| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06398/и |
| Дугаар | 2139 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2139
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02554 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч МОХННУБТЗ холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж” ХХК, Х банкны эрх хүлээн авагч М.Энхтөр нар
3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөгийг гаргуулах үндсэн,
“Т” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгох, 721 227.95 ам.долларыг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч З.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж”ХХК-аас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 2013 оны 01 дүгээр сард нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүн талаарх тооцоог эдгээр байгууллагууд хоорондоо нийлж, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн актаар худалдан авагч Улаанбаатар төмөр зам төлөхөөр тогтоосон 10 500 000 ам.долларын төлбөрийн үүргийг гүйцэтгэхээр Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларын хүүтэй, хүүгүй 2 векселийг, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.долларын хүүгүй векселийг тус тус “Ж”ХХК-д бичиж олгосон. Үүнээс жилийн 12 хувийн хүүтэй, 4 000 000 ам.долларын векселийг Улаанбаатар төмөр зам төлөөгүй тул 4 000 000 ам.доллар, түүний хүү 380 000 ам.доллараас манайх хариуцагчийн данснаас суутгаж авсан 721 227 ам.доллар 95 центийг хасч, үлдэгдэл болох 3 658 772 ам.доллар 05 цент буюу 7 436 600 543 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. МОХННУБТЗ-нь дээрх 3 векселийг бичсэнээр “Ж”ХХК-ийн өмнө хүлээсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дуусгавар болгосон. Учир нь “Ж”ХХКнь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар төмөр замаас авсан 2 векселийг “Хадгаламж банк” ХХК-д тэр өдрөө худалдаж, вексельд дурдсан мөнгийг авсан. “Хадгаламж банк” ХХК векселийг хүлээн авч, “Ж”ХХК-д “Хадгаламж банк” ХХК-аас авснаар, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Улаанбаатар төмөр зам нь төлөх болсон нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материалын төлбөрийг векселээр төлж, МОХННУБТЗ-болон “Ж”ХХК-ийн хоорондын энэ төлбөр тооцоо дуусгавар болгосон.
МОХННУБТЗ-нь төлбөрийг бусдын хөрөнгөөр буюу “Хадгаламж банк” ХХК-аар гүйцэтгүүлж, векселийн төлбөрийг тодорхой хугацаанд “Хадгаламж банк” ХХК-д эргүүлэн төлөх чиг үүрэг үүсгэх замаар төлбөрийн хугацааг хойшлуулж, МОХННУБТЗ-үр ашиг хүртсэн. МОХННУБТЗ-төлбөр тооцооны хэрэгсэл болох векселийг төлбөр авагч “Ж”ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн мөнгөө бүрэн төлж, үүргийг дуусгавар болгох харилцаа нь “Хадгаламж банк” ХХК уг вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилт “Ж”ХХК-д хийснээр МОХННУБТЗ-бусдад төлөх төлбөрийн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн. “Хадгаламж банк” ХХК ба Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хооронд төлбөр төлөгч төлбөрийн үүргээ гуравдагч этгээд “Хадгаламж банк” ХХК-aар гүйцэтгүүлсэн Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Уг харилцааны үр дүнд үүссэн төлбөрийг төлж барагдуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас шаардах эрх нь “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгасантай холбоотой тус банкны зарим актив, пассив хөрөнгийг “Төрийн банк” ХХК-д шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Хадгаламж банк” ХХК-ны эрх хүлээн авч болон “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд байгуулагдсан актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, тухайн гэрээний хавсралт болох богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээ, мөн хавсралт болох бусад актив, хөрөнгө шилжүүлэх гэрээгээр шилжиж ирсэн. Богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээгээр векселийн үндсэн төлбөр 4 000 000 ам.доллар шилжиж ирсэн, бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тухайн вексель бичсэн өдрөөс хойш 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 205 000 ам.долларын хүү шилжиж ирсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаар тушаалыг үндэслэн “Хадгаламж банк” ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийг шилжүүлэн авсан векселийн төлбөр болон түүний хүү шаардах эрх нь дээрх гэрээнд зааснаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123 дугаар зүйлийн 123.9 дэх хэсэгт зааснаар “Төрийн банк” ХХК-д хадгалагдаж ирсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр шилжиж ирсэн вексель болон түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгосон хэдий ч Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан гэрээний бус үүрэгт хамаарах журмын хүрээнд бусдын зардлаар өөрийн хөрөнгө хэмнэх аргаар хөрөнгөжсөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулах эрхтэй. Хариуцагч тал тухайн векселийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар төлсөн гэдгээ хариу тайлбартаа дурдсан. Хариуцагчийн гаргасан нотлох баримтаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр төлсөн. Энэ төлбөр хийсэн тооцоо нийлсэн акт 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн акт юм. Уг акт нь “Ж”ХХКболон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хооронд хийсэн тооцоо нийлсэн акт юм. Тооцоо нийлсэн актаар векселийн төлбөр бүрэн төлөгдсөн учраас төлбөрөө “Ж”ХХК-aас нэхэмжил гэсэн тайлбар гаргадаг. Уг тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар өр төлбөр барагдсан бол 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн төлбөрийг “Голомт банк” ХХК-аар дамжуулан МОХННУБТЗ-нь “Хадгаламж банк” ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 ам.доллар, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мөн 2 000 000 ам.доллараар төлж барагдуулсан. Тухайн үед бичиж өгсөн хүүгүй 4 000 000 ам.долларын векселийн хугацаатай давхцаж, энэ векселиэр хаасан. 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүүгүй 2 500 000 ам.долларын вексель төлөх хуулийн хугацаатай байсан. Энэ хугацаанд “Голомт банк” ХХК-аар дамжуулж, “Хадгаламж банк” ХХК-д векселийн төлбөр төлсөн. Хэрвээ талууд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоорондоо шатах тослох материал нийлүүлж, ийм хэмжээний авлага “Ж”ХХК-д гарсан бол, тэр тооцоонд векселийн төлбөр төлөгдсөн бол, векселийн төлбөр оруулж тооцсон бол, энэ вексель төлөгдөх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл нэгэнт векселийн төлбөрийг тооцсон бол төлөх боломжгүй байсан. Уг төлбөрийг төлснөөс харахад тухайн тооцоо нийлсэн актыг талууд байгуулсан байж болно. Гэхдээ энэ төлбөрт векселийн төлбөр ороогүй юм. 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар манай нэхэмжилсэн төлбөрийг төлсөн гэдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар аудитаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргаж өгсөн санхүүгийн тодорхойлолтод 2016 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар энгийн векселийн төлбөр 4 380 000 ам.доллар, энэхүү векселийн төлбөр огноо хүү, төлбөр төлөх хугацаа зэрэг нь манайхаас ирүүлсэн тодорхойлолттой таарч байна гэсэн тодорхойлолтыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын санхүү эрхэлсэн орлогч захирал гаргаж өгсөн байдаг. “Төрийн банк” ХХК-д хандаж 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 127952 дугаартай албан бичгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж “Ж”ХХК-д бичиж өгсөн вексель “Хадгаламж банк” ХХК-д шилжсэн. “Хадгаламж банк” ХХК-д шилжсэн векселийг өнөөдрийн байдлаар бид төлөөгүй. Энэ төлбөрийг “Ж”ХХКруу шилжсэн гэх албан бичгийн манайд ирүүлсэн. 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэл векселийн төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ МОХННУБТЗ-мэдэж байсан. Вексель бичсэн асуудлаар МОХННУБТЗ-хохирогчоор тогтоогдож Авилгатай тэмцэх газар тухайн векселийг бичиж өгсөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэгт хохирогчоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдлагын асуудал хариуцсан орлогч захирал Л.Даваа гэх хүн оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан Л.Даваагийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэгт 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүү 380 000 ам.доллар, 4 000 000 ам.долларыг хууль зөрчиж гаргаснаас өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй, “Төрийн банк” ХХК-д өртэй болчхоод байна. Ийм учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд учруулсан хохирлыг Г.Сэрээнэндоржоос гаргуулж өгөөч гэх мэдүүлэг 2 дугаар хавтасны 233 дугаар хуудсанд авагдсан. Дээрх нөхцөл байдлаас харахад векселийн төлбөр төлөх үүрэг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд байсан. Үүнээс хойш талууд тооцоо нийлсэн акт гаргаж өгөөгүй, талууд энэ талаар тодорхой зүйл яриагүй. Талууд шатах тослох материалын төлбөрийг тооцоо нийлсэн актаар дүгнэсэн бол өнөөдрийг хүртэл хугацаанд вексель дамжуулж өгсөн этгээд болох “Ж”ХХК-aас төлбөр хариуцах ёстой гэсэн мэдэгдэл, мэдээлэл, албан бичгийг “Төрийн банк” ХХК-д хүргүүлээгүй байна. Бидний нэхэмжилсэн төлбөр огт төлөгдөөгүй, төлөгдөөгүй төлбөрийг “Т”ХХКнэхэмжлэх эрхтэй. Дээрх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй. Талуудын хооронд вексель үйлдсэн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч шаардах эрхтэй гэдгээ 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн актив, пассивын гэрээг үндэслэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.9, 194 дүгээр зүйл, 496 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байна. Талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн векселийг арилжсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцсон шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Векселийн тухай хууль болон Иргэний хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй вексель нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр буст тооцсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Нэгэнт шүүхээр нотлогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт тул нэхэмжлэгчид векселийн төлбөр, төлбөрийн үлдэгдэл, хүү шаардах хууль зүйн үндэслэл байхгүй. Вексель шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болсон учраас Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан үеэсээ төлбөр тооцооны хэрэгслийн хувьд буцаан шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй. Вексель, вексель арилжаалсан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон болохоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан эрх зүйн үр дагавар үүсэх ёстой. Үүний дагуу бол вексель эзэмшигч нь “Ж”ХХКболсон. Иймд “Ж”ХХК-аас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах болохоос “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс шаардахгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар хэлцэл хийсэн талуудын хооронд үүснэ.
“Хадгаламж банк” ХХК, “Т”ХХКнь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үүргийг гүйцэтгэж, төлбөрийг төлөөгүй. Харин 2013001, 2013002 дугаартай вексель худалдах, худалдан авах хариу төлбөртэй арилжааны хэлцэл хийсэн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүрэг биелүүлж, төлбөр төлсөн үйл баримтыг гуравдагч этгээдийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн өмнөөс бид гуравдагч этгээд болж, үүрэг гүйцэтгэж, улмаар Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн гэдэг. Гэвч “Хадгаламж банк” ХХК бол хариу төлбөртэй гэрээний үүргээ л биелүүлж, төлбөр тооцоогоо “Ж”ХХК-д өгсөн болохоос “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмнөөс ямар нэг үүрэг гүйцэтгээгүй.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Векселийн тухай хуулийн 16 дүгээр зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хадгаламж банк” ХХК болон “Ж”ХХК-аас “Улаанбаатар төмөр зам” ХНН-д векселийн төлбөрийг шаардах эрх өөр этгээдэд шилжиж байгаа талаар мэдэгдээгүй учраас 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрүүдэд удаа дараагийн тооцоо нийлсэн актуудаар, вексель бичих үндэслэл болсон дизель түлшний төлбөр тооцоог “Улаанбаатар төмөр зам” ХНН нь “Ж”ХХК-д төлчихсөн. Харин “Улаанбаатар төмөр зам” ХНН нь “Ж”ХХК-aас авлагатай болсон байгаа. Иймд “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. “Ж”ХХК-ийн өмнө хүлээсэн төлбөр тооцооны үүргээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ХНН бүрэн төлж, 3 удаагийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Шилжсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учраас өөр этгээд андуурч буюу сайн дураараа төлсөн гэдэг үр дагавар шаардах эрх үүсээгүй. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий вексель нь Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр дутуу, дамжуулах шилжүүлэгт вексель төлөгчийн нэр, хаяг байхгүй. Энэ баримтаар вексель хэнд шилжсэн гэдэг нь нотлогдохгүй. Вексель шилжүүлсэн огноо, харилцах дансны дугаар, банкны нэр харилцах дансны дугаар зэрэг бичигдээгүй. Векселийн тухай хуульд заасан бүрдүүлбэр хангахгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 17 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгосон. Векселийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ХНН векселийн татгалзлыг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч тал Г.Сэрээнэндорж гэх хүн Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хянагдаж байсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байна гэсээр өдий хүрсэн. Векселийн тухай хуульд зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын төлбөрийн татгалзлыг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй. Үндэслэлгүйгээр татгалзсан байна гэвэл татгалзал нь үндэслэлгүй гэдгийг шүүхээр тогтоож, шүүх татгалзал үндэслэлгүйг тогтоосны дараа тухайн шүүхийн шийдвэрт үндэслэж нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Нэхэмжлэгч шаардах эрхгүй этгээд. “Ж”ХХК-aас “Хадгаламж банк” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг бүгдийг нь хүчин төгөлдөр буст тооцсон. векселийг ч хүчин төгөлдөр буст тооцсон, вексель шилжүүлсэн хэлцэл ч хүчин төгөлдөр бус юм. Вексель төлбөр тооцооны хэрэгсэл биш болж, хоосон цаас болсон. Үнэт цаас устгасан, гэмтээсэн, үнэт цаасыг устгасан этгээд өөрийн гэм буруугийн төлөө шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоос биш МОХННУБТЗ-үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. Г.Сэрээнэндоржийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр энэ нотолгоо үнэн гэж нотлогдоогүй, хэрэг Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсныг прокурор хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг хүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Анхны үйл баримт хүчин төгөлдөр байж, цаашид үр дагавар шаардах эрхтэй болохоос нэхэмжлэгч тал тайлбарласан шиг үүрэг үүсэхгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Т”ХХКнэхэмжлэлээсээ татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг тогтоосон магадлал хуулийн хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэлээсээ татгалзсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас “Ж”ХХК-д 10 500 000 ам.долларын үнийн дүн бүхий 3 вексель бичсэн талаар талууд маргадаггүй. “Ж”ХХКдээрх 3 векселийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс бичсэн өдөр нь дамжуулах бичилт үйлдэж, “Хадгаламж банк” ХХК-д худалдсан. “Хадгаламж банк” ХХК, “Ж”ХХК-ийн дансанд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.доллар 2 удаа, нийт 8 000 000 ам.доллар, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.доллар, нийт 10 500 000 ам.доллар шилжүүлсэн. 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн хугацаа 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 ам.доллар, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 ам.доллар, нийт 4 000 000 ам.доллар шилжүүлсэн. 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2 500 000 ам.долларын векселийн хугацаа 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан тул 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 ам.доллар, нийт 6 500 000 ам.долларыг төлсөн болох нь тогтоогддог. МОХННУБТЗ-6 500 000 ам.доллар төлсөн нь Хадгаламж банк дахь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 1099101515010002 ам.долларын дансны хуулгаар нотлогдож байна. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Мөн өдрөө Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаартай тушаалаар албадан татан буулгах тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Энэ тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Албадан татан буулгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж, банкны эрх хүлээн авагчид шилжүүлж, албадан татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй. Хэрвээ “Хадгаламж банк” ХХК-ийг албадан татан буулгасан гэж яривал шүүх хуралдаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйл, өөрчлөлт орсон хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, “Хадгаламж банк” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгө захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчид шилжихэд “Хадгаламж банк” ХХК-ийн хуучин гүйцэтгэх удирдлагаас 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар санхүүгийн тайлан гаргасан. Хэлцлийн үнэн зөв болохыг шалгаж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчид хүлээлгэж өгсөн. Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар “Хадгаламж банк” ХХК-ийн нийт активыг өөрийн хяналтад авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларын жилийн 12 хувийн хүүтэй буюу 380 000 ам.долларын хүүтэй, нийт 4 382 000 ам.долларын үнэ бүхий энгийн вексель бүртгэгдсэн. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийн хугацаа дуусаж, тодорхой хугацааны дараа төлөгдөх нөхцөлтэй. “Хадгаламж банк” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тэнцлээр төлбөр хийгдээгүй. “Хадгаламж банк” ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас төлбөрөөс татгалзах тухай ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. Иймд банкны эрх хүлээн авагч гэрээнд авагдсан баримтын дагуу хуульд зааснаар энэхүү векселийг “Төрийн банк” ХХК-д актив хөрөнгөөс шилжүүлсэн. Хариуцагч нь “Хадгаламж банк” ХХК-aас шилжүүлсэн векселийн төлбөрийг төлсөн, нэг бол сонгож гүйцэтгэсэн гэж янз бүрээр тайлбарладаг. Хүүгүй вексель төлөгдсөн, хүүтэй векселийн төлбөр төлөгдөөгүй гэдгийг гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж”ХХКвекселийн төлбөрийг “Хадгаламж банк” ХХК-аар мөнгөжүүлсэн, талууд мөнгө өгсөн, авсан талаар маргаагүй. Векселийн хэлцлийг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Векселийг нэгэнт хүчин төгөлдөр бус гэж тооцсон юм бол векселийн хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна. “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авч, векселийн төлбөр шаардах эрх “Төрийн банк” ХХК-д шилжсэн гэдгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд мэдэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шаардах эрх шилжүүлсэн этгээд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй, түүнээс зөвшөөрөл авах үүрэгтэй биш. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иш татаж ярьсан. Уг тушаал захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа. “Төрийн банк” ХХК-д шилжүүлсэн Монгол банкны ерөнхийлөгчийн, “Хадгаламж банк” ХХК-д албадлагын арга хэмжээ авсан, эрх хүлээн авагч томилсон нь захиргааны хэргийн шүүхэд өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. “Ж”ХХКболон иргэн Ш.Батхүүгийн зүгээс Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг илт хууль бус болох талаар захиргааны хэргийн шүүхэд 5 жил маргаж байна. Нарийн яривал захиргааны хэргийн маргааныг шийдэгдсэний дараа энэ маргаан шийдэгдэх ёстой байх. Ш.Батхүүгийн 84 тэрбум төгрөгийг “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагч зүгээр л авчихсан. Ийм учраас Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалд үндэслэж хэргийг шийдэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. 2013 оны 4 дүгээр сараас өмнө “Ж”ХХКнь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, “Эрдэнэс таван толгой” ХХК зэрэг компаниудтай аалзны шүлс шиг торлосон харилцаа холбоо үүсгэсэн байсан. “Ж”ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд өглөгтэй, авлагатай гэж тооцоо нийлдэг болохоос тэр болгон нарийн зүйл ярьдаггүй. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагч 14:30 минутад тамга тэмдгээ авсан байдаг. “Хадгаламж банк” ХХК-ийг “Т”ХХКнэг өдрийн дотор авсныг хуулийн хяналтын байгууллага шалгаж байгаа. Нэгэнт “Төрийн банк” ХХК, “Хадгаламж банк” ХХК-ийн векселийн төлбөр шаардах эрх авсан гэдгээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд мэдэгдээгүй байх тул “Төрийн банк” ХХК-д шаардах эрх үүсэхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Бидний зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэл хууль бус үйлдэл тогтоолгох, 721 227 ам.доллар 95 центийг “Төрийн банк” ХХК-аас гаргуулах гэсэн 2 шаардлагатай. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11533 дугаартай захирамж гарсан. Уг захирамжид маргааныг хянан шийдвэрлэх хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг мэдсээр байж санаатай зөрчиж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харилцах данснаас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 7212 27 ам.доллар 95 цент суутган авсан. “Т”ХХКэнэ үйлдлээрээ Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөрчиж бусдын данснаас дураараа мөнгө авсан тул түүний хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү гэжээ. Монгол улсын Засгийн газар дэмжиж, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улсын нефтийн хамаарлаас гарахын тулд 70 000 000 ам долларын баталгаатай, батлан даагч нь Бүгд найрамдах Солонгос улс, өөрийн нефть үйлдвэрлэдэг компаниудад Монгол Улсад шатах тослох материал нийлүүлж, эрсдэл хариуцна гэсэн гэрээний шалгуурт Монгол улсаас МОХННУБТЗ-сонгогдсон. МОХННУБТЗ-гэрээний дагуу Бүгд найрамдах Солонгос улс руу мөнгөө шилжүүлсэн мөнгийг “Т”ХХКзамаас нь шилжүүлэлгүй барьснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Бүгд найрамдах Солонгос улстай нефтийн гэрээ байгуулах боломжгүй болсон. Иймд 721 227.95 ам долларыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, эрхгүйг тодруулах хэрэгтэй. “Төрийн банк” ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дансыг царцааж байхад вексель хүчин төгөлдөр байсан. Тухайн үед вексель хүчин төгөлдөр байсан учраас “Төрийн банк” ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас векселийн төлбөрийг үл маргах журмаар авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын данс царцаахтай холбоотой маргаан тухайн үед Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан. Хэрвээ шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байсан бол шүүх гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцах үүднээс энэ ажиллагааг хийх ёстой байсан. “Т”ХХКөөртөө тусалж, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын данснаас мөнгө авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас “Т”ХХКавлагатай тул 700 000 ам долларыг нэхэмжлэх эрх байхгүй. Ийм учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 6 664 235 343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлээс векселийн хүүнд 380 000 ам.долларыг гаргуулахаар шаардсан хэсгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан “Төрийн банк” ХХК-aас 721 227 ам.доллар 95 центийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 340 953 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 8 300 615 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33 479 126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, өмгөөлөгч З.Уянга нар давж заалдах гомдолдоо:
… Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ векселийн төлбөрийн үлдэгдэл 3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу “Төрийн банк” ХХК-ийн /“Хадгаламж банк” ХХК/ төлсөн төлбөрөөр зардлаа хэмнэсэн гэж 3 өөр байдлаар тодорхойлсон байдаг. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчаа тодорхойлж чадахгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдсэн. Иргэний эрх зүйн маргаан нь зохигчийн өөрсдийн тодорхойлсон шаардлага, татгалзлын хүрээгээр хязгаарлагдах бөгөөд нэхэмжлэгчийн өмнөөс шүүх, эсхүл хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох учиргүй. Өөрөөр хэлбэл дээр тодорхойлсон үндэслэл тус бүрийн эрх зүйн зохицуулалт нь өөр өөр бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой байж, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглэх нөхцөл бүрдэх юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, түүнд тохирсон хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 496 дугаар зүйл “Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих”, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэсэн заалтыг баримталсан байх бөгөөд “Хадгаламж банк” ХХК нь хэний ч өрийг төлөөгүй, харин Вексель худалдан авах, Вексель арилжааны SV2013/001 дугаартай хэлцэл буюу худалдах худалдан авах гэрээг хийсэн, Өөрөөр хэлбэл, ашиг олох зорилгоор хариу төлбөртэй гэрээ байгуулсан болохыг шүүх анхаараагүй байна. Хариу төлбөртэй гэрээний үүргээ биелүүлж буй үйлдлийг нь хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн гэж үзэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийм үйл явдал болсон гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. “Т”ХХКбуюу “Хадгаламж банк” ХХК нь өөрөө сайн дураар мэдэж буюу андуурч өрийг төлсөн асуудал байхгүй. 2006 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэг талаас “Ж”ХХКболон нөгөө талаас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ №МТЗ/06/021 тоот гэрээг байгуулсан бөгөөд гэрээний гол нөхцөл ГОСТ 305-82 шаардлагад нийцсэн 0.5 хувийн багагүй хүхрийн массын хувьтай, гал авалцах 62С хэмтэй 20 000 тн зуны дизель түлшний нэг бүрийн үнэ 666 ам.доллар буюу нийт 13 320 00 ам.долларыг тооцоог хийж гүйцэтгэнэ гэж заасан. Энэ гэрээг анх байгуулснаас хойш нийт 119 удаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тухай бүрт нь тооцоо нийлсэн акт үйлддэг. Анх байгуулсан энэхүү гэрээ ёсоор 2006 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 2006 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэх мэтээр сар сараар нь тооцоо нийлж байсан. Өөрөөр хэлбэл гэрээт хугацаанд сар бүр 3 000 тн түлш нийт 2006 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 20 000 тн түлш нийлүүлж, тухай бүрт нь тооцоо нийлж байсан. 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3 талт гэрээ буюу төлбөр тооцооны тухай гэрээг байгуулсан. Энэхүү 3 талт гэрээг Орос-Монголын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, “Ж”ХХКболон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд байгуулсан бөгөөд гэрээний гол нөхцөлд 2006 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №МТЗ/06/021 тоот гэрээний дагуу “Ж”ХХК-аас “Улаанбаатар төмөр зам” ХНН-нд нийлүүлж буй түлшний төлбөрийг “Ж”ХХК-д төлж байхыг “Улаанбаатар төмөр зам” ХНН нь “Эрдэнэт” ХҮ-т даалгаж, “Эрдэнэт” ХҮ нь “Ж”ХХК-д төлбөр хийх замаар үүргээ биелүүлэхийг тус тус харилцан тохиролцсон. Учир нь гэрээний талуудын хооронд хамгийн сүүлд 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 4 121 563 төгрөг 09 центийн авлагатай гарсан бөгөөд энэ талаар “Төрийн банк” ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр албан тоот хүргүүлж, манайх “Ж”ХХК-аас ийм хэмжээний авлагатай байгаа тул 4 000 000 ам.долларын векселийн төлбөрийг хариуцахгүй болохоо мэдэгдсэн. Улмаар “Ж”ХХК-аас авах авлагаасаа 2013 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар векселийн төлбөр 4 000 000 ам.долларыг хасч, үлдэгдэл 121 562 ам.доллар 93 центийн төлбөрийг “Ж”ХХКтөлөөгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1941 дугаартай шүүхийн шийдвэр гарч, талуудын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон юм. Үүнтэй холбоотой хэрэгт тооцоо нийлсэн акт, шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн.
Хариуцвал зохих этгээдийн талаар:
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг. “Хадгаламж банк” ХХК-ийн зүгээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-д шаардах эрх шилжсэн талаар мэдэгдээгүй тул шаардах эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэх, векселийн хэлцэлд хамааралгүй, Монгол банк “Төрийн банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, хавсралт баримтуудыг үндэслэн “Ж”ХХК, “Хадгаламж банк” ХХК-тай арилжааны хэлцлийн талаар шаардах эрх шилжүүлэн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийг дүгнэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.9 болон мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө тусалж авсан байгаа буруутгах үндэсгүй гэжээ. Гэвч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа дурдаад байгаа Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, мөн хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3, 446 дугаар зүйлийн 446.1.6 дахь заалтууд, маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг “Төрийн банк” ХХК-д даалгасан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн 11533/Б дугаартай шүүгчийн захирамжийг зөрчиж, суутган авсан талаарх тайлбар, баримтад тулгуурлаагүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлон удаа дараагийн тооцоо нийлсэн акт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг “Төрийн банк” ХХК-д даалгасан шүүгчийн захирамжийг зөрчиж, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Т”ХХКхууль зөрчин 721 227.95 ам.долларыг суутган авсан болохыг нотолсон депозит дансны хуулга зэрэг баримтыг үнэлээгүй гэж үзэж болохоор байна. Сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох “Төрийн банк” ХХК-ийн хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан болох тогтоолгохоор эдгээр баримтыг шинжлэн судлуулж, шүүх хуралдааны мэтгэлцээний үед хангалттай нотолсон. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч нь хууль зөрчиж, хариуцагчийн данснаас дур мэдэн суутгаж авсан мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн арван нэгдүгээр бүлэгт /492 дугаар зүйлээс 496 дугаар зүйл хүртэл/ заасан үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотойгоор үүсэх үүргийн харилцаа нь 1/ холбогдох эзний зөвшөөрөлгүй эд хөрөнгийг олж авах, 2/ хууль бусаар олж авсан хөрөнгийг буцаан эзэнд нь олгох зорилготой хамааралтай байдаг. Гол үндэслэл нь, аливаа эд хөрөнгө эзний зөвшөөрлөөр бусдад шилждэг бол үндэслэлгүй хөрөнгөжих үйл явцад эзний зөвшөөрөл огт аваагүйгээс үүдсэн харилцаа байна.
Мөн хоёр тусдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг шүүх анхааралгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 721 227.95 ам.долларыг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 8 300 615 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн, хууль бус үйлдлийг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн тусдаа шаардлагадаа 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байхад шүүх 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан зөрчилтэй байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хадгаламж банк” ХХК-ийн эрх, үүрэг “Төрийн банк” ХХК-д шилжсэн тул “Төрийн банк” ХХК-д вексель дамжуулан бичилт хийсэн огноо энэ маргаанд ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь Векселийн тухай хууль болон түүнд холбогдох журамтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт дамжуулах бичилт хийснээр вексель эзэмшигчийн эрх уг векселийг шинээр эзэмшигчид шилжинэ, Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 1998 оны 153/180 тоот хамтарсан тушаалаар баталсан Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журмын 20 дахь хэсэгт дамжуулах бичилт хийснээр вексель эзэмшигчийн эрх векселийг шинээр эзэмшигчид шилжинэ гэж тус тус заасан. Түүнчлэн Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 067 тоот шүүхэд гаргасан тодорхойлолтод “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч болон “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх 002/201ЗБЭХА/154”, “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх 006/2013/БЭХА/163” тоот тус тус гэрээгээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс үйлдсэн энгийн векселийг “Төрийн банк” ХХК-д шилжүүлсэн. Дээрх векселийг хуульд заасны дагуу дамжуулах бичилт хийснээр хууль ёсны эзэмшигч нь “Т”ХХКболсон гэсэнтэй нийцэхгүй байна.
“Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагчаас “Төрийн банк” ХХК-д векселийн дамжуулан бичилтийг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Төрийн банк” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр вексель эзэмшигчийн эрх үүссэн гэж үзэхээр байгаа. Тэгвэл энэхүү хугацаанаас өмнө “”Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс “Төрийн банк” ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 12/962 дугаартай албан бичиг хүргүүлж, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Ж”ХХКнь “Улаанбаатар төмөр зам” ХНН-д 4 121 562 ам.долларын өглөгтэй гарсан буюу вексель маргаантай болохыг мэдэгдэж эхэлсэн. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 002/201ЗБЭХА/154 тоот актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний 3.5-д “Хөрөнгө хүлээн авагч энэ гэрээний дагуу шилжсэн актив хөрөнгөнд найдваргүй болж болзошгүй нь тогтоогдсон эрхийн маргаантай, өмчлөх эрх үүсээгүй зэрэг актив хөрөнгийг энэ гэрээ байгуулагдсанаас хойш 60 /жар/ хоногийн дотор буцаан хөрөнгө шилжүүлэгчид хүлээлгэн өгнө” гэжээ. Энэ талаар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдах үед векселийн үндэслэл болох үүрэг гүйцэтгэгдсэн байсан эсэх, улмаар нэхэмжлэгчид шилжиж ирсэн шаардах эрх доголдолтой байсан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай болно гэж дүгнэсэн. Гэтэл “Төрийн банк” ХХК-д вексель эзэмшигчийн шаардах эрх шилжихээс өмнө маргаан үүссэн, эрхийн доголдолтой байсныг шүүх үнэлж дүгнээгүй орхигдуулсан.
Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид шаардах эрхээ шилжүүлсэн “Хадгаламж банк” ХХК нь хүчин төгөлдөр бус вексель арилжааны хэлцлээр “Ж”ХХК-д “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөх 4 000 000 ам.долларыг шилжүүлэн өгч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өр төлбөрийг хаасан, энэ хэмжээгээр нь төлбөр төлөх үүргээсээ хариуцагч чөлөөлөгдсөн байх тул “Хадгаламж банк” ХХК-аас гарсан хөрөнгө зардлаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу “Хадгаламж банк” ХХК-аас гарсан 4 000 000 ам.долларын хэмжээтэй хөрөнгө зардлыг хариуцагч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс гаргуулахаар “Т”ХХКшаардах нь шударга ёсонд нийцнэ гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан нь талуудын маргааны харилцаанд хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан зөрчилтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтын үнэлгээний талаар:
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
Векселийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол төлбөр хариуцагч вексельд заасан төлбөр төлөхөөс татгалзаж болно, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт энэхүү үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзсан бол энэ тухай баримт үйлдэж, вексельд заасан төлбөрийн хугацаа дуусахаас өмнө нотариатаар батлуулсан байна гэж заасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2109 тоот шүүгчийн захирамжаар векселийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тул “ УБ” ХНН нь векселийн төлбөр төлөх хугацаанаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр векселийн төлбөрөөс татгалзсан тухай мэдэгдлийг “Т” ХХК-д гардуулж өгсөн.
Векселийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт төлбөрийн зөвшөөрөл өгөхөөс татгалзахтай холбогдон гарсан маргааныг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд “Төрийн банк” ХХК-ийн зүгээс татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэвч нэхэмжлэл гаргаагүй тул төлбөрийн татгалзлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00964 дугаартай тогтоолын үндэслэх хэсэгт вексель эзэмшигч нь төлбөрийн хугацаа болмогц векселийг гардуулснаар төлбөр хариуцагч төлбөрийг хийх үүрэгтэй болохыг Векселийн тухай 9 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1, Монгол банкны Ерөнхийлөгчийн 1992 оны 3/189 дүгээр тушаалаар батлагдсан Векселийн тухай дүрэмд тус тус заажээ. Харин энэ журмын дагуу төлбөрийг гаргуулж чадаагүй бол вексель эзэмшигч шүүхэд төлбөрөө нэхэмжлэх эрхтэй байна гэж дүгнэсэн. Монгол банкны удаа дараагийн албан бичгээр "Төрийн банк" ХХК-ийг шүүхэд хандахыг зөвлөсөн байдаг боловч төлбөрийн татгалзлын талаар шүүхэд хандаагүй төдийгүй "Төрийн банк" ХХК нь векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа татаж авсан байдаг. Энэхүү үйл баримт, нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй орхигдуулсан.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь “Жаст групп” ХКК-аас авлагатай болохыг нотолсон Аудитын шинжилгээний тайлан болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай эсэх талаар огт үнэлж, дүгнээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолд маргааны үндэслэлд заагдсан векселийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд хариуцагч өр төлбөрөөс чөлөөлөгдсөн эсэх үйл баримт чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн.
“Улаанбаатар төмөр зам” ХХН, “Ж”ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сард нийлүүлсэн түлш, төлсөн төлбөрийн баримтуудаа тулган, 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийн тооцоо нийлэхэд “Ж”ХХКнь “Улаанбаатар төмөр зам” ХНН-д 4 937 392 ам.долларын өглөгтэй, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар төлбөр төлөгч “Ж”ХХКнь “Улаанбаатар төмөр зам” ХНН-д 8 937 392.45 ам.долларын үлдэгдэл өр төлбөртэй, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар төлбөр төлөгч “Ж”ХХКнь “Улаанбаатар төмөр зам” ХНН-д 4 824 255.68 ам.долларын үлдэгдэл өр төлбөртэй, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар төлбөр төлөгч “Ж”ХХКнь “Улаанбаатар төмөр зам” ХНН-д 4 121 562.93 ам.долларын өр төлбөртэй болохыг баталгаажуулсан нь хэрэгт авагдсан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс “Төрийн банк” ХХК-д хүргүүлсэн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 12/952 тоот албан бичигт 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Ж”ХХКнь “Улаанбаатар төмөр зам” ХХК-д 4 121 562 ам.долларын өглөгтэй гарсаныг харилцан баталсан. Иймээс 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр банкинд төлөх энгийн векселийн төлбөр 4 380 000 ам.долларыг “Ж”ХХКхариуцах тул уг векселийг “Ж”ХХКруу шилжүүлж өгнө үү гэж мэдэгдсэн зэрэг баримтуудаар “Улаанбаатар төмөр зам” ХХК нь “Ж”ХХК-аас 4 100 000 ам.долларын авлагатай байгаа нь векселийн төлбөрт нэмж 4 000 000 сая ам.доллар төлөх үндэслэлгүй болох нь харагдаж байна.
Шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийг тогтоосон асуудлаар:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01111 тоот шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн векселийг, мөн вексель арилжааны хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 467 дугаар зүйлийн 467.4, Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйлдсэн хуулийн хүчин төгөлдөр үнэт цаасыг “Ж”ХХКнь дамжуулах бичилтийг буруу хийж, хүчингүй үнэт цаас болгосон үйл баримтыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан зарчим үйлчилж, үр дагавар үүснэ. Энэ талаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан заасан үр дагавар хариуцагч “Улаанбаатар төмөр зам” ХНН-д хамааралгүй байна. “Хадгаламж банк” ХХК буюу “Т”ХХКболон “Ж”ХХК-ийн хооронд хамааралтай байна гэж дүгнэсэн байдаг.
Вексель мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон бөгөөд төлбөр тооцооны хэрэгслийн хувьд буцаан шаардах эрхээ алдсан талаар:
Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар вексель гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож, баталсан төлбөрийн баримтыг хэлнэ гэжээ.
Иймд вексель нь төлбөр тооцооны үнэт цаас учраас энэхүү төлбөр тооцооны үнэт цаас өөрөө хүчин төгөлдөр байж, шаардах эрх нь үүсэх ёстой. Түүнчлэн Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар вексель эзэмшигч төлбөрийн хугацаа болмогц векселийг гардуулснаар төлбөр хариуцагч төлбөрийг хийхээр зохицуулсны дээр мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт дамжуулан бичилт хийснээр вексель эзэмшигчийн эрх уг векселийг шинээр эзэмшигчид шилжинэ гэж заасан байх бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг “Улаанбаатар төмөр зам” ХНН нь зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс “Ж” ХХК-д вексель бичиж өгөхдөө хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр байсан. “Ж” ХХК-аас “Хадгаламж банк” ХХК-д дамжуулан бичилт хийхдээ тусгайлан зохицуулсан хуулийн шаардлагыг зөрчсөн учраас вексель хүчин төгөлдөр бус болсон болохыг шүүх анхаарсангүй.
Нэхэмжлэлийн шаардлагын тооцооллын үндэслэл тодорхойгүй байгаа асуудлаар:
Хадгаламж банкны эрх хүлээн авагч, “Төрийн банк” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай гэрээ”-ээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн шилжих вексель 4 000 000 сая ам.доллар (ханш 1 470.49) буюу 5 881 960 000 төгрөгийн үнийн дүн бүхий векселийг шилжүүлэн авсан байна. Энэ гэрээний 3.2-т зааснаар векселийг шилжүүлэн авагч буюу “Т”ХХКгэрээний зүйлийг өөрийн нягтлан бодох бүртгэлд хүлээн авсан дүнгээр тусгахаар тохирсон байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид зааснаар гэрээний зүйлийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр бүртгэдэг бөгөөд уг дүнг 5 881 960 000 төгрөгөөр “Төрийн банк” ХХК-ийн санхүүгийн баримтад бүртгэгджээ. Энэ бүртгэлийн дараа 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн данснаас нь зөвшөөрөлгүй 721 227.95 ам доллар буюу /ханш 1 942.56 төгрөг/ 1 401 028 566.55 төгрөгийг суутган авсан байна. Иймд дансны тооцоогоор төлбөрийн үлдэгдэл 4 480 931 433.45 байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 7 436 600 543 төгрөг болгон өсгөж нэхэмжилсэн байна. Үүнээс үзэхэд “Т”ХХКнь нэхэмжлэлийн шаардлагаа санхүү, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан дүнгээр гаргаагүй, шаардлага болон түүнийг нотолсон баримтууд нь хоорондоо зөрчилтэй бөгөөд энэ үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж, нотлоогүй зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гаргасныг нотолж байх бөгөөд үүнийг шүүх нягтлан үзээгүй орхигдуулсан болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хангаж нь өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “Т”ХХКнь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийн төлбөрийн үлдэгдэл 3 658 772.05 ам доллар буюу 7 436 600 543 /долоон тэр бум дөрвөн зуун гучин зургаан сая таван зуун дөчин гурван/ төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Төрийн банк дахь данснаас үндэслэлгүйгээр суутган авсан 721 227.95 ам.долларыг тус банкнаас буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч МОХННУБТЗ-нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийг бичиж, төлбөрийн хугацаа болмогц уг векселд заагдсан төлбөрийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар төлөх үүргийг “Ж”ХХК-ийн өмнө хүлээсэн Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр хариуцагч болсон байна.
Мөн МОХННУБТЗ-нь “Ж” ХХК-тай байгуулсан нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 10 480 150.51 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй талаарх 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн актаар /хх2-59/ тооцоо нийлсэн 10 500 000 ам. долларын төлбөр төлөх баталгаа болгон 3 вексель бичиж, төлбөр авагч “Ж”ХХКвекселийн эзэмшигч болсон үйл баримтын талаар болон нийт 3 векселийн төлбөрийг Хадгаламж банк төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин Вексель эзэмшигч “Ж”ХХКнь 4 000 000 ам.долларын үнэ бүхий жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй векселийг “Хадгаламж банк” ХХК-д 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн SV2013/01 вексель арилжааны гэрээгээр худалдаж, дамжуулан бичилтийг 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийхдээ Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дамжуулан бичилт хийхэд хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр векселийг болон вексель арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоосон, 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.доллар төлснийг “Ж”ХХК-аас нэхэмжилж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлэх ёстой байхад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн “Төрийн банк” шаардах эрхгүй гэж хариуцагч маргажээ.
Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкны эрх хүлээн авагчийг томилж, А/157 дугаар тушаалаар уг банкийг татан буулгасан баримтууд хэрэгт авагдсан, мөн Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчтай 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх 002/2013БЭХА/154 дугаартай гэрээ байгуулж, Хадгаламж банкнаас мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, зээлийн өрийн үлдэгдэл, бусад хөрөнгө зэрэг 8 төрлийн хөрөнгө, Хадгаламж банкны харилцах данс, хадгаламж зэрэг 6 нэр төрлийн өр төлбөрийг шилжүүлэн авсны дотор Улаанбаатар төмөр замын шилжих вексель 4 000 000 ам.доллар, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ханш 1470 төгрөгөөр тооцогдон 5 881 960 000 төгрөг, бусад актив хөрөнгийн дансны дэлгэрэнгүй үлдэгдэлд “УБТЗ” шилжих векселийн хүүгийн авлага 205 333.34 ам.доллар буюу 301 940 523.14 төгрөгийн авлага шилжиж ирсэн нь баримтаар тогтоогдсон байх тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг өр төлбөрөөс чөлөөлсөнтэй холбоотой үүрэг шаардах эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн банк”-д шилжсэн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хийсэн шүүхийн дүгнэлт зөв.
“Ж”ХХКнь УБТЗ бичсэн 4 000 000 ам.долларын үнэ бүхий жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй векселийг “Хадгаламж банк” ХХК-д 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн SV2013/01 вексель арилжааны гэрээгээр худалдаж, дамжуулан бичилтийг 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийхдээ Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр векселийг болон вексель арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр тогтоосон, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх боловч вексельд дамжуулан бичилт хийж, векселийн арилжааны гэрээ хийгдсэн даруйд буюу 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Хадгаламж банк” ХХК нь векселд заагдсан 4 000 000 ам.долларыг “Ж”ХХК-д төлсөн үйл баримт нэгэнт тогтоогдсон тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Ж”ХХК-д төлбөл зохих төлбөрийг төлсөн, төлбөр хийгдсэнээр нефтийн бүтээгдэхүүний өр төлөх үүргээс хариуцагч МОХННУБТЗ-чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцнэ.
Хариуцагч МОХННУБТЗ-нь 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын хүүгүй векселийн үнийг 2013 оны 5 дугаар сарын 22-ны болон 28-ны өдөр тус тус 2 000 000 ам.доллараар, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 2 500 000 ам.долларын үнэ бүхий векселийн төлбөрийг 2013 оны 6 дугаар сарын 11-ний өд 2 500 000 ам.доллараар Хадгаламж банканд төлж барагдуулсан, маргаж буй векселийн үнийг төлөөгүй байгаа талаар “Улаанбаатар аудит Корпораци” ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэж байсан /хх1-36/, мөн “Төрийн банк” ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 12/962 дугаар албан бичгээр дээрх векселийн төлбөр төлөгдөөгүйг дурдаж, уг төлбөрийг “Ж”ХХКхариуцахыг мэдэгдсэн/хх1-39/ зэрэг баримтууд авагджээ.
Дээрх баримтуудыг харьцуулан үнэлбэл хариуцагч нь вексель эзэмшигч “Ж”ХХКвекселийг банканд шилжүүлэхдээ Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчтэй харилцан тохиролцоогүй, мэдэгдээгүй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, шүүх маргаж буй векселийн үнийг Хадгаламж банканд төлөх талаар мэдэж байсан гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн, үндэслэл бүхий байна.
Харин нэхэмжлэгч нь Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар векселийн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй тул маргаан бүхий 4 000 000 ам.долларын үнэ бүхий векселийн 12 хувийн хүү гэж 380 000 ам. долларыг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь зөв.
“Ж”ХХК-тай байгуулсан нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу төлбөл зохих 2013 оны 1 дүгээр сард нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ буюу векселиэр гэрчлэгдсэн төлбөрийг төлж барагдуулсан гэж тайлбарлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас шүүхэд гаргасан баримтуудын агуулга, хугацааг харьцуулан үзвэл /хх4-131-172/ 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоосон төлбөрийг төлснийг нотлохгүй байна, тодруулбал, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн даалгавар 120, ДТ-ний төлбөр 4 398 000 ам.долларын төлбөр, /хх4-144/, 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн даалгавар 121, ДТ-ний үлдэгдэл төлбөр 617 505 ам.долларын төлбөр /хх4-145/ нь тухай бүр хийгдсэн нэмэлт гэрээг үндэслэн 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн7/2013 болон 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 8/2013 дугаар тооцоо нийлсэн актын дагуу хийгдсэн төлбөр болох нь “Ж”ХХК-аас нийлүүлэгдсэн нефть бүтээгдэхүүний төлбөрийн тайланд тусгагдсан, 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоосон төлбөрийг төлсөн агуулга тусгагдаагүй, өөр бусад байдлаар векселийн үндэслэл болсон төлбөрийг барагдуулсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүх 2013 оны 1 дүгээр сард нийлүүлсэн нефть бүтээгдэхүүний үнэ төлөгдсөн гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзлыг нотлогдоогүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн маргаж буй үндэслэлд хамааралтай, эргэлзээгүй талаас нь зөв үнэлсэн гэж үзнэ.
Хариуцагч МОХННУБТЗ-нь векселиэр гэрчлэгдсэн төлбөр шаардах эрхийг хуульд зааснаар шилжүүлэн авсан этгээдэд төлбөрийг төлөлгүй татгалзаж байгаа нь дээрх байдлаар үндэслэлгүй, өрийг нь төлснөөр үүргээс чөлөөлөгдсөн нь тогтоогдож байх тул Төрийн банк төлбөр төлөхөөс татгалзсан хариуцагчийн данснаас 721 227,95 ам.долларыг төлбөрт суутгаж авсныг буцаах үндэслэлгүй, шүүх “Төрийн банк” ХХК-ийн мөнгөн гүйлгээг зогсоосон хууль бус үйлдлийг тогтоолгох, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын данснаас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 721 227 ам.доллар 95 центийг суутган авсныг буцаан гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Нэхэмжлэгч нь дээрх суутган тооцсон мөнгөн дүнг төлбөл зохих төлбөрийн дүнгээс хасч тооцсоныг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг 6 664 235 343 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 41 849 941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.ОТГОНЦЭЦЭГ