Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2017/ДШМ/08

 

С.Сүлдбаатарт холбогдох ял эдлэх дэглэмийг дээшлүүлэх материалын тухай

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдаанд:

Прокурор Г.Баяраа Хүний тоо бүртгэлийн байцаагч Ө.Бадамцэцэг, Хорих ангийн төлөөлөгч Ц.Батсайхан Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Г.Баяраагийн эсэргүүцлийг үндэслэн ялтан С.Сүлдбаатарт холбогдох ял эдлэх дэглэмийг дээшлүүлэх тухай материалыг 2017 оны 02 дугаар сарын 23- ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Тайжууд овогт Сундуйн Сүлдбаатар, 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ** дугаар хороо Гацуурт Баяндөхөмийн ** айлын ** тоотод оршин сууж байсан, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймаг дахь Хорих 439 дүгээр ангиас ялтан С.Сүлдбаатарыг хорих ангийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр түүний ял эдлэх дэглэмийг дээшлүүлэх тухай санал гаргажээ. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр захирамжаар: Ялтан Тайжууд овогт Сундуйн Сүлдбаатарын эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 1 хоногийн хорих ялын дэглэмийг чангаруулж гянданд хорих ялаар солих тухай прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгож, захирамжинд ялтан гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баяраа эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.6 дах хэсэгт “Жилд хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээсэн ялтан дахин зөрчил гаргавал хорих ял эдлүүлэх дэглэмийг чангаруулах тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ” гэжээ. Хууль тогтоогчийн зүгээс дээрх хуулийн заалтад “Жилд гурваас дээш удаа” гэж заагаагүй байхад шүүгч “ялтан жилд буюу 12 сарын дотор доод тал нь 3, түүнээс дээш сахилгын шийтгэл хүлээсэн байхыг … ойлгох” хэмээн тайлбарласан байх ба дээрх хуулийн заалтыг “Ялтан жилд буюу 12 сарын дотор доод тал нь 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн, 3 дах зөрчил нь ноцтой зөрчил байх”-ыг ойлгоно. Монгол Улсын Их Хурлаас болон Улсын дээд шүүхээс хуулийн дээрх заалтад заасан “Ноцтой зөрчил”-ийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаагүй бөгөөд прокурорын хувьд ялтан С.Сүлдбаатар нь “Хууль журмыг удаа дараа зөрчиж, ялтан Г.Сайнхүүг ална шүү, мөгөөрсөн хоолойг тас цохино хэмээн заналхийлж, зүй бусаар авирлаж, хорих ангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа нь” ноцтой зөрчил хэмээн үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 439 дүгээр ангийн онцгой дэглэмд “хоёр ба түүнээс дээш удаа онц гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлд заасан “онц аюултай гэмт хэрэгтэн” ял эдэлдэг бөгөөд тус дэглэмийн харуул хамгаалалт нь жирийн, чанга дэглэмтэй хорих ангийн харуул хамгаалалтаас онцлогтой. Ялтнууд хоорондоо харьцахдаа энгийн иргэдийн адилаар бие биенээ “Та” гэж харьцах талаар Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 08- ны өдрийн А/230 дугаар тушаалаар баталсан “Хорих ангийн дотоод журм”-ын 7.4 дэх хэсэгт заасан ба ялтан С.Сүлдбаатарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “Ялтан Сайнхүүг ална шүү, мөгөөрсөн хоолойг тас цохино хэмээн заналхийлсэн” зөрчил нь ноцтой зөрчил мөн бөгөөд түүний хэлсэн үг нь үйлдэл болон хэрэгжих бүрэн боломжтой юм. Гэтэл шүүгч ялтан С.Сүлдбаатарын гаргасан 3 дах зөрчлийг харсан, хажууд нь байсан мэтээр “уг заналхийлэл бодитой биш байна” хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дах хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. Шүүгчийн захирамжид дурьдсан “ нийгмийн аюулаар их нийгэмд хор учруулахуйц шинж”-ийг ялтан С.Сүлдбаатарын гаргасан зөрчил бүрэн агуулсан байх бөгөөд онцгой дэглэмд ял эдэлж буй ялтнууд хэн нэгнийгээ “Ална шүү” хэмээн заналхийлэх нь гэмт хэрэг үйлдэгдэх , эмх замбараагүй байдал бий болох, цаашлаад хорих ангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөлийг алдагдуулах нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй ялтан С.Сүлдбаатарын шүүх хуралдааны үед хэлсэн “Би ялтан Г.Сайнхүүг ална шүү, мөгөөрсөн хоолойг тас цохино хэмээн заналхийлсэн зүйл байхгүй, Алдаа дутагдал гаргахгүй байх талаар амлалт өгч байна...Хорих ангидаа хамт олонтойгоо баймаар байна… ” гэсэн хүсэлтэд хөтлөгдөж прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон нь “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах ” зарчмуудыг алдагдуулжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагад шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаар захирамж нийцээгүй байна. Учир нь “…Тэргүү хэсэгт “Дэглэм чангаруулах тухай прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгох тухай”, ял шийтгэлийн хэсэгт “2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 251 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ялд … Сүлдбаатарын 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялын… 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус оногдуулж… ТОДОРХОЙЛОХ нь: хэсэгт …” Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн “ гэж…ялтны гаргасан зөрчлийн талаар дурьдсан хэсэгт… 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн в/83 тоот тушаалаар “сахилгын байранд 30 хоног хорих” … ЗАХИРАМЖЛАХ нь хэсэгт …1. Ялтан Тайжууд овогт Сундуйн Сүлдбаатарын эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 1 хоногийн хорих ялын дэглэмийг чангаруулж гянданд хорих ялаар солих тухай прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгосугай…” хэмээн дурьдсан байна. Мөн шүүх хуралдааны явцад прокуророос ярьж хэлээгүй үг, гаргаагүй саналыг буюу “Ялтан С.Сүлдбаатар дэглэм дээшилж ирээд удаа дараа зөрчил гаргасан. Сүүлийн 3 удаагийн зөрчлийг удаа дараа гаргасан…Хорих ангид эдлэх ялын зарим буюу 2 жилийн хорих ялыг гянданд эдлүүлэх саналтай байна” гэжээ. Гэтэл шүүх хуралдаанд прокурор оролцохдоо “…Ялтан С.Сүлдбаатар нь дэглэм буурч ирээд удаа дараа зөрчил гаргасан. Сүүлийн 3 удаагийн зөрчлийг ойр ойрхон хугацаанд буюу 24, 27 хоногийн зайтай гаргасан. Иймд эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 1 хоногийн хорих ялыг гянданд эдлүүлэх саналтай байна…” хэмээн дүгнэлтээ гаргасан. Шүүх хуралдаанд хорих 439 дүгээр ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч, хошууч Ө.Бадамцэцэг оролцсон байхад “төлөөлөгч Ө.Бадамцэцэг” оролцож санал гаргасан мэтээр захирамжинд дурьдсан байх ба дээрх алдаа бүхий захирамж гарсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчжээ. Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив … гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон прокурор: “…Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгоно уу...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хянаж үзвэл: ялтан С.Сүлдбаатарын хорих ял эдлэх дэглэмийг чангаруулах үндэслэл тогтоогдохгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ялтан С.Сүлдбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн нь тогтоогдож байна. Хугацааг жилээр тоолоход хугацаа нь дараа оны тухайн сарын тухайн өдөр дуусах ба дээрхи баримтуудаас дүгнэвэл түүнийг жилд 3 удаа сахилгын шийтгэл хүлээсэн гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.6-д “Жилд хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээсэн ялтан дахин ноцтой зөрчил гаргавал хорих ял эдлүүлэх дэглэмийг чангаруулах тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

Хууль тогтоогчийн “Хоёроос дээш” гэдгийг “хоёр буюу түүнээс дээш” гэж явцуу ойлгож болохгүй бөгөөд мөн ялтан С.Сүлдбаатарыг “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хорих ялын дэглэмийг чангаруулж гянданд хорих ялаар солих тухай “прокурорын тогтоол”-ыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, прокурорын эсэргүүцлийн энэ талаар гаргасан хэсгийг хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 335 дугаар зүйлийн 335.1-т заасантай нийцүүлэн шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгч захирамж гаргахдаа үг үсэг буюу техникийн шинжтэй алдаа болон сахилгын шийтгэлийг буруу бичих зэрэг хайхрамжгүй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “...прокурорын тогтоолыг...” гэснийг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай. 3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА

С.УРАНЧИМЭГ