Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2020/01439

 

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2020/01439

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймагт суух Ш овогт Ө.Ч  /РД:МЮ81/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт хаягт байрлах М нд холбогдох

Дархан-Уул аймаг дахь М ны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ч , хариуцагчийн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ө овогтой Ч би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь М ны хэлтэст хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай хийж, Мэдээлэл технологийн ажилтан /дадлагажигч/ ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2019 оны 10 дүгээр сарын 16-наас эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг дахин 6 сарын хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.2020 оны 04 сарын 14-нд Дархан-Уул аймгийн М ны хэлтсийн захирал Б.Ж болон Тамгын газарт 12 сарын хугацаанд дадлагажигч ажилтанаар ажилласан ажлын тайлан, Мэдээлэл технологийн ажилтаны албан тушаалд жинхэлж ажиллах хүсэлт гаргасан. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б-164 дугаартай М ны ерөнхийлөгчийн тушаалаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан.

Миний бие шинээр ажилд орохдоо шалгалт өгч, бусад 3 шалгуулагчдаас илүү оноо авч тэргүүлж, ярилцлаганд орж тэнцсэнээр ажилд орсон. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон гэсэн огт үндэслэлгүй учраас уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

Иймд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б-164 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Ч  нь 2019 оны 4 сарын 16-нд М ны Ерөнхийлөгчийн Б-230 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь М ны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтан, дадлагажигч ажилтнаар түр томилогдсон бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 10 сарын 16-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд Ө.Ч тай холбоотойгоор гомдол ирсэн учраас үндсэн ажилтнаар томилолгүйгээр үүссэн асуудлаа шийдвэрлүүлэх боломж олгон хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажилтантай харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т нийцүүлэн 6 сараар сунгасан.

Гэрээний хугацаанд Ө.Ч тай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тухай дуудан ирүүлэх хуудас ирсэн. Үүнтэй холбоотойгоор өөрөөс нь тодруулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Заналхийлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нь үнэн бөгөөд 2020 оны 03 сарын 31-ний өдөр гаргасан өргөдөлдөө энэхүү хэрэг нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хянагдаж байгаа тул шүүхээр гэм буруугаа эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу 45 хоногийн хугацаанд ажлаас түдгэлзүүлж өгөх талаар дурдсан байна.

Мөн Ө.Ч  нь анх ажилд орохдоо бүрдүүлэн өгсөн баримт бичигт өмнөх байгууллагын ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компаниас 2019 оны 09 сарын 30-ны 1-2/1375 дугаартай албан бичгээр Ө.Ч  нь тус компанийн Мэдээлэл технологийн албаны Мэдээллийн аюулгүй байдал, системийн администратороор ажиллаж байгаад Хөдөлмөрийн гэрээ болон Компанийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гарган тухайн асуудлыг шийдвэрлэх шатанд ажлаа хаяж явсан тухай дурдаад Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Ерөнхий захирлын 2018.12.26-ны өдрийн 1590 тоот Ө.Ч ыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын хуулбарыг хавсарган ирүүлсэн. Энэхүү 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 1590 тоот тушаалд Ө.Ч  нь 2018 оны 12 сарын 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн байдаг.

2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1-1/430 дугаартай Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийн албан тоотоор Манай компанийн Мэдээллийн технологийн албанд Мэдээллийн аюулгүй байдал, системийн администратороор ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан Ө.Ч  нь танай банкинд ажилд орохдоо байгууллагын албан бланк дээр тодорхойлолт хийж очсон байна. Тодорхойлолтын компанид үлдэх хувь нь манай архивын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул танайд байгаа хувийг нотлох баримтыг шаардлага хангуулан ирүүлэхийг хүссэн байдаг. 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 142 дугаар бүхий Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолоор энэхүү тодорхойлолтыг өнгөт принтер ашиглан үйлдсэн бөгөөд ЗХН Дарга Д.Н н гарын үсэг биш бөгөөд хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байна. Эдгээр үйл явдлын талаар Ө.Ч  нь анх ажилд орохдоо хэлээгүй буюу ажил олгогчийг худал мэдээллээр хангасан нь тодорхой болсон.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор Дархан-Уул аймгийн М ны хэлтэс хэлтсийн хурлыг 2020 оны 3 сарын 31-ний өдөр хийж тус хурлын тэмдэглэлд хэлтсийн захирал Б.Ж: Хөдөлмөрийн хугацаатай гэрээг сунгах болсон шалтгаан нь Ө.Ч ын нэр дээр ирсэн өргөдөл, гомдлын талаарх асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй мөн 2019 оны 10 сард цагдаагийн газраас ирүүлсэн албан бичигт тус ажилтан эрүүгийн хэрэгт гэрч-ээр орж байсан бол одоо яллагдагч-аар татагдсан байна. Мөн өмнө нь ажиллаж байсан Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-иас өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэсэн нь худал мэдээлэл бөгөөд харин ажлаа хаяж явсан, тооцоогоо бүрэн дуусгаагүй гэсэн байна. Мөн Ч.М хэлэхдээ хөдөлмөрийн гэрээг нь сунгах үедээ хууль хяналтын байгууллагынхаа асуудлыг яаралтай шийдвэрлээрэй гэж анхааруулан хөдөлмөрийн гэрээг нь сунгасан талаар ч мөн дурджээ. Хурлын тэмдэглэлд Ө.Ч  нь М анд ярилцлаганд орохдоо өөрийн хүсэлтээр өмнөх ажлаасаа гарсан гэж худал мэдээлэл өгсөн гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна.

Дархан-Уул аймгийн М ны хэлтсээс Тамгын газарт 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 19 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичигт Ө.Ч  нь дадлагажих хугацаанд өмнө нь ажиллаж байсан байгууллагад ноцтой дутагдал гаргасан нь тогтоогдож, энэ талаар худал мэдээллээр хангасан. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан зэрэг асуудлууд гарсаар байгаа тул итгэл хүлээлгэн жинхлэн ажиллуулах боломжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг 2020.4.16-ны өдрөөр дуусгавар болгох саналыг холбогдох баримт бичгийн хамтаар ирүүлсэн.

Ө.Ч ын анх ажилд орохдоо ажил олгогчийг хууран мэхэлсэн, худал ярьсан, ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил учраас хөдөлмөрийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан болно. Иймд Ө.Ч ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ч  нь хариуцагч М инд холбогдуулан Дархан-Уул аймаг дахь М ны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус болсон, учир нь миний бие тус албан тушаалд сонгон шалгаруулалтын үндсэн дээр орсон, хуурамч баримт бичиг бүрдүүлж ажилд орсон зүйл үгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, анх ажилд орохдоо эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаараа мэдээлэл өгөөгүй, нуун дарагдуулсан нь М ны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн гэж маргаж байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

1.    Зохигчид Ө.Ч  нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь М ны хэлтэст 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Мэдээлэл технологийн дадлагажигч ажилтнаар ажилд орсон. Тухайн үед уг албан тушаалын сонгон шалгаруулалтын мэргэжлийн шалгалтад өндөр оноо авч шалгаран орсон үйл баримтуудын тухайд маргаагүй байна. Түүнчлэн ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжлийн мэргэшсэн байдал, ур чадварын хувьд хангалттай гэж үнэлэгдэхүйц ажилтан байсан тухай зохигчид хүлээн зөвшөөрөн тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Ө.Ч ын дадлагажигч ажилтнаар ажилласан 6 сарын хугацаа дуусгавар болж жинхлэн ажиллах асуудлыг байгууллагын удирдлагын түвшинд авч хэлэлцэн дадлагажих хугацааг дахин 6 сараар буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан үйл баримтын тухайд зохигчид мөн маргаагүй.

 

2.    Улмаар нэхэмжлэгч Ө.Ч ыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн М ны ерөнхийлөгчийн Б/164 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл бүрдсэн буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Хариуцагч уг нөхцөл байдлыг тодруулан Ө.Ч ыг хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар дадлагажигч ажилтнаар ажиллаж байх үед гуравдагч этгээдээс гомдол ирсний зэрэгцээ энэ хугацаанд Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт шалгагдаж байсан талаарх мэдээлэл болон өмнөх ажил алба тушаалаасаа ажлаа хаяж явсан гэх сахилгын зөрчлөөр халагдсан талаараа анх ажилд орохдоо нуун дарагдуулсан эс үйлдэхүйгээр ноцтой зөрчил гаргасан тайлбарлаж байна. Тэрээр М ны Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.1.к-д заасны дагуу хууль тогтоомжоор шууд хориглон тогтоосон аливаа хэм хэмжээг зөрчсөн бол сахилгын ноцтой зөрчилд хамруулахаар заасан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

М ны Хөдөлмөрийн дотоод журмын 2.4-т ажилд орж байгаа иргэний үүргийг жагсаан заажээ. Тус журмын 2.4.б-д захиргаанаас шаардсан материалыг үнэн зөв бүрдүүлж өгсөн байх үүргийг дурдсан байх бөгөөд М ны ажилтны ёс зүйн дүрэмд М ны ажилтан нь шударга бус аливаа зүйлтэй үл эвлэрэн, хариуцсан ажил үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. Ажилтан М ны нэр төр, албаны нэр хүндийг ямагт өндөрт өргөж, хууль бус, шударга бус үйлдлээс ангид байна гэжээ./хх-ийн 25-30, 43-56/

Нэхэмжлэгч нь М инд ажилд орохын өмнөх албан тушаал нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан ажлын байр биш учир энэ талаар надаас мэдээлэл шаардаагүй, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2014 оноос 2018 оныг хүртэл, Цахим төгс хүрд ХХК-нд 2019.01 сараас 2019.03 сарыг хүртэл хугацаанд ажилласан. Нэгэнт өмнөх ажлын талаарх мэдээлэл шаардсаны зэрэгцээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс чөлөөлөгдөх болсон үйл явц төдийлөн таатай мэдээлэл биш байсан тул энэ талаарх мэдээллийг өгөөгүй гэж тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч тус байгууллагад ажиллаж байх үедээ гаргасан ёс зүйн зөрчлийн улмаас ажлаа орхих болсон үйл баримтыг үгүйсгээгүй болно. Улмаар ажлаас гарах үедээ ажил олгогчоос авсан ажил үүргийн тодорхойлолт хуурамч эсэхтэй холбоотой асуудлаар эрүүгийн журмаар шалгуулах болж хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр асуугдсан талаараа М инд ажилд орох үедээ мэдээлэх шаардлагагүй гэж үзсэн болохоо шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд өөр нэгэн зөрчлийг эрүүгийн журмаар шалгах болж уг хэрэг зөрчлийн хувьд Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Заналхийлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нөхцөл байдал үүсжээ. Эдгээр үйл баримтын тухайд нэхэмжлэгч маргаагүй бөгөөд энэ нь хавтаст хэргийн 39-42 дугаар талд авагдсан Ө.Ч ыг жинхлэх эсэх талаар хэлэлцсэн хэлтсийн удирдлагуудын хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Эдгээр нөхцөл байдлаас харилцагчдын итгэлцлийг чухалчлан ажиллах учиртай Монгол улсын мөнгөний бодлогыг зангидан хэрэгжүүлэх, банкны санхүүгийн салбарыг хянах, удирдах чиг үүрэг бүхий институтэд мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж байгаа албан тушаалтанд тавигдвал зохих ёс зүйн шаардлагыг хангаж чадаагүй, дутуу мэдээлэл өгч, ажил олгогчийг төөрөгдүүлсэн, үнэнч шударга байх ёс зүйн дүрмээ биелүүлж чадаагүй зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэл бүрдсэн байна. Тухайн үед ажилтан Ө.Ч  нь дадлагажигч ажилтан байсан болохыг дурдвал зохино.

Иймд Ө.Ч ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн Дархан-Уул аймаг дахь М ны хэлтэст мэдээлэл технологийн ажилтны албан тушаалаас чөлөөлсөн М ны ерөнхийлөгчийн Б-164 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан нэхэмжлэгч Ө.Ч ын М инд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэввтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ө.Ч ын хариуцагч М инд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг дахь М ны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.БАЯРМАА