Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1622

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01417 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.О-ийн хариуцагч Г.О-т холбогдуулан гаргасан 10 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэр бүлийн хэрэгцээний 214 м.кв газрыг 63 м.кв талбай бүхий хувийн сууцын хамт өмчилдөг байсан. Хувийн сууцаа сайжруулах зорилгоор 7 000 000 төгрөгийг би анх “Хөгжил финанс” ББСБ-аас зээлж аваад, тодорхой шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн байсан. Энэ үед би Б.Ариунболдоос 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 21 700 000 төгрөгийг зээлснээр гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний барьцаанд газар болон хувийн сууцыг барьцаалсан бөгөөд энэхүү барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны зүйлийн үнэлгээг 25 000 000 төгрөгөөр тодорхойлсон. Дээрх зээлийн гэрээний дагуу авсан 21 700 000 төгрөгийн 7 700 000 төгрөгийг нь “Хөгжил финанс ББСБ” ХХК-д өгч өрийг нь хааж, Б.Ариунболд 3 сарын хүү 2 400 000 төгрөгийг суутган авч, үлдэх 11 600 000  төгрөгийг өгсөн. Энэ гэрээний хугацаа 3 сар бөгөөд, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусах байсан. Б.Ариунболд надаас мөнгөө нэхээд, өөрийн таньдаг гэх “НБМ финанс” гэдэг ББСБ-ыг надад санал болгож, тэндээс мөнгө зээлж миний өрийг төлөөч гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Энэ зээлээс би нэг ч төгрөг аваагүй 10 000 000 төгрөгийг Б.Ариунболд хүлээж авсан. Эхний гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ариунболд эхний зээлийн 21 700 000 төгрөгийн гэрээний хүү, алдангийг тооцож 25 000 000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулсан. Хамгийн сүүлийн “НБМ финанс ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн ба барьцааны гэрээнд барьцаалбар үйлдээгүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Ариунболд, түүний танил захирал Г.О- нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг газар, байшин тус тусад нь байгуулж, 2 ширхэг гэрээ нотариатчаар батлуулж, газрыг нь 8 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг нь 6 000 000 төгрөгөөр захирал Г.О- гэдэг хувь хүнд нь худалдсан мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан. Би 14 000 000 төгрөгөөр хашаа байшингаа өгчхөөд байхад, дахиад Б.Ариунболд Хан-Уул дүүргийн шүүхэд 25 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэр гарч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр би Б.Ариунболдод 19 000 000 төгрөгөөр өгөхөөр шийдвэр гаргасан. Сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 хөрөнгийг үнэлүүлэхэд 24 600 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг хариуцагч эсэргүүцээгүй. Гэтэл 8 000 000 төгрөгөөр буюу 6 000 000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар “НБМ финанс ББСБ” ХХК нь өөрийн авах авлагад тулгаж тооцож гэрээ байгуулсан болохоо хариуцагч зөвшөөрдөг. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр, өөрөөр хэлбэл бодитоор үнэлгээ тогтоохгүйгээр өрөндөө шууд хурааж авахдаа зөвхөн өөрийн авлагад дүйцүүлэн үнэлсэн нь хууль бус тул тухайн үл хөдлөх үнэлгээний зөрүүнд 10 600 000 төгрөгийг нэхэмжилж байна.  Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах хууль заасан журмыг хэрэглэсэн эсэхийг тодорхой болгох гэж дээд шүүхийн тогтоолд заасан. Хариуцагч тал гэрээний 5.2.2-т зааснаар шүүхийн бус журмаар тохиролцоод худалдсан гэж тайлбарлаж байгаа. Түүнчлэн газрыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-т заасныг зөрчиж худалдсан. Газрыг шүүхийн бус журмаар худалдахыг хориглодог гэх заалтыг зөрчсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар эсвэл шууд худалдана, эсвэл шүүхийн журмаар худалдана гэж заасан байдаг.Энэ бол гэрээний үүргийг ноцтой зөрчсөн асуудал болсон. Иймд 10 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.О- нь “НБМ Финанс” ББСБ-д ажиллаж байсан. 6 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн хугацаанд нэхэмжлэгч Д.О- нь 7 удаа банкинд нийт 2 130 000 төгрөгийн төлөлт хийгдсэн байсан. Тухайн үед нэхэмжлэгч Д.О- нь ББСБ-тай тохиролцоод газраа шууд өрөндөө өгөх санал тавьсан. Газрыг 8 000 000 төгрөгөөр, сууцыг 6 000 000 төгрөгөөр тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Хоёр үл хөдлөх үнэлгээний зөрүү болох 10 600 000 төгрөгийг шаардаж байгаа. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хоёр гэрээ байгуулсан. Энэ гэрээний худалдагч тал болох нэхэмжлэгч нь эрх зүйн чадвар чадамжтай, тухайн үед сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй, насанд хүрсэн хүн байгаа. Гэтэл дээр нь өмгөөлөгч нь хүчээр тулгасан гэж ярьж байна. Ийм нөхцөл байдал байхгүй. Тухайн үед банк бусаас 10 000 000 төгрөг зээлсэн, ердөө 2 000 000 төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 40 дүгээр зүйлд шүүхээс гадуур болон шүүхийн журмаар худалдах гэж байгаа. Шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцоно гэж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний  5.2-т талууд шүүхээс гадуур худалдан борлуулж болно гэж заасан. Энэ дээр хууль зөрчсөн, тулгаж хийсэн гэдэг зүйл огтхон ч байхгүй бөгөөд өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага бол мөнгө нэхэмжилж байгаа гэж ойлгож байгаа. Талууд 8 000 000 төгрөг болон 6 000 000 төгрөгийн хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.О-ээс 10 600 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 050 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.О- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл, санаа зорилго байгаагүй бөгөөд Г.О-ийн ББСБ-аас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн учраас Г.О-ийн хүсэлтээр газар, байшингаа түүнээс авсан үндсэн зээл, зээлийн хүү, алдангид хураалгасан. Зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж шилжүүлсэн нь өмнөх зээлдүүлэгч Б.Ариунболдын өрийг мөн давхар хааж байгаа л гэж ойлгосон. ББСБ-ын өрийг хаахын тулд хэлцэл хийсэн болох нь 14 000 000 төгрөгийг би хүлээж аваагүй, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр н.Ганбаатараас ББСБ-ын дансанд мөнгө шууд шилжигдэн орж, миний зээлийг хаасан байдаг. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн бол мөнгө хүлээлцэж авах ёстой гэж бодож байна. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоолд худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас гадна зээлийн гэрээний харилцаагаар холбогдсон болохыг тогтоосон, мөн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай хуульд заасан журам хэрэгжсэн эсэхийг тодорхой болгох шаардлагатай гэж байсныг үл харгалзан анхан шатны шүүх нь Улсын Дээд шүүхийн дурдсан зүйлүүдийг нягталж шалгаж, харгалзан үзэхгүйгээр шууд худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж үзэж шийдвэрлэсэн нь алдаатай байна. Банк бустай байгуулсан зээлийн барьцааны гэрээний 5.2-т барьцаагаар хангагдах шаардлагыг барьцааны зүйлээр гүйцэтгэх гэсэн заалтуудыг алиныг нь биелүүлээгүй. Надад бичгээр мэдэгдэл ч өгөөгүй, 30 хоногийн хугацаа ч өгөөгүй, шууд л барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа дүр үзүүлэн хураан авсан. Ийм учраас барьцааны зүйлийг худалдан борлуулах журам баримтлалгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан намайг хохироосон учраас уг газар, байшингийн үнэлгээ 25 400 000 төгрөг тул зөрүү 10 600 000 төгрөгөөр намайг хохироосон гэж үзэн хохирол нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж багасгасан. Г.О- нь банк бусын зээлийн журмыг зөрчиж, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг зөрчиж шууд худалдсан нь хууль бус байхад анхан шатны шүүхээс барьцааны зүйлийг “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан шилжүүлсэн нь барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасантай нийцэж байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь зээлийн болон барьцааны гэрээнээс үүссэн харилцаа атал хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Г.О-т холбогдуулан 10 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ газар болон хувийн сууцны бодит үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр 24 600 000 төгрөг болох нь тогтоогдсон тул “НБМ финанс ББСБ” ХХК-д төлөх 14 000 000 төгрөгийн өрийг уг газар, хувийн сууцаар хааснаас үлдэх 10 600 000 төгрөгийг Г.О-ээс гаргуулна гэж тайлбарлажээ.

 

            Нэхэмжлэгч Д.О- нь “НБМ финанс ББСБ” ХХК-тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар зээлж, сарын 4.5 хувийн хүүтэйгээр буцаан төлөх үүргийг хүлээсэн, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамж 5а тоот 214 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, мөн хаягт байрлах 63 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж мөн өдрийн зээлийн барьцааны гэрээг байгуулсан нь хэрэгт баримтаар авагдсан байна. /хх1-8-13/

 

            Барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Нэхэмжлэгч Д.О- нь “НБМ финанс ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дуусахад төлбөрийг барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбар, зээлдэгчийн дансны хуулгаар тогтоогдсон байх бөгөөд барьцааны зүйлээр зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно.

 

            Талууд зээлийн барьцааны гэрээний 5.2 дахь хэсгээр барьцааны зүйлээр шаардлагыг хангах журмыг нарийвчлан тогтоосон байх бөгөөд 5.2.2-т үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах зорилгоор харилцан тохиролцож худалдаж болох талаар, ийнхүү тохиролцохын тулд барьцаалагч нь энэ талаар барьцаалуулагчид 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх, барьцаалуулагч нь мэдэгдлийг хүлээн аваад худалдан борлуулах үнэ, огноо, арга зэргийг тодорхойлсон эцсийн мэдэгдлийг барьцаалагчид хүргүүлэх журмыг талууд гэрээний 5.2.3, 5.2.5-д харилцан тохиролцож тогтоожээ.

 

            Гэвч хэрэгт барьцаалагч “НБМ финанс ББСБ” ХХК-аас болон барьцаалуулагч Д.О-ээс гэрээнд заасан журмын дагуу харилцан мэдэгдэж, үүргийг барьцааны хөрөнгөөр хангах талаар харилцан тохиролцсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Нэхэмжлэлд дурдсан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны зүйл болох газрыг 8 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг 6 000 000 төгрөгөөр, 2 үл хөдлөх эд хөрөнгийг нийтдээ 14 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаарх иргэн Г.О-тэй хийсэн гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд барьцаалагч “НБМ финанс ББСБ” ХХК уг гэрээнд оролцоогүй байна.

 

Дээрх бичгийн баримтуудаас үзвэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдүүд гэрээгээр тогтоосон журмын дагуу барьцааны зүйлийг шууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зээлийн үүргийг барьцааны хөрөнгөөр хангасан гэж үзэхгүйгээс гадна мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 44.4.1,44.4.2-т заасанд нийцэхгүй.

 

Иймд худалдах, худалдан авахаар талууд гэрээгээр харилцан тохиролцсон гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, Г.О-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх ба хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-т үүснэ.

 

Хүчин төгөлдөр барьцааны гэрээний улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны зүйл болох газар, хувийн сууцны үнэлгээг шүүхийн журмаар томилогдсон эрх бүхий шинжээч 24 600 000 төгрөг болохыг тодорхойлсон 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт хэрэгт авагдсан байна. /хх1-54-77/

 

Хуулийн дурдсан зохицуулалтаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд 10 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах журам зөрчигдсөн хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь буруу.

 

Нэхэмжлэгч нь анх 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хууль зөрчсөн 2 гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөх эрхээ сэргээлгэхээр шаардлага гаргасан боловч үл хөдлөх эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн, хэлцлээр өгсөн зүйлийг буцаан авах, өмчлөх эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан 24 600 000 төгрөгийн үнэтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг зохих журмын тогтоолгүйгээр ББСБ-ын өрөнд тааруулан үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсний зөрүү 10 600 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон нь үндэслэлтэй, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.          

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгийн заалтыг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Г.О-ээс 10 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Г.О-ээс 227 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-т олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ