Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2020/00160

 

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар ,

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... байрлах “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... байрлах “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч,

         Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... байрлах Мбанкинд тус тус холбогдох

     Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 598.989,83 ам доллар буюу 1.196.398.326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, түүний  өмгөөлөгч Ц.Б, хариуцагч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.Э, Б.П, хариуцагч Мбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч “ХБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь “Х банк” ХХК-иас 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/1.. тоот гэрээгээр 1.081.000 ам.долларыг зээлж авсан. Тус зээлтэй холбоотой асуудлаар зээлийн хүүгийн төлөлтөнд тооцоогүй орхигдуулсан 533.486,83 ам.долларыг төлсөн төлөлтийг тооцоонд оруулаагүй болох нотлох баримтуудыг хавсарган шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд “Х банк” 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариу ирүүлэхдээ тооцооллыг будилаандуулсан. Компанийн захирал С.О-ын 1.081.000 ам.долларын зээлийн барьцаанд тусгаарласан 3.000.000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 900 төгрөгөөр тооцож 2.700.000.000 төгрөгийн зээл авсан мэтээр зээл дээр нэмж тооцсон, МШ банкнаас 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр авсан 550.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн тооцоог огт оруулалгүй орхигдуулсан байна. Нэхэмжпэгч нь 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ’’-ний зээлийн төлбөрийн үлдэгдлийн дүн болон 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/4-5..1 тоотоор ирүүлсэн зээлийн үлдэгдэл болох 7.383.166.426,24 төгрөгийн зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд энэ нь балансын гадуурх дансны хуулгаар ирүүлсэн зээлийн тооцооллуудтай тохирохгүй, зөрүүтэй байсан тул зээлийн хүүгийн тооцооллуудыг дахин тооцоолж үзэхэд 154.342.120,65 төгрөгийн, 11.812,08 ам долларын хүү илүү тооцож авсныг, нийт 7 удаагийн гүйлгээгээр тус банкинд төлсөн 598.989,83 ам /533.486,83, 65.503/ ам.долларыг тооцоонд оруулаагүй, үүнээс 533.486,83 ам.долларыг мөнгө тушаасан анхан шатны баримтаар болон шинжээчийн дүгнэлтээр тогтооогдож байгаа, 65.503 ам.долларын баримтгүй учраас нотлох баримтаар нотлогдож байгаа 533.486,83 ам долларыг нэхэмжилж байна.

            2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Х банк” ХХК-иас авсан 1.081.000 ам.долларын ЗГ/1..  тоот гэрээний дагуу 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 73.190 ам.доллар, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 25.050 ам.доллар, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 50.000 ам.доллар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 296.388,58 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2.000 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 30.000 доллар, 2008.05.27-нд төлсөн 56.858,25 ам.доллар, нийт 533.486,83 ам.доллар төлсныг 1.081.000 ам.долларын зээлийн төлөлтөөс орхигдуулсан нь шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан. Шинжээч “ОБ” аудитаас 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн төлсөн 50.000 ам.долларыг анхан шатны баримтгүй гэснийг бид үгүйсгэж байна. 1 дүгээр хавтас хэргийн 67, 68, 90 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар төлөгдсөн нь нотлогдоно.

          Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Мбанк, “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 533.486.83 ам.долларыг гаргуулж өгнө үү гэв.

           Хариуцагч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасан. Нэхэмжлэгч нь МШ банк болон “Х банк” ХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ/1..  тоот зээлийн гэрээ, иргэн С.О-ын МШ банктай 2007оны 04 дүгээр 05-ны өдөр байгуулсан 80 тоот зээлийн гэрээний үүргийг болон эдгээр гэрээнүүдийг үндэслэн “Х банк” болон “ХБ” ХХК, “БС” ХХК-ийн захирал С.О нарын хооронд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 10/04 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-ний үүргийг шаардаж байна. Тус гэрээний 2.1-д зааснаар талууд гэрээ байгуулах өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр төлбөрийг 3.285.822 ам.доллар, 2.253.396.961 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчээс дээрх гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч дараах баримтуудыг үйлдэж байсан.

          Үүнд: Х банкны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.У болон “ХБ” ХХК-ийн захирал С.О, иргэн С.О нарын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “гэрээ дүгнэсэн акт” үйлдэж актанд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-г дүгнэж буюу нийт 3.285.822 ам доллар, 2.253.396.961 төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгосон. Х банкны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.У болон “ХБ” ХХК-ийн захирал С.О нарын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ”тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт”-ыг үйлдсэн ба тус актанд зээлийн болон барьцааны гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээтэй холбогдуулан аль нэг тал аливаа маргаан гаргахгүй бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг харилцан зөвшөөрч гарын үсэг зурцгаасан. Ийнхүү тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсний дараа дээрх гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдсан төлбөрийн тооцооны зөрүүг шалгуулах хүсэлтийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1а/12-03 дугаартай албан бичгээр Х банкинд гаргаж Тусгай активын хэлтсийн захирал Г.А-ийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-6.9 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн. Мөн Х банкны “Дотоод хяналтын газар”-ын захирал М.Б нь 2012 оны 05 дугаар 31-ний өдрийн Т-2-3..2 дугаартай албан бичгээр тус компанийн гаргасан гомдлын дагуу “ХБ” ХХК болон иргэн С.О-тай холбоотой зээл, хүүний тооцооллыг шалгахад банкны зүгээс төлбөр илүү суутгаагүй харин 122.468.696 төгрөгийн хүүгийн төлбөр дутуу авсан бөгөөд нэхэмжлэгчийн тооцооллоор илүү төлсөн гэх төлбөр үндэслэлгүй байх тул буцаан олгох боломжгүйг мэдэгдсэн. Уг хариуг өгсөн өдөр буюу 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин гомдол, санал гаргаагүй байна. Дээр дурдсан Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд Х банкнаас хамгийн сүүлд хариу өгсөн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан бол нэхэмжлэгч шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Мбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А1..3 дугаар тушаалаар “Х банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилогдсон. Мөн өдрийн А1..7 дугаар тушаалаар “Х банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Банкны эрх хүлээн авагчаас үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 239 (4566) дугаарт “Х банк” ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон тухай нийтэд мэдээлсэн. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Х банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хангах төлбөрийн дарааллыг тогтоосон. Дээр дурдсан хугацаанд “ХБ” ХХК нь авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар үүрэг бүхий этгээд өөрчлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт орох үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тайлбарын нэг, хоёрдугаар хэсэгт дурдснаар тооцох үндэслэлтэй.

    Нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1а/15-..6 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн буюу нэхэмжлэл гаргахад саад болсон бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. “ХБ” ХХК-ийн ерөнхий захирал 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээс түр чөлөөлөгдсөн гэх боловч тус хугацаанаас өмнөх хугацаанд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах үндэслэлгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээнд талууд зээлийг болон зээлийн хүүг төлөх хуваарийг урьдчилан тохиролцож бичгээр үйлдэн гэрээнд хавсаргадаг. Ингэснээр зээлдэгчээс банкинд төлөх мөнгөн хөрөнгө, түүний хүүг төлөх хуваарь, хэмжээг урьдчилан мэдэж тус хуваарийн дагуу төлбөрийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь зээлдэгчид мөнгөн төлбөрийг үүргийг өөрөө хянах боломжийг олгодог. Нэхэмжлэгчээс зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөрөө дансаар болон бэлнээр төлж байсан, уг баримтууд нь хэрэгт авагдсан байхад нэхэмжлэлд Х банк нь түүний мөнгийг мэдэгдэхгүйгээр авсан гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Х банкны 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3..2 дугаартай албан бичгээр “ХБ” ХХК-д банкны зүгээс илүү төлбөр суутгаагүй харин хүүний төлбөрийг дутуу авсан талаар тодорхой хариуг өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

       Харин тус бичигт дурдснаар Х банкнаас “ХБ” ХХК-д тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлж байсан. 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх, буцаан шилжүүлэн авах №2008/01 дугаартай гэрээ байгуулагдаж 865.856.000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлэх, уг гэрээгээр заасан хуваарьт хугацаанд өр төлбөрийг барагдуулсан тохиолдолд банк уг хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйгээр худалдаж төлбөрийг барагдуулах талаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Уг гэрээнд зээл төлөх эцсийн хугацааг 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж заасан боловч зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй учир 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын 326 дугаар тушаалаар Ү-220.....5 дугаартай ӨБҮХХөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар 2.771.808.690 төгрөгөөр тооцож үндсэн хөрөнгөнд бүртгэсэн. Зээлдэгч 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 865.856.000 төгрөгөөр төлбөр хийсэн тул 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар 865.856.000 төгрөгөөр данснаас хасч 1.905.952.690 төгрөгийн гарз гарч уг дүнгээр зээлдэгч хөнгөлөлт эдэлсэн. 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эрсдлийн хорооны хурлын шийдвэрээр 171.689 ам.долларын хүү, 323.162.497 төгрөгийн хүүг тус тус балансын гадуурх нэмж хуримтлагдсан хүүнээс зарлагадаж нийт 549.055.431 төгрөгийн /2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ханш/ хүүгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлж байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн илүү төлсөн ам долларыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрвээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол аудитын дүгнэлт гарсны дараа тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөрийг төлөөд явж байсан. Үүнээс үзэхэд “ХБ” ХХК нь уг зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө хүлээн зөвшөөрсөн гэдэг нь харагдаж байна.

          Мбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А157 дугаар тушаалаар “Х банк “ ХХК-ийг татан буулгах татан буулгахаар шийдвэрлэсэн. Уг тушаалын дагуу 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Өдрийн сонины “Х банк” ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах дарааллыг тогтоосон. Хэрвээ авлагатай гэж үзэж байсан бол энэ  хугацаанд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан.

       Шинжээчийн дүгнэлтийн дагуу нотлогдож байна гэж тайлбарладаг. Гэвч ”ХБ” ХХК, “АА” ХХК, “ОБАудит” ХХК-ийн дүгнэлт, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн зээлийн  тооцоолол, дүгнэлтээс харахад эдгээр нь хоорондоо зөрүүтэй байдаг.  

      Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмж /2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр/-ийн 3.2-т “шинжээчийн дүгнэлт гэдэг бол нотолгооны давуу байдалтай онцлох хэрэгсэл биш юм. Өөрөөр хэлбэл тусгай мэдлэг олгох зорилготой зүйл байдаг” талаар тайлбарласан байдаг. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

      Хариуцагч Мбанк хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80-аас дээш хувиар хангаагүй банкинд Мбанкнаас эрх хүлээн авагч томилдог. Энэ үйл ажиллагаа нь тухайн банкны хадгаламж эзэмшигчид болон харилцагчдын мөнгөн хөрөнгөнд учрах эрсдэлээс сэргийлэх зорилготой юм.  

        Мбанкны ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А-1..3 дугаартай “Х банк“ ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” тушаал гарган “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар Ч.А-ийг томилсон.

        Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлд банкны удирдлагын бүрэн эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн банкны эрх хүлээн авагч хуулийн дагуу холбогдох арга хэмжээг бүрэн эрхийн дагуу бие даан хэрэгжүүлэхээр заасан. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Мбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжинэ” гэж зохицуулагдсан байдаг.

        Мбанк болон “ХБ” ХХК-ийн хоооронд хууль, гэрээний дагуу аливаа иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, Мбанк ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй болно.

        Энэ иргэний хэрэгт Мбанкийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй  бөгөөд Банкны тухай  хуульд зааснаар ”Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хамааралтай. Иймд Мбанк энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь Мбанк болон “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар нийт 598.989 ам.доллар буюу 1.196.398.326 төгрөг гаргуулах шаардлагыг анх гаргасан./1 дүгээр х.х-ийн 1-245 тал/

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “533.486 ам.доллар буюу 1.065.563.596 төгрөг“ болгож багасган, өөрчилжээ. /3 дугаар х.х-ийн 74-75 тал/

        Нэхэмжлэгч “ХБ” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Х банк ХХК-иас авсан 1.081.000 ам.долларын ЗГ/1..  тоот зээлийн гэрээг үндэслэн болгож, энэхүү гэрээний эргэн төлөлтөд төлсөн 533.486 ам.долларыг, банк зээлийн тооцоонд оруулаагүй орхигдуулсан гэж ,

          Хариуцагч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчийг зээлийн өр төлбөр бүрэн төлж дуусгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх,

    Хариуцагч Мбанк  нь “Х банк” ХХК-иас нэхэмжлэгчид олгосон зээл болон түүний тооцооны харилцаанд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй, хэргийн хариуцагч биш гэх тайлбар тус тус гарган мэтгэлцэж байгаа болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж тус тус  зохицуулсан.

     Шүүх хариуцагч Х банк ХХК дахь эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх, хариуцагч Мбанкинд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

     Шүүх хуралдаанд хэргийн оролцогчын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээч “ОБАудит” ХХК-ийн дүгнэлт зэргээс үзэхэд нэхэмжлэгч “ХБ” ХХК нь тухайн үеийн МШ банктай 2005.12.27-ны өдөр ЗГ/1..  дугаартай зээлийн гэрээг байгуулж 1.081.000 ам долларыг сарын 1.7%-ийн хүүтэй, 2006 оны 04 дүгээр сараас эхлэн 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж авсан болох нь тогтоогдож байна.

      Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээч “ОБАудит” ХХК-ийн дүгнэлт зэргээс үзэхэд нэхэмжлэгч “ХБ” ХХК нь тухайн үеийн МШ банктай 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/1..  дугаартай зээлийн гэрээг байгуулж 1.081.000 ам.долларыг сарын 1.7%-ийн хүүтэй, 2006 оны 4 дүгээр сараас эхлэн 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 1-245 тал/

        Нэхэмжлэгч “ХБ” ХХК өөрийн компанийн санхүүгийн тайланд аудит хийсэн “АА” ХХК нь 2012.02.10-ны өдрийн дүгнэлт, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмждөө “ХБ” ХХК нь “Х банк”-аас 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1.081.000 ам.долларын зээлийн тооцоог “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх” 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Х банк, “ХБ” ХХК-ийн хоорондох гэрээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2.316.824 ам.долларын үлдэгдэлтэй гэж тогтоохдоо зээлийн хүүд төлсөн 533.486,83 ам.долларын төлөлтийг тооцолгүй орхигдуулсан гэх ба 533.486 ам.долларын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 27-ны хоорондох 7 удаагийн төлбөрийг банкны зээлийн мэргэжилтэн 2008 онд зээлийн тооцоололд оруулж байсан боловч 2010 онд орхигдуулж тооцсон болохыг дурдаж, холбогдох баримтуудыг гарган өгч мэтгэлцэж байна.

          Хариуцагч “Х банк” ХХК нь “ХБ” ХХК-тай байгуулсан 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/1..  тоот гэрээгээр авсан зээл 1.081.000 ам.долларыг бүрэн төлж дуусгаагүй гэх тайлбар гаргаж, өөрийн татгалзалтай холбоотойгоор зээлийн дансны хуулга болон балансын гадуурх данс хуулга гэх 10 хуудас баримтыг гарган өгч мэтгэлцэж байгаа боловч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /4 дүгээр х.х-ийн 47-56 тал/

     Бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд өгөх үүргийг зохигч хүлээнэ.

       “ХБ“ ХХК, Х банкны хооронд 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 094 тоот “550.000.000 төгрөгийн” зээлийн гэрээ, 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ, МШ банк, “ХБ” ХХК-ийн захирал С.О нарын хооронд 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 80 тоот 600.000 ам.долларын зээлийн гэрээ тус тус байгуулагдсан үйл баримт  тогтоогдож байсан хэдий ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/1..  тоот гэрээнд үндэслэн, илүү төлсөн мөнгөө буцаан гаргуулах шаардлага гаргаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Тодруулбал үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр “ХБ” ХХК нь 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 550.000.000 төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нийт 865.856.000 төгрөг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцааны эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “БХ” ХХК-ийн байрны албан конторын зориулалттай 3 дугаар давхрын 1045.5 м.кв талбай бүхий хэсгийг Х банкинд шилжүүлэхээр тохиролцжээ. Зээлийн төлбөрт 2008 оны 04 дүгээр сарын 15-ны дотор 205.285.333 төгрөг, 2008 оны 05 дугаар сарын 31-ний дотор 330.285.333 төгрөг, 2008 оны 06 дугаар сарын 30-ны дотор 330.285.333 төгрөг, нийт 865.856.000 төгрөгийг төлсөн тохиолдолд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах эрхтэйгээр гэрээнд заасан байна. /1 дүгээр х.х-ийн 184-187 дугаар тал/

      -Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 дугаартай гэрээгээр “ХБ” ХХК, С.О, “БС” ХХК-ийг төлөөлөн С.О нь “ХБ” ХХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2.316.823 ам.доллар, С.О-ын 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр 968.998 ам.доллар, “БС” ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр 1.588.240.711 төгрөг, “МШ” ХК-ийн хувьцаа буцаасан авлагад 665.156.250 төгрөг, нийт 3.285.822 ам.доллар, 2.253.396.961 төгрөгийн төлбөрт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 22 хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн болон 1 дүгээр давхрын хэсэг, “МШ” ХК-ийн С.О болон “ХБ” ХХК-ийн эзэмшлийн хувьцааны зарим хэсгийг “Х банк” ХХК-д буцаан худалдан авах эрхтэйгээр шилжүүлэх талаар тохиролцжээ. /1 дүгээр х.х-ийн 40-42 тал/

       -2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн болон 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эдгээр гэрээгээр төлөх 3.285.822 ам.доллар, 2.253.396.961 төгрөгийн төлбөрт С.О-ын өмчлөлийн “МШ” ХК-ийн 3.000.000 ширхэг хувьцааг “Х банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, С.О төлбөрөө төлсөн тохиолдолд хувьцааг буцаан худалдан авах талаар талууд тохиролцжээ. /2 дугаар х.х-ийн 63 тал/

       -Тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн актаар С.О үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, үүргийн гүйцэтгэл хангагдсан тул Х банкны өмчлөлд шилжүүлсэн 4 үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээр тохиролцож, эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүлээлцсэн байна.

      Эдгээр гэрээ, хэлцлийн зүйл, талуудын тохиролцоо нь эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх, буцаан шилжүүлэхтэй холбоотой тэдний хоорондын тохиролцоо, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байжээ.

    Түүнчлэн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “ХБ” ХХК, Х банк дээрх гэрээнүүдийг дүгнэн 3.285.822 ам доллар буюу 2.253.396.961 төгрөгийг “Монгол шилтгээн” ХХК-ийн 3.000.000 ширхэг хувьцааг тусгаарлан Х банкны өмчлөлд шилжүүлэн, 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт үйлдэн хоорондын төлбөр тооцооны асуудлыг нэг мөр дуусгасан байна.

     Эдгээр үйл баримт нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хувиарууд, зээл олголт, хүүгийн хэмжээ ба төлөлтийн байдал, 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн, 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн МШ банкны мэдэгдлүүд, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 тоот гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

       Өөрөөр хэлбэл зохигчдын хоорондох зээлийн гэрээний харилцаа 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэгэнт дуусгавар болсон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч “ХБ” ХХК нь маргаан бүхий 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/1..  дугаартай 1.081.000 ам долларын зээлийн гэрээний дагуу 533.487 ам.долларыг илүү төлсөн болохоор 2012 оны 01 дүгээр сард мэдэж, Х банкинд шалгуулахаар хүргүүлсэн байх боловч Х банк нь 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-..9 дугаартай албан бичгээр “зээлийн тооцооллыг шалгаж, хуулгыг хүргүүлэв”, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3..2 дугаар албан бичгээр “банкны зүгээс илүү төлбөр аваагүй, харин 122.468.696 төгрөгийн хүүний төлбөрийг дутуу авсан байна” гэсэн утгатай хариуг тус тус нэхэмжлэгч “ХБ” ХХК-д хүргүүлж байжээ. /1 дүгээр х.х-ийн 38-39, 52-64 тал/

     Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь 2012 онд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргасныг хариуцагч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2, 76 дугаар зүйл, 82 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан учир буцаан шаардах эрхгүй гэж маргаж байгаа.

        Гэвч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч “ХБ” ХХК-д Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрх үүссэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий 10 жилийн хугацаанд хамаарах тул хариуцагч “Х банк” ХХК-ийн “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна“ гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн хүсэлтээр шүүх шинжээчээр “ОБАудит“ ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр “Х банк” ХХК дахь эрх хүлээн авагч, “ХБ” ХХК нарын байгуулсан ЗГ/1..  дугаартай зээлийн үндсэн төлбөр 1.081.000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл болох 753.260,10 ам доллар, нийт 183.4260,10 ам.долларын үлдэгдэлтэй байснаас 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “ХБ” ХХК, “ТТТ” ХХК-тай байгуулсан “Зээл барьцаа, банкны барьцаанд эд хөрөнгө чөлөөлж авах тухай“ 11/36 дугаартай гэрээний дагуу “ТТТ” ХХК-иас Х банкны 105....1 дугаартай дансанд 7.383.166.426,24 төгрөг шилжүүлж, Х банкны нэхэмжилсэн 2.316.823.81 ам.долларын зээлийн төлбөрийг төлж, 482.563.71 ам.долларыг илүү төлсөн болохыг тогтоосон гэж үзнэ. /3 дугаар х.х ийн 190-213 тал/

     Учир нь нэхэмжлэгчийн хүсэлтээр маргааны зүйлийг тодруулахаар шүүх шинжээчээр “ОБАудит” ХХК-ийг томилж, шинжээчийг дуудан хууль сануулан дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах тул уг дүгнэлтийг эргэлзээтэй тодорхой бус, үндэслэлгүй гэж үзэх үндэслэл буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

       Шинжээч нь зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ болон хэлцлүүд, зээл тус бүрийн тооцоо, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөлт, тус бүрийг нарийвлан зааглан тооцож, энэ тухайгаа дүгнэлтээ тусгасан гэж үзнэ.

      Иймд шүүх хариуцагч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас “ХБ” ХХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/1..  дугаартай 1.081.000 ам.долларын зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 482.563 ам доллар буюу 963.852.033,68 төгрөг /1 дүгээр хавтасны 19 дүгээр хуудсанд авагдсан Мбанкны 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн буюу нэхэмжлэл гаргах үеийн 1 ам.долларын ханш 1.997,36 төгрөгөөр тооцов/-ийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 232.546.292,32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

        Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын өгсөн тайлбар, хэргийн үйл баримтаар хариуцагчаар татсан Мбанкийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

       Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь тэмдэгтийн хураамжид 6.139.942 төгрөг төлөх байтал 6.240.850 төгрөг төлж, 100.908 төгрөгийг илүү төлсөн байх тул түүний илүү төлсөн 100.908 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

       Шүүх нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд “ХБ” ХХК нь шинжээчийн ажлын хөлс төлөөгүй, шинжээчээр ажилласан “ОБАудит“ ХХК нь шинжээчийн дүгнэлтийн хамт 20.615.000 төгрөгийн нэхэмжлэхийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс болох 20.615.000 төгрөгийг нэхэмжлэгч “ХБ“ ХХК хариуцах хууль зүйн үндэслэлтэй. /3 дугаар х.х 214-223 тал/

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

    1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 963.852.033,68 /есөн зуун жаран гурван сая найман зуун тавин хоёр мянга гучин гурван төгрөг, жаран найман мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 232.546.292,32 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Мбанкинд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ХБ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 6.240.850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 100.908 төгрөгийг буцааж, хариуцагч “Х банк” ХХК-аас 4.977.210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00...2 дугаар захирамжаар ”шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах”-аар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч “ХБ“ ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 20.615.000 /хорин сая зургаан зуун арван таван мянган/ төгрөг гаргуулж, “ОБАудит” ХХК-д олгосугай.

        5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ЦЭНГЭЛ