Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 159/2018/0011/З |
Дугаар | 145 |
Огноо | 2019-05-08 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 145
"Г ө" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ
аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/187 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0080 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.С,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нар
Гуравдагч этгээд “А х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0080 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гуравдагч этгээд “А х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж, хууль бус нотлох баримтыг үндэслэл болгосон, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль бус болсон.
4. Тухайлбал, нэхэмжлэгч “Г ө” ХХК нь 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 тоот шийдвэрээр 10.040,000 м.кв хэмжээтэй талбайг эзэмшиж ирсэн гэх бөгөөд энэ газрын нэг хэсэг болох 61.40 м.кв хэмжээтэй талбайг 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 139 тоот шийдвэрээр “Г ө” ХХК мөн эзэмшиж байгаа хэмээн нэхэмжлэгч тал нь мэдүүлдэг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/139 тоот захирамжаар “Г ө” ХХК-д 53.98 га талбайг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг бөгөөд энэ шийдвэрийн дугаарыг бичиж, газрын даамал 0210334 тоот гэрчилгээг олгохдоо нэгж талбарын 185665255359218 дугаар бүхий 61.40 м.кв гэсэн бичилтийг хийж гэрчилгээ “Г ө”ХХК-д олгосноор нэхэмжлэгч болон гуравдагч талын хооронд маргаан үүссэн болно. Мөн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/139 тоот захирамж дээр бичигдсэн нэгж талбарын 18568524211589 дугаар нь 185665255359218 гэж 0210334 тоот гэрчилгээ дээр өөрчлөгдөн бичигдсэн. Эдгээр зөрүүтэй нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх огт нягтлан шалгаагүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Шүүх хуралдаанд даргалагч гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, баримтжуулна” гэснийг зөрчиж гэрч Ч.Туяа болон Т.Золзаяа нараас 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шинээр дахин мэдүүлэг авахдаа тэдгээрт хууль сануулж, гарын үсгийг нь зуруулан баримтжуулахгүйгээр гэрчийн мэдүүлэг авч, шүүхийн шийдвэр гаргахдаа энэ мэдүүлгийг үндэслэл болгож, хууль зөрчсөн.
5. Анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт гэх газарт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байх ба энэ тэмдэглэлд дурдсанаар багажаар хэмжилт хийж, программ дээр боловсруулалт хийсэн гэх боловч ямар үр дүн гарсан, юуг нотолж хэрхэн баримтжуулсан, оролцогч нарт үр дүнг танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/592 тоот бичгийн 3-т болон 4-т ... 185665255359218 нэгж талбарын дугаартай 61.4 га газар сумын Засаг даргын 2004 оны 14 тоот захирамжид хамаарч байна гэсэн байх ба нийт 10.040 га хэмжээтэй талбайн чухам хаана нь хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй, үүнийг баталгаажуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
6. Иймд Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0080 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
8. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/187 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “... “Г ө”ХХК-д Мангирт байрлах тариалангийн зориулалттай 61.4 га газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр сумын Засаг даргын 2011 оны А/103 дугаар захирамжийг хүчингүй болгосон; 2 дахь заалтаар “...сумын Засаг даргын 2008 оны 150 дугаар захирамжийг сэргээн “А х”ХХК-д тус газрыг эзэмшүүлэн улсын бүртгэлд бүртгэн гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгох”-ыг газрын асуудал хариуцсан мэргэжилтэнд даалгасан, нэхэмжлэгч “Г ө” ХХК нь “... уг газрыг “И б” компаниас шилжүүлэн авч 2004 оны 14 дүгээр захирамжаар эзэмшсэн, 2008 онд хууль бусаар хураан авсан тул гомдол гаргаснаар манайд эзэмшүүлэх тухай 2011 оны А/103 дугаар захирамж гарсан, газар эзэмших эрх дуусаагүй” гэж, хариуцагч “... уг маргаан нь 10 жилийн турш үргэлжилж байгаа, мэргэжлийн байгууллагын чиглэлийн дагуу уг маргааныг шийдвэрлэсэн, сүүлийн 2 жил дараалан газраа ашиглаагүй” гэж маргажээ.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Зүүнбүрэн сумын Засаг даргын 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дүгээр захирамжаар “Г ө”ХХК-д “Мангир”-ын 764 га, “Тоонот”-ын 240 га нийт 1004 га газрыг тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 0012648 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож баталгаажуулсан, маргаан бүхий 61.4 га газар нь тус гэрчилгээгээр баталгаажсан бөгөөд кадастрын мэдээллийн санд “Г ө”ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн, анх уг газрыг “Иж бүрэн” ХХК нь эзэмшиж байгаад хүсэлт гаргаж өөрийн эзэмшлээс Зүүнбүрэн сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр захирамжаар хасуулсан /нийт 764 га талбай/ зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.
10. Түүнчлэн, Зүүнбүрэн сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар захирамжаар “Б-С” ХХК-ийн хүсэлт болгосон нэгж талбарын 233205 дугаартай 60.74 га газрыг тус компанид тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн боловч “Б-С” ХХК болон “А х”ХХК-ийн хүсэлтийн дагуу 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаар захирамжаар “А х”ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ өөр газар буюу нэгж талбарын 233196 дугаар бүхий 61.40 га газрыг эзэмшүүлж, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0204623 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр баталгаажуулсан ба уг газар нь “Г ө”ХХК-ийн эзэмшиж байсан газар болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
11. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “Г ө”ХХК-ийн гомдлыг шийдвэрлэж, Зүүнбүрэн сумын Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн” гэх үндэслэлээр мөн Засаг даргын 2008 оны 150 дугаар захирамжийг хүчингүй болгож, ”Арвин хур” ХХК-ийн 61.4 га газар эзэмших эрхийг цуцалж, улмаар “Г ө”ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн нь Газрын тухай хуульд нийцсэн байхад “А х”ХХК-ийн гомдлоор дахин хянан шийдвэрлэж улмаар өмнө гаргасан 2011 оны А/103 дугаар захирамжаа хүчингүй болгосон хариуцагчийн үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх, зорилгодоо нийцсэн бөгөөд бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гаргах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудад нийцэхгүй, уг 2017 оны А/187 дугаар актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
12. Мөн, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Зүүнбүрэн сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар иргэн Л.Даваадоржийн эзэмшиж байсан “Мангир” дахь нэгж талбарын 18568524211589 дугаар бүхий 53.98 га газрыг “Г ө”ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд уг газар нь маргаан бүхий нэгж талбарын 18566525359218 дугаар бүхий 61.4 га газраас тусдаа, өөр газар болох нь тогтоогдсон, харин 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 0210334 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд маргаан бүхий газрын нэгж талбарын дугаар, хэмжээг бичсэн нь зөрчилтэй, үүнийг алдаатай бичсэн гэдгээ шүүхэд гэрчээр асуугдсан газрын даамал нь хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүх эдгээр баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-т нийцүүлэн үнэлжээ.
13. Нөгөө талаар, дээрх 2011 оны А/103 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 61.4 га газар эзэмших эрхийг сэргээсэн бөгөөд маргаан бүхий уг 61.4 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 2004 оны 14 дүгээр захирамж, үүнийг үндэслэн олгогдсон 2004 оны 0012648 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаагаас үзвэл 2012 оны 0210334 дугаартай гэрчилгээнд газрын нэгж талбарыг буруу бичсэн нь хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхгүй, иймээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... гэрчилгээнд нэгж талбарын дугаар өөрчлөгдөж бичигдсэнээс болж маргаан үүссэн, энэ зөрүүтэй нотлох баримтыг нягтлаагүй, шүүх хуралдаанд гэрчээс дахин мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй, уг мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
14. Түүнчлэн, маргаан бүхий 61.4 га газрын кадастрын зураг хэрэгт авагдсан, уг газар нь “Мангир”-ын 7 хэсэг газрын нэг болох үйл баримттай гуравдагч этгээд маргаагүй атлаа хяналтын журмаар “... нийт 1004 га газрын чухам хаана байгаа нь тодорхойгүй, баримтаар нотлоогүй” гэх агуулгатай гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
15. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “А х”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0080 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ