Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/хт2023/00208

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/01496 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01509 дүгээр магадлалтай,

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч

М тус тус холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б /цахимаар/, хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Н.М, хариуцагч М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Х ХХК нь Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, М тус тус холбогдуулан “Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 598,989.83 ам.доллар буюу 1,196,398,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/01496 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, хариуцагч М холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 6,240,850 төгрөгөөс 6,139,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100,908 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,485,767,98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00032 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас шинжээч “О” ХХК-ийн ажлын хөлс 20,615,000 төгрөгийг гаргуулж, С дүүрэг, 00 хороо, О гудамж, 00-000 тоотод байрлах, “О” ХХК-д /данс Худалдаа хөгжлийн банк 000000000/, “Д” ХХК-ийн ажлын хөлс 4,860,000 төгрөгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт /данс Төрийн сан 0000000000/ тус тус олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01509 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/01496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

4.1.Шүүх маргаан бүхий харилцааг зөв тодорхойлоогүй. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ талуудын хоорондох маргаан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн гэж дүгнэж, хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий 10 жилээр тооцжээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан шаардах эрхтэй гэж хуульчилсан. Дээр хуулийн зохицуулалтаас үзэхэд уг заалт нь дотроо үүрэг үүсээгүй болон үүрэг хүчин төгөлдөр бус болсон гэх 2 төрлийн агуулгыг илэрхийлж байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал чухам аль хэсгийг хамаарч байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хэрэв шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх бол дараах хоёр урьдчилсан нөхцөлийн аль нэгийг нь хангах ёстой байна. Үүнд:

А.Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй:

А.1.Үүрэг үүссэн гэдгийг хэрхэн ойлгох тухайд

Иргэний хуулийн 8 дугаар зүйл, 187 дугаар зүйлд үүрэг үүсэх үндэслэлийг хуульчилсан байна. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэдэг” буюу үүрэг үүсгэдэг гэж заасан байна. Үүнээс үзвэл талуудын хооронд гэрээ байгуулагдсан буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн. Тус гэрээнээс улбаалан банк мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч үүргийн гүйцэтгэлийн хэмжээнээс үүдэн маргаан гарсан буюу Х ХХК нь зээлийн гэрээний хүү төлөхдөө илүү хүү төлсөн гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тухайн маргаанд зээл олгогдсон байдал, зээлийн хугацаа, хүүгийн хэмжээ, эргэн төлөх мөнгөн хөрөнгө, түүний хүүг төлөх хуваарь, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон байдал, төлсөн төлбөрөөс эхний ээлжид нэмэгдүүлсэн хүү суутгаснаас үүдэн зээлийн төлбөрийн үлдэгдэл үүссэн эсэх, хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн эсэх, үүнээс үүдэн төлбөрийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт орсон эсэх, зэрэг нөхцөл шалган тогтоогдох тул талуудын хооронд үүрэг үүссэн байна.

А.2.Үүрэг үүсээгүй гэдгийг хэрхэн ойлгох тухайд

Харин хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэдгийг Иргэний хуулийн 8 дугаар зүйл, 187 дугаар зүйлд хуульчилсан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн аль нь ч байгаагүй буюу ядаж талуудын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй байхыг ойлгоно. Ийнхүү талуудын хооронд ямар ч үүрэг үүсээгүй байхад бусдын эд хөрөнгийг авсан тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хөрөнгө шилжүүлсэн тал нь буцаан шаарддаг. Өөрөөр хэлбэл гэрээний харилцаагүйгээр бусдын хөрөнгийг авсан бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж зохих хуулийг хэрэглэх байсан.

Б.Үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон.

Хууль тогтоогчоос үүрэг нь хожим дуусгавар болсон гэдгийг хүчин төгөлдөр бус болсон гэх ойлголтоор дэлгэрүүлж байгаа нь буюу гэх үгээр тайлбарлаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хуульчилсан. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан ч гэсэн тухай гэрээ Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буцаан шаардах боломжтой. Тус тохиолдлын хувьд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд энэ үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм. Үүнээс үзвэл талуудын хооронд үүсээд байгаа маргаан бол зээлийн хүүгийн эргэн төлөлт хуваарийн дагуу хийгдсэн эсэх талаар буюу илүү төлөлт хийсэн эсэх талаар маргаан юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн, үүнээс улбаалан маргаан үүссэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг үндэслэн маргааныг шийдвэрлэснийг харахад маргааны үндэс болсон харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна. Мөн тус тохиолдол нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хоёр урьдчилсан нөхцөлийн алийг нь ч хангахгүй байхад шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 1,065,565,254.78 төгрөгийг гаргуулж” гэж шийдвэрлэсэн нь шүүх маргаан бүхий харилцааг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн маргаан бүхий харилцааг буруу тодорхойлсноор хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүрчээ. Тухайлбал: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан зохицуулалт нь хөөн хэлэлцэх тусгай хугацаа болон хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй харилцаанаас бусад харилцаанд хамаарах ёстой. Харин талуудын хооронд үүссэн харилцаа бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа юм. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа хамаарах ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж маш тодорхой хуульчилсан. Нөгөөтэйгөөр, нэхэмжлэгч нь шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухайгаа 2012 оны 1 дүгээр сард мэдсэн зэргээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан гэдэг нь тодорхой байна.

4.2.Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. М-ы Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А000 дугаар тушаалаар Х ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилогдсон. Мөн өдрийн А000 дугаар тушаалаар Х ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байхаар” зохицуулсан ба тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй” байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл хуульд тусгайлан нэхэмжлэл, өргөдөл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн. Дээрх зохицуулалтыг үндэслэн банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Х банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хангах төлбөрийн дарааллыг тогтоож, үндэсний өдөр тутмын “Өдрийн нэхэмжлэлийг хангах төлбөрийн дарааллыг тогтоож, үндэсний өдөр тутмын “Ө сонин”-ын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 000 /0000/ дугаарт Х ХХК-аас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон тухай нийтэд мэдээлсэн. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс Х ХХК-д хандан өргөдөл эсхүл авлагатай эсэх талаар ямар ч баримт ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл хуульд тусгайлан хугацаа заасан байхад давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг анхаарч үзэлгүй хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжгүй байвал” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүлээн авч, шийдвэрлэсэн нь анхнаасаа хуульд эс нийцжээ.

4.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн бодит үндэслэлийн тухайд: Хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс “А” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Учир нь тус дүгнэлтийг гаргасан компанийн захирал Ж.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон удаатай. Ийм илт ашиг сонирхлын зөрчилтэй байх боломжтой этгээдийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх нь туйлын эргэлзээтэй ба энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай гэдгийг сүүлд хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн дээд шүүхийн тогтоолд хүртэл цохон дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тус асуудлын талаар ганц ч тайлбар, дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, бодит нөхцөл байдалтай уялдуулан ашиглаж, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэх ямар ч боломжгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай баримт хавтаст хэрэгт авагдаагүй, бодит нөхцөл байдлыг тодорхойлсон нэмэлт ажиллагаа хийгдээгүй, илт нотлох баримт дутуу буюу шаардлагатай байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дүгээр зүйлд “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар эрхээ хэрэгжүүлэхийн оронд хэргийг шууд эцэслэн шийдвэрлэснээс дүгнэхэд хэргийг үнэн зөв шийдвэрлэхээс илүүтэйгээр хурдан шуурхай шийдвэрлэхэд түлхүү анхаарсан бололтой. Мөн талуудын хооронд хийгдсэн гэрээ дүгнэлт акт, тооцоо нийлсэн актын талаар хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэлт хийж чадаагүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.4.Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаж байгаатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар 58.3-т “Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө” гэж тус тус заасны дагуу Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж үзэж Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.10.19-ний өдрийн 001/ШХТ2023/00282 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон М тус тус холбогдуулан 598,989.83 ам.доллар буюу 1,196,398,326.84 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Х ХХК-аас 2005.12.27-ны өдрийн ЗГ/140 тоот гэрээгээр 1,081,000 ам.долларыг зээлж авсан, ...нэхэмжлэгч Х ХХК нь үүргийг бүрэн биелүүлсэн, ...зээлийн тооцоонд төлсөн төлбөрүүдийг орхигдуулснаас нэхэмжлэгчид мэдэгдэлгүй 598,989.83 ам.долларыг үндэслэлгүй илүү авсан, ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрх бүхий этгээд...” гэж тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “...зөвхөн анхан шатны баримтаар нотлогдож байгаа 533,486.83 ам.долларыг нэхэмжилсэн, ...нэхэмжлэлд дурдсан 533,486.83 ам.доллар нь 1,081,000 ам.долларын зээлийн ...тооцооноос орхигдуулан тооцсон дүн 1,065,565,254.78 төгрөг...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байна.

Хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...банкны эрх хүлээн авагч... Х ХХК-аас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаар  нийтэд мэдээлэхэд тогтоосон хугацаанд авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй, ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т зааснаар ...хөрөнгийг буцаан шаардах үндэслэлгүй, ...илүү төлбөр суутгаагүй, хүүний төлбөрийг дутуу авсан талаар тодорхой хариу өгсөн...” гэж маргажээ.

Хариуцагч  “М” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...уг асуудал нь М хамааралгүй, Банкны тухай хуульд зааснаар Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид хамааралтай, ...энэхүү иргэний хэргийн хариуцагч биш...” гэж мэтгэлцсэн.

8. Анхан шатны шүүх хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...зээлийн гэрээний гүйцэтгэлд Х ХХК нь Х банкны шаардсаны дагуу 2,316,823.81 ам.долларыг “Т” ХХК-аас шилжүүлсэн 7,383,166,426.24 төгрөгөөс төлсөн байхад Зээлийн эрсдэлийн хорооны шийдвэрээр 1,774,029.35 ам.доллароор хааж, 542,794.46 ам.долларын зөрүү үүссэн ...нийт 533,486.83 ам.долларыг ...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Х банк ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн..., Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй...” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тодорхойлжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэн, шийдвэрийг хэвээр үлдээж, хоёр шатны шүүх адил шийдвэр гаргасан байх боловч хяналтын шатны шүүх хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргасан “...шүүх маргаан бүхий харилцааг зөв тодорхойлоогүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй...” тухай гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлд хамаарах тул хэргийг хяналтын шатны журмаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтсон.  

Өөрөөр хэлбэл зохигчийн маргааны зүйл болсон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, гэрээний бус үүргийн шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаа, хуулийн этгээд татан буугдах тухай холбогдох хуулийн зохицуулалтыг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсоныг  хоёр шатны шүүх зөв тогтоосон.

Х ХХК, “М.ш” банкны хооронд 2005.12.27-ны өдөр 1,081,000 ам.долларын зээлийн гэрээ, 2005.04.27-ны өдөр 094 тоот 550,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2006.04.27-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ, М.ш банк, Х ХХК-ийн захирал С.О нарын хооронд 2007.04.05-ны өдөр 80 тоот 600,000 ам.долларын зээлийн гэрээ, Б сервис ХХК, “М.ш” банк ХХК-ийн хооронд 2008.01.28-ны өдөр 13 дугаартай 1,070,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан, талууд эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2008.01.28-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ”, 2010.12.23-ны өдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх” гэрээг тус тус байгуулж байсан, “Т” ХХК нь ...банкны барьцаанд байгаа нэр бүхий эд хөрөнгийг банктай худалдах, худалдан авах гэрээ байгуулан үнийг төлөх замаар чөлөөлж авахаар тохиролцож, “Т” ХХК нь Х банкинд 2011.11.02-ны өдөр 1,476,633,285.24 төгрөг, 2011.11.14-ний өдөр 5,906,533,141 төгрөг, нийт 7,383,166,426.24 төгрөгийг төлснөөр Х ХХК болон бусад зээлдэгч нарын “Х” банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, 2012.04.03-ны өдөр “Тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт” баримтыг үйлдэж, төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг талууд тооцоо нийлэн харилцан зөвшөөрсөн байна.

10. Зохигч 2005.12.27-ны өдрийн ЗГ/000 тоот 1,081,000 ам.долларын зээлийн гэрээний хувьд хариуцагчийг илүү төлбөр авсан эсэх болон хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж, нэхэмжлэгч тал үүнийг зээлийг төлж үүргийг дуусгавар болгоход 533,486.83 ам.долларыг зээлийн тооцоололд оруулаагүй, илүү төлбөр авсан буюу зээлийг бодит байдал дээр  2,316,823.81 ам.доллар төлж дуусгавар болгосон атал банк 1,774,029.35 ам.доллароор тооцож, үүрэг дуусгавар болгосныг манай байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн “А” ХХК-ийн зөвлөмж, дүгнэлтээс мэдсэн гэж тайлбарлаж, үүний зөрүү хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэжээ.

11. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тодорхойлж, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа үйлчлэх тул нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т нийцсэн, шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг зөрчөөгүй байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн хариуцагч М холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцсэн.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн боловч үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үндэслэлээр үүрэг дуусгавар болсон.

Эндээс үзвэл маргааны үйл баримт нь зээлийн гэрээний үүргийн биелэлт, түүнийг дуусгавар болгосон тооцоололтой холбоотой боловч зохигчийн маргааны зүйл нь хариуцагчийг бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан эсэх асуудал болжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх буюу хөрөнгөө буцаан шаардах тохиолдлыг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тодорхойлсон.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 1,774,029.35 ам.доллар төлөх үүрэгтэй байтал 2,316,823.81 ам.доллар төлж, 533,486.83 ам.доллар илүү төлсөн гэсэн үндэслэл нь энэ хэмжээгээр зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ.

Учир нь “үүрэг үүсээгүй” гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байдаг тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхэд хамаарна.

Иймд нэхэмжлэгч нь “А” ХХК-ийн 2012.02.09-ний өдрийн аудиторын дүгнэлт гарсны дараа Х банкинд зээлийн гэрээний үүрэгт илүү төлбөр төлсөн талаар албан бичиг хүргүүлж, Х банкнаас 2012.02.09-ний өдөр, 2012.05.31-ний өдөр тус тус хариу ирүүлж, нэхэмжлэлээ шүүхэд 2015.12.09-ний өдөр гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

12. Хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасан хуулийн этгээдийг татан буулгахтай холбоотой нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа болох хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш 2 сараас багагүй, 6 сараас ихгүй хугацаанд бүртгүүлээгүй, шаардлагыг хангах дараалалд ороогүй гэжээ.

М банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А000 дугаар тушаалаар Х ХХК-д банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А000 дугаар тушаалаар Х ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 /хоёр/ сарын хугацаатайгаар тогтоож, энэ тухай “Ө сонин”-ы 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №000 дугаарт нийтэд мэдээлсэн боловч нэхэмжлэгч бүртгүүлээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь зарласан хугацаанд авлагатай этгээдээр бүртгүүлээгүй боловч энэхүү хугацааны талаарх зохицуулалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгахгүй.

Хэрэгт авагдсан баримтаар буюу нэхэмжлэгч Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт илүү төлбөр авсан тухай өргөдлийг Х банкинд хүргүүлж, улмаар Х банкнаас 2012.02.09-ний өдрийн 12/2-000 дугаартай албан бичгээр /1хх52-62/ “...зээлүүдийн тооцоог шалгасан тухай...”, 2012.05.31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр /1хх38-39/ “...зээл, хүүний тооцооллыг нэг бүрчлэн шалгахад банкны зүгээс илүү төлбөр суутгаагүй...” гэсэн агуулга бүхий хариуг нэхэмжлэгчид хүргүүлж байснаас тус тус үзэхэд хуулийн этгээдийг татан буугдахаас өмнө маргаан үүссэн, энэ талаар Х банк мэдэж байсан ба улмаар энэхүү үйл баримтыг банкны эрх хүлээн авагч мэдэх боломжтой гэж үзэх тул нэхэмжлэгчийг Х банк татан буугдсантай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүйд буруутгах үндэслэлгүй.

Иймд энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй гэж үзэхгүй ба нэхэмжлэгч шууд шүүхэд хандсан нь буруу биш байна.

Мөн энэ тохиолдолд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаарх хуульд заасан журам хамаарахгүй.  

13. Энэ үндэслэлээр хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “...шүүх маргаан бүхий харилцааг буруу тодорхойлж хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасан хугацааг анхаараагүй...” гэсэн агуулга бүхий хэсгийг хангах үндэслэлгүй.

14. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий гэрээний үүрэгт нийт 542,794.46 ам.долларыг илүү төлсөн нь тогтоогдсон гэж үзсэн ба энэхүү дүгнэлт нь үндэслэл муутай, учир дутагдалтай болжээ.

15. Нэхэмжлэгч болон М.ш банкны хооронд 2005.12.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр 1,081,000 ам.долларыг сарын 1,7 хувийн хүүтэй, жилийн 20,4 хувийн хүүтэй, зээлийн хүүг 2006 оны 4-р сараас эхлэн төлөх, үндсэн зээлийн төлбөрийг 19-р сараас эхлэн сар бүр тэнцүү төлбөр хийх, гэрээнд заасан хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд энэ үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү төлөхөөс гадна зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөлөөр, зээлийг эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар, гэрээний хугацаа 36 сар буюу зээлийн үндсэн өр, түүний хүүг бүрэн төлөх эцсийн хугацааг 2008.12.27-ны өдөр гэж гэрээнд зааж тохиролцжээ. /1хх241-245/

Харин нэхэмжлэгч Х ХХК нь  гэрээний хугацаа дуусахад 2006.11.23-ны өдөр 73,190.00 ам.доллар /1хх89/, 2007.03.26-ны өдөр 25,050.00 ам.доллар /1хх89/, 2007.04.09-ний өдөр 50,000.00 ам.доллар /1хх90/, 2007.05.17-ны өдөр 119,210.98 ам.доллар /1хх92-93/, 2007.12.17-ний өдөр 177,177.60 ам.доллар /1хх90/, 2008.03.17-ны өдөр 2,000.00 ам.доллар /1хх94-95/, 2008.03.19-ний өдөр 30,000.00 ам.доллар /1хх94/, 2008.05.27-ны өдөр 2,460.54 ам.доллар /1хх95/, 2008.05.27-ны өдөр 54,397.71 ам.доллар /1хх96/, нийт 533,486.83 ам.долларыг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байсан байна.

16. Анхан шатны шүүх гэрээний үүрэг, түүний тооцооллын талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нэхэмжлэгчийн тайлбар, Х ХХК-аас гаргаж өгсөн банкны зээл, зээлийн хүүгийн тооцоолол, “О” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон ба давж заалдах шатны шүүх хариуцагчийг уг баримтуудыг няцаагаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна.

Учир нь гэрээний үүрэг түүний тооцооллын талаарх баримтууд хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаарх бусад нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар заагаагүйгээс дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй.

Энэ нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Тухайлбал: “А” ХХК-ийн аудиторын дүгнэлт, “О” ХХК, “Д” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдэд заасан зээлийн тооцоолол хоорондоо зөрүүтэй.

Тодруулбал “А” ХХК-ийн аудиторын дүгнэлтэд 533,486.83 ам.доллар, “О” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд 482,563.71 ам.доллар тус тус илүү төлсөн гэж дүгнэхдээ тооцооллоо гэрээний үүрэгт нийт 2,316,823.81 ам.доллар төлүүлсэн атлаа 1,774,029.35 ам.доллароор тооцож, эдгээрийн зөрүүг илүү авсан буюу энэхүү зөрүүг зээлийн төлбөрт төлсөн ам.долларыг тооцоогүйгээс үүссэн  гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.

Гэтэл “А” ХХК-ийн аудиторын дүгнэлтэд тооцоолол хийсэн хугацааны хувьд зээлийн мэргэжилтэн Ж.У-ийн хийсэн зээлийн тооцоолол нь 2008.11.27-ны өдрийн байдлаар, ахлах нягтлан бодогч Ч.Б-ийн хийсэн тооцоолол нь 2010.12.03-ны өдрийн байдлаар хийсэн байгааг буюу хугацаанаас хамаарч зөрүү гарч болох эсэх талаар дүгнээгүй, эдгээр тооцооллыг зөрүүтэй гэж үзсэн.

“О” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн зээлийн тооцоолол хийсэн хавсралт №1-д төлсөн зээлийн хүүний төлбөр нийт 483,486.83 ам.доллар, төлөх хүүгийн үлдэгдэл 753,260.10 ам.доллар гэж дүгнэж, энэ төлөх хүүгийн үлдэгдлийг тооцохдоо төлсөн дүнг тухай бүр хасаж тооцож гаргасан атлаа дүгнэлтдээ “...нийт 429,089.12 ам.долларын зээлийн хүүний төлбөрийн төлөлтийг оруулж тооцоогүйгээс болон банкны тооцооллын зөрүүгээс үүссэн...” гэсэн нь ойлгомжгүй, дүгнэлт нь тооцоололтой нийцээгүй.

“Д” ХХК нь дүгнэлтдээ зээлийн тооцооллыг хийхдээ нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дуусахаас өмнө төлсөн нийт 533,486.83 ам.долларыг гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2010.12.03-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүнгээс хасч тооцсон нь буруу болсон.

Улмаар нэхэмжлэгчээс гэрээний үүргийг дуусгавар болгохдоо “Т” ХХК-ийн төлсөн нийт 7,383,166,426.24 төгрөгөөс төлснөөс өөрөөр тусдаа 2,316,823.81 ам.доллар дүнгээр төлсөн баримтгүй байхад “А” ХХК-ийн аудитор болон “О” ХХК-ийн шинжээчид ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Хэдийгээр 2010.12.23-ны өдрийн “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”, Х банкны 2012.05.31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичигт тус тус гэрээний нийт дүнг 2,316,823.81 ам.доллар гэж дурдагдсан, мөн Х ХХК, Х банк, Таван толгойн зээлийн тооцоо баримт /1хх113/ “...зээлийн хэмжээ 2,316,824 ам.доллар, 3,006,472,754 төгрөг, балансаар 2,316,824 ам.доллар, төгрөгөөр 2,912,664,557...” гэж тэмдэглэгдсэн байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл бодит байдал дээр талууд үүргийг дуусгавар болгохдоо зөвхөн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/000 тоот зээлийн гэрээний үүргийн хувьд биш бусад дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн нийт үүрэгт “Т” ХХК нь Х банкинд 2011.11. 02-ны өдөр 1,476,633,285.24 төгрөг, 2011.11.14-ний өдөр 5,906,533,141 төгрөг, нийт 7,383,166,426.24 төгрөгийг төлсөн.

Түүнчлэн хэрэгт авагдсан балансын гадуурх дансны хуулга баримтууд /1хх60, 61, 62/-аар 2011.10.21-ний өдөр зээлд 1,081,000 ам.доллар, зээлийн хүүд 540,185.26 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 152,844.09 ам.доллар, нийт 1,774,029.35 ам.долларыг төлж, үүргийг дуусгавар болгосон нь тогтоогдсон.

Иймд энэ нь Х банкны 2012.02.09-ний өдрийн 12/2-689 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х ХХК болон бусад зээлдэгч нарын ЗӨҮ, хүүний тооцоо барагдуулсан тооцоо” баримт /1хх52-53/-аас зөрүүгүй тул энэ дүнгээр 2005.12.27-ны өдрийн ЗГ/000 дугаартай зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэв.

Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болохоос гадна анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглодог тул банк нийт 1,774,029.35 ам.долларыг эрсдэлийн сангаас хааж бүртгэсэн нь балансын гадуурх дансны хуулга баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

Мөн Х ХХК болон бусад зээлдэгч нарын ЗӨҮ, хүүний тооцоо барагдуулсан тооцоо” баримтад нийт гэрээнүүдийн үүргийг тооцсон тооцооллоос үзэхэд Х ХХК-ийн 1,081,000 ам.долларын зээлийн үлдэгдэл төлбөрийг 1,774,029.35 ам.доллар, 2,370,759,602.46 төгрөгөөр тооцсон дүнгээр нийт төлсөн 7,383,166,426.24 төгрөгт тооцогдсон ба зохигч бусад гэрээний тооцооллын хувьд маргаагүй тул энд зээлийг 2,316,824 ам.доллароор төлсөн, зөрүү гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

17. Цаашилбал нэхэмжлэгчийн төлсөн 533,486.83 ам.долларыг гэрээний үүрэгт тооцоогүй орхигдуулсан эсэх талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг хянан үзэхэд гэрээний хугацаа дуусах үеийн тооцооллыг тогтоохдоо нэхэмжлэгч талын тайлбарт дурдсанчлан зээлийн мэргэжилтэн Ж.У-ийн тооцооллыг /1хх226-227/ үндэслэвэл нэхэмжлэгч нь 2008.11.27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,081,000 ам.доллар, үндсэн хүү 7,854.28 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 85,551.2 ам.доллар, нийт 1,174,405.51 ам.долларын үлдэгдэл төлбөртэй байсан ба энд Х ХХК нь 533,486.83 ам.долларыг гэрээний үүрэгт оруулан тооцсон байна.

Нэхэмжлэгч гэрээний үүргийг 2011.11.14-ний өдөр бүрэн биелүүлсэн хэдий ч талууд үүргийг 2010.12.03-ны өдрөөр тооцож дуусгавар болгосон талаар маргаагүй тул энэ хугацаагаар тооцооллыг хийх нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн Х, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ /2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон/ 24 дүгээр зүйлийн 3-т заасан “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэсэнд тус тус нийцнэ.

Иймд нэхэмжлэгчийн үүргийг 2010.12.03-ны өдрөөр дуусгавар болгон тооцвол үндсэн зээл 1,081,000 ам.доллар, зээлийн үндсэн хүү 452,527.39 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.2-т зааснаар зээлийн хүүгийн 20 хувь гэж үзвэл 90,505.47 ам.доллар /452,527.39х20%/ бөгөөд үүн дээр өмнөх хугацаанд бодогдсон нэмэгдүүлсэн хүү 85,551.2 ам.долларыг нэмбэл нийт нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 176,056.67 ам.доллар болох ба нийт үүрэг 1,709,584.06 ам.доллар болж байна.

Энэ нь нэхэмжлэгч нийт 1,709,584.06 ам.доллар төлөхөөс 1,774,029.35 ам.доллар төлсөн байх тул зөрүү 64,445.29 ам.доллар илүү төлсөн, энэ хэмжээгээр хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцвол нийт 128,720,444.43 төгрөгийг /64,445.29 х1997.36/ хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гомдлын “...талуудын хооронд хийгдсэн гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн актын талаар хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэлт хийж чадаагүй...” гэсэн хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

18. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тул энэ хэмжээгээр шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалт өөрчлөгдөнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01509 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/01496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нийт 128,720,444.43 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 936,844,810.35 төгрөгийг болон хариуцагч М холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нийт 6,240,850 төгрөгөөс 6,139,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100,909 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 801,552 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгч Х ХХК-аас 18,124,708 төгрөг, хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2,490,292 төгрөг тус тус гаргуулж “О” ХХК-д, “Д” ХХК-ийн шинжээчийн зардалд нэхэмжлэгч Х ХХК-аас 4,272,912 төгрөг, хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 587,080 төгрөг тус тус гаргуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭСУВД  

      ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ 

                                                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                                  Н.БАЯРМАА

                                                                                   Д.ЦОЛМОН