Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/02931

 

 

 

 

 

 

 

 

    2020 о     08 с      24 ө

Дугаар            101/ШШ2020/02931

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           

 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................. тоот хаягт байрлах “Э” ХХК /РД:6143539/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................дугаар давхар хаягт байрлах “Л” ХХК /РД:5262089/,

 

Хариуцагч:........... тоот давхар хаягт байрлах “О” ХХК /РД:2101807/ нарт холбогдох,

 

“учирсан хохиролд Л ХХК-иас 593,916,000 төгрөг, О ХХК-иас 593,916,000 төгрөгийг тус тус гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин, хариуцагч Л ХХК-ийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, иргэдийн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... М ХХКСтайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг “Саусгоби сэндс” ХХК-тай 2011 оны 10 сарын 19-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу гадаад улсаас захиалан авчруулсан юм. Манай компани хариуцагч Л ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус техникийг тээвэрлүүлж, Өмнөговь аймгийн нутаг дахь Овоотын уурхайд хүргүүлэхээр тээвэр зуучийн гэрээг байгуулсан. Гэтэл тус компани энэхүү техникийг бидэнд мэдэгдэлгүй, дур мэдэн хариуцагч О ХХК-иар тээвэрлүүлсэн байсан. Ийнхүү тээвэрлэж явах хугацаанд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 километр зайд онхолдож, гэмтсэн байдаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16612 тоот захирамжаар шинжээчээр томилогдсон н.Калимат, н.Цэвэгжав нарын дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшлийн эвдэрсэн техникийн нөхөн сэргээн засварлах өртгийг 999,769,432.00 төгрөг, тээврийн зардал 183,063,419.00 төгрөг, нийт 1,187,832,000 төгрөг гэж тогтоосон тул хариуцагч Л ХХК, О ХХК нараас дээрх төлбөрийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр 2020 оны 01 сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай “Моннис Интернэшнл” ХХК нь гадаад худалдаа, авто машины засвар үйлчилгээ, худалдааны зуучлал, авто машин хүнд даацын машин тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Саусгоби Сэндс” ХХК-тай 2011 оны 10 сарын 19-ний өдөр 6507 тоот “Худалдах худалдан авах гэрээ” байгуулан Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг захиалан авчрахаар болсон юм. Австрали улсын “Страйкер Австралиа ПТВай” компанид Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг захиалж Малайз улсаас тээвэрлүүлэн БНХАУ-ын Синьган боомтод авчруулсан. Л ХХК нь тус бутлагч үйлдвэрийг 16,500 ам.доллараар БНХАУ-ын Синьган боомтоос Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Овоот толгой уурхай хүртэл тээвэрлэх үнийн санал манай компанид хүргүүлсэн байдаг ба энэхүү үнийг хүлээн зөвшөөрч Л ХХК-тай 2012 оны 03 сарын 09-ний өдөр 2012/024 тоот “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ” байгуулсан. Гэтэл Л ХХК нь манай компанид мэдэгдэлгүй О ХХК-аар тус бутлагч үйлдвэрийг тээвэрлүүлсэн. Очирням” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” маркийн 91-26 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр О ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од 2012 оны 04 сарын 13-ны өдөр тус бутлагч үйлдвэрийг тээвэрлэж явах замдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 км-ийн зайд онхолдож улмаар тээвэрлэж явсан Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг гэмтээж “Моннис Интернэшнл” ХХК-д ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Дээрх зам тээврийн осолд Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 3 жилийн хугацаанд шалгаад яллагдагч А.Гэрэлт-Одыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, мөн дүрмийн 2.1а, 2.5-ийн в заалтуудыг зөрчиж явсны улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 30 км газарт онхолдож зам тээврийн осол гаргаж, “Моннис Интернэшнл” ХХК-ийн захиалан тээвэрлүүлж байсан Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг гэмтээж 911,227,440 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч А.Гэрэлт-Одын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлж, бичгээр хүсэлт гаргасан байдлыг харгалзан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж прокуророос эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухай манай компанид Дорноговь аймгийн Прокурорын газраас 2015 оны 12 сарын 04-ний өдөр 5/346 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай” албан тоотоор мэдэгдэж , гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан.

Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга

Л ХХК нь “Моннис Интернэшнл” ХХК-тай 2012 оны 03 сарын 09-ний өдөр 2012/024 тоот “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ” байгуулсан боловч гэрээний агуулга зүйл заалт, хүлээж буй үүргээс үзэхэд энэхүү гэрээ Зуучлалын гэрээ, Илгээмжийн гэрээ, Тээвэрлэлтийн гэрээний шинжийг агуулж байгаа юм. Учир нь гэрээний 2.1.1-д “Зууч нь тухайн тээвэрлэлтийн явцад гарах тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо, хил боомтын болон сэлгэн ачилтын зардлыг үйлчлүүлэгчийн өмнөөс төлнө", 2.1.2-д “Зууч нь үйлчлүүлэгчийн өгсөн зураг тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцөлийг боловсруулна”, 2.1.3-д “Үйлчлүүлэгч хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тохиолдолд ачааг даатгана”, 2.1.4-д “Үйлчлүүлэгчийг хилийн өртөө боомтуудаар ачаа дамжсан хөдөлгөөний тухай замын мэдээллээр бүрэн хангана”. 2.1.6 “Үйлчлүүлэгчтэй бичгээр тохиролцсоны дагуу тээврийн хөлсийг уг гэрээний 3.1-д заасны дагуу нэхэмжилж авна”, 2.1.9-д “Тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгнө”, 2.1.12-д “Тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар Үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай хамтран асисиллаэю. аливаа эвдрэл гэмтэл, дутагдал гарсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт тодорхойлолт гаргаж өгнө. 3.1-д үйлчлүүлэгч нь тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг урьдчилан бичгээр харилцан тохиролцсон үнэ тарифын дагуу ачаа эцсийн хүрэх өртөөнд ирмэгц төлнө гэж тус тус заасан. Л ХХК нь бутлагч үйлдвэрийг 16,500 ам.доллараар БНХАУ-ын Синьган боомтоос Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Овоот толгой уурхай хүртэл тээвэрлэх үнийн санал манай компанид хүргүүлсэн байдаг бөгөөд бутлагч үйлдвэрийг тээвэрлэх үйл ажиллагаанд зориулан Ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын гэрээг “Монгол даатгал” ХХК-тай байгуулсан. Гэтэл Л ХХК нь өөрөө тээвэрлэх үүргээ биелүүлээгүй, тээвэр гүйцэтгэгч компаниар О ХХК-ийг сонгож тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхдээ манай компанид мэдэгдээгүй, ачаанд зохих ёсоор бэхэлгээ хийх талаар ажиллаагүй, аюулгүй байдлыг хангаагүй, бутлагч техникийг осолдож гэмтэхэд акт тодорхойлолт гаргаж өгөөгүйгээр барахгүй учирсан хохирлыг хэрхэн барагдуулах тухай уулзаж, санаа тавих нь битгий хэл хохирлыг төлөхгүй, түүнээс хэрхэн мултрах арга, заль, мэх хэрэглэж хохирлыг барагдуулахаас зайлсхийж байна. Манай компани Л ХХК-иар осол болохоос өмнө хэд хэдэн удаа ачаагаа тээвэрлүүлж байсан ба гол нь тээвэр болон ачааг хариуцлагын даатгалд бүрэн хамруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой, мэргэжлийн баг ажилладаг зэргийг нь үнэлж, итгэн бусад тээвэр зуучийн компаниуд дотроос сонгон үйлчлүүлж байсан.

Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.2-т “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол илгээмжийн гэрээнд даалгаврын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ ”, 404 дүгээр зүйлийн 404.1-т Гэрээнд заасан буюу даалгавар өгөгч эрх олгосон, эсхүл даалгаврыг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон үед түүнийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх нь даалгавар өгөгчийн ашиг сонирхолд нийцэж байвал даалгавар гүйцэтгэгч нь түүнийг гүйцэтгүүлэхээр өөр этгээд /орлон гүйцэтгэгч/-д шилжүүлж болно ”. 404.2-т “Даалгаврыг бүрэн буюу түүний зарим хэсгийг орлон гүйцэтгэгчид шилжүүлсэн даалгавар гүйцэтгэгч энэ тухай даалгавар өгөгчид даруй мэдэгдэх бөгөөд орлон гүйцэтгэгчийн талаархи мэдээллээр даалгавар өгөгчийг хангах үүрэгтэй ”, 404.3-т “Даалгавар гүйцэтгэгч шаардлага хангахгүй этгээдийг орлон гүйцэтгэгчээр сонгон авснаас уг даалгаврыг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, эсвэл даалгавар гүйцэтгэгч нь энэ хуулийн 404.1. 404.2-т заасныг зөрчсөн бол орлон гуйцэтгэгчийн гүйцэтгэсэн үүргийн ур дагаврыг даалгавар гуйцэтгэгч хариуцна”, мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн, тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна”, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-           д "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ” гэж тус тус заасан. Тиймээс Л ХХК нь О ХХК-ийг сонгож тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхдээ манай компанид мэдэгдээгүй, ачаанд зохих ёсоор бэхэлгээ хийх талаар ажиллаагүй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй, бутлагч техникийг осолдож гэмтэхэд буруутай үйлдэл гаргасан тул гүйцэтгэсэн үүргийн үр дагавар буюу учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй юм.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03 -ны өдрийн 101/Ш32017/16612 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар шинжээчээр томилогдсон “Мөнх эстимэйт” ХХК-ийн шинжээч Х.Калимат, Ц.Цэвэгжав нарын тогтоосноор СМ400 маркийн өөрөө явагч бутлагч үйлдвэрийн сэргээн засварлах өртөг материалын зардал, ажлын хөлс 999,769,432 төгрөг, тээврийн зардал 188,063,419.60 төгрөг нийт 1,187,832,000/ нэг тэрбум нэг зуун наян долоон сая найман зуун гучин хоёр мянга/-н төгрөг гэж тогтоосон буюу “Моннис Интернэшнл” ХХК-Д 1,187,832,000/ нэг тэрбум нэг зуун наян долоон сая найман зуун гучин хоёр мянга/-н төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д "Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” түүнчлэн 229 дүгээр зүйлийн 229 “Үүрэг бүхий этгээд нъ гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй ” гэж заасан.

Л ХХК болон О ХХК нарыг ИХ-ын 242.1-д заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч этгээд тул Иргэний хуулийн 242.11-д заасны дагуу хүлээх үүрэг О ХХК-тай тэнцүү байхаар байна.

Иймд учирсан хохиролд 593,916,000 /таван зуун ерэн гурван сая есөн зуун арван зургаан мянга/-н төгрөгийг хариуцагч Л ХХК-иас гаргуулж, “Моннис- Интернэшнл” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга

 Л ХХК нь О ХХК-тай тохиролцон тээвэрлэлтийн гэрээ байгуулан манай “Моннис Интернэшнл” ХХК-ийн захиалсан Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг тээвэрлүүлсэн. Хэдий тээвэрлэлтийн гэрээг амаар байгуулсан гэх боловч ажил хэргийн хүрээнд тогтсон жишгийн дагуу болон Иргэний хуулийн 386.4-д заасны дагуу тээвэрлэлтийн гэрээний талаар хуулийн холбогдох заалт нэгэн адил үйлчлэх юм. Тиймд Л ХХК нь О ХХК -тай Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр О ХХК нь мэргэжлийн тээврийн компани бөгөөд тээвэрлэлтийн явцад учруулсан хохирлыг гэрээ болон хууль, журмаар хариуцах үүрэгтэй этгээд юм. О ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” маркийн 91-26 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолооч А.Гэрэлт-Од 2012 оны 04 сарын 13-ны өдөр бутлагч үйлдвэрийг тээвэрлэж явах замдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 км-ийн зайд онхолдож улмаар тээвэрлэж явсан Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг гэмтээж манай “Моннис Интернэшнл” ХХК-д хохирол учруулсан.

Хэргийн үйл баримт, талуудын тайлбараар Л ХХК болон О ХХК” нарын хооронд “тээвэрлэлтийн гэрээ” байгуулагдсан нь тогтоогдсон ба энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй болно. Энэхүү тээвэрлэлтийн гэрээний зорилго нь "Моннис Интернэшнл” ХХК-ийн захиалсан Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Овоот толгой уурхай хүртэл тээвэрлэх” Үүргийг гүйцэтгэх буюу “Моннис Интернэшнл” ХХК-д ашигтай, нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэж, хангамжийг баталгаажуулах, О ХХК-ийн хувьд үүргийн гүйцэтгэлийг товчлон шууд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авагч этгээдэд үр дүн нь хүрэх, хүлээлгэн өгөх байсан учир Иргэний хуулийн 203 дугаар зүйлд заасан “Гуравдагч этгээдэд яттшттай гэрээ” болно. Тиймээс тус тээвэрлэлтийн гэрээ нь гуравдагч этгээдэд буюу “Моннис Интернэшнл” ХХК-д ашигтай гэрээ учир “Моннис Интернэшнл” ХХК нь тээвэрлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үүргээ зөрчсөний хариуцлагыг хүлээлгэж, учирсан хохирлоо О ХХК-иас шаардах эрх нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу байгаа болно. Мөн Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн, тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нъ буюу хэсэгчлэн хариуцна” гэж заасан. О ХХК болон Л ХХК нарыг ИХ-ын 242.1-д заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч этгээд тул Иргэний хуулийн 242.11-д заасны дагуу хүлээх үүрэг Л ХХК-тай тэнцүү байхаар байна. Тиймээс О ХХК нь тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ учруулсан хохирлыг гэрээ болон хуулийн дагуу тэнцүү хариуцах үүрэгтэй юм. Иймд учирсан хохиролд 593,916,000/таван зуун ерэн гурван сая есөн зуун арван зургаан мянга/-н төгрөгийг хариуцагч О ХХК-аас гаргуулж, “Моннис Интернэшнл” ХХК олгохоор шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээний улмаас учирсан хохирол шаардаж байгаа. “Моннис-Интернэшнл” ХХК-ийг Э ХХК-иар сольсон тул Э ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Хариуцагч Л ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “... Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Очирням ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од нь О ХХК-ийн эзэмшлийн Норд Бенз маркийн тээврийн хэрэгслээр “Моннис Интернэшнл" ХХК-ийн СМ400 маркийн бутлагч үйлдвэрийг Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд хүргэхээр тээвэрлэж яваад зам тээврийн осол гаргаж үүний улмаас ачааг унагаж гэмтээсэн гэмт хэрэгтэй холбоотойгоор гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ч өөрийн ачааг гэмт хэргийн улмаас эвдэрч гэмтсэн тухай бичсэн мөртлөө гэмт хэрэг үйлдсэн этгээдээс биш Л ХХК-аас 593.916.000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Л ХХК нь Иргэний хуульд заасан шиг ачаа тээврийн үйлчилгээг өөрсдөө гардан гүйцэтгэдэггүй, өөрийн далайн тээврийн хөлөг онгоц, төмөр замын чирэгч, контейнер, авто замын автомашин байхгүйг удаа дараа тээвэр зуучийн үйлчилгээ авч байсан “Моннис Интернэшнл” ХХК эрх биш мэдэх билээ. Манай компани нь Олон улсад Төмөр зам, агаарын тээвэр болон авто замаар тээвэрлэлт гүйцэтгэдэг Гадаадын компаниудтай холбогдож тэдгээрт Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын компаниудын захиалгаар Монгол улс уруу ачаа бараа тээвэрлэн авчруулахад мэргэжлийн хувьд зохион байгуулж зуучлах үйлчилгээг үзүүлдэг. Энэ бүхэн талуудын дунд байгуулагдсан 2012/024 тоот гэрээний нөхцөлүүдээс тодорхой харагддаг бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн зүйл заалт байхгүй. Бидний зүгээс Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн шаардлага хангасан тээвэрлэлтийн үйл ажиллагааг өөрсдийн автомашинаар гүйцэтгэдэг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх Очирням компанид хандаж ачилт бэхэлгээ тээвэрлэлтийг гүйцэтгүүлсэн. Гэвч уг компанийн ажилтан жолооч А.Гэрэлт-Од нь замын нөхцөл, цаг агаар, үзэгдэлтийг харгалзан хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол гаргаж ачааг унагаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж улмаар өршөөлийн хуулинд хамрагдсан байна. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдэж гэм хор учирсан нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож, гэмт этгээд гэм буруугаа хүлээсэн байхад тухайн гэм хорын хохирлыг гэрээний хохирол гэж манай компаниас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлүүдэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд өөрөө болон хөдөлмөрийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээр учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцахыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 499.1, 499.4-т ачаа тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нөхөн төлж арилгах болохыг ч тодорхойлсон. Тиймд Иргэний хуулийн эдгээр зүйл заалтаар О ХХК нь өөрийн ажилтан хөдөлмөрийн гэрээтэй жолооч А.Гэрэлт-Одын гэм буруутай үйлдлээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэжээ.

 

Хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зам тээврийн осол болсноос хойш 8 жил шүүхээр явж байна. Хамгийн сүүлд өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай бичигт тээвэр зуучийн гэрээ байгуулсан гэж бичсэн. Гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон болохыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол учирсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж миний үгийг гуйвуулаад бичсэн байна.  Ландбридж компанитай байгуулсан гэрээнээс яг тэр үүргийг биелүүлээгүй гэсэн нотлох баримт байхгүй. Бид нар хийх ёстой зүйлээ хийсэн. Мэргэжлийн байгууллагын хүмүүс өөрсдөө ирээд ачааг ачсан. Зам тээврийн осол гарч ачааг унагаасан. Гэмт хэргийн шинжтэй гэж онц их хэмжээний хохирол учруулсан гэдгийг буруутай этгээд хүлээн зөвшөөрөөд суллагдсан. Учруулсан хохирлыг хариуцсан байгууллага нь хүлээх хуультай. Яагаад 8 жил том том мөнгөн дүнгээр айлгаж манайхыг залхаан цээрлүүлж яваад байгааг ойлгохгүй байна. Энэ хоёр байгууллага хоорондоо тохиролцоод шүүх хуралдаанд ирэх үгүйгээ шийдчихдэг. Заавал эднийхээс мөнгө гаргуулна,ямар нэгэн хэмжээгээр мөнгө гаргуулна гэсэн юм шиг яваад байдаг. Хуулийн зүйл заалтгүйгээр Моннис интернэйшнл компаниас айгаад тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой юм уу. Би гэмт хэрэг хийгээгүй хирнээ яагаад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Шударга байдлын үүдээс өдий хүртэл 8 жил хүлээн зөвшөөрөөгүй шүүх хуралдаан бүрд өөрөө ордог. Би ямар ч төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Манай буруу гэж цагаан дээр хараар бичсэн зүйл олоод өг байхгүй. Айгаад, залхаад, ичээд мөнгө төлөх ёсгүй. Хэрвээ буруутай байсан бол нэг пакт ч гэсэн ил тод тодорхой буруутай нь ил харагдаж байвал хурц яригдах ёстой. Одоо ингээд бүх төрлийн гэрээ хийсэн, бүх төрлийн буруу байгаа, заавал ямар нэгэн байдлаар мөнгө төлөх ёстой гэж байна. Ийм хийсвэр, хөөсөрсөн зүйл байж болохгүй. Тодорхой баримтад үндэслэж шийдвэр гардаг гэж бодож байгаа. Анхнаасаа шинжээчийн дүгнэлт хэд хэдэн янзаар гарсан хуулийн хүрээнд бид ярьж байгаагүй. Холбогдолгүй гэдэгтээ бат үнэмшилтэй байгаа учраас, эвлэрэх санал хэд хэдэн янзаар ирсэн ямар нэгэн байдлаар манайхаас л мөнгө гаргуулах гээд байгаа нь шударга бус байна. Нөгөө хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд ямар холбоо харилцаа байгааг бид мэдэхгүй ямар нэгэн байдлаар манайхаас мөнгө гаргуулах гээд байгаа учрыг ойлгохгүй байна. “Очир ням” ХХК хариуцах ёстой. Гэрээ байгуулсан осол гарсан талаар маргаан байхгүй. 2012 оны 04 сард осол гарсан, акт гарсан гэдэг, акт биш бид хүмүүсээс осол гарсан талаар сураг сонсоод араас нь машин хөлслөн очиж цагдаа, даатгал, хохирогч нарт мэдэгдсэн. Бид нар шударгаар чин сэтгэлээсээ ажилласан. Тэр жолоочийг архи уусан гэж харддаг. Бид нотлоогүй учраас ярьж чадаагүй. Түүний төлөө бид мөнгө төлөхгүй. Онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бол хүн алахтай адил хэн нэгэн хүний амь хохирсон байхад чи талыг хариуц гэж хэлэх үү, ямар ч ойлгомжгүй байна...” гэв.

 

Хариуцагч О ХХК болон нэхэмжлэгч Э ХХК шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “ ... Нэхэмжлэгч тал 493,916,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О ХХК 100,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрэв. 50,000,000 төгрөгийг шүүгчийн захирамж гарснаас хойш 1 өдрийн дотор, шүүгчийн захирамж гарснаас хойш сар бүр 10,000,000 төгрөгийг төлөх байдлаар төлж барагдуулна. “Мөнх Эстимэйт” ХХК-д төлөх шинжээчийн зардал болох 7,000,000 төгрөгийн 3,500,000 төгрөгийг хариуцагч “Очир ням” ХХК төлнө ...” гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-иас хариуцагч Л ХХК, “О” ХХК нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 917,227,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ./1хх-1-4/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 276,604,560 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,187,832,000 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилсэн. /3хх-86-87/

Нэхэмжлэгч тал 2020 оны 01 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “гэрээний улмаас учирсан хохиролд Л ХХК-иас 593,916,000 төгрөг, О ХХК-иас 593,916,000 төгрөгийг тус тус гаргуулах”-аар нэхэмжилсэн байна.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2020/15825 дугаартай “нэхэмжлэгчийг эрх залгамжлагчаар солих тухай” захирамжаар нэхэмжлэгч “Моннис-Интернэшнл” ХХК-ийг эрх залгамжлан авагч Э ХХК-иар сольж, эрх үүрэг танилцуулсан ба нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр шүүх хуралдаанд 2020.01.07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.

 

Хариуцагч Л ХХК “гэмт хэрэг үйлдээгүй, О ХХК-ийн жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар О ХХК хариуцах ёстой” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О ХХК нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг байгуулж, шүүх хуралдаанд ирүүлсэн.

 

Шүүх хариуцагч Л ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Моннис-Интернэшнл” ХХК хариуцагч Л ХХК-ийн хооронд 2012 оны 03 дугаар сарын 09-ний тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх бөгөөд тээвэрлэгч тал Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч, бутлагч техникийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Овоотын уурхайд тээвэрлэн хүргэж өгөх, тээвэрлүүлэгч нь үнийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд “Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлэхийн тулд хариуцагч Л ХХК О ХХК-тай аман гэрээ байгуулж, О ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 91-26 УБЕ улсын дугаартай, А.Гэрэлт-Од жолоочтой авто машинаар Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч, бутлагч техникийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Овоотын уурхайд тээвэрлэн хүргүүлэхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

О ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од 91-26 УБЕ улсын дугаартай Норд бенз маркийн авто машинаар Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч, бутлагч техникийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Овоотын уурхайд тээвэрлэн хүргэхээр тээвэрлэх явцдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 километрийн зайд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр онхолдож, Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг эвдсэн болох нь зохигчдын тайлбар, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/188 дугаартай прокурорын тогтоол, хэрэгт авагдсан баримт зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

О ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Одын дээрх үйлдлийн улмаас “Моннис-Интернэйшнл” ХХК-ийн Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникт эвдрэл гэмтэл учирсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

О ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Одын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Норд бенз маркийн 91-26 УБЕ тоот улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд онхолдож, ачиж яваад онхолдсон, осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад 2015 оны 12 сарын 04-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг үндэслэн А.Гэрэлт-Одод холбогдох эрүүгийн 201210010125 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон байна /1-хх-174, 152/.

 

Хариуцагч О ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Одын тээврийн хэрэгсэл жолоодож явсан үйлдлийн улмаас осол гарсан нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч тал “Ландбрид” ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирлыг хариуцагч Л ХХК-иас гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д нийцэж байна.

 

Хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д .Энхтүвшингийн ....О ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од осол гаргасан тул манайх хариуцахгүй, манай байгууллага гэмт хэрэг үйлдээгүй, манай байгууллагын гэм буруутайг тогтоогоогүй....гэх тайлбар нь үндэслэлгүй, М ХХКболон Л ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний улмаас учирсан хохирлыг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, хариуцагч Л ХХК нэхэмжлэгч “Моннис-Интернэйншл” ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

О ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Одод холбогдох эрүүгийн 201210010125 дугаартай хэргийг шалгах явцад CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникт учирсан хохирлыг

1. “Бэст Эстимейт” ХХК 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр 694,639 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 918,053,000 төгрөгөөр,

2. “Эм Кэй Ти Ар Эс” ХХК 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр 658,749 ам.доллар буюу 2012.04.13-ны үеийн байдлаар 911,227,440 төгрөгөөр,

3. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр 331,000,000.00 төгрөгөөр тус тус үнэлж, дүгнэлт гаргасан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. /1-хх-ийн 87-102, 103-108, 179-198/.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Мөнх Эстимейт” ХХК болон Ц.Цэвэгжав нар 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр материалын зардал болон ажлын хөлсийг 999,769,432 төгрөг, тээврийн зардал 188,063,419 төгрөг, нийт 1,187,832,000 төгрөг гэж үнэлсэн байна /3хх-21-39/

 

Хариуцагч Л ХХК дээр дурдсан 4 шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй, дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй. 

Хэргийн 16-р хуудсан дахь “Саусгоби сэндс” ХХК болон ”Моннис-Интернэшнл” ХХК нарын хоорондох 2011.10.17-ны өдрийн захиалгын хуудас нь Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч, бутлагч техникт учирсан хохирлыг тогтоосон баримт гэж үзэхгүй ба нэхэмжлэгч тал “Мөнх Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирлоо тооцож нэхэмжилж байна.

 

М ХХК2012 оны 4 сарын 6-ны өдөр Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч, бутлагч техникийг 539,690 ам доллараар үнэлж, ачааны зардалд 35,890 ам доллар төлсөн гэж гаальд мэдүүлснээр гаалийн байгууллага нийт үнийг 797,028,649.20 төгрөгөөр үнэлж, уг дүнгээс 79,702,864.92 төгрөгийн албан татвар төлүүлж, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болох нь 0549197 дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байна. /1хх-201/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээс дүгнэвэл Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч, бутлагч техник үнэ нь 539,690 ам доллар буюу тухайн үеийн ханш 1,318.80 төгрөгөөр тооцоход 711,743,172 төгрөг, ачааны зардал нь 35,890 ам доллар буюу тухайн үеийн ханш 1,318.80 төгрөгөөр тооцоход 47,331,732 төгрөг, гаалийн албан татварт 79,702,864.92 төгрөг, нийт 838,777,768.92 төгрөгийн өртөгтэй болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэргийг шалгах явцад Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч, бутлагч техникт учирсан эвдрэл гэмтлийг засварлах, шинээр солих зардлыг тогтоосон “Бэст Эстимейт” ХХК-ийн 918,053,000 төгрөг гэх, “Эм Кэй Ти Ар Эс” ХХК-ийн 911,227,440 төгрөг гэх, Мөнх Эстимейт” ХХК болон Ц.Цэвэгжав нарын 1,187,832,000 төгрөг гэх дүгнэлтүүд нь уг техникийн Монгол Улсад орж ирсэн үнэ болох 838,777,768.92 төгрөгөөс илүү гарсан байгаа учраас уг 3 дүгнэлтүүдийг бодитой гарсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Харин “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн “Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч, бутлагч техникт учирсан эвдрэл гэмтлийг засварлахад гадаад улсаас 2 мэргэжилтэн урьж ирүүлэн, “Моннис-интернэшнл” ХХК-ийн засварын ханшийг үндэслэн засварлахад 331,000,000 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ нь бодит байдалд нийцсэн дүгнэлт гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч тал гэрээний улмаас учирсан хохирлоо 2 хариуцагчаас тэнцүү хуваан шаардаж байгаа тул нэхэмжлэгч “Моннис-Интернэйншл” ХХК-д учирсан хохирол 331,000,000 төгрөгийн 50 хувь болох 165,500,000 төгрөгийг хариуцагч Л ХХК хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Л ХХК-иас 165,500,000 /нэг зуун жаран таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Л ХХК-д холбогдуулсан гаргасан нэхэмжлэлээс үлдэх 428,416,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2017/16612 дугаартай захирамжаар “Мөнх Эстимэйт” ХХК-ийн шинжээч Х.Калимат болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн механик, тээврийн сургуулийн салбарын эрхлэгч доктор, профессор Ц.Цэвэгжав нарыг хамтарсан дүгнэлт гаргахаар шинжээчээр томилж, дүгнэлт гаргасан байх ба нэхэмжлэгч тал шинжээчийн зардлын үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч талын тайлбар, “Мөнх Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 01/14 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Шүүх Мөнх Эстимэйт” ХХК-ийн шинжээч Х.Калимат болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн механик, тээврийн сургуулийн салбарын эрхлэгч доктор, профессор Ц.Цэвэгжав нарыг хамтарсан дүгнэлтийг үнэлээгүй тул нэхэмжлэгч Э ХХК-иас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж шинжээчээр ажилласан “Мөнх Эстимэйт” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэдэндамба, хариуцагч О ХХК-ийн төлөөлөгч Ч.Баярсайхан нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар эвлэрэх эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Д.Цэдэндамба, хариуцагч Очирням” ХХК-ийн төлөөлөгч Ч.Баярсайхан нар эвлэрч, нэхэмжлэгч тал 493,916,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч О ХХК 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК-д төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч Очирням” ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг болон шинжээчийн зардлыг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй ба шинжээчийн зардлын талаар эвлэрсэн гэх хэсгийг батлах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар хурлын тов мэдсэн атлаа шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, тэдгээрийг зохигч хэн аль нь оролцуулах санал гаргаагүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л ХХК-иас 165,500,000 /нэг зуун жаран таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Л ХХК-д холбогдуулсан гаргасан нэхэмжлэлээс үлдэх 428,416,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч О ХХК 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч О ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016.03.31-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлсөн 4,714,090 төгрөгийг, 2020.01.17-ны өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд төлсөн 1,540,980 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л ХХК-иас 985,450 төгрөгийг, хариуцагч О ХХК-иас 328,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж шинжээчээр ажилласан “Мөнх Эстимэйт” ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хариуцагч О ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн хэсэгт зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2016/26226 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ

 

          ШҮҮГЧ                                  Г.БЯМБАЖАРГАЛ

 

                                           ШҮҮГЧ                                 Д.ЦЭРЭНДОЛГОР