Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/00242

 

“ББР” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01423 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01757 дугаар магадлалтай,

“ББР ХХК”-ийн нэхэмжлэлтэй

“МАМАМАК” ХХК-д холбогдох

ХХХХ-д байрлах "МАМАМАК” ХХК-ийн барилгын талбайд байгаа нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагч "МАМАМАК" ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах, бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг тус тус хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, С.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “ББР” ХХК нь хариуцагч “МАМАМАК” ХХК-д холбогдуулан ХХХХ-д байрлах “МАМАМАК” ХХК-ийн барилгын талбайд байгаа бетон зурмагийн үйлдвэр, 2 ширхэг контэйнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01423 дугаар шийдвэрээр: Иргэний тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасныг баримтлан ХХХХ-д байрлах “МАМАМАК” ХХК-ийн барилгын талбайд байгаа бетон зурмагийн үйлдвэр, 2 ширхэг контэйнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг “МАМАМАК” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,446,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МАМАМАК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,446,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ББР” ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01757 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “МАМАМАК” ХХК-д холбогдох ХХХХ-д байрлах “МАМАМАК” ХХК-ийн барилгын талбайд байгаа бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контэйнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай “ББР” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,446,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 01757 дугаар магадлалыг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч “ББР” ХХК нь 2020.01.17-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “... Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороололд байрлах “МАМАК” ХХК-ийн барилгын талбайд байгаа манай компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг лабораторийн тоног төхөөрөмжийн хамт “МАМАК” ХХК-ийн хууль бус эзэмшлээс, манай компанид гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү....” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Хан-Уул үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсаргасан баримтууд болох “ББР” ХХК “ЛИКМ” ХХК нарын хооронд байгуулсан бетон зуурмагийн үйлдвэр суурилуулах, МАМАК Hyatt Regency төслийн бетон зуурмагийг газар дээр нь үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ /хх-10-16/, Солонгос улсын “СТ” ХХК-тай хийсэн Бетон зуурмагийн үйлдвэр худалдан авах гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-34, 36-44/ зэрэг нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, орчуулгын шинжээчийн дүгнэлт, “ББР” ХХК-ийн Ерөнхий захирал КЁСы “ЛИКМ” ХХК-руу явуулсан болон хариу цахим шуудан зэргийг үндэслэн, Иргэний хуулийн 106.1 дэх заалтын баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх "... Бетон зуурмагийн үйлдвэрийг төсөл хэрэгжүүлэхэд зориулан худалдан авсанд талууд маргаагүй бөгөөд төсөл буюу гэрээ хэрэгжээгүй цуцлагдсаны үр дагавар буюу хоорондын тооцоогоо ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нар “Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ”-ээр дуусгавар болсон байхад анхан шатны шүүх “... бетон зуурмагийн үйлдвэрийн үнэ уг зочид буудлыг барих төсөвт суусан, гэрээний дагуу төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагчийг татгалзлаа нотлоогүй ...” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан ”нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангав ... ” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт тус тус нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүхээс “ББР” ХХК болон “ЛИКМ” ХХК нарын гэрээ цуцлагдсантай холбогдуулан байгуулагдсан “Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ”-г тайлбарлахаа магадлалын хянавал хэсгийн З.г-д “...Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээгээр үндсэн гэрээг цуцалснаас үүдэн “ББР” ХХК-д үүссэн бүхий л хохирлын асуудлыг шийдвэрлэсэн, хавсралтаар гэрээ цуцалснаас үүдэх төлбөрийн тооцоолол, Batch plant-ыг нүүлгэн шилжүүлэлтээс үүдсэн хохирол, угсралтын зардлыг тус тус тодорхойлж, төлбөр барагдуулах хугацааг тогтоосон байх тул хариуцагчийг үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг маргааны зүйлийн өмчлөгч гэж үзэх, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна .... “ЛИКМ” ХХК-аас нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үүрэгт тоног төхөөрөмжийн өртөг, үндсэн суурилуулалтын зардал, элс хайрганы талбай суурилуулах.... тээврийн зардал болон гаалийн татвар, угсралтын зардал, хохирлын дүн зэргийг хамааруулан тохиролцож тооцоолсон... ” гэж дүгнэсэн байна.

“ББР” ХХК болон “ЛИКМ” ХХК нарын хооронд 2011.11.17-ны өдөр байгуулсан “Бетон зуурмагийн үйлдвэр ба Бетон зуурмаг” нийлүүлэх тухай гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсантай холбогдуулан талуудын хооронд “Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ”-г 2015.08 сард байгуулсныг талууд анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. МУИС-ийн шинжээч багш Б.Д-г шинжээчээр томилж Солонгос хэлээс Монгол хэл рүү орчуулга хийсэн. Тус гэрээний заалтыг давж заалдах шатны шүүхээс “ЛИКМ” ХХК-аас нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үүрэгт тоног төхөөрөмжийн өртөг, үндсэн суурилуулалтын зардал, элс хайрганы талбай суурилуулах.... тээврийн зардал болон гаалийн татвар, угсралтын зардал, хохирлын дүн зэргийг хамааруулан тохиролцож тооцоолсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Бетон зуурмагийн үйлдвэрийн үнийг “ЛИКМ” ХХК -ийн зүгээс нэхэмжлэгчид төлөх талаарх тохироо огт хийгдээгүй юм.

“Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ”-ний “Batch plant: угсралтын зардал” гэсэн хүснэгтийн эхний хэсэгт нэхэмжлэгч талаас тус үйлдвэрийг барьж суурилуулахтай холбоотой “тоног төхөөрөмжийн өртөг, үндсэн суурилуулалтын зардал, элс хайрганы талбай суурилуулах ... тээврийн зардал болон гаалийн татвар, угсралтын зардал” нийт 898,194,177 төгрөгийн зардал гарсан талаар дүгнэж, харилцан баталгаажуулсан хүснэгт байтал уг хүснэгтэд дурдсан мөнгөн дүнг “ЛИКМ” ХХК -ийн зүгээс нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон” гэсэн дүгнэлтийг Давж заалдах шатны шүүх хийсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 заалтад нийцээгүй, “Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ”-ний заалтуудыг харьцуулан дүгнээгүй гэж үзэж байна.

Учир нь тус хүснэгтийн доод талын хүснэгтэд нэхэмжлэгч талаас үйлдвэр угсрахдаа гаргасан нийт зардлын дүнгээс тооцоолон, “ББР” ХХК болон “ЛИКМ” ХХК нарын хооронд 2011.11.17-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмагийн үйлдвэр ба Бетон зуурмаг” нийлүүлэх тухай гэрээнд заасны дагуу 48.674 м.куб бетон зуурмаг авахаас 10.843 м.куб бетон зуурмаг авсан тул аваагүй бетоны хэмжээний зөрүүгээр, гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсаны улмаас үйлдвэрийн өртгийг олох ёстой байсан үнийн дүнг тооцож гарган 333,624,297 төгрөг буюу 250,854 ам.доллар авахаар тохирсон талаар хүснэгтэд тусгасан байтал давж заалдах шатны шүүхээс Үйлдвэр угсрахтай холбоотой гарсан нийт зардал болох 898,194,177 төгрөгийг авахаар тохирсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

“ББР” ХХК “ЛИКМ” ХХК нарын хооронд байгуулагдсан “бетон зуурмагийн үйлдвэр суурилуулах, МАМАК Hyatt Regency төслийн бетон зуурмагийг газар дээр үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу “ББР” ХХК нь үйлдвэрийн өртөг, суурилуулалтын зардал, бусад зардалд нийт 1,792,209,649 төгрөгийн зардал гаргасан бөгөөд тухайн үеийн ханшаар долларт шилжүүлэн тооцвол 1,347,526 ам.долларын зардал гаргасан талаарх баримт материалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд гэрээ хэрэгжээгүйн улмаас ихээхэн хохирол хүлээсэн байна.

Мөн тус гэрээний 3 дугаар заалтад "... дээрх төлбөр нь үндсэн гэрээг цуцалснаас үүдэн ББ эд үүссэн бүхий л хохиролд хамаарах бөгөөд ББ  нь энэхүү тохиролцооны гэрээг байгуулсны дараа дээрх төлбөрийн хэмжээнээс хэтэрч үүссэн бүхий л хохирлын нөхөн төлбөрийг /Batch plant/-ыг нүүлгэн шилжүүлээгүйгээс үүдсэн хохирол зэрэг /Лотте-с нэхэмжилж үл болно ...” гэсэн нь “ББР “ХХК нь энэхүү гэрээ байгуулсны дараа үйлдвэрээ авахад /нүүлгэн шилжүүлэхэд/ гарах зардлыг Лотте хариуцахгүй гэх утга санааг агуулж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл Бетон зуурмагийн үйлдвэр нь нэхэмжлэгчийн өмч болохыг бүрийн хоорондын уялдаа холбоог харьцуулан дүгнэлт хийлгүйгээр дан ганц гэрээний “нэг хэсгийг” буруугаар тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 заалтад нийцээгүй байна.

Тус хэрэг маргаан нь Улсын Дээд Шүүхийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор шийдвэрлэгдэж байсан бөгөөд, хэрэг анхан шатны шүүхэд ирсний дараа нэхэмжлэгч “ББР” ХХК-ийн Ерөнхий захирал КЁС нь “ЛИКМ” ХХК-руу 2 удаа цахим шуудан илгээн, хариуг авсныг анхан шатны шүүхэд үзлэг хийн нотлох баримтаар хэрэгт авагдсан юм. “ЛИКМ” ХХК-с ирүүлсэн хариу цахим шууданд “бетон зуурмагийн үйлдвэрийн үнийг төлөөгүй, өмчилж аваагүй ” талаар тодорхой дурдсан байтал мөн л Давж заалдах шатны шүүхээс тус баримтыг харьцуулан дүгнээгүй байна.

Мөн магадлалын үндэслэх хэсгийн 3.г-д “... ЛИКМ ХХК, Монголын Алт XXК -ийн хооронд байгуулагдсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 7.7-д “... үйлдвэрийн болон материалын бүрдэл бүр нь аливаа барьцаа, шаардлагаас ангид байдлаар захиалагчийн өмч болно. а/талбайд байршсанаар...” гэсэн баримтыг үндэслэл болгон дурдсан байна. “ЛИКМ” ХХК, “МАМАМАК” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон эрх, үүрэг нь “ББР” ХХК-д хамааралгүй бөгөөд уг гэрээний 8.10-т гүйцэтгэгч нь /ЛИКМ ХХК /үйлдвэр, материалын үнийг төлүүлэх эрхтэй болсноор захиалагчийн /МАМАМАК ХХК/ өмч болно. ...” гэж тохирсон нь тухайн гэрээний гүйцэтгэгч болох “ЛИКМ” ХХК-ийн эд хөрөнгөтэй холбоотой зохицуулалт байтал Давж заалдах шатны шүүхээс уг гэрээний заалтыг магадлал гаргах үндэслэл болсон баримтад дурдсан нь үндэслэлгүй бөгөөд бусад нотлох баримтуудтай хэрхэн харьцуулан судалж, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болгосон талаар тайлбарлаагүй байгаа нь шүүхээс нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан агуулгын хүрээнд тухайн зүйлд нийцүүлэн гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал” хэсгийн З.д-д "... дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан “нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангав ...” гэж дүгнээд энэхүү гомдлын 1 дэх хэсэгт дурдсан зөрчлүүдийг гаргасан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага нь мөн хуулийн 118 дугаар зүйлд заасан шийдвэрийн агуулгаар тодорхойлогддог.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн холбогдох зүйл, хэсгийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 3.3 дах заалтын “...Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал мөн. ...” гэсэн тайлбарыг зөрчин , хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт огт хамааралгүй болох “ЛИКМ” ХХК, “МАМАМАК” ХХК -ийн хооронд байгуулагдсан гэрээ болон Сингапурын Арбитрын шийдвэр, “ББР” ХХК болон “ЛИКМ” ХХК нарын хооронд хооронд байгуулагдсан “Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ” -ийн нэгээхэн хэсгийг үндэслэн “ББР” ХХК-ийг Бетон зуурмагийн үйлдвэрийн өртөг, зардлаа авч, хохирлоо барагдуулсан мэтээр тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь УДШ-ийн тайлбарт дурдсаны дагуу шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бусад нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар магадлалд огт дурдаагүй байгаа нь Улсын дээд шүүхийн 2008 оны 10 сарын 10 өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагааны талаарх Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 2-т заасан Иргэний хуулийн 40.2 дахь заалтыг хэрхэн хэрэглэх талаарх зөвлөмжийг зөрчин, тус хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн нь Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Дээр дурдсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Эдгээр тайлбарын хүрээнд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 01757 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2023.11.10-ны өдрийн 001ШХТ2023/01364 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Бын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэстэй байна.

7. Нэхэмжлэгч “ББР” ХХК хариуцагч “МАМАМАК” ХХК /цаашид “МАМАК ХХК” гэх/-д холбогдуулан ХХХХ-д байрлах "МАМАК” ХХК-ийн барилгын талбайд байгаа нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагч "МАМАК" ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж дээрх бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контэйнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ ... 2011.11.17-ны өдөр "МАМАК” ХХК-ийн "Hyatt Regency" олон улсын зочид буудал барих төслийн хүрээнд “ЛИКМ” ХХК-д 2 жилийн хугацаанд 48,000 м.куб бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. ... 2011.12.10-ны өдөр "Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмж худалдан авах гэрээ”, 2012.01.20-ны өдөр "Лабораторийн эд анги ба сэлбэг хэрэгсэл худалдан авах гэрээ"-г БНСУ-н "Sambo Trading Co" компанитай байгуулж, нийт 657,780,817 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг худалдан авч, оруулж ирсэн. ... үйлдвэрийг “МАМАК” ХХК-ийн хашаанд суурилуулсан. ... “ЛИКМ” ХХК болон "МАМАК" ХХК нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсаны улмаас цаашид бетон зуурмаг үйлдвэрлэхгүй болж манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан. ... хохирол барагдуулах талаар удаа дараа “ЛИКМ” ХХК-д албан бичгээр мэдэгдэж байсан. ... 2014 оны сүүлээр "МАМАК" ХХК-ийн газар дээр суурилуулсан үйлдвэрээ буцаан авахаар хандахад ... манай компанийн хэрэгжүүлж буй төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “ЛИКМ” ХХК-тай хуулийн дагуу маргаан үүссэн, уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл үйлдвэрийг өгөх боломжгүй гэх хариу өгсөн ...” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч “МАМАК" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... “МАМАК" ХХК болон "Лотте инженеринг энд констракшн" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 7.7-д "Үйлдвэр, Материалын өмчлөл хэсэгт үйлдвэрийн болон материалын бүрдэл бүр нь аливаа барьцаа шаардлагаас ангид байдлаар захиалагчийн өмч болно, а/ талбайд байршснаар..." гэснээр үйлдвэр захиалагчийн өмч болох тул бетон зуурмагийн үйлдвэр хариуцагчийн өмч юм. Маргаан бүхий хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө биш, хөдлөх эд хөрөнгө тул газартай бэхлэгдсэнээр газар эзэмшигчийн эзэмшлийнх болно. Мөн маргаан бүхий хөрөнгийн эзэмшлийг “ЛИКМ" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хариуцагч олж авсан тул хариуцагчийн эзэмшил хууль ёсны эзэмшилд тооцогдоно. ... тус компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж, уг маргааныг Сингапурын Олон Улсын арбитраар шийдвэрлэх үед тухайн хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсон..., Бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөгч нь “ББР” ХХК мөн эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, Лотте, ББ-д нарын хооронд байгуулсан төлбөр тооцооны гэрээгээр 275,929 ам.долларыг Лотте нь ББ-дэд төлөхөөр тохирсон. Үүнээс үзэхэд бетон зуурмагийг өмчлөх эрх Лоттед шилжсэн. Зочид буудлын төслийн барилгын ажлыг гүйцэтгэх зорилгоор, төсөлд тусгагдсан хөрөнгөөр худалдан авсан хөрөнгө болно. Нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй ...” гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “ЛИКМ" ХХК болон “МАМАК” ХХК нарын хооронд үүссэн маргааныг 2017 онд олон улсын арбитр шийдвэрлэн “ЛИКМ" ХХК-ийн “МАМАК” ХХК-ийн эсрэг гаргасан 949,717.24 ам долларын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Арбитрийн бүрэлдэхүүний “... ЛМ энэ мөнгийг нэхэмжлэхдээ ББ-дэд ийм хэмжээний төлбөр төлсөн гэж үндэслэсэн. Ийм төлбөр төлсөнд эргэлзэхгүй байж болох ч энэ нь ЛМ нь МАМАК-д төлөх мөнгө гэж эргэлзээгүй үзэх үндэслэл болохгүй” гэх дүгнэлтээс бетон зуурмагийн үйлдвэр, лаборатор нь “МАМАК” ХХК-д үлдсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй. Энэ тохиолдолд Гэрээний 7.7 дахь заалт нь хэрэглэгдэхгүй. ... бетон зуурмагийн үнэ анхнаасаа төсөвт суусан эсэх талаар хариуцагчаас тодруулахад ...төслийн төсөвт нарийвчлан суугаагүй, төсөв бүхлээрээ санхүүжилт хийж байсан ... гэх тайлбарыг шүүхэд гаргаж, өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. БНСУ-ын "Sambo Trading Co" компаниас үйлдвэрийг худалдан авснаар нэхэмжлэгч хууль ёсоор өмчлөгч болсон.” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Магадлалд “Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээгээр үндсэн гэрээг цуцалснаас үүдэн “ББР” ХХК-д үүссэн бүхий л хохирлын асуудлыг шийдвэрлэсэн, хавсралтаар гэрээ цуцалснаас үүдэх төлбөрийн тооцоолол, Batch plant-ыг нүүлгэн шилжүүлэлтээс үүдсэн хохирол, угсралтын зардлыг тус тус тодорхойлж, төлбөр барагдуулах хугацааг тогтоосон байх тул "МАМАК" ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контэйнер, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй. “ЛИКМ” ХХК-аас нэхэмжлэгчид төлөх төлбөрт тоног төхөөрөмжийн өртөг, үндсэн суурилуулалтын зардал, элс, хайрганы талбай суурилуулах, batch plant, excavator тус бүрийн тээврийн зардал болон гаалийн татвар, угсралтын зардал, хохирлын дүн зэргийг хамааруулан тохиролцож, тооцоолсон. “ЛИКМ” ХХК, “МАМАК” ХХК-ийн хоорондын гэрээний ерөнхий нөхцөлийн 7.7-д ...Үйлдвэрийн болон материалын бүрдэл бүр нь талбайд байршсанаар аливаа барьцаа, шаардлагаас ангид байдлаар захиалагчийн өмч болно гэжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн эзэмшил хууль бус байх, нэхэмжлэгч өмчийн эзэн буюу өмчлөгч байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэж дүгнэсэн байна.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчийг ялгаатай тогтоосноос хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт өгч, хэргийг өөр өөрөөр шийдвэрлэжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлтэй байх тул хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээр тогтсон.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх “МАМАК” ХХК нь  2011 оны 11 дүгээр сард “Hyatt Regency" олон улсын зочид буудал барих төсөл эхлүүлсэн ба төслийн барилгын ажлыг БНСУ-ын хуулийн этгээд “ЛИК” компани болон түүний охин компани, Монгол Улсын хуулийн этгээд  “ЛИКМ” ХХК-аар гүйцэтгүүлэхээр 109,379,000 ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулж, гэрээгээр барилгын ажлын хэрэгцээнд 2 жилийн хугацаанд 48,000 м.куб бетон зуурмаг нийлүүлэх болон бусад үүргийг хүлээсэн үйл баримтыг тус тус тогтоосон. Түүнчлэн энэ гэрээнд заасан бетон зуурмаг нийлүүлэх үүргээ биелүүлэх зорилгоор “ЛИКМ” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд “ББ-д Ремикон” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, 2 жилийн хугацаанд бетон зуурмагийг барилгын талбайд шууд үйлдвэрлэн нийлүүлж байхаар тохиролцон 4,704,822 ам. долларын үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг 2011.12.06-ны өдөр байгуулсан талаар хоёр шатны шүүх адил дүгнэсэн.

13. Харин туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнээс шалтгаалан 2011.12.10-ны өдөр “ЛИК” компани болон “МАМАК” ХХК-ийн хооронд байгуулсан үндсэн гэрээнд орсон нэмэлтийг гэрээний бусад зүйл, заалт, хэргийн нөхцөл байдалтай хэрхэн уялдуулан тайлбарлах талаарх талуудын маргааныг хоёр шатны шүүх ялгаатай дүгнэсэн нь шүүхийн шийдэлд нөлөөлжээ.

14. Үндсэн гэрээнд нэмэлт оруулсан 2011.12.10-ны өдрийн "Бетон зуурмагийн үйлдвэр гэрээ”-гээр бетон зуурмагийн үйлдвэрийг хаана байрлуулах, байрлуулахад шаардлагатай зөвшөөрлийг хэрхэн олгох, байрлуулах, суурилуулах талаар газрын болон бусад эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авахад дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахыг зорьсон байна. Хэдийгээр нэг талаас “МАМАК” ХХК, нөгөө талаас “ЛИК” компани, Монгол Улсын хуулийн этгээд  “ЛИКМ” ХХК-уудын хооронд байгуулсан үндсэн ажил гүйцэтгэх гэрээний 7.7-д барилгын талбайд үйлдвэр, материалыг байршуулснаар эд хөрөнгө захиалагчийн өмчлөлд шилжихээр заасан байх боловч уг заалтын талаар талууд тохиролцох үед өндөр үнийн дүнтэй бетон зуурмагийн үйлдвэр, лаборатор, тоног хэрэгслийг үндсэн гэрээний “үйлдвэр” гэх ойлголтод багтааж байсан нь эргэлзээтэй байна. Үндсэн гэрээг байгуулахдаа бетон зуурмагийн үйлдвэрийг барилгын талбайд байршуулах эсэх, байршуулахад шаардлагатай зөвшөөрлийг олгох эсэх, энэ харилцааг захиалагч дэмжих эсэх нь тодорхойгүй байсан нь үндсэн гэрээнд нэмэлт оруулах гэрээний агуулга, үндсэн гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй байдал, ийнхүү өөрчлөлт орохгүй байх шалтгаан, үндэслэл тодорхойгүй байгаагаас тогтоогдож байна.

15. Иймд “МАМАК” ХХК-ийн “ЛИК” компани болон түүний охин компани, Монгол Улсын хуулийн этгээд  “ЛИКМ” ХХК-уудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7.7 дахь заалтыг баримтлан бетон зуурмагийн үйлдвэрийг “МАМАК” ХХК өмчлөх эрхтэй гэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, харин тус заалт маргааны нөхцөлд үйлчлэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

16. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий бетон зуурмагийн үйлдвэр, дагалдах бусад зүйлийг өөрийн өмчлөлийн зүйл гэж мэтгэлцсэн бөгөөд хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулна гэсэн. Энэ шаардлагыг татгалзсан хариуцагчийн үндэслэлүүд өөр хоорондоо зөрчилтэй байгааг хоёр шатны шүүх дүгнэсэнгүй. Тодруулбал, хариуцагч нь нэгдүгээрт, бетон зуурмагийн үйлдвэр болон дагалдах зүйлс нь дээр дурдсан гэрээний 7.7 дахь заалтын дагуу талбайд байршсанаар түүний өмчлөлийн зүйл болсон гэж, хоёрдугаарт, “ЛИКМ” ХХК нь “ББ-д Ремикон” ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсноор талууд төлбөр тооцоог нөхөн хийж, үйлдвэр нь лаборатор, тоног төхөөрөмжийн хамт “ЛИКМ” ХХК-ийн өмчлөлийн зүйл болсон гэж мэтгэлцсэн байна. Аливаа эд хөрөнгө хоёр буюу түүнээс дээш этгээдийн өмчлөлд байгаа бол дундын өмч гэж үзэх бөгөөд дундын өмч байхаас бусад тохиолдолд аль нэг этгээдийн дангаар өмчлөлийн зүйл байна. Нэг эд хөрөнгийг нэгэн зэрэг хоёр этгээд дангаар өмчлөх боломжгүй.

17. Үндсэн ажил гүйцэтгэх гэрээний 7.7-д заасны дагуу МАМАК ХХК-ийн өмч байх боломжгүй тул уг эд хөрөнгө “МАМАК” ХХК-аас бусад этгээдийн өмчлөлийн зүйл байна. Хэрэв хариуцагч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг эс зөвшөөрч байгаа бол тэрээр маргаантай эд зүйлийн талаарх эзэмшлээ хууль ёсны болохыг, харин шаардлага гаргаж байгаа этгээд эд зүйлийн өмчлөгч болохоо нотлох үүрэгтэй. Хууль ёсны эзэмшил нь хууль ёсны өмчлөлийн үр дүнд, эсхүл гэрээ ба хуульд заасан үндэслэлээр үүснэ. Өмнө дурдсан үндэслэлээр “МАМАК” ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрийг өмчлөгч биш тул хууль ёсны өмчлөгчийн үүднээс өөрийн эзэмшлийг хүлээн зөвшөөрүүлэх боломжгүй.

18. Харин “МАМАК” ХХК эд хөрөнгийн эзэмшлээ гэрээний, эсхүл хуулийн дагуу гэрээний бус үндэслэлээр үүссэнээ нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар маргаан бүхий бетон зуурмагийн үйлдвэр “МАМАК” ХХК-ийн эзэмшилд ирэх үндэслэл болсон “МАМАК” ХХК-ийн “ЛИК” компани болон “ЛИКМ” ХХК-уудтай байгуулсан үндсэн гэрээ, түүнд үндэслэн “ЛИКМ” ХХК ба “ББ-д Ремикон” ХХК нарын хооронд байгуулсан гэрээнүүд тус тус дуусгавар болсон нь тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй, хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэсэн. Иймд маргаан бүхий бетон зуурмагийн үйлдвэрийг гэрээний үндсэн дээр эзэмших “МАМАК” ХХК-ийн эрх нэгэнт дуусгавар болжээ. Гэрээний бус бусад үндэслэлээр эзэмшил хэрхэн үүссэн талаар хариуцагч “МАМАК” ХХК тодорхой тайлбар гарган мэтгэлцээгүй, хэрэгт үүнд хамаарах баримтгүй байна.

19. Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг татгалзсан “МАМАК” ХХК-ийн “бетон зуурмагийн үйлдвэрийн хууль ёсны эзэмшигч мөн” гэх татгалзал үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

20. Түүнчлэн нэхэмжлэгч өөрийгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардлага гаргах эрхтэй хууль ёсны өмчлөгч гэж мэтгэлцсэнийг хариуцагч үгүйсгэж эд хөрөнгийн өмчлөл нэхэмжлэгчээс өөр этгээдэд шилжсэн тул түүнд шаардах эрх үүсээгүй гэж маргасан байна. Улмаар хариуцагч энэ татгалзлын үндэслэлээ “ЛИК” компани, “ЛИКМ” ХХК болон “МАМАК” ХХК-ийн маргааныг хянан шийдвэрлэсэн арбитрын шийдвэрээр нотлохыг зорьжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр компанийн “МАМАК” ХХК-ийн эсрэг гаргасан хохирол нэхэмжилсэн шаардлагыг үндэслэлгүй болгосон дүгнэлтээр маргаан бүхий бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөл “ЛИКМ” ХХК-д шилжиж ирсэн нь тогтоогдоно гэх агуулгаар “ББ-д Ремикон” ХХК-ийн шаардах эрхийг няцаагдана гэж тайлбарласан байна.

21. Гэвч арбитрийн шийдвэрт “... Бүрэлдэхүүн нь ЛМ ББ эд төлөхөөр тохиролцсон мөнгөн дүнтэй дүйцэхүйц хэмжээний төлбөр хийсэн гэх ноён Прудхоегийн нотлох баримтыг хүлээн зөвшөөрөхөд эргэлзэхгүй байна. Гэсэн хэдий ч ийм төлбөр хийсэн нь өөрөө төлөхөөр тохирсон хэмжээг үндэслэлтэй болгож чадахгүй. Бүрэлдэхүүн нь ЛМ болон ББ  нарын хооронд хэлэлцээр, тэр дундаа сунжирсан хэлэлцээр явагдсан гэдгийг нотлох зарим баримт байгааг үнэлж байгаа боловч байгаа бүх нотлох баримтыг нэгтгэн дүгнэж, дээр дурдсан янз бүрийн асуудлыг харгалзан үзсэний үндсэн дээр (а) шалтгаант холбоо эсвэл (b) төлбөр тооцооны нийлбэр үндэслэлтэй эсэхийг нотлох үүргээ Лотте биелүүлсэн гэж бүрэлдэхүүн үзэхгүй байна” гэсэн нь “ЛИКМ” ХХК нь “ББ-д Ремикон” ХХК-д нөхөн төлбөр өгсөн байж болохыг зөвшөөрч болох ч энэ нь “ЛИКМ” ХХК нь “МАМАК” ХХК-ийн эсрэг гаргах шаардлагын хэмжээг нотлохгүй гэх үндсэн санааг илэрхийлсэн гэж дүгнэхээр байна.

22. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан арбитрийн шийдвэр бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөх эрх “ББ-д Ремикон” ХХК-аас “ЛИКМ” ХХК-д шилжсэн гэж эргэлзээгүй дүгнэсэн шийдвэр бус бөгөөд бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөх эрх шилжсэн эсэх асуудал нь арбитраар хянан шийдвэрлэсэн маргааны зүйл болоогүй, бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авч, ашиглаж байсан эрх бүхий этгээд уг арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул “ББ-д Ремикон” ХХК-ийн өмчлөх эрхийн талаар хөдөлбөргүй дүгнэлт өгөөгүй байна.     

23. Эдгээр үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан гаргуулах ББ-д Ремикон ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01757 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,446,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

                          

ДАРГАЛАГЧ                                                   Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД