Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01510

 

 

 

 

 

 

 

 

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/01662 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах М ХХК-ийн барилгын талбайд байгаа нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б- ХХК нь М ХХК-аас явуулсан Н зочид буудал барих тендерт оролцож, 2011 оны 11 сарын 17-ны өдөр Л ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 жилийн хугацаанд 48,000 м.куб бетон зуурмаг нийлүүлэх болсон. Үүний дагуу БНСУ-ын СХХК /С Co/-тай 2011 оны 12 сарын 10-ны өдөр Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмж худалдан авах гэрээ, 2012 оны 01 сарын 20-ны өдөр Лабораторийн эд анги ба сэлбэг хэрэгсэл худалдан авах гэрээ тус тус байгуулж, нийт 657,780,817 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг худалдан авсан. Үйлдвэр болон лабораторийг М ХХК-ийн эзэмшлийн газарт барьж суурилуулан, бетон зуурмагийг баригдаж буй барилгад шууд нийлүүлэхээр тохирсон. Үйлдвэр суурилуулахад нэхэмжлэгч компани өөрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулсан. Гэвч Л ХХК, М ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдсаны улмаас 10,843.9 м.куб бетон зуурмаг л худалдаж, цаашид бетон зуурмаг үйлдвэрлэх боломжгүй болсон. Л ХХК-д гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол барагдуулах талаар удаа дараа бичгээр мэдэгдсэн. 2014 онд Л ХХК-д ...М ХХК-ийн газарт суурилуулсан үйлдвэрээ буцаан авах... талаар хандахад 2014 оны 12 сарын 16-ны өдрийн албан бичгээр ...М ХХК-аас гэрээ цуцлах болсон талаар мэдэгдэл хүлээж авсан, барилгын талбайд суурилуулсан үйлдвэрээ буцаан авна уу... гэсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу үйлдвэрээ авахаар М ХХК-ийн барилгын талбайд очиход биднийг оруулахгүй, үйлдвэрийг буцааж өгөхгүй гэсэн. Ийнхүү үйлдвэрээ буцааж авах талаар 2015 оноос хойш олон тооны албан бичгийг хүргүүлсэн боловч М ХХК-ийн зүгээс төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л ХХК-тай үүссэн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл барилгын талбайгаас ямарваа эд зүйлсийг дур мэдэн гаргах боломжгүй талаар мэдэгддэг. Нэхэмжлэгч компани өөрийн өмч болох бетон зуурмагийн үйлдвэрээ М ХХК-аас авч, ашиглаж чадахгүй, хуулиар олгогдсон өмчлөх эрх зөрчигдсөөр байна. Иймд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах М ХХК-ийн барилгын талбайд байгаа нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон лабораторийн тоног төхөөрөмжийн хамт М ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2011 онд М ХХК-ийн хэрэгжүүлж байсан МАК ТОВЕР төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын хуулийн этгээд Л ХХК, бетон зуурмагийн ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгч Б- ХХК тус тус ажилласан. Л ХХК-тай харилцан тохиролцож бетон зуурмагийн үйлдвэрийг манай компанийн эзэмшлийн талбайд угсарч, суурилуулсан. 2014 онд Л ХХК-тай маргаан үүсч, Сингапурын Олон Улсын Арбитрын шүүхээр 2017 онд шийдвэрлэгдсэн. Тус маргааны үеэр Л ХХК нь манай компаниас туслан гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж бетон зуурмагийн үйлдвэр шаардсаныг Арбитрын шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Нэхэмжлэгч нь БНСУ-ын СХХК /С Co/-аас 2011 онд бетон зуурмагийн үйлдвэр худалдан авсан талаар тайлбарлах боловч үүнээс хойш үйл явдал болсон. Тоног төхөөрөмжийн өмчлөх эрх Л ХХК-д шилжсэн байж болзошгүй. Учир нь, Л ХХК, нэхэмжлэгч компани нар төлбөр тооцооны гэрээ хийгээд 275,929 ам.долларыг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон. Эрх нь зөрчигдөж болзошгүй Л ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай. 2012 онд гаалиар оруулсан гэдэг утгаараа үйлдвэрийн өмчлөгч нь одоо хүртэл нэхэмжлэгч мөн эсэх нь эргэлзээтэй, өмчлөгч мөн гэдэг талаар нотолсон баримтгүй. 2014 онд Л ХХК нь дээрх тоног төхөөрөмжүүдийг манай эзэмшилд хүлээлгэж өгсөн тул хууль бус эзэмшил биш юм. Арбитрын шийдвэрээр шийдвэрлэгдсэн тул шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй нэхэмжлэл юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бат бэх ХХК-ийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэр гэх хөдлөх эд хөрөнгө, түүний дагалдах зүйлс болох удирдлагын болон амралтын хэсэгтэй саарал өнгийн контайнер, багаж сэлбэг хэрэгсэл агуулсан улаан өнгийн контайнер, бетоны дээж шахагч пресс гэх лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч Монголын алт ХХК /РД:2095025/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3,446,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,446,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөгч болох нь тогтоогдоогүй. 2011 онд Монгол Улсад оруулсан гэрээ, гаалийн мэдүүлэг, баримтаар одоо Б- ХХК үйлдвэрийн өмчлөгч гэдгийг нотлохгүй. Үүнээс өөр нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг нотлохуйц баримт хэрэгт авагдаагүй. Л ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 7.7, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д заасны дагуу бетон зуурмагийн үйлдвэр М ХХК-ийн талбайд баригдсанаар түүний өмчлөх эрх М ХХК-д шилжсэн. 2014 онд төсөл зогсож, гэрээ цуцлагдсанаар төслийн хүрээнд баригдсан бетон зуурмагийн үйлдвэр болоод бусад бүх материал, эд зүйл, төлбөр тооцоо нь захиалагч-үндсэн гүйцэтгэгч, үндсэн гүйцэтгэгч-туслан гүйцэтгэгч хоорондын гэрээ цуцлагдсанаас үүдэлтэй үр дагавар, хохирлын асуудал болж хувирсан. Улмаар тус гэрээ цуцлагдсанаас үүдэлтэй үр дагавар, төлбөр тооцоог Б- ХХК нь гэрээтэй компани болох Л ХХК-тай тооцоо нийлж гэрээ байгуулснаар авсан төлбөрт нь бетон зуурмагийн үйлдвэр багтаж байгаа нь баримтаар нотлогддог. Харин Л ХХК нь М ХХК-тай арбитраар маргааныг эцэслэн шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр арбитрын шийдвэртэй болсон.

Үүнээс гадна, анхан шатны шүүхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд болох Л ХХК-ийг оролцуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч хангаагүй. Мөн Л ХХК-ийн удирдлагуудыг Монгол Улсад байгаа эсэх талаарх лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан ч хангаагүй. Үзлэг хийхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүгч захирамждаа үндэслэсэн үзлэгийн тэмдэглэлд ямар ч тэмдэглэл, тайлбар тусгагдаагүй. Хариуцагчийн зүгээс өмчлөх эрхээ нотлох үндсэн баримт болох гэрээг шүүхэд гаргаж өгсөн ба шүүгч нотлох баримтыг хүлээж авсан ч шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлуулах үед нотолгооны ач холбогдлыг нь илт үгүйсгэж, хэрэгт хамааралгүй этгээдэд үүрэг болгосон зохицуулалт төдий гэж шууд дүгнэсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзээ байна гэж үзэн татгалзан гаргах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авч, тайлбар саналыг сонсоогүй, татгалзан гаргах хүсэлт гаргах үе шат өнгөрсөн гэсэн. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн мэдэгдэх үүрэгтэй болохоос шүүгчийг татгалзан гаргах боломжгүй гэж тайлбарласан нь илт хууль зөрчсөн. Түүнчлэн 183/ШШ2020/01662 тоот шийдвэр нь шүүгчийн өмнө гаргасан 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/03068 тоот шийдвэртэй үг үсэг, агуулга яг адил байгаа нь шүүгч хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзээгүй гэдгийг нь харуулж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхэд хэрэг буцаагдсанаас хойш өмгөөлөгч оролцож, хариуцагч нотлох баримтууд гаргаж өгсөн зэргээр олон ажиллагаа хийгдсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны үед өмгөөлөгчийн хэлсэн тайлбар, татгалзал, хууль зүйн үндэслэлүүд ч тусгагдаагүй байх тул давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ шүүх хуралдааны тэмдэглэлийг анхаарч өгнө үү. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах М ХХК-ийн барилгын талбайд байгаа нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1хх 1-2/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа тодруулан дээрх бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг тус тус хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулна гэжээ. /2хх 52/

 

Хариуцагчийн хувьд, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ маргаан бүхий хөрөнгийн эзэмшлийг Л ХХК-тай байгуулсан гэрээний дагуу олж авсан, улмаар тус компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж, уг маргааныг Сингапурын Олон Улсын арбитраар шийдвэрлэх үед тухайн хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсон, нэхэмжлэгч өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй, Л ХХК-ийн өмч байж болзошгүй гэх агуулгаар тайлбарлажээ. /1хх 97-98, 3хх17-18/

 

Зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Б- ХХК нь Л ХХК-тай 2011 оны 11 сарын 17, мөн оны 12 сарын 06-ны өдөр тус тус байгуулсан гэрээний /1хх 12-15/ хэрэгжилтийг хангах зорилгоор СХХК-тай 2011 оны 12 сарын 10-ны өдөр Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмжийн гэрээ /1хх 34/ байгуулж, бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмжийг худалдан авч, Монгол Улсын Гаалийн хилээр нэвтрүүлсэн /1хх 36-40/, улмаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах М ХХК-ийн барилгын талбайд бетон зуурмагийн үйлдвэрийг суурилуулж, тодорхой хэмжээний бетон зуурмаг үйлдвэрлэсэн үйл баримтын талаар зохигчид маргаангүй гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг С ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу маргааны зүйл болж буй хөрөнгийн өмчлөгч мөн гэж, улмаар хариуцагчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор эзэмшил үүсээгүй, түүнийг эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэхгүй талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан 2011 оны 09 сарын 09-ний өдрийн Гэрээ /2хх 106-108/, 2011 оны 12 сарын 10-ны өдрийн Бетон зуурмагийн үйлдвэрийн гэрээ /2хх 104/, 2015 оны 08 сарын 12-ны өдрийн Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ, Гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас үүдэх төлбөрийн тооцоолол, Batch plant угсралтын зардал /1хх202-206/, Сингапурын Олон Улсын Арбитрын төвийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн ____ дугаар Эцсийн шийдвэр /1хх111-117/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх 36-40/ зэрэг бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг. Хариуцагч М ХХК нь 2011 оны 12 сарын 10-ны өдөр Л ХХК-тай Бетон зуурмагийн үйлдвэрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр тус компанитай 2011 оны 09 сарын 09-ний өдөр байгуулсан Н нэртэй зочид буудлын төслийн гэрээнд заасны дагуу харилцан тохиролцож, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах хаягт бетон зуурмагийн үйлдвэрийг суурилуулах, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна.

 

Хоёр. М ХХК, Л ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдаж, үүнтэй холбоотойгоор Л ХХК нь Б- ХХК-тай 2015 оны 08 сарын 12-ны өдөр байгуулсан 2011 оны 12 сарын 06-ны өдрийн гэрээг цуцалж, улмаар Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ-г байгуулж, хавсралтаар нь гэрээ цуцалснаас үүдэх төлбөрийн тооцоолол, Batch plant-ыг нүүлгэн шилжүүлэлтээс үүдсэн хохирол, угсралтын зардлыг тус тус тодорхойлж, төлбөр барагдуулах хугацааг тогтоосон байна.

 

Дээрхээс үзвэл, Л ХХК-аас нэхэмжлэгч компанид төлөх төлбөрийн үүрэгт тоног төхөөрөмжийн өртөг, үндсэн суурилуулалтын зардал, элс, хайрганы талбай суурилуулах, batch plant, excavator тус бүрийн тээврийн зардал болон гаалийн татвар, угсралтын зардал, хохирлын дүн зэргийг хамааруулсан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч мөн гэж үзэх, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж тооцох үндэслэлгүй.

 

Учир нь, нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийг Л ХХК-тай байгуулсан гэрээний дагуу түүний заасан газар болох хариуцагчийн эзэмшилд хүлээлгэн өгч, улмаар түүний үнийг Л ХХК-ийн зүгээс барагдуулах талаар дээрх Төлбөр тооцооны талаарх тохиролцооны гэрээ байгуулагдсан байна. Хариуцагчийн хувьд, Л ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ хүлээн авсан, уг гэрээтэй холбоотой маргааныг Сингапурын Олон Улсын Арбитрын төвийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн ____ дугаар Эцсийн шийдвэр-ээр шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон.

Үүнээс гадна Л ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 7.7-д ...Үйлдвэрийн болон Материалын бүрдэл бүр нь аливаа барьцаа, шаардлагаас ангид байдлаар Захиалагчийн өмч болно: а/ талбайд байршсанаар... гэх агуулга тусгагдсан байдаг. /2хх 187/

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Б- ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг шаардах үндэслэлгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. Энэ агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01662 дугаар шийдвэрийг бичгээр үйлдэхдээ хариуцагч хуулийн этгээдийн оноосон нэрийг шийдвэрийн удиртгал болон үндэслэх хэсэгт, нэхэмжлэгч хуулийн этгээдийн оноосон нэрийг шийдвэрийн тогтоох хэсэгт тус тус буруу бичиж тусгасан байхаас гадна 2021 оны шийдвэрийн дугаарыг /ШШ2020/ гэх байдлаар буруу дугаарлаж техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхийн магадлалаар залруулсныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/01662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах М ХХК-ийн барилгын талбайд байгаа нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг тус тус хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч Б- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 3,446,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР