Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00158

 

“Хаан брой” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00561 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1879 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол банк, Хадгаламж банк дахь эрх хүлээн авагч нарт холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 598 989.89 ам.доллар буюу 1 196 398 326.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нэргүй, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нинжбадгар, Т.Дэлгэрхүү, С.Ганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр,  нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хаан брой” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-иас 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/140 тоот гэрээгээр 1 081 000 ам.доллар зээлж авсан.Тус зээлтэй холбоотой асуудлаар зээлийн хүүгийн төлөлтөд тооцоогүй орхигдуулсан 598 989.83 ам.долларыг төлсөн баримтаар хавсаргаж, шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд “Хадгаламж банк” ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.Атармаагийн гарын үсэг бүхий 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-689 тоот албан бичиг ирсэн боловч зээлийн хүүг орхигдуулсан төлөлтийг зээлийн үлдэгдэлд тооцсон, эсвэл эс тооцсон талаар хариу өгөөгүй.Компанийн захирал С.Отгонбаатар 1 081 000 ам.долларын зээлийн барьцаанд тусгаарласан 3 сая ширхэг хувьцаа нэг бүрийг 900 төгрөгөөр тооцож 2 700 000 000 төгрөгийн зээл авсан мэтээр зээл дээр нэмж тооцсон, Монгол шуудан банкинаас 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр авсан 550 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн тооцоог огт оруулалгүй орхигдуулсан байна.Нэхэмжпэгч 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний зээлийн төлбөрийн үлдэгдэл дүн болон 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/4-5121 тоотоор ирүүлсэн зээлийн үлдэгдэл 7 383 166 426.24 төгрөгийн зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд энэ нь балансын гадуурх дансны хуулгаар ирүүлсэн зээлийн тооцооллуудтай тохирохгүй, зөрүүтэй байсан тул зээлийн хүүгийн тооцооллуудыг дахин тооцож үзэхэд 154 342 120.65 төгрөгийн, мөн 11 812.08 ам.долларын илүү төлөлттэй тооцоо гарч байгаа юм.Энэ нь Аудитын тухай болон Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Сангийн яамнаас аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Актив аудит” ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайланд хийсэн аудитын зөвлөмж, мөн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хараат бус аудиторын зөвлөмжөөр бүрэн тогтоогдож байна.Мөн “Хадгаламж банк” ХХК-иас 2007 онд авсан 600 000 ам.долларын зээлийн тооцоог “Хадгаламж банк” ХХК болон “Хаан брой” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 598 989.83 ам.долларын үлдэгдэлтэй гаргаж, зээлийн хүүнд төлсөн 65 503 ам.долларыг зээлийн эргэн төлөлтөд тооцолгүй орхигдуулсан.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Монгол банк түүний Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 598 989.83 ам.долларыг шаардаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд өмнө үүссэн зээлийн харилцаа буюу түүний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч “Хаан брой” ХХК нь бүрэн биелүүлсэн.Харин хариуцагч зээлийн эргэн төлөлтийн тооцоонд алдаа гаргаж илүү төлбөр авсан. Зээлийн тооцоонд төлсөн төлбөрийг орхигдуулснаас хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүй 598 989.83 ам.долларыг үндэслэлгүй илүү авсан. Энэ нь хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үйлдэл болох нь илт байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Монгол банк түүний “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “Хаан брой” ХХК-ийн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрх бүхий этгээд мөн юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт “бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй” байдлыг хуульчилсан боловч “Хаан брой” ХХК-ийн хувьд 598 989.83 ам.долларыг хариуцагч “Хадгаламж банк” ХХК-д шилжүүлээгүй, харин хариуцагч нь тус нэхэмжилж байгаа мөнгийг бидэнд мэдэгдэлгүй авсан юм. Өөрөөр хэлбэл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр буюу эзэмшснээс үүссэн үүрэгт хамаарч байна. Шүүх хуралдааны явцад Монгол банк уг төлбөрийг хариуцах боломжгүй гэдэг нь харагдлаа.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Хадгаламж банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 598 989.83 ам.доллар буюу 1 196 398 326.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Нэхэмжлэгчээс Монгол шуудан банк болон “Хаан брой” ХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ/140 тоот зээлийн, иргэн С.Отгонбаатарын Монгол шуудан банктай 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 80 тоот зээлийн гэрээний үүргийг болон эдгээр гэрээнүүдийг үндэслэн Хадгаламж банк болон “Хаан брой” ХХК, “Бамбарууш сервис” ХХК-ийн захирал С.Отгонбаатар нарын хооронд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 10/04 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ”-ний үүргийг шаардаж байна.Тус гэрээний 2.1-д зааснаар талууд гэрээ байгуулах өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр төлбөрийг 3 285 822 ам.доллар, 2 253 396 961 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчээс дээрх гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч баримтуудыг үйлдэж байсан....Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдсан төлбөрийн тооцооны зөрүүг шалгуулах хүсэлтийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1а/12-03 дугаартай албан бичгээр Хадгаламж банкинд гаргаж Тусгай активын хэлтсийн захирал Г.Атармаагийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-689 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.Мөн Хадгаламж банкны Дотоод хяналтын газрын захирал М.Билэгт нь 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр тус компанийн гаргасан гомдлын дагуу “Хаан брой” ХХК болон иргэн С.Отгонбаатартай холбоотой зээл, хүүний тооцооллыг шалгахад банкны зүгээс төлбөр илүү суутгаагүй харин 122 468 696 төгрөгийн хүүгийн төлбөр дутуу авсан бөгөөд нэхэмжлэгчийн тооцооллоор илүү төлсөн гэх төлбөр үндэслэлгүй байх тул буцаан олгох боломжгүйг мэдэгдсэн.Уг хариуг өгсөн өдөр буюу 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин гомдол, санал гаргаагүй байна. Дээр дурдсан Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд Хадгаламж банкнаас хамгийн сүүлд хариу өгсөн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дууссан ба нэхэмжлэгчээс шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан.Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилогдсон. Мөн өдрийн А157 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Банкны эрх хүлээн авагчаас үндэсний өдөр тутмын Өдрийн сонины 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 239(4566) дугаарт Хадгаламж банк ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон тухай нийтэд мэдээлсэн. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Хадгаламж банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хангах төлбөрийн дарааллыг тогтоосон. Дээр дурдсан хугацаанд “Хаан брой” ХХК нь авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд өөрчлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт орох үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тайлбарын нэг, хоёрдугаар хэсэгт дурдсанаар тооцох үндэслэлтэй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй....2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх, буцаан шилжүүлэн авах №2008/01 дугаартай гэрээ байгуулагдаж, 865 856 000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлэх, уг гэрээгээр заасан хуваарьт хугацаанд өр төлбөрийг барагдуулсан тохиолдолд банк уг хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйгээр худалдаж төлбөрийг барагдуулах талаар талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурсан. Уг гэрээнд зээл төлөх эцсийн хугацааг 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж заасан боловч зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй учир 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын 326 дугаар тушаалаар Ү-2203009785 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханш 2 771 808 690 төгрөгөөр тооцож, үндсэн хөрөнгөнд бүртгэсэн.Зээлдэгч 2011 оны 11 дүгээр сарын 14-нд 865 856 000 төгрөгийн төлбөр хийсэн тул 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар 865 856 000 төгрөгийг данснаас хасч 1 905 952 690 төгрөгийн гарз гарч уг дүнгээр зээлдэгч хөнгөлөлт эдэлсэн. 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эрсдлийн хорооны хурлын шийдвэрээр 171 689 ам.долларын хүү, 323 162 497 төгрөгийн хүүг тус тус балансын гадуур нэмж хуримтлагдсан хүүнээс зарлагадаж, нийт 549 055 431 төгрөгийн /2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ханш/ хүүгийн хөнгөлөлт тус тус үзүүлж байсан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол банк шүүхэд гаргасан тайлбартаа:Монгол банкны ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар албан тушаал гарган Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар Ч.Аварзэдийг томилсон.Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлд банкны удирдлагын бүрэн эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн банкны эрх хүлээн авагч хуулийн дагуу холбогдох арга хэмжээг бүрэн эрхийн дагуу бие даан хэрэгжүүлэхээр заасан. Энэ иргэний хэрэгт Монгол банкийг хариуцагчаар татсан бөгөөд уг асуудал нь Монгол банкинд хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй. Банкны тухай хуульд зааснаар “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хамааралтай.Иймд Монгол банк энэ хэргийн хариуцагч биш байх тул нэхэмжлэлийн Монгол банкинд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00561 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑т зааснаар хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 542 268.02 ам доллар буюу 1 083 104 452.42 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 68 533.89 ам доллар буюу 136 886 850.53 төгрөгийг, хариуцагч Монгол банкинд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 6 240 850 /3.170.650+3.000.000+70.200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 100 908 төгрөгийг буцааж, хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 5 573 472 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1879 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00561 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Монгол банкнаас 598 989.83 ам.доллар буюу 1 196 398 326.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагчаас 1 196 398 326.8 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Аудитын тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцсэн “Актив аудит” ХХК-ийн дүгнэлтийг хэрэгт хавсаргасан.Хариуцагчийн зүгээс дээрх нотлох баримтыг огт няцаагаагүй, тайлбар гаргаагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан үндэслэлийн дагуу үнэлж, хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 1 083 104 452.42 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны болсон. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.Хэргийн 221-224 дүгээр талд “Монгол шуудан банк” болон “Хаан брой” ХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/140 дугаартай 1 081 000 ам.долларын гэрээ, түүнчлэн хэргийн 135-140 дүгээр талд нэг талаас “Монгол шуудан банк” болон “Хаан брой” ХХК-ийн захирал С.Отгонбаатар нарын хооронд 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаартай 600 000 ам.долларын гэрээ авагдсан бөгөөд талууд тус дээрх гэрээ байгуулагдсан гэдэгт маргадаггүй бөгөөд хариуцагчийн зүгээс зээлийн эрх, үүрэг дуусгавар болсон гэдгийг баталж тайлбар гаргасан.Хэрэгт “Актив аудит” ХХК-ийн компанийн “Хаан брой” ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт авагдсан. Тус дүгнэлтээр 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөр болох 598 989.83 ам.долларын илүү төлөлттэй болох нь нотлогдсон. Давж заалдах шатны шүүхээс дээрх зээлийн гэрээний үүрэгт төлсөн илүү төлөлтийн талаар дурдан хуулийн шаардлага хангасан гэж дүгнэсэн. Энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дүгнэгдсэн болно.Хэрэгт авагдсан “Актив аудит” ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй зээлийн гэрээнүүдийн төлөлтөд төлсөн 598 989.83 ам.долларыг хариуцагч нь буцаан төлөлтөд тооцолгүй орхигдуулсан гэдэг нь нотлогдсон, шүүх хүлээн зөвшөөрсөн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгө гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн....Давж заалдах шатны шүүх маргааныг хянахдаа талуудын хооронд тооцоо нийлж, гэрээний эрх, үүргийг дуусгавар болгосон гэх хачирхалтай дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д “...хууль буюу гэрээнд заасан үндэслэл байхгүй...” гэж дурдаад буцаан шаардах эрх нь гэрээний дагуу үүрэг үүсээгүй байх, эсвэл үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хэрэглэх учиртай гэж үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлан дүгнэлт гаргасан байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.Нэхэмжлэгчийн зүгээс гомдож буй гол нөхцөл нь гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлж, холбогдох төлөлтийг хариуцагчид шилжүүлсэн. Харин хариуцагчийн зүгээс гэрээний дагуу төлсөн төлөлтийг зээлийн гэрээний буцаан төлөлтөд тооцолгүй авсан үйлдэл юм. Хэлцлийн нэг тал буюу зээлдэгч “Хаан брой” ХХК нь маргаж буй зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн мөн дээр нь гэрээгээр үүрэг болгоогүй илүү төлөлт болох 598 989.83 ам.долларыг шилжүүлсэн нь маргаангүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хамаарч байна. Нэхэмжлэгчийн зүгээс 598 989.83 ам.долларыг хариуцагчид шилжүүлээгүй, гагцхүү хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүй тооцооллын алдаа гарган илүү төлбөр авснаа орхигдуулсан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК нь Монгол банк болон “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар нийт 598 989 ам.доллар буюу 1 196 398 326 төгрөг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч Монгол банк  нь “Хадгаламж банк” ХХК-иас нэхэмжлэгчид олгосон зээл болон түүний тооцооны харилцаанд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэж тайлбарласан бол хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Хадгаламж банк” ХХК-иас авсан 1 081 000 ам.долларын ЗГ\140 дугаартай гэрээг зааж, энэхүү гэрээний эргэн төлөлтөд төлсөн 598 989 ам.долларыг, 2007 онд авсан 600 000 ам.долларын зээлийн хүүд төлсөн 65 503 ам.долларыг банк зээлийн тооцоонд оруулаагүй гэж дурджээ. Мөн нэхэмжлэлд “Монгол шуудан банк” ХХК-иас 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр авсан 550 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн тооцоог орхигдуулсан талаар заасан байна \1-р хх-ийн 1-2 дугаар тал\.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 081 000 ам.долларын, 36 сарын хугацаатай, сарын 1,7%-ийн хүүтэй зээлийн гэрээ “Хаан брой” ХХК болон “Монгол шуудан” банкны хооронд байгуулагджээ. Харин 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 094 дугаартай, 550 000 000 төгрөгийн, 12 сарын хугацаатай, сарын 2,1%-ийн хүүтэй зээлийн гэрээг \2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг сунгасан\ “Хаан брой” ХХК нь “Хадгаламжийн” банктай байгуулжээ \хх-ийн 176-179, 221-228 дугаар тал\.  Үүнээс гадна нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаагүй боловч нэхэмжлэгч “Хаан брой” ХХК нь 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 600 000 ам.долларыг 2 жилийн хугацаатай, сарын 1,35%-ийн хүүтэй, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1 070 000 000 төгрөгийг сарын 1.35%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай “Монгол шуудан” банкнаас зээлжээ \хх-ийн 104-111, 135-140 дүгээр тал\. Түүнчлэн, “Хаан брой” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр 638 550 000 төгрөг хүүгүй, хугацаагүй зээлсэн гэх баримт хэрэгт авагджээ \1-р хх-ийн 86, 87 дугаар тал\.

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-д зээлийн өр төлбөргүй болсон талаар зохигчид маргаагүй байна.

Зээлдүүлэгч болон зээлдэгч тал нь зээлийн өр төлбөрийг барагдуулах талаар дараахь гэрээ байгуулж, хэлцэл хийжээ:

-Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр “Хаан брой” ХХК нь 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 550 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нийт 865 856 000 төгрөг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцааны эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Браухаус” ХХК-ийн байрны албан конторын зориулалттай 3 дугаар давхрын 1045.5 м.кв талбай бүхий хэсгийг “Хадгаламж” банкинд шилжүүлэхээр тохиролцжээ. Зээлийн төлбөрт 2008 оны 4 дүгээр сарын 15-ны дотор 205 285 333 төгрөг, 2008 оны 5 дугаар сарын 31-ний дотор 330 285 333 төгрөг, 2008 оны 6 дугаар сарын 30-ны дотор 330 285 333 төгрөг нийт 865 856 000 төгрөгийг төлсөн тохиолдолд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах эрхтэйгээр гэрээнд заасан байна \1-р хх-ийн 184-187 дугаар тал\.

-Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10\04 дугаартай гэрээгээр “Хаан брой” ХХК, С.Отгонбаатар, “Бамбарууш сервис” ХХК-ийг төлөөлөн С.Отгонбаатар нь “Хаан брой” ХХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2 316 823 ам.доллар, С.Отгонбаатарын 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр 968 998 ам.доллар, “Бамбарууш сервис” ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр 1 588 240 711 төгрөг, “Монгол шилтгээн” ХК-ийн хувьцаа буцаасан авлагад 665 156 250 төгрөг нийт 3 285 822 ам.доллар, 2 253 396 961 төгрөгийн төлбөрт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 22 хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн болон 1 дүгээр давхарын хэсэг, “Монгол шилтгээн” ХК-ийн С.Отгонбаатар болон  “Хаан брой” ХХК-ийн эзэмшлийн хувьцааны зарим хэсгийг “Хадгаламж банк” ХХК-д буцаан худалдан авах эрхтэйгээр шилжүүлэх талаар тохиролцжээ \1-р хх-ийн 40-42 дугаар тал\.

-2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн болон 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эдгээр гэрээгээр төлөх 3 285 822 ам.доллар, 2 253 396 961 төгрөгийн төлбөрт С.Отгонбаатарын өмчлөлийн “Монгол шилтгээн” ХК-ийн 3 сая ширхэг хувьцааг “Хадгаламж банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, С.Отгонбаатар төлбөрөө төлсөн тохиолдолд хувьцааг буцаан худалдан авах талаар тохиролцжээ \2-р хх-ийн 63 дугаар тал\.

-Тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн актаар С.Отгонбаатар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, үүргийн гүйцэтгэл хангагдсан тул “Хадгаламж” банкны өмчлөлд шилжүүлсэн 4 үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээр тохиролцож, эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүлээлцсэн байна. 

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-ийн хүсэлтээр уг компанийн санхүүгийн тайланд аудит хийсэн “Актив аудит” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмждөө “Хаан брой” ХХК-ийн “Хадгаламж” банкнаас 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 081 000 ам.долларын зээлийн тооцоог “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх” 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Хадгаламж”  банк “Хаан брой” ХХК-ийн хоорондох гэрээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2 316 824 ам.долларын үлдэгдэлтэй гэж тогтоохдоо зээлийн хүүд төлсөн 533 486.83 ам.долларын төлөлтийг тооцолгүй орхигдуулсан гэж үзжээ. Энэхүү 533 486 ам.долларын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 27-ны хоорондох 7 удаагийн төлбөрийг банкны зээлийн мэргэжилтэн 2008 онд зээлийн тооцоололд оруулж байсан боловч 2010 онд орхигдуулж тооцсон болохыг заасан байна \1-р хх-ийн 29-30, 2-р хх-ийн 118-129 дүгээр тал\.

Түүнчлэн, “Хаан брой” ХХК-ийн 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 600 000 ам.долларын тооцоололд зээлийн хүүд төлсөн 65 503 ам.долларыг орхигдуулсан гэж аудитын дүгнэлт, зөвлөмжид заажээ.  

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэрээний талаар дүгнэлт хийснээс гадна зээлийн өр төлбөр барагдуулах зорилгоор байгуулагдсан зарим гэрээ, хэлцлийн талаар эрх зүйн хувьд алдаатай, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл, талуудын мэтгэлцээнд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд хийгдсэн дээрх гэрээ болон хэлцлүүдэд зээл тус бүрийн тооцоог үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зааглалаар нарийвчлан гаргаагүй, эргэн төлөлтийг тусгаагүй, харин нийт үнийн дүнгээр заасан байгаагаас гадна гэрээ, хэлцлийн зүйл нь ийнхүү тооцоог тогтоох биш харин  эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх, буцаан шилжүүлэх тухай байгааг давж заалдах шатны шүүх анхааралгүй зээлийн гэрээний талуудыг тооцоо нийлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн давж заалдах шатны шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1.-д заасан зохицуулалтад хамааруулсан нь хууль хэрэглээний алдаатай болжээ. Талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар, тооцоо нийлэх хүртэл  шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээх тухай тохиролцоо бүхий тооцоо нийлэх гэрээний Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1.-д заасан зохицуулалт зээлийн гэрээний үүргийг биелүүлэх арга, журмын талаарх талуудын харилцаанд хамааралгүй болно.

Давж заалдах шатны шүүх “Хаан брой” ХХК болон “Хадгаламж” банкны хооронд зээлийн төлбөр барагдуулах зорилгоор эд хөрөнгө шилжүүлэх, буцаан шилжүүлэх гэрээ болон актыг тооцоо нийлсэн гэрээ гэж дүгнэснээр нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэлд хамааралгүй гэж үзэж, “Хаан брой” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 239 хуудас баримтаар нотлосон байхад хариуцагч тал тэдгээрийг үгүйсгэх, ялангуяа, зээлийн тооцоог баримтаар нотолж, аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан тооцооны зөрүүний талаар нотлогоо бүхий тайлбар гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3., 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхой бус, хэрэгт авагдсан зарим нотлох баримт хуульд заасан шаардлагад нийцээгүй байдлыг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх зүйн байдлыг анхаараагүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч “Хаан брой” ХХК нь нэхэмжлэлдээ 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “550 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг тооцоонд огт оруулаагүй” гэж заасан боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй эсэх нь тодорхой бус  байна. Мөн аудитын дүгнэлтэд 2005 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 1 081 000 ам.долларын зээлийн тооцооноос 533 486.83 ам.долларын төлөлт тусгагдаагүй гэж заасан байхад нэхэмжлэгч уг гэрээний тооцооноос 598 989.83 ам.доллар орхигдсон гэж нэхэмжлэлдээ заасан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн үнийн дүнд 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 600 000 ам.долларын зээлийн тооцооноос орхигдсон гэх 65 503 ам.доллар багтсан байх магадлалтай боловч нэхэмжлэлийн шаардлагын тодорхой бус хэсгийг нэхэмжлэгч залруулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодорхой бус гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн үүрэгт төлөгдсөн төлбөрийг банк тооцоогүй орхигдуулсан гэж заасан атлаа шүүх хуралдаанд “598 989.83 ам.долларыг хариуцагч “Хадгаламж” банкинд шилжүүлээгүй, харин хариуцагч нь тус нэхэмжилж байгаа мөнгийг бидэнд мэдэгдэлгүй авсан” гэж тайлбарласан нь ойлгомжгүй байгааг шүүх тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.  

“Хаан брой” ХХК-ийн “Монгол шуудан” банктай 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ нь маргааны зүйл, нэхэмжлэлийн үндэслэлд шууд хамааралгүй боловч хэргийн нөхцөл байдлыг тодорхой болгоход ач холбогдолтой байхад гэрээний 1 дүгээр хуудаснаас бусад хэсэг нь хэрэгт авагдаагүй байна \1-р хх-ийн 87 дугаар тал\.

Нэхэмжлэгч “Хаан брой” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунаа, аудитын дүгнэлт гаргасан “Актив аудит” ХХК-ийн захирал Ж.Оюунаа нь нэг хүн мөн эсэх, мөн бол аудитын дүгнэлт гаргасан этгээд үйлчлүүлэгчийг төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой эсэх талаар шүүх зохих дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргах байжээ.         

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00561 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1879 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 5 573 475 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН