Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/00717

 

 “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00160 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Монгол банк”-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 598 989.83 ам доллар буюу 1 196 398 326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч “Х” дахь эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нэргүй, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр, хариуцагч Хны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, Л.Гантогтох, Б.Пүрэвнайдан, хариуцагч “Монгол банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн төлөөлөгч С.Отгонбаатар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь “Х” ХХК-иас 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/140 тоот гэрээгээр 1 081 000 ам.долларыг зээлж авсан. Тус зээлтэй холбоотой асуудлаар зээлийн хүүгийн төлөлтөнд тооцоогүй орхигдуулсан 533 486.83 ам.долларын нотлох баримтуудыг хавсарган шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд “Х” ХХК 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариу ирүүлэхдээ тооцооллыг будилаандуулсан. Компанийн захирал С.Отгонбаатарын 1 081 000 ам.долларын зээлийн барьцаанд тусгаарласан 3 000 000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 900 төгрөгөөр тооцож 2 700 000 000 төгрөгийн зээл авсан мэтээр зээл дээр нэмж тооцсон, Монгол шуудан банкнаас 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр авсан 550 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн тооцоог огт оруулалгүй орхигдуулсан байна. Нэхэмжпэгч зээлийн үлдэгдэл болох 7 383 166 426.24 төгрөгийн зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд энэ нь балансын гадуурх дансны хуулгаар ирүүлсэн зээлийн тооцооллуудтай тохирохгүй, зөрүүтэй байсан тул зээлийн хүүгийн тооцооллуудыг дахин тооцоолж үзэхэд 154 342 120.65 төгрөгийн, 11 812.08 ам долларын хүү илүү тооцож авсныг, нийт 7 удаагийн гүйлгээгээр тус банкинд төлсөн 598 989.83 ам.доллар /533 486.83 ам.доллар, 65 503 ам.доллар/ ам.долларыг тооцоонд оруулаагүй байна. Үүнээс 533 486.83 ам.доллар нь мөнгө тушаасан анхан шатны баримтаар болон шинжээчийн дүгнэлтээр тогтооогдож байгаа, харин 65.503 ам.долларын баримтгүй учраас нотлох баримтаар нотлогдож байгаа 533 486.83 ам долларыг нэхэмжилж байна. 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Х ХХК-иас авсан 1 081 000 ам.долларын ЗГ/140 тоот гэрээний дагуу 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 73 190 ам.доллар, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 25 050 ам.доллар, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 50.000 ам.доллар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 296 388.58 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2 000 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 30 000 доллар, 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 56 858.25 ам.доллар, нийт 533 486.83 ам.доллар төлсныг 1 081 000 ам.долларын зээлийн төлөлтөөс орхигдуулсан нь шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан. Шинжээч “Од бүртгэл аудит”-аас 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн төлсөн 50.000 ам.долларыг анхан шатны баримтгүй гэснийг бид үгүйсгэж байна. 1 дүгээр хавтас хэргийн 67, 68, 90 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар төлөгдсөн нь нотлогдоно. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Монгол банк, Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 533 486.83 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантогтох, Б.Энхсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Нэхэмжлэгч нь Монгол шуудан банк болон ХБ ХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ/140 тоот зээлийн гэрээ, иргэн С.Отгонбаатарын Монгол шуудан банктай 2007оны 04 дүгээр 05-ны өдөр байгуулсан 80 тоот зээлийн гэрээний үүргийг болон эдгээр гэрээнүүдийг үндэслэн “Х” ХХК болон “ХБ” ХХК, “Бамбарууш сервис” ХХК-ийн захирал С.Отгонбаатар нарын хооронд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 10/04 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-ний үүргийг шаардаж байна. Тус гэрээний 2.1-д зааснаар талууд гэрээ байгуулах өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр төлбөрийг 3 285 822 ам.доллар, 2 253 396 961 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчээс дээрх гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч дараах баримтуудыг үйлдэж байсан. Хны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.Улаанцэцэг болон “ХБ” ХХК-ийн захирал С.Отгонбаатар, иргэн С.Отгонбаатар нарын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж 3 285 822 ам доллар, 2 253 396 961 төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгосон. Ийнхүү тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсний дараа дээрх гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдсан төлбөрийн тооцооны зөрүүг шалгуулах хүсэлтийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1а/12-03 дугаартай албан бичгээр Хинд гаргаж Тусгай активын хэлтсийн Захирал Г.Атармаагийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-689 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн. Мөн Хны Дотоод хяналтын газар-ын захирал М.Бэлэгт нь 2012 оны 05 дугаар 31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр тус компанийн гаргасан гомдлын дагуу ХБ ХХК болон иргэн С.Отгонбаатартай холбоотой зээл, хүүний тооцооллыг шалгахад банкны зүгээс төлбөр илүү суутгаагүй харин 122 468 696 төгрөгийн хүүгийн төлбөр дутуу авсан бөгөөд нэхэмжлэгчийн тооцооллоор илүү төлсөн гэх төлбөр үндэслэлгүй байх тул буцаан олгох боломжгүйг мэдэгдсэн. Уг хариуг өгсөн өдөр буюу 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин гомдол, санал гаргаагүй байна. Дээр дурдсан Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд Хнаас хамгийн сүүлд хариу өгсөн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан бол нэхэмжлэгч шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар “Х” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилогдсон. Мөн өдрийн А157 дугаар тушаалаар “Х” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Банкны эрх хүлээн авагчаас үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-н 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 239 (4566) дугаарт “Х” ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон тухай нийтэд мэдээлсэн. Дээр дурдсан хугацаанд “ХБ” ХХК нь авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар үүрэг бүхий этгээд өөрчлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт орох үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тайлбарын нэг, хоёрдугаар хэсэгт дурдснаар тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1а/15-126 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн буюу нэхэмжлэл гаргахад саад болсон бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. “ХБ” ХХК-ийн ерөнхий захирал 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээс түр чөлөөлөгдсөн гэх боловч тус хугацаанаас өмнөх хугацаанд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөрөө дансаар болон бэлнээр төлж байсан, уг баримтууд нь хэрэгт авагдсан байхад нэхэмжлэлд “Х” ХХК нь түүний мөнгийг мэдэгдэхгүйгээр авсан гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Хны 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр “ХБ” ХХК-д банкны зүгээс илүү төлбөр суутгаагүй харин хүүний төлбөрийг дутуу авсан талаар тодорхой хариуг өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Харин тус бичигт дурдснаар “Х” ХХК-аас “ХБ” ХХК-д тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлж байсан. Зээлдэгч 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 865 856 000 төгрөгөөр төлбөр хийсэн тул 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар 865 856 000 төгрөгөөр данснаас хасч 1 905 952 690 төгрөгийн гарз гарч уг дүнгээр зээлдэгч хөнгөлөлт эдэлсэн. 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн эрсдлийн хорооны хурлын шийдвэрээр 171 689 ам.долларын хүү, 323 162 497 төгрөгийн хүүг тус тус балансын гадуурх нэмж хуримтлагдсан хүүнээс зарлагадаж нийт 549 055 431 төгрөгийн /2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ханш/ хүүгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлж байсан Хэрвээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол аудитын дүгнэлт гарсны дараа тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөрийг төлөөд явж байсан. Үүнээс үзэхэд “ХБ” ХХК нь уг зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө хүлээн зөвшөөрсөн гэдэг нь харагдаж байна. “ХБ” ХХК, “Актив аудит” ХХК, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн дүгнэлт, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн зээлийн тооцоолол, дүгнэлтээс харахад эдгээр нь хоорондоо зөрүүтэй байдаг. Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмж /2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр/-ийн 3.2-т шинжээчийн дүгнэлт гэдэг бол нотолгооны давуу байдалтай онцлох хэрэгсэл биш юм. Өөрөөр хэлбэл тусгай мэдлэг олгох зорилготой зүйл байдаг талаар тайлбарласан байдаг. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

            Хариуцагч “Монгол банк” шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80%-аас дээш хувиар хангаагүй банкинд Монгол банкнаас эрх хүлээн авагч томилдог. Монгол банкны ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А-153 дугаартай “Х” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаал гарган Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар Ч.Аварзэдийг томилсон. Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлд банкны удирдлагын бүрэн эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн банкны эрх хүлээн авагч хуулийн дагуу холбогдох арга хэмжээг бүрэн эрхийн дагуу бие даан хэрэгжүүлэхээр заасан. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Монгол банк банкны эрх хүлээн авагчийг томилсноор банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжинэ гэж зохицуулагдсан байдаг. Монгол банк болон “ХБ” ХХК-ийн хоооронд хууль, гэрээний дагуу аливаа иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, Монгол банк ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй болно. Энэ иргэний хэрэгт Монгол банкийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Банкны тухай хуульд зааснаар “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хамааралтай. Иймд Монгол банк энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 963 852 033.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 232 546 292.32 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Монгол банкинд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ХБ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 6 240 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 100 908 төгрөгийг буцааж, хариуцагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 4 977 210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 00032 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБ” ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 20 615 000 төгрөг гаргуулж, “Од бүртгэл Аудит” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Х” ХХК дахь эрх хүлээн авагчийн төлөөлөгч М.Энхтөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийг удаа дараа үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтийг гардаж авсан даруйдаа нэмэлт шинжилгээ хийлгэх, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүд тавьсан. Тус хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/Ш32019/09554 дугаартай захирамжаар тодорхой бус байна гээд хангахаас татгалзсан. Иймд хариуцагчаас хүсэлтээ тодорхой болгож, шинэчлэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 826 дугаартай албан бичгээр нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/Ш32019/10635 дугаартай захирамжаар өмнө нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн асуудлаар дахин хүсэлт гаргасан гэх шалтгаанаар хүсэлтийг хангахаас татгалзсан. Хариуцагчаас гаргасан “ХБ” ХХК-ийн дансны хуулгыг нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдэгтэйгээр өөрөөр хэлбэл, эх хувиар нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөд эх хувь биш гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж нотлох баримтаар үнэлээгүй. Сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. “ХБ” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийг тооцоолж үзэхэд нийт төлөгдөх байсан өр төлбөрийг дутуу төлсөн, хөнгөлөлт эдэлсэн болох нь харагддаг. Энэ талаар хариуцагч тайлбар өгч, нэгэнт тухайн зээлийн өр төлбөртэй холбоотой асуудал байх тул хамтад нь шийдвэрлүүлэх зорилгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж байсан тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Энэ үед хэргийг хэлэлцэж эхлээгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2, 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу энэ асуудлыг шүүгч өөрөө шийдвэрлэх эрхгүй байтал шийдвэрлэсэн. Шүүх мэтгэлцэх зарчмыг хөндөж хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж бичсэн байдаг боловч 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-г дүгнэж буюу нийт 3 285 822 ам. доллар, 2 253 396 961 төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгосон” ба энэхүү 10/04 дугаартай гэрээг үндэслэж байгаа бөгөөд энэ нь гэрээнээс үүдэлтэй маргаан гэсэн тайлбар өгсөн. Нэхэмжлэгч тал ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу тайлбарыг өгсөөр байхад шүүх өөрөө нэхэмжлэгч талыг эрх зүйн үндэслэл ээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон мэт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал өөрөө тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, төлбөр тооцоог хийж дуусгавар болгосон байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчээс гэрээний үүргийн дагуу шаардлага гаргасан нь дараах байдлаар нотлогдоно. “Монгол шуудан банк" болон “ХБ” ХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 317140 тоот зээлийн гэрээ байгуулагдаж гэрээгээр 1 081 000 ам.долларыг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгчээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул талуудын хооронд 2010 оны 12 сарын 23-ны өдөр 10/04 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ” байгуулагдсан. Тус гэрээний 2.1-д зааснаар талууд гэрээ байгуулах өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр төлбөрийг 3 285 822 ам.доллар, 2 253 396 961 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрсөн. Ам. долларын тооцоонд 317140 тоот зээлийн гэрээгээр авсан 1 081 000 ам.долларын зээлийн болон барьцааны гэрээний өр, төлбөр 2 316 823,81 ам.доллар багтсан. Тооцоо нийлнэ гэдгийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт зааснаар авч үзвэл гэрээний нэг гал тооцоо гаргаж нөгөө талд мэдэгдэх бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд тооцоо нийлсэн гэж үзнэ. Гэрээний 1.2.1-д зааснаар гэрээний зорилго нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд зээлдэгчийн зээлийн төлбөрийн нийлбэр дүнгээр үл хөдлөх хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх харилцааг зохицуулахаар тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан талууд “өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэдэгт нийцсэн. Талууд тооцоо нийлж нийт өр төлбөрийн дүнг гаргаснаар өмнөх үүргийн харилцаа дуусгавар болсон. Ийнхүү тооцоог 2010 оны 12 сарын 23-ны өдөр нийлж дууссаны дараа 2012 оны 04 сарын 01-ний өдрийн Удирдлагад илгээх захидлаар “Актив аудит” ХХК нь зээлийн гэрээний төлбөрийг орхигдуулсныг илрүүлсэн, 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хны Төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.Улаанцэцэг болон “ХБ” ХХК-ийн Захирал С.Отгонбаатар нарын хооронд ”Тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт”-ыг үйлдсэн. Нэхэмжлэгчээс 2010 оны 12 сарын 23-ны өдөр 10/04 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-ний 2.1-д заасныг үндэслэн тус хэсэгт дурдсан төлбөрийг төлсөн ба уг тооцоонд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүнг оруулалгүй орхигдуулсан буюу илүү төлсөн гэх дүнг нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүхээс зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн хэрнээ уг үүргийг сольсон “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-г хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүй болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тоолох нь үндэслэлтэй байна Түүнчлэн “ХБ” ХХК-иас зээлийн эргэн төлөлттэй холбоотой гомдлыг “Х” ХХК-д гаргаж байсан. “Х” ХХК-аас уг гомдолтой холбоотой асуудлаар хамгийн сүүлд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хариу өгсөн байдаг. Үүнээс дүгнэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг 10 жил гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилогдсон. Банкны эрх хүлээн авагчаас үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ын 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 239 (4566) дугаарт Х ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон тухай нийтэд мэдээлсэн. Дээр дурдсан хугацаанд “ХБ” ХХК нь авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй. Үүнээс үзвэл авлага нэхэмжлэх хугацаа дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхэд дараах нөхцөл бүрдсэн байх талаар хуульд заасан байдаг. Энэ нь эд хөрөнгийн давуу байдал үүссэн байх, энэ нь хариуцагчийн хийсэн ухамсарт, зорилгот үйлдэл байх, эрх зүйн үндэслэлгүй байх зэрэг болно. Маргааны үйл баримтыг дүгнэж үзэхэд банк байгуулсан гэрээнийхээ дагуу шаардах эрхийг хэрэгжүүлсэн бөгөөд, энэ нь банкинд илүү авах ямар нэгэн ухамсарт, зорилгот үйлдэл байгаагүй, бүх гэрээ хэлцэл, тооцоо нийлэх акт нь талуудын харилцан хүлээн зөвшөөрсөн зөвшилцлөөр хийгдсэн байдаг. Түүнчлэн шүүхэд хариуцагч олон удаа тайлбарласан боловч зээлийн гэрээний харилцааг бүхэлд нь дүгнээгүй. Зөвхөн 2010 оны гэрээ байгуулагдах үеэр хэргийг дүгнэн шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо ханшийн тооцооллыг буруу хийсэн тухайд тайлбарласан. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар хэрэв нэхэмжлэгч нь тооцооллын зөрүүгээс илүү мөнгө төлсөн гэж үзэж байгаа бол энэ мөнгийг хэзээ төлсөн гэж үзэж байгаа тэр үеийнхээ ханшаар тооцоолох ёстой байсан. Гэтэл ийм тооцоолол байхгүй байгааг шүүхэд гаргасан тайлбар татгалзалдаа хариуцагч тайлбарласан. Гэтэл шүүх энэ тухайд ямар ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч “Монгол банк” болон “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 533 486 ам.доллар буюу 1 065 563 326 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагчид эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Монгол шуудан банк” ХХК нь “ХБ” ХХК-тай 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/140 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 081 000 ам.долларыг сарын 1.7%-ийн хүүтэй, 2006 оны 4 дүгээр сараас 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар зээлүүлсэн, мөн “Х” ХХК болон “ХБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 094 тоот зээлийн гэрээгээр 550 000 000 төгрөгийн, “Монгол шуудан банк” ХХК, С.Отгонбаатар нарын 2007 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан 80 тоот зээлийн гэрээгээр 600 000 ам.доллар тус тус зээлжээ.  /1хх.56-81/

  “ХБ” ХХК, С.Отгонбаатар, “Бамбарууш сервис” ХХК-ууд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх” гэрээ байгуулсан, уг гэрээгээр талууд 3 285 822.64 ам.доллар, 2 253 396 961 төгрөгийн өр төлбөртэй болохоо тооцоо нийлж хүлээн зөвшөөрчээ. /1хх.40-42/

Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлэх” тухай гэрээгээр нэхэмжлэгч “ХБ” ХХК нь 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Брау хаус” ХХК-ийн байрны албан конторын зориулалттай 3 дугаар давхрын 1045.5 мкв талбай бүхий хэсгийг, /1хх.184-187/

 Мөн “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх” 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 тоот гэрээгээр 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/140 тоот 2007 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 80 тоот, “Бамбарууш сервис” ХХК-ийн 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 13 тоот зээлийн гэрээний үүрэг болон “Монгол шилтгээн” ХХК-ийн хувьцаа буцаасан авлагад 665 156 250 төгрөг, нийт 3 285 822 ам.доллар, 2 253 396 961 төгрөгийн төлбөрт  Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны, Сөүлийн гудамж 22 хаягт байрлах 144.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн болон 1 дүгээр давхрын хэсэг, С.Отгонбаатарын эзэмшлийн “Монгол шилтгээн” ХК-ийн хувьцааны 20%, “ХБ” ХХК-ийн эзэмшлийн “Монгол шилтгээн” ХХК-ийн 20%-ийг “Х” ХХК-д буцаан худалдан авах эрхтэйгээр шилжүүлжээ. /1хх.40-42/

“ХБ” ХХК нь “Х” ХХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай” акт үйлдэж, уг актаар “ХБ” ХХК-ийн захирал С.Отгонбаатар нь төлбөрөө бүрэн төлж /”Таван толгой транс” ХХК-аас шилжүүлсэн/ зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн, Хны өмчлөлд шилжүүлсэн Ү- 22030115540, Ү-2203008282, Ү-22030115541, Ү-2203009785 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж, гэрчилгээнүүдийг хүлээн авсан, төлбөр тооцоо дууссан болохыг тооцоо нийлэн харилцан зөвшөөрсөн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна. / 2 хавтас, хуудас 62/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа /“Таван толгой транс” ХХК-аас мөнгө шилжүүлж/ зээлийн төлбөрийг төлснөөр дууссан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/140 тоот 1 081 000 ам .долларын зээлийн гэрээний хүүгийн төлөлтийн тооцоонд оруулаагүй орхигдуулсан 533 486.83 ам.долларыг гаргуулна “ гэж тайлбарлажээ.

“Х” ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3582 тоот, 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-389 тоот албан бичгүүдээр “ХБ” ХХК-д илүү төлөлт гараагүй талаарх хариу ирүүлж байсан байна. /1хх.38, 52/

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохооор шүүхэд “Актив аудит” ХХК-ийн дүгнэлтийг гаргасан, уг дүгнэлтэд “...2005 онд “ХБ” ХХК-ийн Монгол шуудан банкнаас авсан 1 081 000 ам.долларын зээлийн тооцоог шалгахад 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон тооцоолсон дүнгээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2 316 823.81 ам.долларыг төлсөн байна. Уг тооцоонд нотлох баримт бүхий доорхи 533 486.83 ам.долларын зээлийн хүүгийн төлөлтийг орхигдуулсан. Үүнд 2006.11.23-ны өдрийн 73 190 ам.доллар, 2007.03.26-ны өдрийн 25 050 ам.доллар, 2007.04.09-ний өдрийн 50 000 ам.доллар, 2007.12.17-ны өдрийн 296 388.58 ам.доллар, 2008.03.17-ны өдрийн 2 000 ам.доллар, 2008.03.19-ний өдрийн 30 000 ам.доллар, 2008.05.27-ны өдрийн 56 858.25 ам.доллар бүгд дүн нь 533 486.83 ам.доллар байна гэжээ. /2хх.118-129/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2018/05186 тоот захирамжаар “Од Бүртгэл Аудит “ХХК-ийн шинжээчээр томилсон байна. /3хх.142-143/

“Од бүртгэл аудит” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 002 тоот дүгнэлтээр ... ЗГ/140 дугаартай зээлийн үнсэн төлбөр 1 081 000 ам. доллар, зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл болох 753 260.10 ам.доллар нийт 1 834 260.10 ам долларын зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан байна.  2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр "ХБ" ХХК-ийн "Таван толгой транс" ХХК-тай хийсэн “Зээл барьцаа, банкны барьцааны эд хөрөнгө чөлөөлж авах” тухай 11/36 дугаартай гэрээний дагуу "Таван толгой транс" ХХК-аас Хны 10590000001 дугаартай дансанд 7 383 166 426.24 төгрөг шилжүүлж “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 2 316 823.81 ам.долларын зээлийн төлбөрийг төлж, 482 563.71 ам. долларрыг илүү төлсөн гэсэн дүгнэлтийг ирүүлжээ. /3 дугаар хавтас, хуудас 194 хуудас /

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчийн шаардлага гаргах  хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Банкны эрх хүлээн авагчаас үндэсний өдөр тутмын сонинд зарласан “Х” ХХК-аас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацаанд “ХБ” ХХК авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасныг шүүх буруу дүгнэсэн” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч байгууллагаас 963 852 033.68 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, хариуцагч Монгол банкинд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалтад хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж гэж заасан, нэхэмжлэгч “ХБ” ХХК шаардах эрхээ хариуцагч байгууллага үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий хугацаанд хамаарч байна гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

Ерөнхий шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3219 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2020/00116 дугаар захирамжуудаар 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийг татгалзан гаргах тухай гаргасан хүсэлтүүдийг тус тус шийдвэрлэж, хүсэлтийг хангахгүй орхижээ.

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагч “Х” ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн шүүгчийг сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтийг хүлээж аваагүй гэсэн үндэслэлээр татгалзсаныг хүлээн аваагүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах бол шүүх хуралдаан эхлэхээс өмнө мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй гэж заасан.

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх  хуралдаанд хариуцагч “Х” ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан хэлбэрээр гаргаагүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтүүдийг анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн М.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Хны эрх хүлээн авагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

                              ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО