Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0886

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0886

Улаанбаатар хот

С.Ц нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, С.Ц, Б.Э, нэхэмжлэгч Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, нэхэмжлэгч Б.Эийн өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 730 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор С.Ц нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад /хуучнаар/ холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27, 31 дүгээр зүйлийн 31.3, 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, С.Ц, С.Ц, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.О нараас гаргасан “АЗ” ХХК-д олгосон Байгаль орчны, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын гаргасан, Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дээрх 9 иргэний оршин суудаг газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг БОНХАЖ-ын сайдад даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “АЗ” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Ц нарын 9 иргэн давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-г үндэслэн иргэд бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.09-ний өдрийн 128/ШШ2017/0730 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь удаан жил оршин суусан иргэдийг 2007 онд газар ашиглах гэрчилгээ авсан “АЗ” ХХК-ийн өмнө газрын асуудлаа холбогдох газруудад иргэдийн зүгээс тавьж байгаагүй мэтээр дурджээ. Түүнээс өмнө олон удаа асуудлыг тавьж байсан. Сонгууль бүрээр хүртэл Улсын Их хурлын гишүүдэд хандаж, хороондоо ханддаг, Богд уулын хамгаалалтын захиргаанд, БОНХАЖЯаманд хүртэл ханддаг байсан. Иргэдэд “Дархан цаазтай газар олгох боломжгүй” гэж амыг нь тагласаар удсан. Гаргалгааг нь танилцуулах боломж олгоогүй, өргөдөл гомдол хүлээж авдаггүй байсан. Шүүх шударга бус хандлаа. Иргэд бид энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандах болно. БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүд авилга авсан байх магадлалтай. Гомдолтой байна. Мөн тус компани одоог хүртэл хийгээгүй. Газрыг нь хураах ёстой.

Нэхэмжлэгч Ч.Д, С.Б, С.Б нар давж заалдах гомдолдоо: Ч овогтой Д нь ЁП48032006 регистертэй, нөхөр Даржаа овогтой Сүхбаатар нь ЕП48031812 регистертэй. 1971 оны 08 сарын 12-нд Увс аймгийн Улаангомд гэр бүл болсон. Б, Б гэх хоёр хүүтэй. Тусдаа өрх, манайхтай хамт нэг хашаанд гэрт амьдардаг. Хүү Б-ийнх ам бүл 5, хүү Б-ынх ам бүл 4, манайх ам бүл 2.

Манайх анх 1976.01.01-нд Улаанбаатар хот Ажилчны районы 14-р хорооны Хөшөөтийн 4-р гудамжны 2 тоот хашаанд аав А-ийн Ч-ийнхтэй хамт нэг хашаанд / Зайсанд / амьдарч байсан. 1982 онд айлуудыг нүүлгэж аавынх ХААИС-ийн ажилчдын 4-р байр 4-н тоотод нүүж орсон. Учир нь аав А.Ч нь ХААЭШХүрээлэнд хөдөөний дуудлагын ГАЗ-69 машины жолоочоор, ээж Ч.Х нь ХААИС-ийн үйлчлэгчээр ажиллаж байв. Аав 1982 онд элэгний циреоз өвчнөөр нас барсан. Ээж Ч.Х 2012 онд 82 насандаа бурхан болсон.

1990 онд миний нөхөр Д-ийн С цэргийн тэтгэвэрт гарч манайх ХУД-ийн 11-р хорооны 3-р хэсэг ХААИС-ийн ажилчдын 4-р байр 4-н тоот хаягаар ирж суурьшсан. Ч.Д миний бие 1996 онд цэргийн тэтгэвэрт гарсан. Энэ үед Зайсангийн амны байгаль хамгаалагч н.Ц-ийн туслах, морин эргүүлээр нөхөр Д.С ажиллаж байсан бөгөөд 1998 оны хавар 05 сараас эхэлж "Хан-Уул, Хатан туул" наран шарлагын цогцолборыг хариуцан ажиллахаар "Богд уул"-ын дархан цаазат газрын байгаль хамгаалагч болж одоогийн энэ байгаа газар дээр иргэн Б.Ч-ийнхтай хөрш болж ил задгай газарт Богдхан уулын дархан цаазат газрын дарга н.Х-ийн зааж буулгаснаар суурьшиж буусан. Ч.Д миний бие уг цогцолборын орчны хог хаягдлыг цэвэрлэдэг. Манай гэрийн дэргэд сурталчилгааны 5-н ханатай гэр, сүүдрэвч 8 ширхэг, цахилгаан мотор, явуулын сурталчилгааны чиргүүлтэй чингэлэг байсан. Энэ ажлыг 3-н жил хийж хөтөлбөр дуусч манайх энэ газар дээрээ суурьшиж амьдарсан.

ХУД-ийн ядуурлыг бууруулах сангаас /дарга нь н.Г, нарийн бичиг н.О/ 500000 төгрөгийн зээл авч миний нөхөр 2 хүүгийн хамт шар шавран блок үйлдвэрлэж үүгээрээ хашаа барьж авсан юм. Үүнийг ядуурлаас хамгаалах сан хөхүүлэн дэмжиж орон даяар Үндэсний телевизороор нэвтрүүлж байлаа.

2008 оноос ХУД-ийн засаг дарга н.З-ын шийдвэрээр зайсанд уугуул, суугуул он удаан жил амьдарсан 240 өрх айлд газар эзэмшлийн гэрчилгээ олгосон. Үүнд: Ч.Д миний нэрээр манайх, том хүү С.Б-ийнд 11-р хорооны 4-р хэсгийн Дайчдын Хөшөөний 1-2, 1-3-ын задгай гэсэн хаяг өгч газар эзэмших ногоон гэрчилгээ авсан. Энэ үед манай хөрш иргэн "Б.Ч ийм гэрчилгээ өгч байгаа гэнэ" хаанаас яаж авах тухай асууж байсан билээ.

2012 онд БОАЖЯ-аас хашааг дахин хэмжиж дархан цаазтай газрыг шинээр бүсчилж газар ашиглалтын гэрчилгээ олгож бүртгэлжүүлэх ажил явагдахад миний бие Ч.Д, хүү С.Б, С.Б, иргэн С.Ц, С.Ц, С.О, С.Б, А.Ж, Б.Э, П.Э, Б.Б /Дайчдын Хөшөөний 1-1 тоот/ нарын тус тусдаа хашаатай олон жил амьдарсан айлуудыг иргэн Б.Ч, хүү Ч.Х нар /"АЗ" компанийн нэр дээр / газрын зургын кадастар хийж Б.Э-т худалдсан нь илэрч бидний эзэмшин сууж байсан газартай давхцалтай болсон тул газар ашиглалтын гэрчилгээ олгогдохгүй болж саатсан. Энэ мөчөөс эхлэн бүтэн 5 жил газар ашиглах иргэний эрхээ хасуулж шат шатны шүүх хурлаар орж доромжлуулан сэтгэл санааны болон эд мөнгөөр хохирч эх орон элгэн нутагтаа тайван амьдарч чадахгүй зальтай хүний аманд ороод өдийг хүрлээ.

Б.Ч, хүү Ч.Х /"АЗ" компани / нь манайхыг анх зайсангийн аманд байрлах ясны сүрьеэгийн эмнэлгийн хажууд зөвшөөрөлгүйгээр амьдарч байсан, Б.Ч-ын газар дээр нэг өвөл өвөлжье хавар нүүнэ гэж гуйж амьдарсан, энэ компанийн газраас нэг километр хүрэхгүй газарт байсан тэнд авсан эзэмших гэрчилгээгээ ашиглаж энэ газар дээр он удаан жил суусан уугуул иргэд хэмээн шүүхийг төөрөгдүүлсэн гэх мэтээр худал гүтгэлэг бичиж шүүхийн шийдвэрт оруулсныг эсэргүүцэж байна. Харин Б.Ч-ын хүү Х-ын эзэмшилд байсан хүүхдийн халдвартын эмнэлгийн моорог байсан хэсэг газар аав Ч-ын эзэмшлийн газраас урд зүгт 300 метрт байдаг. Үүнийгээ тэд иргэн Б.Э / "АЗ" компанид/ -т худалдсан.

Тус компани нь 1994 онд дуудлага худалдаагаар худалдаж авсан гээд байгаа газар бол 0,8 га талбайтай хүүхдийн халдвартын эмнэлгийн хоёр ширхэг, хоёр давхар шар эмнэлгийн байр болохыг анхаарна уу. Тэр объект нь бидний байгаа газраас баруун тийш 100м зайнд одоо болтол газар дээрээ байгаа. Энэхүү объектын эзэд нь Б.Ч, түүний эхнэр н.Т, хүү Ч.Х нар байсан юм. /Зайсангийн иргэд тэр байшинг "Унгар"-ын байр гэж нэрэлдэг. Энэ нь Б.Ч-ын хүргэн Унгар улсын иргэн гадаад хүн эзэмшиж байсан юм./

Дээрх 0,8 га талбайтай "АЗ" компанийн газрын гэрчилгээг ашиглаж одоогийн бидний газрыг манай газартай давхацсан болгож булаацалдаад байгаа болно.

Иймд нийслэлийн оршин суугч иргэдэд газар эзэмших, дархан цаазтай бүсэд газар ашиглах эрхийг олгох тухай аян 2017 оны 09 дүгээр сард эхлүүлсэнтэй холбогдуулан шийдвэрлүүлэхээр ХУД-ийн 11-р хороо 4-р хэсэг Дайчдын Хөшөө 1-2, 1-3, 1-36 тоотод оршин суугч Ч.Д, С.Б, С.Б нарын хашааны газар болох тус бүр 0,5 га талбайг газар дээр нь ирж үзэж бодит дүгнэлт гаргаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч Б.Э давж заалдах гомдолдоо: 1975 онд баригдаж ашиглалтад орсон Улсын клиникийн төв эмнэлгийн ажилчдын 4 айлын орон сууцанд нөхөр А.Жаргалсайхан бид 2 анх айл гэр болж 1986 онд амьдралаа эхлүүлсэн юм. 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 315 тоот тогтоол, Улсын клиникийн төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2003 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/91 тоот тушаалаар нөхөр бид хоёр 800,000 төгрөгөөр хоёр айлын орон сууцыг нь бохирын болон цэвэр усны шугам худгийн хамт худалдан авч өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болсон.

Энэ байраа хувьчилж авсны дараагаас өөрөөр хэлбэл 2003 оны 12 дугаар сараас эхлэн нийслэлийн Хан-Уул дүүрэг, Богд уулын захиргаа, Байгал орчны яаманд газраа ашиглахаар хүсэлт гаргаж байсан боловч огт хүлээж аваагүй юм. Ийм хүсэлтийг ганц бид биш, Зайсангийн аманд амьдарч байсан олон иргэн гаргаж хүлээж авахгүй болохоор холбоо байгуулж байсан. Бид хоёрын хувьд "ХЗ" холбооныхонтой 2012 онд хамтарч газраа ашиглах хүсэлтээ дахин гаргаж байсныг маш овжин ашигласан байна.

Манай гэр бүлийнхэн 1986 оноос хойш өнөөдрийг хүртэл 31 жил амьдарч байна. Гэтэл Иргэний хуулийн 105,106 дугаар зүйлийн 106.2-д заасан заалт манай гэр бүлийнхэнд үйлчлэхгүй байна. Тэгээд ч манай гэрийн цэвэр усны болон бохирын шугам худгийнхаа хамт "АЗ" ХХК-ны (кадастрын зургаар) талбайд орсон тул энэ нь Үндсэн хуульд заасан миний өмчлөх эрхэнд халдсан явдал гэж үзэж байна.

Манай улсад өмч хувьчлал явагдсанаас хойш 2015 он хүртэл Зайсангийн аманд амьдарч буй нэг ч иргэнд газар ашиглах зөвшөөрөл олгоогүй байсан бөгөөд Засгийн газраас явуулсан ажлын хүрээнд Байгал орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдаас 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Хан-Уул дүүргийн иргэдээс гаргасан хүсэлтийг шалгах" ажлын хэсэг, 2015 онд Зайсангийн амны 4, 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд тушаал гаргаж ажлын хэсэг байгуулагдаж ажилласан боловч миний газар ашиглах эрх олгогдоогүй юм. Үүний шалтгаан нь тухайн үед Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан А.Н гэгч 2007 онд "АЗ" ХХК -д манай газартай давхцуулан 450 тоот "Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах" гэрчилгээг (Тухайн үед гадаад худалдааны эрхтэй байсан) манай газартай давхцуулж газар олгосон явдал юм.

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Байгал орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан "Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөнд байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл, байдал хэрэгт авагдсан баримтуудаар батлагдсаныг мэдсээр байж иргэн намайг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шийдсэнийг зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг тайлбарлахдаа "...сайд" гэж хуульд заагаагүй гэж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.4 дүгээр заалтуудыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 352 дугаар тогтоолоор “... гуравдагч этгээд нь 1994 онд дуудлага худалдаагаар өмч худалдан авсан “А” ББХК-тай ямар холбоотой болох, түүний 2007 оны 450 дугаар гэрчилгээгээр ашиглаж байгаа газар нь 1994 онд дуудлага худалдаагаар авсан эмийн барилгын газартай ямар хамааралтай болох, эдгээр нь нэг газар бол тухайн дуудлага худалдаагаар авсан үл хөдлөх хөрөнгийн газар нь ямар хэмжээтэй байсан зэргийг шалгах зайлшгүй шаардлагатай, ... нотлох баримтууд хангалттай биш, хэргийн оролцогчдын тайлбарын үндэслэлээ болгож байгаа нотлох баримтууд зөрүүтэй” гэсэн үндэслэлүүдийг зааж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-235 дугаар захирамжаар[1] байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд “зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй” иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэхэд нэхэмжлэгч иргэдийн газрыг гуравдагч этгээдийн газартай давхцалтай[2] гэсэн үндэслэлээр гэрчилгээ олгохоос татгалзсан байна.

Нэхэмжлэгч нар гуравдагч этгээдэд газар ашиглах эрх үүсэхээс өмнө уг газарт амьдарсан, 2015 оны А/235 дугаар захирамжид заасан “удаан хугацаанд оршин сууж буй” гэх шаардлагыг хангаж байсан гэж маргасан учир 2007 оны 450 дугаар гэрчилгээгээр гуравдагч этгээдэд газар ашиглуулахаас өмнө эдгээр иргэд уг газарт амьдарч, газраа эзэмших талаар хүсэлт гаргаж байсан эсэх талаар нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн “2007 онд гуравдагч этгээдээс газар ашиглах хүсэлт гаргах үед уг газар нь бусдын газар эзэмших, ашиглах эрхтэй ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын зүгээс тухайн газрын ашиглахаар хүсэлт гаргаагүй дээрх иргэд нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан газрын давхцлыг тодруулах ажиллагаа хийсэн боловч Нийслэлийн архивын газраас Зайсан дахь эмийн баазын барилгыг худалдсан талаарх баримтыг нотлох баримтаар шаардсанаар энэ талаарх баримт Нийслэлийн архивын газарт байхгүй тухай, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “А” ББХК, “АЗ” ХХК-ийн харилцан хамаарал, дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар шаардсан боловч “АЗ” ХХК-ийн хувийн хэрэгт, “А” ББХК-ийн талаарх мэдээлэл, материал байхгүй талаар хариу тус тус ирсэн байна. Ингэснээр Зайсан дахь эмийн баазын барилгыг худалдсан талаар болон “А” ББХК, “АЗ” ХХК-ийн харилцан хамаарлын талаар нотлох баримт цуглуулах оролдлого хийсэн боловч эдгээр асуудлаар дүгнэлт хийхэд шаардлагатай нотлох баримт цуглараагүй байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн “уг газарт байрлах объектоо 1994 онд дуудлага худалдаагаар авсан[3], 1994 онд “А” ББХК эмийн баазын объектыг өмч хувьчлалаар худалдан авсан. “А” ХХК нь 2007 онд “АЗ” ХХК болж нэрээ өөрчилж, худалдаж авсан объектын газрыг тухайн үед газар эзэмших, ашиглах эрх хуулиар олгогдоогүй байсныг 2007 онд гэрчилгээжүүлж, баталгаажуулж авсан[4]” гэх тайлбарууд үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй хэвээр байна. Энэ асуудлаар дүгнэлт хийх боломжтой нотлох баримт цугларсан тохиолдолд шүүх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-235 дугаар захирамжаар[5] байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд “зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй” иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэхэд нэхэмжлэгч иргэдийн газрыг гуравдагч этгээдийн газартай давхцалтай[6] гэсэн үндэслэлээр гэрчилгээ олгохоос татгалзсан нь үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч нар тайлбар[7], гомдолдоо[8] “1994 болон 2004 онд авсан газрууд нь өөр өөр газрууд, 1994 онд дуудлага худалдаагаар авсан гэх газар ... объект нь бидний байгаа газраас баруун тийш 100 метр зайд одоо болтол газар дээрээ байгаа” гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх ““АЗ” ХХК-ийн хувьд 1994 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаанд /“А” ББХК” нэрээр/ оролцож Зайсан дахь Эмийн баазын барилгыг худалдан авснаар мөн оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс уг хөрөнгийн өмчлөгч болсон байх ба өмчлөгчийн эрхийн 404 дүгээр гэрчилгээ[9]” байгаа гэж дүгнэсэн боловч 404 дүгээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, уншигдаж судлагдахгүй, энэ нь нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт төдийгүй 1994 онд “А” ББХК эмийн баазын объектыг өмч хувьчлалаар худалдан авсан, “А” ХХК нь 2007 онд “АЗ” ХХК болж нэрээ өөрчилсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх “эмийн баазын барилгыг” анх дуудлага худалдаагаар худалдан авсан гэх “А” ББХК болон 2007 оноос газар ашиглах эрхтэй болсон “АЗ” ХХК хоорондоо ямар хамааралтай болохыг улсын бүртгэлийн байгууллагын хариугаар хязгаарлахгүйгээр “АЗ” ХХК-ийн хувьд 1994 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаанд /“А” ББХК” нэрээр/ оролцсон” гэдэг тайлбарыг шалгаж шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ хоёр хуулийн этгээд нэрээ өөрчилсөн нэг хуулийн этгээд, эсхүл 2 өөр хуулийн этгээд зэргээр ямар хамааралтайгаас шалтгаалж эмийн баазын барилгыг хэн анх хувьчилж авсан, тухайн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, өмчлөгч солигдсон эсэх, одоо ямар этгээд эзэмшиж байгаа талаар холбогдох газраас лавлагаа авах, нотлох баримт цуглуулах замаар тодруулах, “А” ББХК-ийн 1994 онд дуудлага худалдаагаар худалдан авсан эмийн баазын барилгын газар нь хаана байршилтай, ямар хэмжээтэй болох, уг газар нь одоо маргаж буй газартай нэг газар эсэх талаарх нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь чухал байна.

Нэхэмжлэгч Б.Э гомдолдоо[10] “ ... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг зөрчсөн” гэх бөгөөд 2007 онд “АЗ” ХХК-д гэрчилгээгээр газар ашиглах эрх олгох үед Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар Зайсанд аялал жуулчлалын зориулалтаар хэн, ямар журмаар шийдвэр гаргах ёстой байсан талаар судалж, дүгнэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 102-р тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 104-106-р тал

[3] Хэргийн 2 дугаар хавтас, 185-р тал

[4] Хэргийн 3 дугаар хавтас, 136-р тал

[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 102-р тал

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 104-106-р тал

[7] Хэргийн 1 дүгээр хавтас, 159-р тал

[8] Хэргийн 3 дугаар хавтас, 173-р тал

[9] Хэргийн 3 дугаар хавтас, 160-р тал

[10] Хэргийн 3 дугаар хавтас, 173-р тал