Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00210

 

 

 

 

 

 

 

 

“ББР” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/03068 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ББР” ХХК-ийн хариуцагч “МА” ХХК-д холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшилд байгаа өөрийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, Т.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2011 оны 11 дугаар сарын 17-ны өдөр “МА” ХХК-аас зарласан Нуаtt Regeny олон улсын зочид буудал барих тендерт оролцоод “ЛИКМ” ХХК-тай 2 жилийн хугацаанд 48 000 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр болсон тул БНСУ-аас Бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авч, оруулан ирсэн. Гэрээнд заасны дагуу үйлдвэр болон лабораторийг “МА” ХХК-ийн эзэмшлийн газарт барьж суурилуулан, бетон зуурмагийг баригдаж буй барилгад шууд нийлүүлэхээр тохирсон. Манай компани нь БНСУ-н Sambo Trading Co компанитай 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмж худалдан авах гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Лабораторийн эд анги ба сэлбэг хэрэгсэл худалдан авах гэрээ тус тус байгуулан нийт 657 780 817 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг худалдан авч, оруулж ирсэн. Мөн уг үйлдвэрийг “МА” ХХК-ийн хашаанд суурилуулахад өөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, зарлага гаргасан. Гэтэл “ЛИКМ” ХХК болон “МА” ХХК нар нь 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд нийт 10 843.9 м.куб бетон зуурмаг худалдан авч, “ЛИКМ” ХХК болон “МА” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсаны улмаас цаашид бетон зуурмаг үйлдвэрлэх боломжгүй болсон. Гэрээ цуцлагдсаны улмаас “ЛИКМ” ХХК-д хохирол барагдуулах талаар удаа дараа бичгээр мэдэгдэж байсан бөгөөд 2014 оны сүүлээр “МА” ХХК-ийн газарт суурилуулсан үйлдвэрээ буцаан авахаар хандахад 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “ЛИКМ” ХХК-аас ирүүлсэн албан тоот бичигт Л барилгын компани нь “МА” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцлах болсон талаар мэдэгдэл хүлээж авсан, барилгын талбайд суурилуулсан үйлдвэрээ буцаан авахыг хүсье гэсэн тул манай компанийн зүгээс үйлдвэрээ авахаар “МА” ХХК-ийн барилгын талбайд очиход харуул хамгаалалтын ажилтан нар нь биднийг оруулахгүй, үйлдвэрийг буцааж өгөхгүй гэсэн тул өнөөдрийг хүртэл бетон зуурмагийн үйлдвэрээ авч чадахгүй байна. Манай компанийн зүгээс “МА” ХХК-аас үйлдвэрээ буцааж авах талаар 2015 оноос хойш олон тооны албан бичгийг хүргүүлсэн боловч “МА” ХХК-ийн зүгээс ирүүлсэн хариу албан бичигт манай компанийн хэрэгжүүлж буй төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “ЛИКМ” ХХК нь 2014 оны 12 сард гэрээгээ зөрчин барилгын талбайд байгаа эд зүйлсийг албан ёсоор хүлээлгэж өгөлгүй орхин явсан тул хуулийн маргаан үүссэн болно. Бидний зүгээс хуулийн байгууллагын зөвлөмжийн дагуу барилгын талбайд байсан бүх эд зүйлсийг лацдаж, битүүмжлэн өөрийн харуул хамгаалалтыг байрлуулсан ба өөрийн эзэмшлийн эд зүйлсийг ч авах, ашиглах боломжгүй болоод байна. Иймд дээрх хуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл барилгын талбайгаас ямарваа эд зүйлсийг дур мэдэн гаргах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн тул өөрийн өмч болох бетон зуурмагийн үйлдвэрээ “МА” ХХК-аас авч, ашиглаж чадахгүй, хуулиар олгогдсон өмчлөх эрх зөрчигдөн өнөөдрийг хүрсэн. Иймд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах “МА” ХХК-ийн барилгын талбайд байгаа манай компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг “МА” ХХК-ийн хууль бус эзэмшлээс манай компанид гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“ББР” ХХК-ийн зүгээс “МА” ХХК-д холбогдуулан бетон зуурмагийн үйлдвэрийг хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна. 2011 онд “МА” ХХК-ийн хэрэгжүүлж байсан МАК ТОВЕР төслийн гүйцэтгэгчээр Солонгос улсын хуулийн этгээд Л Инженеринг констракшн компани ажиллаж байсан бөгөөд бетон зуурмагийн ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгч “ББР” ХХК ажилласан. Тус бетон зуурмагийн ажил гүйцэтгэж эхлэх үед Л Инженеринг Констракшн компанийн зүгээс бидэнтэй харилцан тохиролцож Бетон зуурмагийн үйлдвэрийг манай компанийн эзэмшлийн талбай дээр угсарч суурилуулсан. 2014 оноос “МА” ХХК болон нженеринг Констракшн компаниудын хооронд маргаан гарч Сингапурын олон улсын Арбитрын шүүхээр 2017 онд шийдвэрлэгдсэн. Тус маргааны үеэр Л Инженеринг Констракшн компани нь “МА” ХХК-аас туслан гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж Бетон зуурмагийн үйлдвэрийг шаардсан бөгөөд Арбитрын шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөгч нь “ББР” ХХК мөн эсэх талаар эргэлзэх нотлох баримт хэрэгт байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2011, 2012 оны үед Sambo Trading Co компаниас авч байсан үйл баримтаа ярьж байна. Тэрнээс хойш үйл баримт болсон. Энэнээс үндэслээд тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийн асуудал “ЛИКМ” ХХК, “Л Инженеринг Монголиа” ХХК-д шилжсэн байж болзошгүй гэж хүсэлтээ тавьсан. Л нь МАК-аас яагаад нэхэх болов гээд үзвэл Л, Батбэх нар төлбөр тооцооны гэрээ хийгээд 275 929 долларыг Л нь Батбэхэд төлөхөөр тохирсон. Үүнээс бетон зуурмагийн өмчлөх эрх нь Лд шилжсэн гэж үзэж байна. Эрхийг нь зөрчиж болзошгүй этгээд хүсэлтээ тавьсан боловч хүсэлт хүлээж аваагүй. 2011, 2012 оны гаалиар оруулж ирсэн нь өнөө хүртэл хүчин төгөлдөр байгаа эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгө биш хөдлөх хөрөнгө болж байна. Энэ объект “МА” ХХК-ийн эзэмшил бүхий газарт байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрнө. Эндээс харахад газартай холбогдсон тул газрын эзэмшигчийн эзэмшлийнх гэж үзэж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хууль бус эзэмшилд байх ёстой гэдэг тайлбар дээр манай компани энэ тоног төхөөрөмжийг хууль бусаар олж авсан зүйл байхгүй, манайхаас “Л инженеринг” ХХК-тай байгуулсан гэрээ, хэрэгжилтийн явцад ажил нь зогсоод, цуцлагдаад арбитраар явсан ч гэсэн “Л инженеринг” ХХК-аас манайх эднийхтэй харьцаж байсан. Энэ хүрээнд тоног төхөөрөмж манай эзэмшил харуул хамгаалалтын дор байж байгаа. Арбитрын шийдвэрт энэ асуудлаар шүүхийн дүгнэлт хийгдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ББР” ХХК-ийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагч “МА” ХХК /РД:2095025/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3 446 860 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3 446 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Б нар давж заалдах гомдолдоо:

... Манай компани нь “МА” ХХК-ийн барилгын талбайд үйлдвэрлэл явуулахын тулд бетон зуурмагийн үйлдвэрийг лабораторийн хамт суурилуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад бетон зуурмагийн үйлдвэр болон дагалдах иж бүрдэл болох лабораторийн тоног төхөөрөмжийг хамтад нь гаргуулахаар тодорхой тайлбарлан бичсэн бөгөөд нэхэмжилсэн эд хөрөнгийн талаарх нотлох баримт болох “Худалдах, худалдан авах гэрээ”, гаалийн мэдүүлгийн баримтууд, мөнгө шилжүүлсэн баримтуудыг гарган өгч, нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолсон байтал шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж буюу лабораторийн тоног төхөөрөмжийг тусад нь нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Манай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “... манай компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг “МАК” ХХК-ийн хууль бус эзэмшлээс, манай компанид гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн атал шүүхийн шийдвэрээр манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шийдсэн боловч тогтоох хэсгийн 1 дүгээрт нэхэмжлэгч компанийн нэрийг “Бат Бэх” ХХК гэж буруу бичсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “эд хөрөнгийг манай компанид гаргуулан өгөх” талаар огт тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 60.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3 446 860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3 446 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэжээ. Дээрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн төлүүлэхийг зохицуулсан хуулийн заалт бөгөөд энэ заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, алдаатай шийдвэр гарсан гэж үзэж байна. Мөн компани нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бетон зуурмагийн үйлдвэр 447,746 ам.доллар буюу 620 049 416 төгрөг, лабораторийн тоног төхөөрөмж нь 28 146 ам.доллар буюу 37 731 401 төгрөгөөр тооцон нийт нэхэмжлэлийн үнэ дүн болох 657 780 817 төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 3 446 860 төгрөгийг төлсөн.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаарддагийг бүхэлд  нь хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийг бүгдийг нь 100% хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа бетон зуурмагийн үйлдвэрийн иж бүрдэл болох лабораторийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд тайлбарыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан Бетон зуурмагийн үйлдвэрийн иж бүрдэл болох лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулан манай компанид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. “ББР” ХХК бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөгч хэвээр гэдэг нь эргэлзээтэй. “ББР” ХХК нь “МА” ХХК-ийн хэрэгжүүлж байсан “МАК ТОВЕР” барилгын төслийн гүйцэтгэгч Солонгосын “Л Инженеринг констракшн” компанийн бетон зуурмаг нийлүүлэх туслан гүйцэтгэгчээр оролцож байсан бөгөөд 2012 онд төсөл эхлэх үед бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авч, тээвэрлэн Монгол улсад оруулж ирсэн. Энэ талаар хариуцагч маргадаггүй.

Бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөгч өөрчлөгдсөн байх магадлалтай, эргэлзээтэй нөхцөл байдал байхад шүүхээс энэ талаар хангалттай нотлох баримт бүрдүүлж түүндээ дүгнэлт хийлгүй, зөвхөн 2012 оны худалдах худалдан авах гэрээнд үндэслэн “ББР” ХХК-ийг өмчлөгч гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Уг маргааны талаар өмнө нь Арбитрын шийдвэр гарсан тухайд 2014 оноос “МА” ХХК болон “Л Инженеринг Констракшн” компаниудын хооронд маргаан гарч Сингапурын олон улсын Арбитрын шүүхээр 2017 онд шийдвэрлэгдсэн. Тус маргааны үеэр “Л Инженеринг Констракшн” компани нь “МА” ХХК-аас туслан гүйцэтгэгч “Бат бэх ремикон” компанитай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж бетон зуурмагийн үйлдвэрийн зардлыг шаардсан бөгөөд Арбитрын шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус арбитрын маргаанд “Л Инженеринг констракшн” компани болон “ББР” ХХК нарын 2015 оны 8 дугаар сард гэрээ байгуулсан гэрээ авагдаж, арбитрын шийдвэрт уг асуудлаар дүгнэлтүүд хийгдсэн. Гэтэл шүүхээс Арбитрын шийдвэрийг үнэлж дүгнэлгүй, зөвхөн “Л Инженеринг констракшн” компани болон “ББР” ХХК нарын 2015 оны 8 дугаар сард гэрээ байгуулсан гэрээг ач холбогдолтой гэж үзэн дүгнэсэн. Энэ нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь дүгнэх хуулийн заалтыг зөрчсөн. Мөн 2015 оны 8 дугаар сард байгуулагдсан төлбөр тооцооны гэрээний талаар Сингапурын олон улсын Арбитрын шүүх нэгэнт үнэлж, дүгнэсэн байхад шүүхээс уг нотлох баримтыг өөр агуулгаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн тухайд хариуцагчийн зүгээс “бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөгч өөрчлөгдсөн байж болзошгүй үйл баримт Арбитрын шийдвэр, 2015 оны гэрээнээс тогтоогдсон, өмчлөгч нь “ББР” ХХК мөн гэх хөдөлбөргүй үнэн нотлох баримт хэрэгт авагдаагүй” учраас Л инженеринг констракшн болон Л инженеринг Монголиа компанийг гуравдагч этгээдээр оролцуулах эсхүл өмчлөх эрхийн талаар тайлбар авах буюу нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, бодит байдалд Л инженеринг констракшн болон Л инженеринг Монголиа компанийн өмчлөлийн хөрөнгийг “ББР” ХХК-ийн өмч гэж 2012 онд байгуулагдсан гэрээнд үндэслэн шууд дүгнэхэд энэ хүсэлтийг гаргасан. Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хэргийг үнэн бодитой, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй шийдвэрлэх нотлох баримтыг бүрдүүлсэнгүй.

Бодит байдалд “ББР” ХХК өмчлөгч биш бол шүүх дутуу бүрдүүлсэн баримтад үндэслэн өмчлөх эрхийг тогтоосон болж, улмаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  

 

            Нэхэмжлэгч “ББР” ХХК нь өөрийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэр болон лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч “МА” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хариуцагч эс зөвшөөрч, өмчлөгч болох нь эргэлзээтэй гэх үндэслэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлсон боловч үндэслэлдээ дагалдах тоног төхөөрөмж нь мөн хариуцагчийн эзэмшилд байгааг дурдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эзэмшилд 5 жилийн хугацаанд байгаа, эд хөрөнгө тоног төхөөрөмжүүд нь бүрэн бүтэн эсэх нь тодорхойгүй тул үйлдвэр болон лабораторийн эд хөрөнгөд үзлэг хийн бодит байдлыг тогтоолгох хүсэлтийг нэхэмжлэгч талаас 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гаргажээ. /хх-94, 95/

 

            Мөн анхан шатны журмаар хэргийг хэлэлцэх үед үйлдвэрийн лабораторийн тоног төхөөрөмж нь нэхэмжлэлийн шаардлагад багтаж байгаа эсэхийг шүүх тодруулж, уг эд хөрөнгө нь хариуцагч компанийн газарт байрлах байшинд суурилуулсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа “бетон зуурмагийн үйлдвэр, лабораторийн тоног төхөөрөмжийг хууль бус эзэмшлээс гаргуулах” гэж тодорхойлсон байна. /хх-223-224 хуудасны ар тал/

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “лабораторийн тоног төхөөрөмж гэх нөхцөл байдлыг өнөөдрийн хурал дээр гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмээд явчихлаа, энэ талаар мэдэхгүй, үйлдвэр бол гадна талаас харагддаг” гэж тоног төхөөрөмж байгаа эсэх талаар эргэлзээтэй тайлбар гаргажээ. /хх-224 хуудасны ар тал/

 

            Дээрхээс үзвэл бетон зуурмагийн үйлдвэрийн лабораторийн тоног төхөөрөмж нь хариуцагчийн эзэмшилд байгаа эсэх, бодит байдалд ямар эд анги хаана, ямар байдлаар хадгалагдаж байгааг тогтоох шаардлагатай, нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан хүсэлт нь маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг агуулгыг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2020/04490 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь /хх-141,142/ үндэслэл муутай, нотлох баримтыг зохигчдын хүсэлтээр бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд үйлдвэр гэх ойлголтод нэхэмжлэгч юу хамааруулж байгааг тодруулж, бетон зуурмагийн үйлдвэрийн бүрдэл болон дагалдах зүйлийг бүрэн тогтоож, бодитоор байгаа эсэхийг тогтоох нь ач холбогдолтой юм. Шүүхээс гарах шийдвэр нь биелэгдэх боломжтой, тодорхой байх ёстой юм.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дээр дурдсан маргаантай үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн үзсэн талаар эрх зүйн дүгнэлт хийгдээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

 

Хэргийг агуулгаар нь эцэслэн хянан шийдвэрлээгүй тул талуудын үйл баримтад орж дүгнэж хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/03068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 346 610 төгрөг, хариуцагчаас 3 446 860 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

       ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ