Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 604

 

А.С-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч Б.Чинбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 764 дүгээр магадлалтай, А.С-өд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ....ял шийтгүүлж байгаагүй, Х овогт А.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.С-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.С-өд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч Б.Чинбат нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх А.С-ийг ...600,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна” гэсэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийж А.С-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялын хэмжээг сонгож ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байхад давж заалдах шатны шүүх ял шийтгэл нь хөнгөдсөн байна гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Учир нь А.С- нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшсэн, бусдад учруулсан бодит хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан тул анхан шатны шүүхээс түүнд торгох ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэхэд хохирогчийн биед зүүн нүдний өмнөд камерийн цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,1/ хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэх гэмтэл буюу харах эрхтэний гэмтэл учирсан боловч эмчилгээний явцад нүдний харааны харах эрхтэн сайжирч байсан, хөдөлмөрийн чадвар алдаагүй тул ажил хөдөлмөр эрхэлж байсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон байдаг.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат хэлсэн саналдаа “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхээс А.С-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, санаатай учруулсан гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал зэрэгт тохироогүй гэсэн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэж заасан байхад заавал анхан шатны шүүхэд буцааж байгаа нь Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Харин хохирогчийн зүгээс давж заалдах гомдол гаргах ба энэ хугацаанд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дууссан. Иймд хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор хэлсэн саналдаа “...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйл байдаггүй. Хуулийн дагуу гэсэн байр суурьнаас хохирогчид хохирол төлсөн байдал нь хийсэн хэрэгтээ гэмшсэн гэж харагдахгүй байна. Энэ байдлыг анхан шатны шүүх дүгнээгүй буюу хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан бол хөнгөрүүлэх байтал торгох ял оноосон. Хохирогчийн амь нас өөр байдлаар эрсдсэн ч гэсэн ар гэрээс нь уучлалт хүссэн зүйл байхгүй. Харин ч шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан. Давж заалдах шатны шүүх ял хүндрүүлэхийг хориглосон учраас анхан шатны шүүхээр дахин хянуулахаас өөр аргагүй. Ялтан тохирсон ял шийтгэлээ эдлэх үндэслэл болохоос биш, ял завшихгүй байх асуудлыг Улсын дээд шүүхээс тогтоолоороо тайлбарлаж өгөхийг хүсэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн ял хөнгөдсөн гэж үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Өнөөдрийн хувьд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн шүүгдэгчийн гэм буруугаас үүдэж хохирогчийн амь нас эрсдэхэд хүрсэн шалтгаан болсон гэж үзэх магадлалтай тул үүнийг давхар шалгах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.С-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

А.С- нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Төв цэвэрлэх байгууламж” болох ажлын байрныхаа хувцас солих өрөөнд архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ М.Б-тай маргалдаж түүн рүү өөрийн “Iphone” загварын гар утсыг шидэж биед нь зүүн нүдний өмнөд камерийн цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,09/ хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон, ийнхүү үйл баримтыг тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Энэхүү үйл баримтыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.С-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх А.С-өд холбогдох хэргийг хэлэлцээд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзнэ.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэж А.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас М.Б-ын зүүн нүдэнд хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримтыг зөв тогтоосон атлаа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ сонгож хэрэглэсэн ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд хэрхэн тохирч байгаад огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэж үзнэ.

Дээрх зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс “Энэ хэрэгт хамааралгүйгээр хохирогчийн амь нас эрсэдсэн хэдий ч А.С-ийн гэм буруутай үйлдлээс шалтгаалж М.Б-ын харах эрхтэн гэмтсэн тул ажлын байрандаа амь насаа алдахад нөлөөлсөн байх магадлалтай. Харааны бэрхшээлтэй болсон байхад ажиллуулсаар байсан асуудлыг давхар шалгах нь зүйтэй” гэсэн санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “Магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 764 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН