Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00659

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00659

 

Д.Ц-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00285 дугаар шийдвэртэй, Д.Ц-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ЦГ ХХК-д холбогдох,

Зээл 28 450 000 төгрөг, хохиролд 12 589 242 төгрөг, нийт 41 039 242 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ЦГ ХХК-ийн захирал Г.Надмидцэрэнгийн хүсэлтээр 2016 оны 02 сарын 05-нд тус компанийн Хас банк ХХК дахь 6001026400 тоот дансанд 18 450 000 төгрөг, 2016 оны 03 сарын 02-нд мөн 6001026400 тоот дансанд 10 000 000 төгрөг, нийт 28 450 000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн. Мөнгө шилжүүлсэн баримт, Г.Надмидцэрэнгийн "өгнө, удахгүй" гэснийг үндэслэн мөнгөө шаардаж байна. Дээрх 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 18 000 000 төгрөгийг Д.Ц өөрийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь хугацаатай хадгаламжаас гарган өгсөн. Хэрэв уг мөнгө өнөөдрийг хүртэл банканд байсан бол 6 545 735 төгрөгийн хүү бодогдох байсан. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн 10 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг мөн өөрийн хадгаламжаас гаргасан ба 1 758 040 төгрөгийн хүү бодогдох байсан. Зээл 28 450 000 төгрөг, хохиролд 8 303 775 төгрөг, нийт 36 753 775 төгрөгийг хариуцагчаас шаардаж байснаа дараах байдлаар шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: 2018 оны 10 сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл 18 000 000 төгрөг банкандаа байсан бол хүү 3 293 045 төгрөг, 5 000 000 төгрөг банканд байсан бол 992 422 төгрөг болох байсан. Нийт 4 285 467 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Зээлд 28 450 000 төгрөг, хохирол 12 589 242 нийт 41 039 242 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЦГ ХХК-д 28 450 000 төгрөг зээлүүлсэн баримт байхгүй. Дээрх 28 450 000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Ц-наар дамжуулан компанийн дансанд хийсэн болохыг гүйлгээ хийсэн баримтаас харж болно. Банкны хүүг зөвшөөрөх боломжгүй. Маргаж буй мөнгийг шилжүүлж байгаа гүйлгээний утга нь 02 сарын 05-нд касснаас, харин 03 сарын 02-нд касснаас орлого гэсэн байдаг. Талуудын хооронд зээлийн хэлцэл тогтоогдоогүй. Б.Лхагвасүрэн нь нягтлан болохоос компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЦГХХК-аас 28 450 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 589 242 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 425 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 300 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ЦГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлэн дүгнэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгддөг мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хариуцагч тал татгалзсан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэл заасан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хуулийн этгээдийн хувьд байсан гэх бэлэн мөнгийг санхүүгийн анхан шатны болон бусад баримтаар нотлох боломжтой" учир хариуцагчаас мөнгө зээлсэн гэх агуулгаар маргааныг шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө зээлсэн талаарх нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч Д.Ц болон Б.Лхагвасүрэн нарын хооронд бичигдсэн мессежийг нотлох баримтаар үнэлж маргааныг шийдвэрлэсэн. Гэвч Б.Лхагвасүрэн гэх этгээд нь компанийн бүрэн эрхтэй төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш, мөн тухайн хоёр этгээд нь хамтын амьдралтай байсан бөгөөд хамт амьдарч байх хугацаанд бичсэн мессеж, эсхүл өөр асуудлаар бичсэн харилцаа ч байх боломжтой бөгөөд тухайн мессеж нь мөнгө өгсөн, эсхүл зээлсэн талаарх нөхцөл байдлыг бүрэн нотолж чадахгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... гэвч уг тайлбар нь хариуцагчийн бэлэн мөнгөний кассанд байсан дээрх мөнгийг хариуцагч хуулийн этгээдэд хамааралгүй этгээд болох нэхэмжлэгчээр дамжуулж өөрийн харилцах дансанд байршуулсан боловч дээрх мөнгө олгохдоо баримт үйлдээгүй гэх тайлбараар үгүйсгэгдэж байна. Хэрэв хариуцагч нь өөрт байсан мөнгийг хамааралгүй этгээдэд олгосон бол санхүүгийн анхан шатны баримт үйлдэх байсан гэж үзлээ" гэж дүгнэсэн байдаг. Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгч нь компанид огт хамааралгүй этгээд биш байсан бөгөөд дээр дурдсанчлан компанийн нягтлан бодогч Б.Лхагвасүрэнтэй хамт амьдарч байсан, тухайн ажлын шаардлагаар хамтран амьдрагчаараа дамжуулан мөнгийг компанийн дансанд хийлгэсэн ба мөнгө өгсөн гэх баримт үйлдэх шаардлагагүй нөхцөл байдалд байсан болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь зээл 28 450 000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 12 589 242 төгрөг, нийт 41 039 242 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 28 450 000 төгрөг нь ЦГ ХХК-ийн кассанд байсан бэлэн мөнгө гэж маргажээ. /хх 1-3, 18, 157-158/

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн нэрээр 2016 оны 2 дугаар сарын 5-нд 18 450 000 төгрөгийг хариуцагч ЦГ ХХК-ийн дансанд шилжүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 2-нд 10 000 000 төгрөгийг мөн хариуцагчийн Хас банк дахь дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Эхний 18 000 000 төгрөг, мөн 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК дахь өөрийн хадгаламжийн данснаас гаргаж өгчээ. /хх 6-8/

 

Өмнө нь ЦГ ХХК нэхэмжлэгчээс хоёр ч удаа мөнгө аваад буцаагаад өгч байсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна хохиролд 12 589 242 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. /хх 155-160/

 

Талууд дээрх 28 450 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэх болсон үндэслэлийн талаар, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхэд маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн харилцаа үүссэнийг нотлохоор мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн баримтаа нотлох баримтаар гаргасныг хариуцагч няцааж чадаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь, хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, бичмэл нотлох баримтын эсрэг хариуцагч дээрх 28 450 000 төгрөг нь өөрийн компанийн кассын орлогын бэлэн мөнгө болохыг нотлох үүрэг хариуцагчид ногдох бөгөөд хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлийг нотлохгүй байна. Тэр тусмаа өөрийн компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой өөрт нь байвал зохих баримтыг гаргаж чадаагүй тул хариуцагчийг татгалзлын үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгчийн зээлийн харилцаа үүссэн гэх үндэслэлийг няцааж чадаагүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Иймд нэхэмжлэгч 28 450 000 төгрөгийг буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхийн хүрээнд хохиролд 12 589 242 төгрөг шаардсан. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан олох ёстой байсан орлогын агуулгаар тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс бичгэн хэлбэрээр гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь эрх зүйн хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж байна.

 

Хариуцагч талын Д.Ц , Б.Лхагвасүрэн нарын хооронд бичигдсэн мессежийг нотлох баримтаар үнэлж маргааныг шийдвэрлэсэн. Б.Лхагвасүрэн нь компанийн бүрэн эрхтэй төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш, мөн тухайн хоёр этгээд нь хамтын амьдралтай байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс зөвхөн мессэжийг үнэлээгүй, хэргийн нотлох баримтыг бүхэлд нь харьцуулан дүгнэж үзсэн байна.

 

Д.Ц , Б.Лхагвасүрэн нар хамтын амьдралтай байсан, Б.Лхагвасүрэн нь компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш гэх үндэслэлүүд нь Д.Ц-ны 28 450 000 төгрөгийг ЦГ ХХК-д шилжүүлсэн үйл баримтыг няцааж чадахгүй тул дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 300 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД