Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0320

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар0221/МА2017/0320

Улаанбаатар хот

“Д с н” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч “Д с н” НҮББ-ын тэргүүн Ц.Д, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч О.Б, гуравдагч этгээд “У т” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Ц, “Э н а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Д с н” НҮББ-ын тэргүүн Ц.Д гаргасан давж заалдах гомдлоор “Д с н” НҮББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Д с н” НҮББ-ын тэргүүн Ц.Д 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У т” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 797 гэрчилгээний дагуу газар ашиглуулахыг даалгаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэргүй кадастрын солбицолд өөрчлөлт оруулсан 2013 оны 8 дугаар сарын 28, 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийн дагуу “Д с н” НҮТББ-д газар ашиглуулахыг даалгах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ы хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр:

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д с н” НҮТББ-ын “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У т” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 797 гэрчилгээний дагуу газар ашиглуулахыг даалгаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэргүй кадастрын солбицолд өөрчлөлт оруулсан 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийн дагуу “Д с н” НҮТББ-д газар ашиглуулахыг даалгах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “Д с н” НҮТББ-ын тэргүүн Ц.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар маргаан бүхий газарт 30 га талбайг ашиглуулахаар үндэслэж олгосон 797 дугаар гэрчилгээний хавсралт дахь анхны солбицол бүхий хэмжээтэй газрыг “У т” ХХК-д ашиглуулахыг даалгах,

2.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зохих шийдвэргүй “У т” ХХК-д 30 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэх үед батлагдсан кадастрын зураглалын анхны солбицолд өөрчлөлт оруулсан 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох,

3.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийн дагуу “Д с н” НҮТББ-д газар ашиглуулахыг даалгах,

4.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийсэн, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь харьцуулан үнэлээгүй, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг дутуу, бодит байдлаас гуйвуулан үндэслэлгүйгээр үнэлсэн, нотлох баримтаар үнэлээгүй баримтуудыг няцаасан үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй, шүүх шаардлагатай нотлох баримтуудыг төрийн байгууллагуудаас шаардаж, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хариуцагч болон бусад байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг хүргүүлсэн атлаа тэдгээр баримтуудыг холбогдох газруудаас бүрэн ирүүлээгүй байхад нь хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

“У т” ХХК-д анх олгосон гэрчилгээний хавсралт дахь кадастрын зураглал дахь солбицолыг /газрын хэмжээ, байршил, уртраг, өргөрөг/ сайдын тушаал, шийдвэр, ямар нэгэн эрх зүйн актгүйгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ТХНУГ-ын дарга нарын хэн дуртай нь хүссэн цаг хугацаандаа албан тушаалын байдлаа хэтрүүлэн дур зоргоороо өөрчилж байсан нь хэргийг хянан хэлэлцэх үед нотлогдон тогтоогдсон бөгөөд хариуцагчаас гуравдагч этгээд “У т” ХХК-д олгосон газрын солбицолыг хуульд зааснаар болон зохих журмын дагуу сайдын тушаал, шийдвэрийг үндэслэн өөрчилсөн гэдгээ нотолж чадаагүй буюу энэхүү нөхцөл байдал нь ямар ч тохиолдолд нотлогдох боломжгүй байсан учраас манай нэхэмжлэл хангагдах бүрэн боломжтой байсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Манай байгууллага гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийг маргаан бүхий газарт төсөл хэрэгжүүлэхээр зохих газруудад 4 га газар ашиглуулахыг хүссэн тухай хүсэлтийг гаргахаас нь өмнө бид 7 га газрыг төсөл хэрэгжүүлэхээр ашиглах хүсэлтэй байгаа тухайгаа зохих байгууллагад илэрхийлэн хүргүүлж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогдож байхад манай газар ашиглахыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь уг газрыг хариуцагч урьдаас “Э н а” ХХК-д ашиглуулахаар төлөвлөсөн байсан нь нотлогдон тогтоогдсон.

Гэтэл шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж байгаа тайлбарууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтэд хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6964 дүгээр албан бичгээр “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахаар ирүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна...” гэсэн хариуг өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч “Д с н” уг хариуг 2016 оны 1 дүгээр сард хүлээн авсан гэх боловч энэ нь уг гуравдагч этгээдүүдийн газар ашиглах эрхийг хууль бус гэж үзэн маргах үндэслэл болохгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Хариуцагч “Э н а” ХХК-ийг 4 га газрыг ашиглах зөвшөөрлийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргаж байхад Хамгаалалтын захиргаа болон яамны сайд, ТХУГ-ын дарга Ч.Б нь манайх тухайн газарт 7 га газар ашиглах зөвшөөрөл хүсч байсан талаар маш сайн мэдэж байсан. Бидний материалыг хүлээгээд авсан, хариуг өгөөгүй байсан цаг хугацаа бөгөөд хэрэв “Э н а” ХХК-д 4 га газрыг ашиглуулах шийдвэр гаргах тохиолдолд бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөнө гэдгийг мэдсээр байж зориуд газар ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх “...Улаанбаатар хотын ерөнхий цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс болон Богдхан уулын хойд хэсэгт шинээр авто зам баригдсантай холбогдуулан “У т” ХХК-ийн 797 дугаар газар ашиглах гэрчилгээний хавсралтад 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өөрчлөлт оруулсан нь кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, солбицолыг өөрчлөхдөө Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах түр журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэж байна...” гэсэн нь учир дутагдалтай. Учир нь трасс барихад шаардлагатай газар нь гуравдагч этгээд болох “У т” ХХК-ийн ашиглаж байсан газартай огт хамааралгүй, тэдэнд олгосон газрын солбицолыг энэ шалтгаанаар өөрчлөх зайлшгүй шаардлага байхгүй байсан ба шүүх төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр газар ашиглагч нарын газрын хэмжээ, байршил, уртраг, өргөрөг, өөрөөр хэлбэл солбицолыг дураараа хүссэн хэмжээ, байршилд өөрчилж болдог гэсэн хууль зөрчсөн дүгнэлтийг хийж сайдын тушаал, шийдвэргүйгээр солбицол өөрчилсөн гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, албан тоотууд хууль зүйн үндэслэлтэй гэсэнд гомдолтой байна.

Мөн шүүх “...гуравдагч этгээд “Э н а” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Баруун богины аманд 4,01 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэж дүгнэсэн.

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж бидний ашиглахыг хүсч хамгийн түрүүнд зохих албан тушаалтанд 7 га газар ашиглах тухай хүсэлт гаргасан газраас 4 га газрыг нь “Э н а” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн нь бидний тухайн газрыг ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон гэдгийг ойлгоогүйд харамсаж байгаа.

“У т” ХХК-ийн ашиглаж байсан газрын байршлыг “...Улаанбаатар хотын ерөнхий цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугамыг трасс болон Богдхан уулын хойд хэсэгт шинээр авто зам баригдсан гэх үндэслэлээр өөрчлөх шаардлагатай болсон гэх үйл баримт хэрэг авагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 8/2789, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5/145, “У т” ХХК-ийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандан гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1/03 дугаар албан бичгүүд болон шүүхээс хариуцагч гуравдагч этгээдүүдийн тайлбараар нотлогдож байна” гэсэн атлаа “...хэрэгт авагдсан бусад баримтуудын талаар дурьдвал нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2/341 дүгээр албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад газар чөлөөлөх асуудлаар хандсан байх ба үүнд гуравдагч этгээдүүдийн газар багтаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбаруудаар тогтоогдож байна...” гэж нотлох баримтуудад 2 утга агуулга бүхий зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Түүнчлэн шүүх “...нэхэмжлэгч байгууллагын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зорилго хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд Боловсролын чиглэлээр, Эрүүл мэндийн чиглэлээр газар ашиглан үйл ажиллагаа явуулах нь тус нийгэмлэгийн дүрэмд нийцэхгүй талаар гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж илт нөгөө талд шийдвэр гаргах үндэслэлийг бий болгосонд гомдолтой байна.

Тодруулбал шүүх эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай байгууллага. Тусгай хамгаалалтын газрыг ашигласнаар эрүүл мэнд, боловсролын чиглэлээр ямар, ямар үйл ажиллагаа явуулж болох талаар буюу үйл ажиллагааны чиглэлийн утга учрыг нарийвчлан сайн ойлгохгүйгээр ийм дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүх “...хариуцагч гуравдагч этгээд “Э н а”' ХХК-д манай ашиглахыг хүсч байсан газрыг олгохдоо Байгаль орчны сайдын 2001 оны “Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам” 218 дугаар тушаалын 3 дугаар зүйлийн 3.7-д “Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасныг баримтлан газар ашиглуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэнд гомдолтой байна. Учир нь манай байгууллагын болон гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн төсөл, эдийн засгийн чадамж бусад нөхцөл байдлыг харьцуулан судалж дүгнээд “Э н а” ХХК-ийн төсөл нь манайхаас илүү өгөөжтэй, давуу талтай гэдгээр нь сонгосон тухай ямар ч баримт байхгүй, нотлогдох боломжгүй байхад хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 6025 захирамжаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилон манай ашиглахыг хүссэн газрын хэмжээ нь “У т” ХХК, “Э н а” ХХК-ийн газруудтай хэрхэн давхцаж байгааг шинжээч нар тодруулсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар огт үнэлээгүй, үнэлэхгүй байгаа шалтгааныг шийдвэртээ бичээгүй, энэхүү хэрэгт ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтыг хэрэгт үзэж, хараагүй, байхгүй мэтээр шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн дүгнэлт байна гэж дурьдаж шийдвэрээ гаргасанд маш их гомдолтой байна.

Шүүх нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд маргаан бүхий газарт үзлэг, хэмжилт хийхээр очсон хэдий ч хэргийн газрын үзлэгийг хангалтгүй хийж хэргийн оролцогч нарын /“У т” ХХК, “Э н а” ХХК, “Д с н” ТББ/ хэнийх нь ашиглаж байгаа болон ашиглахыг хүссэн газарт ямар, ямар бүтээн байгуулалт бодитой хийгдсэн болохыг үзлэг хийсэн тэмдэглэлд бүрэн тусган тэмдэглэж бэхжүүлэн нотлох баримтаар хэрэгт хавсаргаагүй.

Учир нь үзлэгийг тэмдэглэлд бүрэн тусгаж бэхжүүлсэн бол 2004 оноос эхлэн 30 га газрыг ашиглаж байгаа гэх “У т” ХХК нь зөвхөн хэдэн чаргаар иргэдэд үйлчилж ирсэн ба тэдний ашиглаж байгаа 30 га газарт зөвхөн 1 ширхэг модон байшин байдаг, харин бусад газруудаа гуравдагч этгээд хөрөнгө оруулалт хийж байгаа гэх нэрийн дор тэдэнд өндөр үнээр худалдсан болох нь нотлогддог. Харин манай ашиглахыг хүссэн газарт ямар бүтээн байгуулалт бодитой явагдсаныг тухайн газарт очиж үзээгүй хэн ч мэдэх боломжгүй байгаа юм.

“Э н а” ХХК-ийн “...Бид дээрх газар дээр нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг үйлдэн баталгаажуулж газрын анхны төлбөрт 20.000.000 төгрөгийг төлсөн...” гэх тайлбараас дүгнэхэд газар ашиглах гэрээ байгуулахаасаа өмнө 20 сая төгрөгийг ямар эрх зүйн актыг үндэслэн тушаасан, газрын төлбөрийг гурвалсан гэрээгээ байгуулсны дараа тушаадаг юм уу? Гурвалсан гэрээ байгуулахаас өмнө газрын төлбөрийг тушаагаад дараа нь гэрээгээ байгуулдаг уу? гэдгийг тодруулах зайлшгүй шаардлагатай байсан.

Түүнчлэн шүүх нотлох баримт цуглуулах эрх, үүргийнхээ хүрээнд “Э н а” ХХК-д 4 га газар олгохдоо бусдын газартай давхцаагүй гэсэн Хамгаалалтын захиргааны албан бичигт ахлах мэргэжилтэн н.Г гарын үсэг зурсан нь тухайн газрын дарга н.Ш төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрх бүхий субъект мөн байсан эсэхийг, Газар ашиглах гурвалсан гэрээг сунгуулаагүй, гэрээгээ жил бүр дүгнэж тайлангаа өгөөгүй “У т” ХХК нь ямар эрх зүйн актыг үндэслэн олон сая төгрөгийг газрын төлбөрт ямар зорилгоор шилжүүлсэн болохыг, кадастрын зураглалд өөрчлөлт орох бүрт мэдээллийн нэгдсэн санд тухайн өөрчлөлт нь бүртгэгддэг эсэхийг, шүүх гуравдагч этгээдийн тайланг хариуцагчаас шаардсан боловч ижил агуулгатай 2 ширхэг тайлан ирүүлж бусад оны тайлангуудыг яагаад ирүүлээгүй, ирүүлэх боломжтой эсэхийг, манай байгууллага 1042173 гэсэн регистрийн дугаартай байхад татварын хэлтсээс яагаад гадаадын аж ахуй нэгж байгууллагын регистрийн дугаарыг манайх, энэ регистр давхар бүртгэгдсэн гээд байгааг нэг мөр тодруулах ба эдгээр шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байгаа тул хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, мөн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим баримт болон үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, гүйцээн дүгнэх боломжгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “У т” ХХК-ийн ашиглах эрх бүхий 30 га нь нэхэмжлэгчийн ашиглахыг хүссэн буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 396 дугаар албан бичигт тусгагдсан нийт 10 солбилцлийн цэг бүхий 7.01 га газартай хэрхэн давхцаж байгааг шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоолгосон атлаа шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 9634 дүгээр захирамжаар гуравдагч этгээдээр татагдсан “Э н а” ХХК-д Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар ашиглах эрх олгосон 4.01 га нь нэхэмжлэгчийн ашиглахыг хүссэн газартай хэрхэн давхцаж байгаа болохыг тогтоосонгүй.

Гэтэл шүүхийн шийдвэрт “…“Э н а” ХХК-д газар ашиглуулахдаа Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7-д заасныг баримтлан газар ашиглуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй…” гэсэн атлаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн санал гаргаж буй газрууд давхцсан тохиолдолд ямар төсөлд нь хяналт шинжилгээ хийсэн болох, тэдгээрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг хэрхэн сонгосон талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Д с” ТББ-аас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан газар ашиглах тухай хүсэлтийн хариуг хариуцагчаас мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6964 дүгээр албан бичгээр өгсөн, түүнд “бичиг баримтын бүрдэл дутуу, мөн тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр, сууц үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426:2013 стандартад эдэлбэр газар, бусад цогцолбор, амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын хоорондын харагдах зай 1 км-ээс багагүй байна, байр сууц, байгууламж нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн шинж чанарыг хадгалсан, тухайн орчны байгаль ландшафтын дүр төрхөд нийцсэн, түүх соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай байх ба барилгын газар дээрх давхар хоёр давхраас өндөргүй байна гэж заасан болно” гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан “Э н а” ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргахдаа хавсаргасан баримтууд нь эдгээр шаардлагыг хэрхэн хангасан болох, энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсаргасан баримтаас илүү дээрх шаардлагад нийцсэн эсэхэд дээрхээс өөрөөр ямар ч дүгнэлт хийгдсэнгүй.

“Э н а” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тэмдэгтийн хураамж нэрээр төлсөн 20.0 сая төгрөг нь тус компанийн тайлбарт дурдсанчилан газрын төлбөр мөн эсэх, “У т” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/180 дугаар гэрээнд ашиглах газрын нийт талбайг 9.3 га гэсэн нь ямар учиртай болохыг тодруулаагүй байна.

Нэхэмжлэгчийн газар ашиглах тухай хүсэлтийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, харин “Э н а” ХХК-ийн гаргасан хүсэлтийг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хариуцагч тус тус хүлээн авсан болох нь яамны Шууд шилжүүлсэн бичгийн бүртгэлээр тогтоогдох бөгөөд цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн бодитоор хийсэн гэх хөрөнгө оруулалтад огт дүгнэлт өгөөгүй, тэдгээр нь байршлын хувьд ашиглахыг хүссэн газарт хамаарах эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН