Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 3

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/01129/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 03-ны өдрийн 1112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

“1. 2015 оны 02 дугаар сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 850.000 төгрөг нөхөн гаргуулах,

2. 2003 оны 05 дугаар сарын 01-ээс 2009 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны тэтгэврийг 1 хувиар бодож, 940.220 төгрөг нөхөн гаргуулах,

3. Цаашид тэтгэврийн зөрүү 22.000 төгрөгийг сар бүр тооцож олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Д-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2003 оны 05 сарын 01-ний өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний учир групп тогтоолгосон. 2017 оны 02 сарын 01-ний өдөр хугацаа дуусгавар болж 2017 оны 02 сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор МУЗГ-ын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 52 дугаартай Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоол, 2014 оны 02 сарын 02-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Тэтгэврийн хэмжээ нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай тогтоол, 2014 оны 01 сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэврийн хэмжээгээр тогтоох гэсэн заалтын дагуу тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоолгох хүсэлтийг 2017 оны 01 сарын 15-нд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан. Тасгийн дарга байсан Б- хүсэлтийг авч үзээд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 1 сарын хугацаатай шалгалт ирсэн. 1 сар болоод ирээрэй тэтгэврийн нэмэлт мөнгийг нөхөн олгоно гэж хэлсэн. Ингээд 2017 оны 03 сард очтол нөгөө тэтгэврийн зөрүүг хяналтын байцаагч Лхам-Эрдэнэ шийдвэрлэх гэсэн боловч хангамжийн газар ажиллаж байсан тушаал байхгүй байна гээд тэтгэврийн зөрүү бодож өгөх асуудлыг хойшлуулсан. Ингээд 2017 оны 4-9 сар хүртэл хугацаанд хүлээлтийн байдалтай явсаар өдий хүрч хугацаа алдсан. Улмаар энэ тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Г-, Аудитын хяналтын дарга Г-, дэд дарга С- зэрэг хүмүүс боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б- гомдол гаргагч иргэн Д.Д-ыг олон удаа чирэгдүүлсэн буруутай гэсэн дүгнэлтийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж байсан болно. Иймд Засгийн газрын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 52 дугаартай тогтоолын дагуу олгогдох байсан 2015.02.01-2020.12.31-ний хугацааны тэтгэврийн зөрүү 850.000 төгрөг нөхөн гаргуулж цаашид сар бүр тэтгэврийн зөрүүг нэмж олгохыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 5 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу өвчний учир групп тогтоолгосон, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд тэтгэвэрт хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан 2003 оны 05 сарын 01-ээс 2009 оны 10 сарын 01-нийг хүртэл хохирсон тэтгэврийг жил тутамд 1 хувиар бодож 90.220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Д- нь анх 2003.05.01-ээс Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу 26 жил 3 сартай анх тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад өөрийн хүсэлтээр 2017 оны 01 сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцалсан тухай 0105614 дугаар актын дагуу 2017.02.01-ний өдрөөс ҮОМШӨ-ны тахир дутуугийн тэтгэврийг цуцалсан байна.

Иргэн Д.Д- нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс сард олгох 347.872 төгрөгийн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан байна.

Иргэн Д.Д-т Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос 2020 оныг хүртэлх хугацааны тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүр олгож байсан болно. Тухайлбал:

- Засгийн газрын 2015.02.09-ний өдрийн 52 тоот тогтоолоор 2015.02.01-ээс 22000 төгрөгөөр нэмэгдэж 285.144 болсон.

- Засгийн газрын 2016.05.31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор 2016.06.01-ээс 21000 төгрөгөөр нэмэгдэж 306.144 төгрөг болсон. /ТД тэтгэвэр 2017.02.01-ээс дуусгавар болсон/

- Засгийн газрын 2018.01.19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2018.02.01-ээс 27000 төгрөгөөр нэмэгдэж 374.872 болсон. /Анх 2017.02.01-ээс өндөр насны тэтгэвэр 347.872 тогтоосон/

- Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 26 дугаар тогтоолоор 2019.02.01-ээс 24.000 төгрөгөөр нэмэгдэж 398.872 болсон.

- Засгийн газрын 2020.01.22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 2020.02.01-ээс 30000 төгрөгөөр нэмэгдэж 428.872 болсон.

Иймээс Засгийн газрын 2015 оны 52 дугаартай тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдэл нь үнэн зөв нэмэгдэж олгогдсон байгаа тул нөхөн олгох үндэслэл байхгүй болно.

Мөн иргэн Д.Д- нь Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу 2003 оны 5 сараас 2017 оны 02 сарыг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад 2017 оны 02 сарын 01-ээс өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон одоог хүртэл авч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэж заасан байдаг боловч Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 2.2-т хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэдгийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан эсэхээс үл хамааран нэмэгдлийг авна гэж ойлгоно.

Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

Иргэн Д.Д- нь 2017 оны 02 сарын 01-нд нийт 39 жилээр Өндөр насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болох 19 жил тутамд тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэсний дагуу нэмэгдэл нь тооцогдож олгогдсон байна.

Энэ нь Д.Д-ын 2004.06.01-ний өдрөөс хойших ҮОМШӨ-ний сангаас Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 12 жил 8 сар нь нийт ажилласан жил дээр нэмж тооцогдсон бөгөөд дээрх 1.5 хувийн нэмэгдэл орсон нийт хугацаанд багтаж байгаа тул Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын дагуу Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэсэн заалтын дагуу нэмж олгох хуулийн үндэслэл байхгүй болно.

Иймд Д.Д-ын өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 хувиар нэмж тооцох хуулийн үндэслэл байхгүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1112 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 22 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Д.Д-ын хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан, 940,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.120 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах годол гаргаж байна.

            2003.05.01-ний өдрөөс 2017.02.01-ний өдрийг хүртэл хугацаанд ҮОМШӨ-ний тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байсан. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг болон итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тогтоолын дагуу миний тэтгэврийг болохдоо Засгийн газрын 2015.02.09-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон хавсралтын дагуу итгэлцүүрээр тэтгэвэр тогтож бодоогүй орхигдуулсанд гомдол гаргаж байна.

            Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь анхан шатны шүүхэд тайлбар гаргахдаа 2015.02.01-ний өдрөөс 22.000 төгрөгийн нэмэгдэл олгосон гэж гүтгэсэн бөгөөд Засгийн газрын хүчингүй болсон тогтоолын 1,3 дугаар заалтыг хэрэглэсэн.

            Миний 2015.02.09-ний өдрийн 52 дугаар тогтоолын хавсралт итгэлцүүрээр 1986-1990 оныг дуустал хугацаагаар тэтгэврийг бодож шийдвэрийг хэсэгчлэн гаргах боломжтой гэж бодож байна.

            Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тул 1 хувиар нэмэгдүүлсэн гэдэг нь худал бөгөөд Улсын дээд шүүхийн 2007.04.23-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож болох байхад хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Даргалагч шүүгчид хандаж Нийгмийн даатгалаас авч ирсэн хувийн хэрэгтэй өөрт байгаа тогтоолын хуулбарыг тулгаж үзэх хүсэлтийг огт хүлээн аваагүй. Тус тэтгэвэр тогтоосон тогтоолын хуудас 22.000 төгрөг нэмэгдүүлсэн комиссын гишүүдийн гарын үсэг тамга тэмдэг байхгүй тул шалгуулахаар аман хүсэлт гаргасан хүлээж аваагүйд гомдолтой байна. Учир нь 2016.10.10-ны өдөр энэ нь шалгалт ирэхэд тэтгэвэр өөрчилсөн гэж хуурамч тогтоол хавсаргасан байдаг.

            Нийгмийн даатгалын тайлбарыг хурал эхлэхээс өмнө авчирч нэхэмжлэгчид хурал эхлэхээс 10 минутын өмнө гардуулж гарын үсэг зуруулан авсан. Нэхэмжлэгчид тайлбартай танилцах боломж олгоогүй.

            Иймд Засгийн газрын 2015.02.09 өдрийн 52 дугаар тогтоолын хавсралт итгэлцүүрээр /1986-1990 оны цалингийн түүврээр/ тогтоолын дагуу үндэслэн олгогдох байсан 2015.02.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 850.000 төгрөгийг нөхөн гаргуулж цаашид сар бүр 22.000 төгрөгийн тэтгэврийн зөрүү бодож нэмж олгохыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Н.М- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолтой танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Д.Д- нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс сард олгох 347.872 төгрөгийн Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан байна.

Иргэн Д.Д-т Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос 2020 оныг хүртэлх хугацааны тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүр олгож байсан болно. Тухайлбал:

- Засгийн газрын 2015.02.09-ний өдрийн 52 тоот тогтоолоор 2015.02.01-ээс 22000 төгрөгөөр нэмэгдэж 285.144 болсон.

- Засгийн газрын 2016.05.31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор 2016.06.01-ээс 21000 төгрөгөөр нэмэгдэж 306.144 төгрөг болсон. /ТД тэтгэвэр 2017.02.01-ээс дуусгавар болсон/

- Засгийн газрын 2018.01.19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2018.02.01-ээс 27000 төгрөгөөр нэмэгдэж 374.872 болсон. /Анх 2017.02.01-ээс өндөр насны тэтгэвэр 347.872 тогтоосон/

- Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 26 дугаар тогтоолоор 2019.02.01-ээс 24.000 төгрөгөөр нэмэгдэж 398.872 болсон.

- Засгийн газрын 2020.01.22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 2020.02.01-ээс 30000 төгрөгөөр нэмэгдэж 428.872 болсон.

Иймээс Засгийн газрын 2015 оны 52 дугаартай тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдэл нь үнэн зөв нэмэгдэж олгогдсон байгаа тул нөхөн олгох үндэслэл байхгүй болно.

2. Иргэн Д.Д- нь Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу 2003 оны 5 сараас 2017 оны 02 сарыг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад 2017 оны 02 сарын 01-ээс өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон одоог хүртэл авч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэж заасан байдаг боловч Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 2.2-т хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэдгийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан эсэхээс үл хамааран нэмэгдлийг авна гэж ойлгоно.

Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

Иргэн Д.Д- нь 2017 оны 02 сарын 01-нд нийт 39 жилээр Өндөр насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болох 19 жил тутамд тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэсний дагуу нэмэгдэл нь тооцогдож олгогдсон байна.

Иргэн Д.Д-ын 2004.06.01-ний өдрөөс хойших ҮОМШӨ-ний сангаас Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 12 жил 8 сар нь нийт ажилласан жил дээр нэмж тооцогдсон бөгөөд дээрх 1.5 хувийн нэмэгдэл орсон нийт хугацаанд багтаж байгаа тул Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын дагуу Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэсэн заалтын дагуу нэмж олгох хуулийн үндэслэл байхгүй болно.

Мөн 5 жилийн дундаж цалин сонголтын тухайд Д.Д- нь 1975.08.05-2017.02.01-ны өдрийг хүртэл 39 жил 22 хоног ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 2017 оноос өмнөх 20 жилийг тооцоход 1986-1991 оны 5 жилийн цалин нь дээрх хугацаанд хамаарахгүй байна. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг хангахгүй байгаа тул 1986-1991 оны цалинг дахин сонгож тэтгэврээ өөрчлүүлэх боломжгүй болно. 2003 оноос Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байх хугацаандаа 2005.06.22-ны өдрөөс 2016.07.03-ны өдөр хүртэл Эрэл ХХК-д ажиллаж байсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Д- нь шүүхэд 2015 оны 02 дугаар сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 850.000 төгрөг нөхөн гаргуулах, 2003 оны 05 дугаар сарын 01-ээс 2009 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны тэтгэврийг 1 хувиар бодож, 940.220 төгрөг нөхөн гаргуулах, цаашид тэтгэврийн зөрүү 22.000 төгрөгийг сар бүр тооцож олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахыг шаардсан 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэх захирамж гаргахдаа зөвхөн тэтгэврийн зөрүү 940.220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, үлдсэн 2 нэхэмжлэлийн шаардлагыг хэрхсэн нь тодорхойгүй орхижээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 шаардлагыг орхигдуулснаар нэхэмжлэгчийн хаанаас, хэрхэн, юу шаардаж байгааг  бүрэн зөв тодорхойлж чадаагүйгээс зөвхөн 940.220 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал тайлбар, зохигчийн төлөөлөгч, гуравдагч этгээд  түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана”, 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг зөв тодорхойлоогүй, тодруулаагүйгээс нэхэмжлэлийн үнийг зөв тодорхойлолгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасан “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” тодорхойлно гэж заасныг зөрчсөн байна.

Ингэснээр шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлүүлсэн ба энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Д- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн 1 шаардлага болох 940.220 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлж, үлдэх 2 нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Хэргийн 29 дүгээр талд авагдсан баримтаас  харвал хариуцагч байгууллага хариу тайлбараа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн байх бөгөөд  мөн өдөр шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэгчийн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримттай танилцах, хариу тайлбар гаргах эрхийг хангалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “эсрэг талын шаардлага тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэж заасныг зөрчсөн байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хэд хэдэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах хуулийн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Д.Д-ын давж заалдсан гомдлыг хангасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  24.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                   ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА                  

                                                                                                                   Л.АМАРСАНАА