Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/03068

 

 

 

 

 

 

 

 

 

    2020             11              10                                                       183/ШШ2020/03068

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, байрлах, Б ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, байрлах, М. ХХК /РД:/-д холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшилд байгаа өөрийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, Т.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай компани нь 2011 оны 11 дугаар сарын 17-ны өдөр М. ХХК-иас зарласан Нуаtt Regeny олон улсын зочид буудал барих тендерт оролцоод Л.Монголиа ХХК-тай 2 жилийн хугацаанд 48 000 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр болсон тул БНСУ-аас Бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авч, оруулан ирсэн. Гэрээнд заасны дагуу үйлдвэр болон лабораторийг М. ХХК-ийн эзэмшлийн газарт барьж суурилуулан, бетон зуурмагийг баригдаж буй барилгад шууд нийлүүлэхээр тохирсон юм. Манай компани нь БНСУ-н Sambo Trading Co компанитай 2011 оны 12 дугаар сарын 10-нд Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмж худалдан авах гэрээ, 2012 оны 01 сарын 20-ны өдөр Лабораторийн эд анги ба сэлбэг хэрэгсэл худалдан авах гэрээ тус тус байгуулан нийт 657 780 817 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг худалдан авч, оруулж ирсэн. Мөн уг үйлдвэрийг М. ХХК-ийн хашаанд суурилуулахад өөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, зарлага гаргасан юм. Гэтэл Л.Монголиа ХХК болон М. ХХК нар нь 2012 оны 05 сараас 2013 оны 11 сарын хооронд нийт 10 843.9 м.куб бетон зуурмаг худалдан авч, Л.Монголиа ХХК болон М. ХХК нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсаны улмаас цаашид бетон зуурмаг үйлдвэрлэх боломжгүй болсон. Гэрээ цуцлагдсаны улмаас Л.Монголиа ХХК-д хохирол барагдуулах талаар удаа дараа бичгээр мэдэгдэж байсан бөгөөд 2014 оны сүүлээр М. ХХК-н газарт суурилуулсан үйлдвэрээ буцаан авахаар хандахад 2014 оны 12 сарын 16-ны өдөр Л.Монголиа ХХК-аас ирүүлсэн албан тоот бичигт Лотте барилгын компани нь М. компанитай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцлах болсон талаар мэдэгдэл хүлээж авсан, барилгын талбайд суурилуулсан үйлдвэрээ буцаан авахыг хүсье гэсэн тул манай компанийн зүгээс үйлдвэрээ авахаар М. ХХК-ийн барилгын талбайд очиход харуул хамгаалалтын ажилтан нар нь биднийг оруулахгүй, үйлдвэрийг буцааж өгөхгүй гэсэн тул өнөөдрийг хүртэл бетон зуурмагийн үйлдвэрээ авч чадахгүй байна. Манай компанийн зүгээс М. ХХК-аас үйлдвэрээ буцааж авах талаар 2015 оноос хойш олон тооны албан бичгийг хүргүүлсэн боловч М. ХХК-ийн зүгээс ирүүлсэн хариу албан бичигт манай компанийн хэрэгжүүлж буй  төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Монголиа ХХК нь 2014 оны 12 сард гэрээгээ зөрчин барилгын талбайд байгаа эд зүйлсийг албан ёсоор хүлээлгэж өгөлгүй орхин явсан тул хуулийн маргаан үүссэн болно. Бидний зүгээс хуулийн байгууллагын зөвлөмжийн дагуу барилгын талбайд байсан бүх эд зүйлсийг лацдаж, битүүмжлэн өөрийн харуул хамгаалалтыг байрлуулсан ба өөрийн эзэмшлийн эд зүйлсийг ч авах, ашиглах боломжгүй болоод байна. Иймд дээрх хуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл барилгын талбайгаас ямарваа эд зүйлсийг дур мэдэн гаргах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна... гэсэн тул өөрийн өмч болох бетон зуурмагийн үйлдвэрээ М. ХХК-аас авч, ашиглаж чадахгүй, хуулиар олгогдсон өмчлөх эрх зөрчигдөн өнөөдрийг хүрлээ. Иймд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах М. ХХК-ийн барилгын талбайд байгаа манай компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг М. ХХК-ийн хууль бус эзэмшлээс манай компанид гаргуулан өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б ХХК-ийн зүгээс М. ХХК-д холбогдуулан бетон зуурмагийн үйлдвэрийг хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна. 2011 онд М. ХХК-ийн хэрэгжүүлж байсан М. ТОВЕР төслийн гүйцэтгэгчээр Солонгос улсын хуулийн этгээд Л.компани ажиллаж байсан бөгөөд бетон зуурмагийн ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгч Б ХХК ажилласан. Тус бетон зуурмагийн ажил гүйцэтгэж эхлэх үед Л.компанийн зүгээс бидэнтэй харилцан тохиролцож Бетон зуурмагийн үйлдвэрийг манай компанийн эзэмшлийн талбай дээр угсарч суурилуулсан. 2014 оноос М. ХХК болон Л.компаниудын хооронд маргаан гарч Сингапурын олон улсын Арбитрын шүүхээр 2017 онд шийдвэрлэгдсэн. Тус маргааны үеэр Л.компани нь М. ХХК-аас туслан гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж Бетон зуурмагийн үйлдвэрийг шаардсан бөгөөд Арбитрын шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж үндэслэл болно. Бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөгч нь Б ХХК мөн эсэх талаар эргэлзэх нотлох баримт хэрэгт байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2011, 2012 оны үед Sambo Trading Co компаниас авч байсан үйл баримтаа ярьж байна. Тэрнээс хойш үйл баримт болсон. Энэнээс үндэслээд тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийн асуудал Лотте Инженеринг Монголиа ХХК, Лотте Инженеринг Монголиа ХХК-д шилжсэн байж болзошгүй гэж хүсэлтээ тавьсан. Лотте нь М.-аас яагаад нэхэх болов гээд үзвэл Лотте, Батбэх нар төлбөр тооцооны гэрээ хийгээд 275 929 долларыг Лотте нь Батбэхэд төлөхөөр тохироо хийгдсэн. Үүнээс бетон зуурмагийн өмчлөх эрх нь Лоттед шилжсэн гэж үзэж байна. Эрхийг нь зөрчиж болзошгүй этгээд  хүсэлтээ тавьсан боловч хүсэлт хүлээж аваагүй. 2011, 2012 оны гаалиар оруулж ирсэн нь өнөө хүртэл хүчин төгөлдөр байгаа эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгө биш хөдлөх хөрөнгө болж байна. Энэ объект М. ХХК-ийн эзэмшил бүхий газарт байгааг нэхэмжлэгч  хүлээн зөвшөөрнө. Эндээс харахад газартай холбогдсон тул газрын эзэмшигчийн эзэмшлийнх гэж үзэж байна. Иргэний хуулийн 106-д зааснаар хууль бус эзэмшилд байх ёстой гэдэг тайлбар дээр манай компани энэ тоног төхөөрөмжийг хууль бусаар олож авсан зүйл байхгүй, манайхаас Лотте инженринг ХХК-тай байгуулсан гэрээ, хэрэгжилтийн явцад ажил нь зогсоод, цуцлагдаад арбитраар явсан ч гэсэн  Лотте Инженеринг ХХК-иас манайх эднийхтэй харьцаж байсан. Энэ хүрээнд тоног төхөөрөмж манай эзэмшил харуул хамгаалалтын дор байж байгаа. Арбитрын шийдвэрт энэ асуудлаар шүүхийн дүгнэлт хийгдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдын шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М. ХХК-д холбогдуулан өөрийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Б ХХК нь Л.монголиа ХХК-ийн хэрэгжүүлэх М. Нуаtt Regeny төслийн барилгын ажлыг бетон зуурмагаар хангах үйлдвэр суурилуулах болон бетон зуурмагаар 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 сарын              30-ны өдрийг хүртэл хангахаар харилцан тохиролцож, Б ХХК болон Л.монголиа ХХК-ийн хооронд 2011 оны 11 сарын 17-ны өдөр гэрээ байгуулагджээ. /хх-10-16/

 

Нэхэмжлэгч нь бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмжийг 461 036 ам.долларын өртгөөр Улаанбаатарын гаалийн баталгаат агуулахад хүлээн авах нөхцөлөөр Самбо трэйдинг ХХК-тай 2011 оны 12 сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, 2012 оны 01 сарын 18-ны өдөр худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан, хэлэлцэн тохирсон үнийг худалдагч Самбо трейдинг ХХК-д бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гадаад төлбөрийн даалгавар гэх баримтаар тогтоогдож байна. /хх-34, 36-44/

 

Хариуцагч нь “...Л.монголиа ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан төлбөр тооцооны гэрээгээр маргааны зүйл болох бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөх эрх Л.монголиа ХХК-д шилжсэн гэж үзэхээр байгаа. Арбитрын шүүх дээр Л.монголиа ХХК нь М. ХХК-иас туслан гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн шаардлага гарсны дотор бетон зуурмагийн үйлдвэрийн гаргуулах шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Зохигчид Л.монголиа ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан төлбөр тооцооны гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн нь орчуулгын хувьд зөрүүтэй байснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилж, Лотте инженеринг ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулсан Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээг Солонгос хэлээс Монгол хэл рүү хөврүүлсэн болно.

 

Дээрх гэрээгээр, үндсэн гэрээг цуцалсны улмаас Лотте инженеринг ХХК нь Б ХХК-нд 408 995,68 ам.доллар /НӨАТ багтсан/-ыг төлж барагдуулахаар тохирсон ба гэрээний 3-т “дээрх төлбөр нь үндсэн гэрээг цуцалснаас үүдэн Бат Бэхэд үүссэн бүхий л хохиролд хамаарах бөгөөд Бат Бэх нь энэхүү тохиролцооны гэрээг байгуулсны дараа дээрх төлбөрийн хэмжээнээс хэтэрч үүссэн бүхий л хохирлын нөхөн төлбөрийг /Batch Plant-ыг нүүлгэн шилжүүлээгүйгээс үүдсэн хохирол зэрэг /Лотте-с нэхэмжилж үл болно” гэжээ.               /хх-202-206

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар Л.монголиа ХХК болон Б ХХК нарын хооронд 2015 оны 08 сард байгуулагдсан Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээгээр маргааны зүйл болох бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөх эрх шилжүүлэх тохиролцоо хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Сингапурын олон улсын арбитрын Л.компани, Л.монголиа ХХК нарын нэхэмжлэлтэй, М. ХХК-д холбогдох маргааныг шийдвэрлэсэн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн шийдвэрт туслан гүйцэтгэгч Бат Бэх ХХК-д төлбөр төлсөнтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, өөрөөр хэлбэл өөр үндэслэл, шаардлагатай нэхэмжлэлийн хувьд өмнө шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, хариуцагч М. ХХК-д Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүсээгүй, түүнийг эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Маргааны зүйл болох бетон зуурмагийн үйлдвэр нь газар, түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмст хамаарахгүй, зөөвөрлөн ашиглах боломжтой тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасан хөдлөх хөрөнгөд хамаарна. Мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж зааснаар маргааны зүйл болох бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөх эрх Самбо трэйдинг ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Бат бэх ХХК-д үүссэн, тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь маргааны зүйл болох бетон зуурмагийн үйлдвэр гэх хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Маргааны зүйл болох бетон зуурмагийн үйлдвэр нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах барилгын талбайд буюу хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Бат бэх ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагч М. ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад лабораторийн тоног төхөөрөмжүүд нэхэмжлэлийн шаардлагад мөн хамаарна гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлд нэрлэн заагаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв. Тухайн лабораторийн тоног төхөөрөмжийн талаар шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3 446 860 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3 446 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,  116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бат бэх ХХК-ийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагч М. ХХК /РД:/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3 446 860 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3 446 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ