Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 135

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул             даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03116 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түүний үр дагаврыг арилгуулан өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Янжинхорлоо, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Янжинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан талуудын эрх үүрэгтэй нийцээгүй гэрээ юм. Мөн бичгээр хийсэн хэлцэл буюу үүрэг үүсгэж байгаа үүргийн эрх зүйн гэрээний хувьд Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Хариуцагч зээлийн төлбөрт газар, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн авсан гэдгээ үгүйсгэдэггүй. Энэ нь 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тэмдэглэлд тусгагдсан. Г.О- болон Д.О- нарт худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. “НБМ Финанс” ББСБ нь Д.О-ийн зээлж авсан 10.000.000 төгрөг дээр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 14.000.000 төгрөгөөр үнэлэн газар, үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцон шилжүүлж авсан. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр тооцож, гэрээ хийгээгүй. Гэрээг бичгээр хийсэн, гэрээн дээрх таны гарын үсэг үнэн гэж нэхэмжлэгчид хэлсэн. Барьцаанд байгаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахдаа хуульд заасан журмын дагуу тодорхой дэс дарааллыг дагаж мөрдөх ёстой. Иргэний хуулийн 174 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу тодорхой ажиллагаа хийгдэж байж барьцаанд байгаа эд хөрөнгийг өмчлөлдөө авах эрх нээгдэнэ. Зээлийн өр төлбөртөө авсан тохиолдолд “НБМ Финанс” ББСБ-ын өмчлөлд шилжих ёстой байсан хэдий ч иргэн Г.О- өөр хэлцлийг халхавчлах зорилготойгоор нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулахын тулд тухайн эд хөрөнгийн эзэнд бичгээр мэдэгдэл хүргүүлэх ёстой хэдий ч нэхэмжлэгчид албан ёсоор бичиг хүргэн мэдэгдээгүй. Хуулийн хоригийг зөрчиж хэлцэл хийсний улмаас Г.О- гэх хувь хүн, хуулийн этгээд хоёрын төлбөр, тооцоо холилдсон. Нотариатын үнийн дүнг бага байлгах үүднээс ийм хэлцэл хийж байгаа гэж Д.О-т хэлээд 6.000.000 төгрөг болон 8.000.000 төгрөгийн хэлцэл дээр гарын үсэг зуруулсан байдаг. Газар, үл хөдлөх эд хөрөнгийг нэг бол худалдсан эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор шилжүүлэн авсан байх шаардлагатай. Дээрх 2 зүйлийг нэг дор зэрэг явуулах хуулийн зохицуулалт байхгүй. Барьцааны газрыг шүүхийн бус журмаар дуудлага худалдаанд оруулахгүйгээр өмчлөлдөө шилжүүлэн авах эрхгүй. Мөн 6.000.000 төгрөг болон 8.000.000 төгрөгөөр талууд хооронд хэлцэл хийх үед МБМ Финанс ББСБ-аас Г.Оюунчимэгт итгэмжлэл олгоогүй. Нэгдүгээрт, хуулийн хоригийг зөрчиж хийсэн 2 хэлцэл гэдгээрээ үүргийн эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Газар, үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэний улмаас өмчлөх эрхээ сэргээлгэх боломжгүй болсон байж болох юм. Гэвч хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна гэж хуулинд заасан тул Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу зөрүү мөнгийг шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлтэй байсан ч хүсэлт гаргах хугацаа дууссан учир одоогийн нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О- нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “НБМ Финанс” ББСБ-аас  10.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээтэй цуг барьцааны гэрээ байгуулж, маргааны гол зүйл болох газар, хувийн сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгч Д.О- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй учир талууд өр төлбөрийн асуудлаа хэрхэн шийдэх талаар шийдэл хайсан. Зээлийн гэрээ байгуулснаас 11 сарын дараа буюу 2016 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцсоны үндсэнд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Д.О- нь өөрийн өр төлбөрийг төлөх хүсэл зоригтойгоор хэлцэл байгуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Д.О-тэй байгуулсан барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасан. Үүний дагуу манай байгууллага хуульд зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн  иргэнтэй тохирилцон гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Д.О- нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж хувийн орон сууцаа 8.000.000 төгрөгөөр, газраа 6.000.000 төгрөгөөр худалдахыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээг хаах санал гаргасан. ББСБ нь хугацаандаа зээлээ авч чадаагүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд  муу зээлээр бүртгэж, байгууллагын үзүүлэлтэд нөлөөлдөг учир иргэн Г.О- гэрээ байгуулсан. Мөн манай байгууллага нь Н.Ариунболд гэх хүний өмнө үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгчийн өмнөөс Н.Ариунболдын өр төлбөрийг барагдуулах боломжгүй. Нотариатын хураамжийг багаар тусгах зорилгоор ийнхүү гэрээ байгуулсан гэх талаар нотлох баримт байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан нь гэрээ хүчин төгөлдөр бөгөөд барьцааны гэрээнд заасны дагуу талууд харилцан тохиролцож барьцааны зүйлийг өр төлбөртөө авсан. Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг ч удаа зээлийн төлбөр төлөөгүй. Тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэ 24.000.000 төгрөг учир зөрүү мөнгийг гаргуулан авахаар тохиролцох боломж нэхэмжлэгчид байсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хөрөнгийг зээлийн данс руу шилжүүлж зээлийг хаасан. Одоогоор нэхэмжлэгч Д.О- нь  “НБМ Финанс” ББСБ-д өргүй. Талууд харилцан тохиролцсон учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагагүй байсан гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 234 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.О-т холбогдуулан гаргасан, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1068, 1069 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хоёр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түүний үр дагаврыг арилгуулан өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудад худалдах ба худалдан авах хүсэл зориг байгаагүй, үүргийн гүицэтгэлийн хангуулах журмаар шилжүүлэн авсан гэж хариуцагч өөрөө мэдүүлсээр атал шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ гэж үзэх ямар ч боломжгүй. Газрын үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг зөрчиж, шүүхийн бус журмаар хураан авахыг хориглосон атал, зээлдүүлэгч компанийн захирал иргэн Г.О- өөрийн өмчлөлд шилжүүлсэн авсныг шүүх өөрөө зөвтгөж байгааг хүлээн авах боломжгүй. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн газар, хувийн сууцаа анх засах гэж л зээл авснаас эхлэн, өндөр хүүтэй өрийн дарамтанд орж, хоорондоо холбоотой зээл чөлөөлдөг иргэн ба ББСБ-ын хооронд давхар бичигдсэн зээлүүдээс хохироод байгаа миний хувьд 6.000.000 төгрөг, 8.000.000 төгрөг биш, бодит шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 24.000.000 төгрөгөөр өр хаагдсан болохыг тогтоолгох л зорилготой байгаа. Одоо орон гэргүй болж айлаар, түрээсээр амьдардаг нэхэмжлэгч намайг оршин суугаа хаягийг тодруулалгүй шүүх хуралдааны явуулсанд гомдолтой байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг шүүх яагаад анхаарч үзэхгүй, хэрэглэхгүй байгаа үндэслэл нь удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчил гэж анхааруулсан байхад ямар нэг ажиллагаа хийгээгүй гэж бичсэн байна. Ингэж надад сануулсан баримт хэрэгт байхгүй.

2 хөлний судасны хагалгаанд ороод удаан хугацаагаар өвчтэй байсан надад шүүх хуралдаанд биеэр орох боломжийг гаргаж, шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлгыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Г.О-т холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бд 1068, бд 1069 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, түүний үр дагаврыг арилгуулан өмчлөх эрхээ сэргээлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13638 дугаар шүүгчийн захирамжаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулахдаа дараагийн шүүх хуралдааны товыг шүүгчийн захирамжаар бус хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан шаардлагыг зөрчсөн байна.  \хх-ийн 163, 247\

Түүнчлэн шүүх хуралдаан болох өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн, хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтуудыг танилцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 246,247 дугаар тал

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ      

                                                          ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ         

                                                                                                     Н.БАТЗОРИГ