Огноо | 2022-03-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/20
Э.А, М.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, Л.И, Б.Г /цахимаар/
Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.Г нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Б, Э.А нарт холбогдох 1929001450081 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, Т овгийн М-ийн Б,
Монгол Улсын иргэн, эрэгтэй, Х овгийн Э-ийн А,
Шүүгдэгч М.Б нь Ө аймгийн Ц сумын С багийн нутаг, Г авто замын 3-аас 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаарын чиргүүл бүхий улсын дугаартай Н маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Э.А-ийн жолоодож явсан дугаарын чиргүүлтэй, улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч М.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.А нь Ө аймгийн Ц сумын С багийн нутаг, Г авто замын 3-аас 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Н маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ М.Б-ийн жолоодож явсан дугаарын чиргүүлтэй, улсын дугаартай Н маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь М.Б, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч М.Б, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б, Э.А нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Шүүгдэгч М.Б хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй, хохирогч Э.А шүүгдэгч М.Б-с нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “З” ХХК-аас 2729500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, иргэний хариуцагч “А” ХХК-аас 22245000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “З” ХХК-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Г авто зам” ХХК-аас 11122500 төгрөгийг, Иргэний хариуцагч “З” ХХК-аас 11122500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “З” ХХК-д тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох М.Б-с 50 хувийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний нэхэмжлэгч “З” ХХК болон иргэний нэхэмжлэгч “А” ХХК нь гэм буруутай этгээд болох М.Б, Э.А нараас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч М.Б-ийн жолоочийн BCE ангиллын дугаартай үнэмлэх, шүүгдэгч Э.А-ийн жолоочийн BCDE ангиллын дугаартай үнэмлэхийг шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Х.Ууганбатад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б, Э.А нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “З” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.Г нар гаргасан давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: "З" компани ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлсэн.
Захиалагч "Э" ХХК болон зам хариуцагч "Г авто зам" ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх явцад болон баталгаат хугацаанд ямар нэгэн санал шаардлага гаргаж байгаагүй.
Ажил гүйцэтгэгч "З" компани нь зам дээр нэгэнт үүссэн байсан эвдрэл гэмтлийг засварлаж, хугацаанд нь хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Харин нүүрс тээвэрлэлтийн замыг анхнаас нь хариуцаж, замын арчлалт, засварын ажлыг шуурхай гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй болно.
“З” компанийн хийж гүйцэтгэсэн зам засварын ажил болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо байхгүй.
Зам засварын ажил 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эхэлсэн, осол болсон гэх газраас 13-16 км-ийн хол зайд байсан болох нь фото зураг, ажлын гүйцэтгэлийн акт, долоо хоногийн ажлын төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөл, ажил шалгуулах зөвшөөрөл, санхүүжилтийн актаар нотлогддог. Эдгээр бүх баримтад захиалагч "Э" компани, зам хариуцагч "Г авто зам" компанийн эрх бүхий албан тушаалтнууд тус тус гарын үсэг зурж, тухай бүр баталгаажуулсан байдаг.
Осол гарсан гэх газраас 13-16 км-ийн хол зайд уг зам засварын ажил хийгдсэн байхад гэм хорын хохирлыг "З" ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно.
Гэрээ тухайн өдөр албан ёсоор байгуулагдсан гэдэг нь ажил гүйцэтгэгч "З" компани уг ажлаа гүйцэтгэх бэлтгэл хангах, ажиллах хүч, техник тоног төхөөрөмжөө шилжүүлэн байршуулах, ажлаа төлөвлөх зэрэг зохион байгуулалтын шинжтэй олон ажлыг эхлүүлэх утгатай болохоос зөвхөн "тухайн өдөр гэрээ байгуулагдсан байсан" гэдгээр хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй болно.
Ажлын талбайг хүлээлгэн эхлэх хугацааг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хэмээн гэрээнд заасныг шүүх буруугаар тайлбарласан.
Гэтэл шүүх гэрээ байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, эсхүл ажлын талбайг хүлээлгэн өгөх 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөрт зам засварын ажил эхлээд, осол болсон гэх газрын зам засагдсан байх ёстой мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Шүүх Авто замын тухай хуулиар хүлээсэн зам хариуцагчийн үүргийг нягталсангүй.
Зам хариуцагч байгууллагад Авто замын тухай хуулиар хүлээлгэсэн үүрэг нь авто замын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах, авто замд арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх хэмээн тодорхой заасан байхад уг үүргийг "З" компанийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн замын эвдрэл гэмтлийг засварлах үүрэгтэй холбон хуулийг буруу хэрэглэсэн. ...Түүнээс тухайн осол нь нэгэнт үүссэн замын эвдрэл гэмтлийг засах гэрээний үүрэгтэй огт холбоогүй болно.
Авто замын тухай хуулийн 35.2-т "Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө хэмээн тодорхой хуульчилсан атал 11122500 төгрөгийн гэм хорын хохирлыг “З" компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэм хорын хохирлыг Авто замын тухай хуулийн 35.2, Иргэний хуулийн 497 1 дэх хэсэгт зааснаар зам эзэмшигч, захиалагч "Э" ХХК болон зам хариуцагч "Г авто зам" ХХК хамтран хариуцах хууль зүйн үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 5 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд “З” ХХК болон Г ХХК-иудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул гэж дүгнэсэн хэрнээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлд зааснаар “З” ХХК-иас 11,100,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
Учир нь зам засварын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Гэтэл шүүх гэрээгээр хүлээсэн үүргээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн алдаатай дүгнэлтийг хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар “З” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, өдөр бүр ажил эхлэх зөвшөөрлөө авч ажиллаад замаа дуусгаж 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажлаа улсын комисст хүлээлгэж өгсөн байсан. Зам засварын ажил 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлсэн. Өөрөөр хэлбэл осол гарахаас 4 хоногийн дараа зам засварын ажлыг эхлүүлээд осол болсон газраас 10 гаруй км-т засварын ажлаа хийж байсан. Энэ ажил Э ХХК болон Г авто зам ХХК нарын байнгын хяналтанд явагдсан.
Гэм хорын асуудалтай гэж үзвэл үйлдэл болон хор хохирлын хооронд шалтгаант холбоотой байх ёстой. Гэтэл ямар ч шалтгаант холбоогүй. Осол болсон гэх газарт 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд зам засварын ажил хийгдсэн.
Шүүхийн шийтгэх тогтоолын 6, 7 дугаар хуудсанд зам хариуцагч гэдгийг Авто замын тухай хуульд зааснаар “Г авто зам” ХХК гэж дүгнэсэн боловч дүгнэлттэйгээ хуулийг бүрэн нийцүүлж хэрэглэж чадаагүй. Зам хариуцагч гэдэг нь захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор, засвар арчлалтын асуудлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж хуульчилсан. Гашуун сухайт авто зам ХХК зам хариуцагч компани юм. Г авто зам ХХК засварын болон арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх үүрэгтэй. Автозамын тухай хуульд зааснаар арчлалт гэдэг зам ашиглалттай холбоотой өдөр тутам хийгдэх ажил үйлчилгээ, урсгал засвар гэдэг нь авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын түвшинг сайжруулах зорилгоор тогтмол гүйцэтгэх ажил юм.
Автозамын тухай хуулийн 32 дугаар зүйлд хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэн хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч компани болон эзэмшигч компани хариуцна гэж заасан байхад манай компанийг зам хариуцагчийн үүрэгтэй хуулийн этгээд мэт үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зам засварын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт тусгай нөхцөлийн 3-д зааснаар хэрэв гүйцэтгэгч өөрийн гүйцэтгэсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад хохирол учирвал хохирлын хэмжээг зам хариуцагч тогтоогоод гүйцэтгэгчид олгох ёстой төлбөрөөс суутгаж авна гэж заасан. Гэтэл зам хариуцагч компанид суутгаж авах боломж байхад ийм ажиллагаа хийгдээгүй. Зам засварын ажилтай холбоотойгоор осол үүсээгүй. Шүүх шийтгэх тогтоолдоо үндэслэлээ тодорхой тусгаагүй. Өөрөөр хэлбэл гэрээгээ хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэнээ гэм хор гэж зөрүүтэй дүгнэсэн.
Манай компани нэгэнт үүссэн байсан зам эвдрэлийг засахаар гэрээ байгуулсан болохоос замын бүрэн бүтэн байдлыг хангах, тогтмол зам засвар, арчлалтын асуудлыг хариуцсан компани биш.
Шүүхээс 05 дугаар сарын 13-ны өдөр ажил эхлүүлэх өдөр гэж байгаа учир танайх хариуцна гэдэг. Энэ нь үндэслэлгүй. Учир нь тусгай нөхцөл дээр огноо заасан боловч ажил эхлүүлэх өдөр гэдэг нь гүйцэтгэгчийн ажил эхлэх өдөр байна гэж гэрээнд заасан.
Шүүх ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийг буруугаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Ажлаа гүйцэтгэж явахдаа осол үүссэн бол манайх хариуцна. Гэтэл ажлаа гүйцэтгээгүй байх үед үүссэн ослыг манайх хариуцах ёстой мэтээр дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсгийн “З” ХХК-иас 11,100,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “З” ХХК нь Г авто зам ХХК-тай зам засварын ажлын гэрээ байгуулсан. “З” ХХК замын арчлалт, засварын ажлыг тухай бүр гүйцэтгэж, замын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах зам хариуцагчийн хүлээсэн үүрэгтэй хольж тайлбарласан.
Осол гарсан байршилд зам эвдрэлтэй байсан. Г авто зам ХХК Авто замын тухай хуулиар хүлээсэн ослын тэмдэг тэмдэглэгээ тавих үүргээ биелүүлээгүй. Үүнээс болж осол гарсан.
Тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүмүүс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гээд өршөөлд хамрагдчихсан байхад ямар ч хамааралгүй зам засварын ажил хариуцаж явсан компанид төлбөр оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна. “Г авто зам” ХХК хариуцлага хүлээх ёстой гээд хуульд заасан байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. Манай компанийг хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Ажил гүйцэтгэгч гэж хэн болохыг Авто замын тухай хуульд заасан. Гүйцэтгэгч гэдэг аюулгүй байдлыг хангах биш. Зам хариуцагч замын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тиймээс манай компани хариуцах үүрэггүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч “З” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.Г нарын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд /3 дугаар хавтаст хэргийн 90-101 дүгээр хуудас/ “...шүүгдэгч Э.А-с: ...”Зүүн хөхий” ХХК-д хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй, шүүгдэгч М.Б-с: ...энэ хэрэг замын хагархайгаас болсон. Замын хагархай байгаагүй бол бид хоёр явдаг замаараа яваад зөрөх байсан. Компанид учирсан хохиролтой холбоотой асуудал дээр төлсөн зүйл байхгүй.” гэж, мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /4 дүгээр хавтасны 189-208 дугаар хуудас/ “...шүүгдэгч Э.А: Хохирол төлбөр төлөөгүй байгаа. Шүүгдэгч М.Б: Үлдэгдлийг нь би сайн мэдэхгүй. Ер нь бол тогтоомж дээр 22250000 төгрөг гэж байсан. Түүнээсээ хасагдаад явах байх гэж бодож байна.” гэжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлд /4 дүгээр хавтаст хэргийн 189-208 дугаар хуудас/ “...шүүгдэгч М.Б: Миний хувьд даатгалаас 8400000 төгрөг гаргуулж өгсөн. “З” ХХК-ийн данс руу орсон байна лээ.” /4 дүгээр хавтас хэргийн 191 дүгээр хуудас/, Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А: “Манайд учирсан хохирол гэж 5490000 төгрөгийг хохирлын үнэлгээний компаниар төлсөн. Үүнийг бид нар төлөгдсөн гэж үзэж байгаа. Машин тэрэг хэвийн хэмжээнд засагдсан гэж үзэж байгаа болохоор дүйцсэн гэж үзэж байгаа.” /4 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар хуудас/ гэж тус тус мэдүүлсээр байхад шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “...иргэний хариуцагч “З” ХХК-аас 2729500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д олгож” /4 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар хуудас/ гэж заасны дагуу “З” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 44490000 төгрөгнөөс даатгалын компаниас төлсөн гэх 8400000 төгрөгийг хохирлоос яагаад хасч тооцохгүй байгаа талаарх дүгнэлтийг анхан шатны шүүхээс огт хийгээгүй орхигдуулсан байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж зааснаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.
Шүүгдэгч нар нь төлбөрийн чадвартай болохоо нотолж хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр гаргасан саналгүй, хохирлыг төлөх эх сурвалжаа тодорхойлоогүй тул тэднийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б, Э.А нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулаагүй, өөрийн гэсэн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрхгүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Б, Э.А нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул иргэний хариуцагч “З” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.Г нарын гаргасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч М.Б, Э.А нарт холбогдох 1929001450081 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Бн, Э.А нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР