Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2022/00001

 

 

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2022/00001

 
 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 17,500,000 төгрөг, алданги 8,750,000 төгрөг нийт 26,250,000 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

 Миний бие нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр алт угаах тоног төхөөрөмжийг *******т 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах худалдан авах гэрээ хийсэн.

 2017 оны 07 дугаар сарын 10-нд урьдчилгаанд 17.500.000 төгрөг авсан. Үлдэх 17.500.000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 2.3-т Худалдан авагч тоног төхөөрөмжийн үнийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги худалдан авагчид төлнө гэж заасан. Үүний дагуу 17.500.000 төгрөгийн алдангид 8.750.000 төгрөгийг нэхэмжилнэ.

 *******аас тоног төхөөрөмжийн худалдан авсан төлбөрийн үлдэгдэл үнэ 17.500.000 төгрөг, гэрээнд заасан хугацааны алданги 8.750.000 төгрөг, нийт 26.250.000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч ******* хариу тайлбартаа:

 Би ******* гэж хүнтэй усан буу худалдан авах талаар гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 04 дүгээр сард ******* гэдэг хүн алтны уурхайд ажиллах санал тавьж ажилтнаар орсон. Ганзориг гэдэг хүнээс усан буу худалдаж авах үед нь ******* болон ******* гээд бид нар дөрвүүлээ очиж авсан. Би ганцаараа нэг ч удаа очиж байгаагүй. Дээрээс нь бэлэн мөнгө өгсөн гээд худлаа яриад байна. Тухайн үед ямар ч бэлэн мөнгө өгөөгүй. Би ажилчин хүн. Тухайн үед ******* гэж хүнтэй усан бууг худалдаж авахад нь цуг очсон. Сүүлд нь гэр Алтанбулагт байдаг болохоор ******* гэж хүн миний дүү Дарханаар дайраад Ганзориг гэж хүнтэй гэрээнд нь гарын үсэг зурчхаарай гэхээр нь би хэд хоногийн дараа очиж гэрээнд нь гарын үсэг зурсан. Иймэрхүү үйл явдал болсон.

Тухайн үед ******* нь усан бууны мөнгөө дансаар шилжүүлсэн гэж надад хэлсэн. Ганзориг гэдэг хүнтэй мөнгө, төгрөгийн ясар нэгэн тооцоо хийж байгаагүй. Би ажилчин хүн. Надад учир усан буу 17.000.000 төгрөгөөр худалдаж авах шаардлага байгаагүй. Би зүгээр бусдын уул уурхайн том машин, экскаватор зэргийг хөлсөөр барьдаг. Намайг 17.000.000 төгрөгийг 2-3 удаа хувааж өгсөн гээд илтээр худлаа хэлж байгаад гайхаж байна гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох 17.500.000 төгрөг алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

 1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна.

 2.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлж чадсангүй гэж үзэж байна.

...******* нь С.*******ыг Монгол улсад байхгүй гэдгийг мэдэж түүн рүү бүх асуудлыг хамааруулж би мөнгө төлөөгүй, өгөөгүй гэх мэтээр хэлж ярьж байгааг шүүх туйлын үнэн гэж хүлээн авч хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Нас биед хүрсэн хүн гэрээ хэлцэл хийчихээд гэрээ хийсэн үр дагаврыг ухамсарлан ойлгоогүй гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

Шүүх алтны тоног төхөөрөмж худалдан авах нь С.*******ын хүсэл зориг байсан гэдгийг яаж тодорхойлж байгаа нь хачирхалтай байна. Далдыг хардаг далай лам шиг хийсвэр дүгнэлт хийж хариуцагчийн үгэнд хэт итгэн нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 3.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хариуцагчийн хүсэлтээр хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Усан буу гэдгийг Ганзоригоос ******* худалдан авсан. Энэ хоёр хүний хооронд гэрээ байгуулагдсан. Надад ийм зүйл худалдан авах ямар ч шаардлага байгаагүй, тийм хэмжээний мөнгө төлөх чадвар ч байхгүй. Гэрээнд гарын үсэг зурсан гэдгээр буруутгаад байна. ******* л гарын үсэг зурчих гэхээр нь зурчихсан. ******* нь алтны уурхайг удирдан ажиллуулж байсан. Ганзоригт ******* нь уурхай ажиллуулахаа болчихсон надад ажиллуулсан цалингаа ч өгөөгүй та худалдсан техникээ буцаан аваарай гэж хүртэл би хэлж байсан. Гэтэл ******* олдохгүй болохоор гарын үсэг зурсан гээд огт хамааралгүй надаас мөнгө нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч энэ гарын үсэг зурсан нь *******ын хүсэлтээр хийсэн гэдгээ удаа дараа тайлбарласан. 17.000.000 төгрөг урьдчилгаанд нь авсан гэдэг боловч түүнийг хэн хэрхэн төлсөн гэдгийг нь нэхэмжлэгч нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд анхан шатны шүүхээс эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлоо анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 17,500,000 төгрөг алданги 8,750,000 төгрөг нийт 26,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан 2017 оны 05 сарын 11-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр нотлогдоно гэж тайлбарладаг бол хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 04 сард 35,000,000 төгрөгийн үнэ бүхий алт угаах зориулалт бүхий усан бууг төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрт нь 17,000,000 төгрөг авч худалджээ.

Тус усан бууг 2017 оны 04 сард нэхэмжлэгч *******оос хариуцагч *******, С.*******, нар хамт очиж хүлээн авсан байх ба худалдан авсан тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрт 17,000,000 төгрөг төлсөн, 2017 оны 05 сарын 11-ний өдөр зохигчдын хооронд алт олборлох тоног төхөөрөмж Худалдах худалдан авах тухай гэрээ бичгээр байгуулж гэрээнд худалдагчаар *******, худалдан авагчаар ******* нар гарын үсэг зурж, гэрээг тухайн өдрөө нотариатаар батлуулсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь ...хариуцагч ******* худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан, худалдсан тоног төхөөрөмжийг хүлээн авахад ******* хамт байсан, тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрийг ******* нь бэлнээр цувуулж төлсөн тул худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласан бол хариуцагч ******* нь ...надад өндөр үнэ бүхий алт угаах тоног төхөөрөмж худалдан авах шаардлага, санхүүгийн боломж ч байхгүй. Нэхэмжлэгч *******оос С.******* алт олборлох уурхайдаа зориулж урьдчилгаа мөнгө төлөөд тоног төхөөрөмжийг худалдаж авсан, намайг гэрээнд гарын үсэг зурчихаарай гэхээр нь зурсан. Би С.*******ын ажиллуулж байсан алтны уурхайд жолоочоор ажиллаж байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж татгалзлаа тайлбарласан байна.

Хэргийн үйл баримтаар 2017 оны 05 сарын 11-ний өдөр бичгээр байгуулсан худалдах худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр эсэх болон тоног төхөөрөмжийн урьдчилгаа үнэ болох 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хэн төлсөн талаар зохигчид маргасан байна.

Гэрээ гэдэг нь тодорхой үр дүнд хүрэхийн тулд хоёр ба түүнээс дээш этгээд хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүрэг үүсгэж, дуусгавар болгож буй үйлдэл бөгөөд талуудын тохиролцоо юм. Харин талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь тухайн этгээдийн хэрэгцээ шаардлага түүнтэй холбоотой үйлдэл байх ба талуудын хүсэл зориг сайн дурын үндсэн дээр нэгдсэн байх ойлголт юм.

Мөн талууд анхнаасаа хэлцлийн зорилгыг ухамсарлаж байсан, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа гэдгээ ухамсарласан байх ёстой.

Хариуцагч ******* нь худалдах худалдах авах гэрээнд худалдан авагч гэж гарын үсэг зурсан боловч гэрээний зүйл болох алт угаах зориулалт бүхий усан бууг худалдан авах шаардлага байгаагүй, түүнд худалдагчтай гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй болох нь хэрэгт авагдсан гэрч ... 2017 оны 04 сард С.*******, бид гурав хамтарч алт олборлох талаар ярилцаад ...тоног төхөөрөмж авах санааг гаргасан тэгээд С.******* гаргаж 35.000.000 төгрөгийн үнэтэй усан бууны урьдчилгааг төлөөд авсан гэж хэлсэн... С.******* нь 10 сард цалингаа тавина гээд Улаанбаатар яваад буцаж ирээгүй. ...усан бууг С.******* аваарай гэсэн гээд Гантөмөр гэдэг хүн уурхайгаас ирээд аваад явсан... гэсэн мэдүүлэг, гэрч гийн ... алт угаах зориулалт бүхий усан бууг С.******* захирал өөрөө санаачилж мөнгөөрөө худалдан авсан... гэсэн мэдүүлэг, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь гэрээний худалдан авагч биш бөгөөд гэрээний талаар тодорхой ойлголтгүй, нэг талын хүсэл зоригоор хөнгөмсгөөр хандан худалдагчтай гэрээ байгуулсан байна гэж үзэхээр байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2017 оны 05 сарын 11-ний өдрийн Алт олборлох тоног төхөөрөмж Худалдах худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул тухайн гэрээний дагуу хариуцагч ******* нь ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч *******т тус гэрээний дагуу шаардлага гаргах эрх үүсээгүй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар харин нэхэмжлэгч *******ийн өөрийн эзэмшлийн Хаан банк дахь харилцах дансанд 2017 оны 04 сарын 19-ний өдөр 17,500,000 төгрөгийг иргэн Г.Чимэдзаяагийн Хаан банк дахь данснаас шилжүүлсэн байх ба энэ мөнгө ямар шалтгаанаар түүнд шилжсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаагүй, тухайн мөнгө шилжиж ирсэн огноо нь нэхэмжлэгчийн алт угаах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг хариуцагч ******* болон С.******* нарын эзэмшилд шилжүүлсэн гэх огноотой давхцаж байх ба нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас худалдсан тоног төхөөрөмжийн урьдчилгаанд 17.500.000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг боловч энэхүү үндэслэлээ нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд тухайн шийдвэрт гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо ...шүүх нэхэмжлэгчийн хүсэлтгүйгээр хамтран хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн... гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь тухайн хэргийн жинхэнэ хариуцагч биш гэсэн үндэслэлээр хамтран хариуцагчаар С.*******ыг татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 236 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байх ба тухайн захирамжийг илт үндэслэл муутай гарсан гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 283 дугаартай шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар татах тухай захирамжаа хүчингүй болгон шийдвэрлэж, шүүх урьд гаргасан хянан шийдвэрлэх ажиллагааныхаа зөрчлийг арилгасан байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн заалт орхигдуулсан гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох 17,500,000 төгрөг алданги 8,750,000 төгрөг нийт 26,250,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 289.000 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН