Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00034

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/01662 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1510 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Монголын алт ХХК-д холбогдох

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах******* МАК ХХК-ийн барилгын талбайд байгаа нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контейнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, Т.Жавхлан, М.Цэрэнбат, Х.Чинбат, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1.   ******* ХХК нь******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах******* МАК ХХК-ийн барилгын талбайд байгаа нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контэйнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...маргаан бүхий хөрөнгийн эзэмшлийг Лотте инженеринг констракшн Монголиа ХХК-тай байгуулсан гэрээний дагуу олж авсан, улмаар тус компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж, уг маргааныг Сингапурын Олон Улсын арбитраар шийдвэрлэх үед тухайн хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсон, нэхэмжлэгч өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй, Лотте инженеринг констракшн Монголиа ХХК-ийн өмч байж болзошгүй. гэж маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01662 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бат бэх ХХК-ийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэр гэх хөдлөх эд хөрөнгө, түүний дагалдах зүйлс болох удирдлагын болон амралтын хэсэгтэй саарал өнгийн контейнер, багаж сэлбэг хэрэгсэл агуулсан улаан өнгийн контейнер, бетоны дээж шахагч пресс гэх лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч******* ХХК /РД:2095025/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1510 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/01662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч******* МАК ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах******* МАК ХХК-ийн барилгын талбайд байгаа нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контейнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг тус тус хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар.

Тус нэхэмжлэлийг Хан-Уул үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсаргасан баримтууд болох Бат бэх ремион ХХК Лотте инженеринг констрашн Монголиа ХХК нарын хооронд байгуулагдсан бетон зуурмагийн үйлдвэр суурилуулах, МАК Hyatt Regency төслийн бетон зуурмагийг газар дээр үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ /хх-10-16/, Солонгос улсын Самбо трейдинг ХХК-тай хийсэн Бетон зуурмагийн үйлдвэр худалдан авах гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-34, 36-44/ зэрэг нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, Орчуулгын шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн, Иргэний хуулийн 106.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх ...Анхан шатны шүүх ... хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ... гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт тус тус нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүхээс ******* ХХК болон Лотте инженеринг констрашн Монголиа ХХК нарын хооронд гэрээ цуцлагдсантай холбогдуулан байгуулагдсан Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээг тайлбарлахдаа ...нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийг Лотте инженеринг констракшн Монголиа ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хариуцагчийн эзэмшилд хүлээлгэн өгч, улмаар Лотте инженеринг констрашн Монголиа ХХК-ийн зүгээс үнийг барагдуулах талаар дээрх Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ байгуулагдсан байна.... гэж дүгнэсэн байна. Бат Бэх Ремикон ХХК болон Лотте инженеринг констрашн Монголиа ХХК нарын хооронд 2011.11.17-ны өдөр байгуулагдсан Бетон зуурмагийн үйлдвэр ба Бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсантай холбогдуулан талуудын хооронд Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээг 2015 оны 08 сард байгуулсан байх бөгөөд талууд анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь орчуулгын хувьд зөрүүтэй байсан тул шинжээч томилж Солонгос хэлнээс Монгол хэл рүү орчуулга хийсэн. Тус гэрээнд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан Бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагчид хүлээлгэн өгөх, Үйлдвэрийн үнийг Лотте инженеринг констрашн Монголиа ХХК -ийн зүгээс нэхэмжлэгчид төлөх талаарх тохироо огт хийгдээгүй байхад шүүхээс дээр дурдсан дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй бөгөөд ИХШХШТХ-ийн 40.2 заалтад нийцээгүй гэж үзэж байна. Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээний хавсралт болох Гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас үүдэх төлбөрийн тооцол хэсэгт байгаа 250,845.34 ам.долларын үнийн дүн бүхий Batch Plant суурилуулалтын зардлын хохирлын дүн гэснийг хариуцагч талаас гаргаж өгсөн орчуулгын баримтанд Batch Plant үйлдвэрийн зардал гэсэн орчуулгатай байсан тул хөндлөнгийн шинжээч томилж орчуулсан юм. /хх 202-206/ Тус гэрээний 3 дугаар заалтад дээрх төлбөр нь үндсэн гэрээг цуцалснаас үүдэн Бат бэхэд үүссэн бүхий л хохиролд хамаарах бөгөөд Бат бэх нь энэхүү тохиролцооны гэрээг байгуулсны дараа дээрх төлбөрийн хэмжээнээс хэтэрч үүссэн бүхий л хохирлын нөхөн төлбөрийг /Batch Plant-ыг нүүлгэн шилжүүлээгүйгээс үүдсэн хохирол зэрэг/ Лотте-с нэхэмжилж үл болно... гэсэн нь ******* ХХК нь энэхүү гэрээ байгуулсны дараа үйлдвэрээ авахад /нүүлгэн шилжүүлэхэд/ гарах зардлыг Лотте хариуцахгүй гэх утга санааг агуулж байгаа бөгөөд Бетон зуурмагийн үйлдвэр нь нэхэмжлэгчийн өмч болохыг нотолж байгаа заалт байтал давж заалдах шатны шүүх нь гэрээний зүйл заалт бүрийн хоорондын уялдаа холбоог харьцуулан дүгнэлт хийлгүйгээр дан ганц хариуцагч талаас гаргаж өгсөн буруу орчуулгатай гэрээний заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40.2 заалтад нийцээгүй байна. Мөн магалалын үндэслэх хэсэгт ...Хариуцагчийн хувьд Лотте инженеринг констрашн Монголиа ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ хүлээн авсан, уг гэрээтэй холбоотой маргааныг Сингапурын Олон улсын Арбитрын төвийн 2017.06.27-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон... гэжээ. Хариуцагч МАК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо ...Лотте инженеринг констрашн Монголиа ХХК******* ХХК -ийн хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 7.7-д заасны дагуу Бетон зуурмагийн үйлдвэрийг МАК-ын хашаанд байрлуулснаар өмчлөх эрх нь МАК-д үүссэн... гэж тайлбарладаг. Лотте инженеринг констрашн Монголиа ХХК******* ХХК -ийн хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон эрх, үүрэг нь ******* ХХК-д хамааралгүй бөгөөд уг гэрээний 8.10-т ...гүйцэтгэгч нь /Лотте инженеринг констрашн Монголиа ХХК/ үйлдвэр, материалын үнийг төлүүлэх эрхтэй болсноор захиалагчын /Монголын алт ХХК/ өмч болно... гэж тохирсон нь тухайн гэрээний гүйцэтгэгч болох Лотте инженеринг констрашн Монголиа ХХК-ийн эд хөрөнгөтэй холбоотой зохицуулалт байтал давж заалдах шатны шүүхээс уг гэрээний дагуу ******* ХХК-ийн өмчлөлийн Бетон зуурмагийн үйлдвэрийг МАК ХХК-д шилжүүлэн өгсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Мөн Сингапурын Арбитрын шийдвэрээр Лотте инженеринг констрашн Монголиа ХХК-ийн үндсэн нэхэмжлэл,******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг аль алийг нь хэрэгсэхгүй болгож, Арбитрын зардлыг талуудаас гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч талын Бетон зуурмагийн үйлдвэртэй холбоотой маргааныг огт шийдвэрлээгүй байтал шүүх ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд ач холбогдолтой мэтээр магадлалын үндэслэх хэсэгт тайлбарласан нь шүүхээс нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан агуулгын хүрээнд тухайн зүйлд нийцүүлэн гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт ...Анхан шатны шүүх ... хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ... гэж дүгнээд энэхүү гомдлын 1 дэх хэсэгт дурдсан зөрчлүүдийг гаргасан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага нь мөн хуулийн 118 дугаар зүйлд заасан шийдвэрийн агуулгаар тодорхойлогддог. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн холбогдох зүйл, хэсгийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 3.3 дах заалтын ...Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал мөн... гэсэн тайлбарыг зөрчин, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт огт хамааралгүй болох Лотте инженеринг констрашн Монголиа ХХК,******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ болон Сингапурын Арбитрын шийдвэрийг үндэслэн ******* ХХК-ийн өмчлөлийн Бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөх эрхээ шилжүүлсэн мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал нь дээр дурдсан УДШ-ийн тайлбарт дурдсаны дагуу шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагчийн давж заалдах гомдлыг няцаасан нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан нотлох баримт болох Лотте инженеринг констрашн Монголиа ХХК,******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 8.10 дах заалт, ******* ХХК болон Лотге инженеринг констрашн Монголиа ХХК-ийн хооронд байгуулагдсан Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээний 3 дугаар заалтыг хэрхэн үнэлсэн талаар магадлалд огт дурдаагүй байгаа нь Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагааны талаарх зөвлөмжийн 2-т заасан Иргэний хуулийн 40.2 дахь заалтыг хэрхэн хэрэглэх талаарх зөвлөмжийг зөрчин, тус хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн нь Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Дээр дурдсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарна гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2021.11.22-ны өдрийн 001/ШХТ2021/00888 дугаар тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтов.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч******* (МАК) ХХК нь 2011 онд Хиатт Реженси (Hyatt Regency) Зочид буудлын барилгын төсөл хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчээр Лотте инженеринг энд констракшн ХХК-ийг шалгаруулан, гэрээ байгуулж, зочид буудлын барилгын ажлыг бүхэлд нь хариуцуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон, Лотте инженеринг энд констракшн ХХК-ийн Монгол дахь Лотте инженеринг констракшн Монголиа ХХК нь ******* ХХК-тай Бетон зуурмагийн үйлдвэр, бетон зуурмаг нийлүүлэх гэрээг 2011.11.17-ны өдөр байгуулжээ.

 

Гэрээний дагуу ******* ХХК БНСУ-ын Самбо трейдинг ХХК-тай Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмж худалдах авах гэрээ байгуулж, нийт 657,780,817 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг худалдан авч, төсөл хэрэгжиж буй МАК ХХК-ийн хашаанд суурилуулан, үйл ажиллагаа явуулж байсан боловч Лотте инженеринг энд констракшн ХХК болон МАК ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдсны улмаас тус үйлдвэрт цаашид зуурмаг үйлдвэрлэх боломжгүй болж, үйл ажиллагаа нь зогссон үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх үйл баримтаас үзвэл ******* ХХК нь Хиатт Реженси (Hyatt Regency) Зочид буудлын барилгын төсөл хэрэгжүүлэх төсөлд ерөнхий гүйцэтгэгч Лотте инженеринг констракшн Монголиа ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэж байжээ.

 

Монголын алт МАК ХХК, Лотте инженеринг энд констракшн ХХК-ийн хооронд 2011.09.09-ний өдөр Улаанбаатар хотод Hyatt Regency Mongolia, Ulaanbaatar нэртэй зочид буудлын барилгын ажлын 1 дүгээр үе шатанд гүйцэтгэх ажлыг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр 109,379,000 ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулагдан, үйл ажиллгаагаа явуулж байсан бөгөөд 2014 оноос талуудын хооронд маргаан гарч, уг маргаан 2017 онд Сингапурын олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

 

8. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороололд байрлах МАК ХХК-ийн барилгын талбайд байгаа өөрийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх хөрөнгийн үнийг Лотте инженеринг констракшн Монголиа ХХК нэхэмжлэгчид төлсөн үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд захиалагчийн хөрөнгө болох талаар заасан тул нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй гэж маргажээ.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь Самбо трэйдинг ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр дээрх хөрөнгийн өмчлөгч болсон, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Сингапурын олон улсын арбитрын шүүхийн шийдвэрлэсэн маргаан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийг Лотте инженеринг констракшн Монголиа ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авч, хариуцагчийн эзэмшил газарт суурилуулсан, үнийг Лотте инженеринг констракшн ХХК-ийн зүгээс барагдуулахаар Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ байгуулсан. ...Хариуцагчийн Лотте инженеринг констракшн ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг олон улсын арбитрын шийдвэрээр эцэслэн шийдвэрлэхдээ Лотте инженеринг констракшн ХХК-ийн дээрх төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

10. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд юуны өмнө өмчлөгч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдсон байхыг шаардана.

 

10.1. Нэхэмжлэгч нь 2011.11.17-ны өдөр МАК ХХК-иас зарласан Hyatt Regency олон улсын зочид буудал барих тендерт оролцоод Лотте инженеринг констракшн Монголиа ХХК-тай 2 жилийн хугацаанд 48,000 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр болсон үндэслэлээр бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авсан гэж тайлбарлажээ.

 

Хэдийгээр маргаж буй үйлдвэр, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч тал худалдан авч үйлдвэрийн талбайд байршуулсан үйл баримттай зохигч маргаагүй боловч нэхэмжлэгчийн оролцсон дээрх тендерийн баримт болон Хиатт Реженси (HYATT REGENCY) Зочид буудлын барилгын төслийн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул бетон зуурмагийн үйлдвэр, бусад тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчийн өөрийн өмч, эсхүл төслийн хүрээнд хэрэгжих ажлыг гүйцэтгэх зорилгоор, төсөлд тусгагдсан хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийн ал нь болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг маргаж буй хөрөнгийг гуравдагч этгээдээс худалдан авсан үндэслэлээр өмчлөгч гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

10.2.******* МАК ХХК болон Лотте инженеринг энд констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 1.1.5.1.-д ...үйлдвэр, материал болон Байнгын ажлыг эсвэл Байнгын ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэх зорилготой бусад зүйлс гүйцэтгэгчийн тоног төхөөрөмжид багтахгүй, 1.1.5.5.-д Үйлдвэр гэж Байнгын ажлыг эсвэл Байнгын ажлын хэсгийг гүйцэтгэхэд зориулагдсан тоног төхөөрөмж, машин механизм, тээврийн хэрэгсэл гэж, 1.1.5.4.-т Байнгын ажил гэр гэрээнд заасан Гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажил гэж, мөн 7.7.-д Үйлдвэр, Материалын өмчлөл хэсэгт ...үйлдвэрийн болон материалын бүрдэл бүр нь аливаа барьцаа шаардлагаас ангид байдлаар захиалагчийн өмч болно, а/ талбайд байршснаар... гэж тус тус тохиролцсон болох нь хэрэгт баримтаар авагдсан байна.

 

2011.12.10-ны өдөр Монгоын алт ХХК, Лотте инженеринг констракшн Монголиа ХХК Бетон зуурмагийн үйлдвэрийн гэрээ байгуулж, Зочид буудлын төслийн гэрээний тусгай нөхцөлийн 13.8., 4.1. дэх заалтын дагуу харилцан тохиролцож, захиалагч нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах хаягт Бетон зуурмагийн үйлдвэрийг суурилуулах, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, гүйцэтгэгч нь өөрөө бетон зуурмагийн үйлдвэрийг суурилуулах, эсвэл бетон зуурмагийн үйлдвэрийг суурилуулах бетон зуурмаг нийлүүлэгчийг сонгож, дээр дурдсан Захиалагчийн тодорхойлсон хаягт суурилуулалтыг хийлгэхээр харилцан тохиролцож, гэрээний дагуу туслан гүйцэтгэгчийг сонгож, үйлдвэрийг суурилуулсан үйл баримт тогтоогджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний дээрх заалт, үйл баримтыг үндэслэл болгосон байхад анхан шатны шүүх тухайн зохицуулалт, үйл баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй, харин маргаж буй бетон зуурмагийн үйлдвэр хөдлөх, эсхүл үл хөдлөх хөрөнгө эсэх талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн шаардсан хөрөнгө нь хариуцагчийн хувьд Лотте инженеринг констракшн Монголиа ХХК-тай байгуулсан гэрээний дагуу түүний эзэмшилд шилжсэн, талуудын хоорондох маргаан Сингапурын Олон улсын арбитрын төвийн 2017.06.27-ны өдрийн 215 дугаар Эцсийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэх үндэслэл заажээ.

 

Хэрэгт Лотте инженеринг, констракшн компани, Лотте инженеринг констракшн Монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй******* МАК ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сингапурын олон улсын арбитрын төвийн 2017.06.27-ны өдрийн Эцсийн шийдвэр гэсэн баримтын зарим хэсгийг орчуулан хавсаргасан байх боловч дээрх шийдвэрээс Бат бэх ремиком ХХК-ийн нэхэмжлэлд хамааралтай байж болох Гарчигийн VIII-д заасан Шийдвэрт шийдвэрлэх ёстой үндсэн асуудал, Асуудал-4-т заасан Лотте-ийн нэхэмжлэлийн талаарх баримт, XIV-т заасан туслан гүйцэтгэгч нарын нэхэмжлэлийн талаарх баримтын орчуулга бүрэн хэмжээгээр авагдаагүй байх тул Бат бэх ремиком ХХК-ийн нэхэмжлэл тус арбитрын шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай, энэ талаар бүрэн тогтоогдоогүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх заалтад нийцээгүй байна.

 

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг буруутгах үндэслэлгүй.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/01662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1510 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-иас 2021.11.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,446,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД