Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 502

 

Б.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Б.С, хохирогч нарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, иргэний хариуцагч Ц.Батмэнд, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаар магадлалтай, Б.Тт холбогдох 201715000071 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1995 оны 4 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1, 137 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 8 сар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Б. Т нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Б.Тыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Б.Тт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Г.Н, Б.Д нарын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 15.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Н, Б.Д, Б.С нар учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Тт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Тыг гэм буруугаа хүлээгээгүй байхад Эрүүгийн хуулийн 7.1 дэх хэсгийг хэрэглэж хөнгөн ял оногдуулсан гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан. 5 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудсанд Б.Т нь гэм буруугаа хүлээсэн талаар бичгээр шүүхэд илэрхийлсэн байх бөгөөд шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Давж заалдах шатны шүүхээс гардуулсан магадлалд гэм буруугаа хүлээгээгүй гэсэн хэсэг нь бичигдээгүй байна. Давж заалдах шатны шүүх хурлын бичлэгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргах гэсэн боловч Нийслэлийн шүүх бичлэгийг хуулбарлаж өгсөнгүй.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлэн хохирлыг тооцож шүүгдэгчээс гаргуулсан. Шүүхээс хохирогчийн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн.

Хохирлын хувьд Эм Би Жи Мед, Эм Би Жи Эс эмнэлгийн өвчний түүхэнд ямар мөнгөн дүнтэй төлбөртэй эмчилгээ болон хагалгаа хийсэн талаарх ямар нэгэн баримт бичилт байхгүй байгаа юм. Тус эмнэлгээс Б.Сд төлбөртэй хагалгаа хийсэн санхүүгийн баримтыг ирүүлэх талаар албан бичгээр хүсэлт гаргахад санхүүгийн баримт ирүүлээгүй байна. Тус эмнэлэг нь хувийн эмнэлэг учир зээлээр буюу төлбөргүй ямар нэгэн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэггүй. Урьд нь энэ эмнэлэг хохирогч нарт удаа дараа мөнгөний нэхэмжлэлийг дур мэдэн бичиж өгч байсан байгаа юм.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан хохирлын баримтыг үнэлэн тооцож 16.039.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах шийдвэр гаргасан. Б.Т уг хохирлыг төлж барагдуулсан. Б.Т мөрдөн байцаалтын шатанд Б.Сд 8.500.000 төгрөг, шүүхийн шатанд 16.039.000 төгрөг, нийт 24.539.000 төгрөгийг барагдуулаад байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн Б.Тын хувийн байдал, хохирол төлж байгаа байдал, гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосныг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т нь хохирогч нарт учирсан хохирол, гэм хорын хохирлыг бүрэн арилгаагүй байхад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тыг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 12 цаг 40 минутын үед Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн шанаганы ар” гэх газарт “Лотот” ХХК-ийн эзэмшлийн Kia Granbird загварын 09-90 УБВ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч гүйцэт түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Д.Бы жолоодож явсан Nissan Tida загварын 89-48 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд сууж явсан зорчигч Б.Дийн амь насыг хохироож, зорчигч Б.С, Г.Н нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Бы эрүүл мэндэд хөнгөн, Nissan Tida загварын 89-48 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Нд нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэн Б.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж, хор уршгийг арилгаагүй, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нөхцөл байдлыг дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Т нь өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл болон бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр хүлээсэн зөвшөөрсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэм хорын хохирлыг бодитой нөхөн төлөхөө илэрхийлж түүнийгээ нотолсон байдал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэл зоригийг заавал харгалзан үзэх нь ёстой.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлд “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар татагдсан “Лотот” ХХК нь “Kia Granbird” загварын 09-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Лотот” ХХК-иас жолооч Б.Ттай байгуулсан ажил үйлчилгээний гэрээ /1хх-ийн 142-144/ зэргээр тогтоогдсон байх тул “Лотот” ХХК нь гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                                               

                                                                                                         Д.ГАНЗОРИГ  

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН