Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0241

 

2016 оны 3 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0241

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Д.Зоригтбаатар, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б****ч овогт С****вын Ц******р, А******д овогт Ч****эгийн Д*****р, Ч**с овогт С*****рын Б******р, Ч**с овогт Сү******рын Ба******ь, М*****т овогт Сэ****нгийн Ба*******л, Чү****м овогт Аг********вын Жа*********н, Мо****л овогт Пү*******жийн Э*******р, Д*****а овогт Б**дын О**********р, Б****ч овогт С****вын Цо******х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ца*******р,

Хариуцагч: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: А*****н з****н ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А*****н з****н ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д*****р, С.Ц******р, С.Ба*******л, С.Ба******ь, С.О**********рын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нарандэлгэр, С.Б******р, С.Цо******х, Г.Б******р, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ца*******р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д********г, иргэдийн төлөөлөгч Л.Н*******г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Акмарал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ца*******р нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Зайсангийн аманд оршин суудаг дээрх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Эдгээр 9 иргэн нь бүгд Зайсангийн ам, дайчдын хөшөө гэх хаягт олон жил (9-38 жил хүртэл) амьдарсан уугуул болон суугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд мөн төдийгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн иргэд юм.

Эдгээр иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богд-Хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсан болно.

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 дугаар захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан.

Үүний дагуу Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгсөн. Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч дээрх 9 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээг нь олгоогүй. Эдгээр 9 иргэн нь тухайн газар дээр олон жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй, өөр компанид кадастрыг нь давхардуулан газар ашиглах эрх олгосон байх нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

Улмаар иргэдэд газар ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь А*****н з****н ХХК-тай газрын кадастрыг давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон байсан. А*****н з****н ХХК нь иргэдийг албадан нүүлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч шүүхээс мөн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Дээрх иргэд албан ёсны хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний үндсэн эрх болох газар ашиглах, эзэмших эрхээ олж авч чадахгүй байгаагийн улмаас газар дээрээ амины байшин барих, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг эрхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр дээрх 9 иргэдийн газрыг авсан гэх компани нь тухайн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно.

Эдгээр 9 иргэн нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар нэгдсэн байдлаар хандсан боловч хариу өгөхгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ба*******рын 10/6222 тоот албан тоотоор "А*****н з****н" ХХК-тай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй гэсэн мэдэгдэл өгсөн юм.

Иймд дээрх 9 иргэний оршин суудаг газартай, А*****н з****н ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан тусгай хамгаалалтай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээ-ний дээрх 9 иргэний газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү гэв.

Хоёр. Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д********г нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 9 иргэн нь Зайсангийн аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд" гэжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар "удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий" ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах, Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон. Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь:

Хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. Гэтэл эдгээр иргэд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно", 35 дугаар зүйлийн 1-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 37 дугаар зүйлийн 1-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад А*****н з****н ХХК-д давхардуулан газар ашиглах эрх олгосон байна гэжээ.

"А*****н з****н" ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны бусад хууль тогтоомжид заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэн хууль ёсоор ашиглах эрх 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 450 тоот газар ашиглах гэрчилгээгээр 0.8 га газарт үүссэн байна. Иргэдийн хууль ёсны газар ашиглах эрхийг хөндөж "А*****н з****н" ХХК-д давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон бус А*****н з****н ХХК-ийн хууль ёсны эрх ашиг, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар оршин сууж байгаа болно. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй юм.

Иймд 9 нэр бүхий иргэнд газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй тул эдгээр иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Гурав. Гуравдагч этгээд А*****н з****н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Ч.Д*****р зайсанд 38 жил амьдарч байна гэж байгаа боловч одоогоор амьдарч байсан гэх нотлох баримт байхгүй байна. Уг газар үйл ажиллагаа явуулаагүй гэж байна. Шүүхээс газрын үзлэг хийхэд орц, гарцыг тойруулаад хашаа барьснаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төдийгүй, бодит байдал дээр машин байтугай явган хүн орж гарах ч хэцүү байдалтай байгаа. Мөн орц, гарц хааснаас болж 2 хөрөнгө оруулагч компани хөрөнгө оруулахаас татгалзсан бөгөөд үүнээс болж их хэмжээний хохирол учирч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээ байгуулсан 2 компанид торгууль нөхөн төлсөн.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба зэрэг холбогдох бүхий л газраас зөвшөөрлийг авч, бүртгэгдсэн байдаг. Эскиз зургийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар бичиг баримтаа баталгаажуулсан байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас удаа дараа газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч нэхэмжлэгчид газар чөлөөлж өгөөгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Л.Н*******г нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...С.Ц******р нарын 9 иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч С.Ц******р, Ч.Д*****р, С.Б******р, С.Ба******ь, С.Ба*******л, А.Жа*********н, П.Э*******р, Б.О**********р, С.Цо******х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ца*******рын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэн хэсгийг нь дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Анх гуравдагч этгээд А*****н з****н ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 0,8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглахыг Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрч, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 450 дугаартай, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгож, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр газар ашиглуулах гэрээг байгуулсан байх бөгөөд газар ашиглах эрхийн гэрчилгээг 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар сунгаж гэрчилгээний хавсралтад бичилт хийлгэсэн байна.

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. гэж заасны дагуу Байгаль орчны сайдаас ямар нэгэн тушаал, шийдвэр гараагүй, гараагүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн бөгөөд Байгаль орчны сайд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахыг хүссэн иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийн дагуу газар ашиглуулах эсэх талаар өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй байна.    

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж байгаа иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь баталж, тус хороонд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг газар дээр нь шалгаж, бүртгэлжүүлэхийг үүрэг болгосон байх бөгөөд дээрх батлагдсан төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны иргэдийн нэрсийг газар дээр нь тулгаж, баталгаажуулан кадастржуулах, талбайн хэмжилтийг газар дээр нь хийх, газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах талаар заажээ.

Үүний дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/6210 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт хандаж ...эхний ээлжинд төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байрлаагүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц гарц таглаж буугаагүй иргэдэд газар ашиглах эрхийг олгож гэрчилгээжүүлж, харин төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцсан 85, голын хамгаалалтын бүсэд орсон 29, орц, гарц таглаж буусан 4, мэдээллийн санд бүртгэлгүй хоосон газарт кадастр хийлгэсэн 11, орон сууцны барилга баригдсан 5 иргэний ашиглаж буй газрын ашиглах эрхийг олгох боломжгүй талаар дурдаад нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн байх бөгөөд энэхүү жагсаалтад нэхэмжлэгч нарын нэрс бүгд А*****н з****н ХХК-ийн газартай давхцалтай, шүүхийн маргаантай гэж бүртгэгдсэн байна.

Маргаан бүхий газар буюу нэхэмжлэгч нарын олон жил амьдарсаар ирсэн газар болон гуравдагч этгээд ашиглуулахаар олгосон газрууд нь хоорондоо давхцалтай болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан кадастрын зургийг агаарын зурагтай давхцуулан хариуцагчаас ирүүлсэн зураг гэх зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Ц******р 2001 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг ДХ байр 1-2б тоот, Ч.Д*****р 2000 оноос 4 хэсэг ДХ-1 байр 3 тоот, С.Б******р 2000 оноос 4 хэсэг ДХ-1 байр 3 тоот, 2000 оноос С.Ба******ь 4 хэсэг ДХ-1 байр 2 тоот, С.Ба*******л 2005 оноос 4 хэсэг дайчдын хөшөө 1 гудамж 60 тоот, А.Жа*********н 2000 оноос 4 хэсэг ДХ-1 байр 34-3 тоот, П.Э*******р 2000 оноос Дайчдын хөшөө 1 гудамж 50 тоот, Б.О**********р 2006 оноос 4 хэсэг ДХ-1 гудамж 69-6 тоот, С.Цо******х 2001 оноос 4 хэсэг ДХ-1 1-95 тоотод одоог хүртэл гэр бүлийн хамт оршин сууж байгаа нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, тус хорооны Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын магадлагаанууд, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Төрийн өмчийн хорооны 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 313 дугаар тогтоолоор Улсын клиникийн төв эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үндсэн хөрөнгийг акталж, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахыг зөвшөөрч, акталж буй 4 айлын сууц, модон агуулах, зоорийн барилгыг байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналтын дор зохих үнээр худалдахаар шийдвэрлэсний дагуу Улсын клиникийн төв эмнэлгийн ерөнхий захирлын 2003 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн а/91 дүгээр тушаалаар үндсэн хөрөнгөөс хасагдаж, ашиглах боломжгүй болсон аж ахуйн хашаа, агуулахууд, ногооны зоорийг ажилчдын нийгмийн асуудалд тус нэмэр болгон өөрийн гэр орон, хашаа байшингүй ажилчдад тэдний хүсэлтийг харгалзан, Богд уулсын тусгай хамгаалалтын бүсэд байгаа 4 айлын сууцыг эзэмшиж байгаа хүмүүст нь худалдан борлуулахаар шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэснийг үндэслэн нэхэмжлэгч А.Жа*********н нь өөрийн амьдарч байсан, маргаан бүхий хаягт байрлах газар дээр байсан 2 айлын сууцыг 800.000 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл тэндээ амьдарч байна.

Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт дээр дурдсан хугацаанаас эхлэн амьдарсан боловч газар ашиглах тухай хүсэлтүүдээ 2012 онд Хан зайсан холбоо ТББ-аар дамжуулан газар ашиглах хүсэлтийг гаргаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8/1394 дугаар албан бичгээр хариу авч байсан байх бөгөөд мөн нэхэмжлэгч П.Э*******р, Б.О**********р, С.Ба*******л нар нь 2015 онд, С.Цогтбаатар 2014 онд, С.Б******р 2011 онд тус тус Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана. гэж заасны дагуу газар ашиглах хүсэлтээ  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарын 2000, 2001 оноос эхлэн олон жил амьдарсан газрыг гуравдагч этгээд А*****н з****н ХХК-д ашиглуулахаар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч нарын амьдарч байгаа маргаан бүхий газар нь урьд нь газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байрлаагүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц гарц таглаагүй, гагцхүү 2007 онд гуравдагч этгээд А*****н з****н ХХК-д эзэмшүүлсэн газартай бүхэлдээ давхцалтай гэх үндэслэлээр гэрчилгээ олгож, бүртгэлжүүлэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах, 2/ тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлж энэ асуудлаар Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, 35 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана гэж тус тус зааснаар төрийн бодлого, Засгийн газрын хурлаар хэлэлцсэн асуудлыг хүрээнд гарсан дээрх сайдын тушаалыг агуулгыг зөрчиж, олон жил амьдарсан иргэдийн эрхийг хангахаас сүүлд авсан газар ашиглах эрхтэй этгээдийн газартай давхцсан гэх үндэслэлээр татгалзсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ца*******рын гаргасан ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А*****н з****н ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээ-ний нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А*****н з****н ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээ-ний нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч С.Ц******р, Ч.Д*****р, С.Б******р, С.Ба******ь, С.Ба*******л, А.Жа*********н, П.Э*******р, Б.О**********р, С.Цо******х нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана. гэж заасны дагуу хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтнаар дамжуулан журмын дагуу гаргаж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. гэж заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд нөхцөл байдлыг цаашид тодруулж, судлаж шийдвэрлэх шаардлагатай байх тул дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц******р, Ч.Д*****р, С.Б******р, С.Ба******ь, С.Ба*******л, А.Жа*********н, П.Э*******р, Б.О**********р, С.Цо******х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ца*******рын гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А*****н з****н ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээ-г нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А*****н з****н ХХК-д 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт 450 дугаар гэрчилгээгээр 0.8 га газрыг ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгосугай.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан шинэ акт гартал нэхэмжлэгч С.Ц******р, Ч.Д*****р, С.Б******р, С.Ба******ь, С.Ба*******л, А.Жа*********н, П.Э*******р, Б.О**********р, С.Цо******х нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА

                                                            ШҮҮГЧ            Д.ЗОРИГТБААТАР

                                                                                               Д.ОЮУМАА