Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00489

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00489

 

 

*****-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02334 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *****-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *********ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2011 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам. доллар буюу 1,424,735,000 төгрөгийг буцаан гаргуулах, ххххх дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 019327 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон үнэ цэнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой зах зээлийн үнийн зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

1.Нэхэмжлэгч *****-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: ***** нь *********ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******** ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, ******** ордын олборлосон нүүрсний борлуулалтын орлогоос 3 хувийн рояалти олгох, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ******** ордыг олборлолтод хүргээгүй тохиолдолд хариуцагч 3 хувийн рояалтийн оронд сар бүр 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч хариуцагч одоог хүртэл нэхэмжлэгчид гэрээний дагуу сар болгон шилжүүлэх ёстой 10,000 ам.доллар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний 2.2-ийн g-д худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,1 хувийн алданги тооцно гэж заасан.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүргийг ам.доллараар шаардаж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 61,000 ам.доллар буюу 2,406,230,400 төгрөгийг хариуцагч *********ХХК-аас гаргуулахаар шаардсан.

Гэвч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах нь хариуцагч компанид алдагдалтай гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкнаас зарласан ханшид үндэслэн төгрөг болгон өөрчилж байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу сар бүрийн сүүлийн өдөр үүрэг үүсэж байгаа тул 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханш болох 1 ам.доллар 1,723.22 төгрөг гэсэн ханшаар тооцож гэрээний үүрэгт 17,232,200 төгрөг, алданги 8,616,100 төгрөг, нийт 25,848,300 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тооцооллыг гаргасан.

Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 61,000 ам.доллар буюу 1,604,153,600 төгрөг шаардаж байсан бөгөөд энэхүү төлбөр нь 61 сарын хугацаанд үүссэн төлбөр төлөх үүрэг байсан. Харин өөрчилж буй шаардлагын хүрээнд 1,625,958,500 төгрөг шаардаж байна. Урьд шаардаж байсан хугацаа дээр 11 сар буюу 11,000 ам.доллараар нэмэгдүүлсэн.

Иймд хариуцагч *********ХХК-аас үндсэн үүрэг 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *********ХХК-ийн тайлбарын агуулга: Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь Ашигт малтмалын хайгуулын ххххх дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг ******** ХХК-ийн хувьцааг бүхэлд нь хариуцагчид худалдах, хариуцагч нь хариу төлбөрт нийт 500,000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, тусгай зөвшөөрөл худалдсан гэрээний шинжийг агуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл юм.

Хариуцагч рояалти олгох үүргээ биелүүлээгүй тохиолдолд сар бүр 10,000 ам.долларыг торгууль болгон нэхэмжлэгчид олгохоор заасан нь гэрээний 2.2(д)-д заасны дагуу хайгуулын ажлыг цаг алдалгүй хийж дуусган, ордод олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, нэхэмжлэгч тухайн ордоос эдийн засгийн үр ашиг цаг алдалгүй хүртэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн агуулгатай зохицуулалт. Харин нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлд заасанчлан гэрээний 2.2д заасан хэсгээр хариуцагч нь 3 хувийн рояалтигийн оронд сар болгон 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээсэн гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний 2.2в болон 2.2д заалтыг буруу ойлгосноос болж алдангийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Хоног тутам 0.1 хувиар бодох алданги гэрээний 2.2д-д заасан дүнгээс бодогдох ёсгүй. 10,000 ам.доллар төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан торгууль тул анзаас алданги тооцохгүй.

*********ХХК-ийн дүрмийн 5.6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж хийсэн хэлцэл. Мөн талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийг ам.доллароор тохиролцож, төлбөрийг төлсөн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байна.

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ************* олборлолт эхлүүлж, нэхэмжлэгчид 3 хувийн рояалти төлөх бодит боломжгүй байсан бөгөөд гэрээний үүрэг давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдлын нөлөөллийн улмаас биелэгдээгүй. Нүүрсний үнэ унасантай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт буурч хариуцагч нь *************ыг олборлолтод хүргэх боломжгүй болсон. Хэрэв олборлолт хийсэн бол их хэмжээний алдагдал бий болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч *********ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: 1.Талуудын байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр компанийн хувьцаа бус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдсан. Гэрээний нийтлэг зүйлийн 2-т компани нь ашигт малтмалын хайгуул хийх хууль ёсны эрхтэй болно. Гэрээний 2.1.6, 2.2а, 2.2б-д зааснаар гэрээний хариу төлбөр нь 500,000 ам.доллар, 2.2в-д худалдагч нь ************* нүүрс борлуулалтын орлогоос З хувийн рояалти хүлээн авах, 4.1д-д тусгай зөвшөөрлийг эзэмшилд шилжүүлэх, өглөг, хураамж, шимтгэлтэй холбоотой бүх асуудлыг худалдагч тал бие даан шийдвэрлэнэ гэж заасан нь компанийн хувьцаа худалдах нэрээр хайгуулын ххххх дугаартай тусгай зөвшөөрлийг худалдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зохих албан татварыг төлөх ёстой байна. Гэтэл дээрх шаардлагыг хангахгүйгээр зөвхөн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Түүнчлэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.1 тусгай зөвшөөрлийг эзэмшилд шилжүүлэх зэрэг бүх асуудлыг худалдагч тал бие даан шийдвэрлэнэ гэсэн бөгөөд мөн гэрээний 4.1б-д тус гэрээний дагуу хувьцааг Худалдан авагчид шилжүүлэхэд төрийн эрх бүхий байгууллага, эсхүл аливаа гуравдагч этгээд, аж ахуйн нэгжээс зөвшөөрөл авах, батлуулах, мэдэгдэл өгөх, материал илгээх шаардлагагүй гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрөл шилжүүлэх асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж байгаагүй. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд 49.4.1-49.4.8-д заасан баримт бичгийг хавсаргана гэж заасан. Мөн хуулийн 49.5. 49.6 дах хэсэгт зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь шилжүүлэх хүсэлтийг бүртгэх, улмаар шилжүүлэх, эсхүл хүлээн авахаас татгалзах зэрэг шийдвэр гаргана. Ийнхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4, 49.5, 49.6 дах хэсэгт заасныг зөрчиж хувьцаа худалдах- худалдан авах гэрээ байгуулсан байх тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хучин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд *********ХХК болон ***** нарын хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

2. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул Иргэний хуулийн 56.5-д зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Фар ийст азиа коул майнинг" ХХК-аас *****д гэрээний төлбөрт 500,000 ам.доллар буюу 1,424,735,000 төгрөг төлсөн бөгөөд тус гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 500,000 ам.доллар буюу 1,424,735,000 төгрөгийг *****аас гаргуулж *********ХХК-д олгож өгнө үү,

3. Дорнод аймгийн Баянтүмэн суман дахь ххххх дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг *********ХХК нь хххх дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хууль зөрчсөн хэлцэл байх тул тус гэрээний дагуу шилжүүлсэн ********" ХХК-ийн хувьцаа болон ххххх дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг *********ХХК-аас *****д буцаан шилжүүлэх эрх зүйн үр дагавар үүсэж байна.

Хэлцлээр шилжүүлсэн зүйлсийг харилцан буцаахад анхны ххххх дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл одоо байхгүй, харин илүү үнэ, цэнэ, үнэлгээтэй хххх дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг буцаах болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д харилцан буцаах боломжгүй тохиолдолд үнийг төлөхөөр зохицуулсан. Энэ тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлүүдийн үнийн зөрүүгээр ***** нь үндэслэлгүй хөрөнгөжих үр дагавар үүснэ. Иймд ххххх дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь хххх ашиглалтын тусгай зөвшөөрөл болж үнэ цэнэ, үнэлгээ нь өссөн тул түүний зах зээлийн үнийн зөрүү 6,370,000,000 төгрөг, нийт 7,794,735,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч *****-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлээгүй. Харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьцааг худалдсан. Компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа худалдахад хувьцааны үнийг тухайн компанийн эд хөрөнгө, эзэмшиж буй эрх, нийгэмд эзлэх байр суурь, худалдааны нэр зэрэг хүчин зүйлд үндэслэж тогтооно. ******** ХХК-ийн хувьцааны үнэ 500,000 ам. доллар болсон нь түүний хөрөнгөтэй холбоотой тогтоогдсон үнэ юм.

Хэрэв тусгай зөвшөөрөл худалдах, нөгөө тал нь хайгуулын тусгай зөвшөөрөл худалдан авах хүсэл зоригтой байсан бол хувьцааг бус хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах байсан. Ашигт малтмалын хайгуулын ххххх дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрчлөгдөөгүй. ******** ХХК-ийн эзэмшилд хэвээрээ байгаа. Иймээс тусгай зөвшөөрөл худалдсан байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсгийг зөрчөөгүйн зэрэгцээ хуулийн дээрх шаардлага нь талуудын тохиролцоонд хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн шилжүүлгийн бүртгэл хийхдээ зохих төлбөл зохих татвар төлсөн тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулахаар зохицуулсан. Гэрээний талуудын хооронд тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, харин компанийн хувьцааг худалдсан. Ийм дээрх хэлцэл нь хууль зөрчөөгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарахгүй, хучин төгөлдөр хэлцэл. Хувьцаа худалдах худалдан авах гэрээний хариу төлбөрт төлсөн 500,000 ам доллар буюу 1,424,735,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд энэ нь хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд гарах хууль зүйн ур дагавар бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр тул энэ шаардлага нь үндэслэлгүй болно. Дорнод аймгийн Баянтүмэн суман дахь ххххх дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг *********ХХК нь MV 019327 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үнэ цэнийг нэмэгдүүлсэн тул эдгээр тусгай зөвшөөрлүүдийн зах зээлийн үнийн зөрөө болох 6,370,000,000 төгрөгийг *****аас гаргуулах шаардлагын тухайд бол мөн ялгаагүй хэлцэл хучин төгөлдөр бус болсны ур дагавар гэж шаардаж байна. Хувьцаа худалдах худалдан авах гэрээ хучин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан *********ХХК-аас 2,031,998,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 406,399,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *****д холбогдох 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай *********ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 12,843,622 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,513,365 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,317,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуянгийн давж заалдах гомдлын агуулга: 6.а Шүүх хувьцаа худалдах-худалдан авах гэрээний агуулгыг буруу тайлбарласан байна. Тодруулбал, гэрээний 2.2д-д заасан 10,000 ам.доллар буюу торгуулийн тухай: Гэрээний 2.2д заалт нь 2.2в-д заасан 3 хувийн рояалти авах эрхийн баталгаа болж, тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай буюу уурхайн олборлолтыг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд эхлүүлж, нэхэмжлэгчид 3 хувийн рояалти төлүүлэх үүргийг гүйцэтгүүлэх зорилго бүхий Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан торгууль.

Хэргийн 3 дах хавтасны 138 дах талд авагдсан хүснэгтэд ************* 2018 оны Техник, эдийн засгийн үндэслэлд 1 тонн нүүрсийг 1,000 төгрөгөөр борлуулж, үүний өртөг 63,6 мянган төгрөг буюу нэг тонн нүүрснээс олох 1400 төгрөг байхаар байна. Үүнээс үзэхэд нүүрсний зах зээлийн үнэ өндөр буюу 65,000 төгрөгөөр нүүрсийг борлуулж, нэхэмжлэгчид 3 хувийн рояалти өгөхөд хариуцагч компани 1 тонн тутамд 500 төгрөгийн алдагдалтай буюу нийт 87 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ. Ийм байтал талууд сар бүр 10,000 ам.долларын үндсэн төлбөрийн үүрэг хүлээхээр тохиролцсон байх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх худалдагч нь худалдан авагч тачаас сар 10,000 ам.доллар шаардах эрхтэйгэж дүгнэсэн нь санхүүгийн тооцооллоос харагдаж буй бодит байдал болоод талуудыг хүсэл зоригт нийцэхгүйгээр гэрээг тайлбарлаж дүгнэсэн.

Гэрээний 2.2ё-д заасан 0.1 хувийн торгууль, алдангийн тухайд: Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2ё-д хэрэв худалдан авагч тал энэхүү гэрээний дагуу хэсэгчилсэн төлбөрийг төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх торгууль төлнө. Хэрэв худалдагч тал 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд ******** ХХК-ийн өөр 2 тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй бол торгууль төлнө гэж заасан. Энэхүү заалтаар 2011 оны 07, 08 дугаар сард талуудын гүйцэтгэх ёстой үүргийг анзаар хангуулахаар заасан буюу баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, энд заасан торгууль, алдангийн асуудал нь гэрээ байгуулах үеийн буюу компанийн хувьцаа, лиценз шилжих үеийн хэсэгчилсэн төлбөрүүд болох 300,000 ам.доллар ба 200,000 ам.долларын хэсэгчилсэн төлбөрийг төлөх үүргийг баталгаажуулсан анзын талаар байдаг. Энэхүү гэрээнд алданги тооцох төлбөрийг зөвхөн хэсэгчилсэн төлбөрүүд гэдэг үгээр илэрхийлж бичсэн буюу гэрээний 2.2е-д Худалдагч тал нь Худалдан авагч талын хийсэн хэсэгчилсэн эхний төлбөрөөс ******** ХХК-ийн төлөгдөөгүй өрийг санхүүжүүлж, 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэхэд өөр 2 тусгай зөвшөөрлийг шилжүүлж... гэж заасан байдаг. Эндээс хэсэгчилсэн төлбөр гэж 2011 оны 7, 8 дугаар сарын үеийн төлбөрийг дурдаж байгаа нь тодорхой байна. Улмаар гэрээний 2.2а, 2.2б-д гэрээний төлбөр 500,000 ам.долларыг 200,000 ам.доллар болон 300,000 ам.доллароор 2 хэсгээр хэсэгчлэн төлөхөөр заасан байдаг. Иймд гэрээний 2.2ё-д заасан 0.1 хувийн алданги/торгууль нь хэсэгчлэн төлөгдсөн буюу 2.2а, 2.2б-д заасан 200,000 болон 300,000 ам.долларын төлбөрүүдэд хамаарахаар байдаг. Гэтэл Анхан шатны шүүх гэрээний 2.2ё-д заасан зохицуулалтаар санхүүгийн хэсэгчилсэн төлбөрүүд гэдэгт зөвхөн тус гэрээний 2.2а, б гэх заалт хамаарах агуулгыг илэрхийлэхгүй байх буюу гэрээний 2.2.(а, б, в, д) зохицуулалтаар төлбөр төлөх үүрэг санхүүгийн хэсэгчилсэн төлбөр төлөх үүрэгт хамааралтай гэж гэрээг буруу тайлбарлаж, дүгнэсэн. Түүнчлэн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2а, 2.2.6, 2.2ё-д зөвхөн хэсэгчилсэн төлбөр гэж заагаад, харин шүүхийн шийдвэрт дурдсан 2.2в, 2.2д-д эдгээр нь хэсэгчилсэн төлбөр юм гэж огт заагаагүй. Эндээс үзэхэд шүүх талуудын байгуулсан гэрээг өөрийн санаачилгаар өргөжүүлэн тайлбарлаж, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

6б.Шүүх Иргэний хуулийн 222.2 дах заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан 0.1 хувийн анз болон олборлолтыг тохиролцсон хугацаанд эхлүүлээгүй бол төлөгдөх сар бүрийн торгууль гэсэн үүргийн гүйцэтгэлийг хангах 2 арга тусгагдсан. *********ХХК нь үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болох нь хүнд нөхцөл байдлын гэрчилгээ болон бусад баримтаар нотлогдож байх тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох 0.1 хувийн анз болон 10,000 ам.долларын торгууль гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх үүргийн зөрчил, хугацаа хэтрэх асуудалд хариуцагч буруугүй гэж дүгнэсэн атлаа анз болон төлбөрийн үүргийг хариуцна гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт нийцэхгүй байна. Түүнчлэн хариуцагч тал хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу 2013 оны 12 сарын 31-ний өдөр ************* олборлолт эхлүүлж, нэхэмжлэгчид 3 хувийн рояалти төлөх бодит боломжгүй байсан бөгөөд гэрээний үүрэг давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдлын нөлөөллийн улмаас биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

6в. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт Шүүх шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн шүүхэд өгсөн тайлбар, ******** хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг тус тус нотлох баримтаар үнэлээгүй ба 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний монгол хэл дээрх гэрээ ...зэргийг нотлох баримтаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, үйл баримтад эрх зүйн дүгнэлтийг өгч, маргааныг шийдвэрлэлээ гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн шүүхэд өгсөн тайлбар, ******** хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл, уул уурхайн зах зээлийн нөхцөл байдлыг нотлох баримтууд нь хариуцагчийн татгалзлыг нотолж буй баримтууд болно.

Түүнчлэн *********ХХК нь гэрээний үнийн дүн болох 500,000 ам.долларт хамаарах улсын тэмдэгтийн хураамжид 39,138,104.97 төгрөг төлсөн байхад нэмж 7,729,075.0 төгрөгийг төлүүлсэн. Бидний зүгээс нийт 46,867,000.0 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхад шүүхийн шийдвэрт хариуцагчаас 12,513,365 төгрөг төлсөн гэж бичсэн нь алдаатай байна.

Иймд анхан шатны шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1,232 дугаар зүйлийн 232.4,232.8 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас 2,031,998,125 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож гэсэн хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигч талуудын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

1.Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *********ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх-1,2, 4хх-73-76/

2.Хариуцагч тал эс зөвшөөрч худалдах-худалдан авах гэрээний үнийг төлсөн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдсан гэрээний шинжийг агуулсан нь хууль зөрчиж хийсэн хэлцэл болно гэх үндэслэл заан маргаж, 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам. доллар буюу 1,424,735,000 төгрөгийг буцаан гаргуулах, ххххх дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 019327 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон үнэ цэнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой зах зээлийн үнийн зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /4хх-22-24,198, 217,218/

3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд холимог гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, маргааны үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчгүй хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3а.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах,компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрх юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд худалдах-худалдан авах гэрээ нь бодит үйлдлээр хэрэгждэг, урт хугацаагүй гэрээ байна.

 

Зохигчдын хооронд хувьцаа худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Учир нь талуудын байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч буюу ******** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ***** нь компанийн нийт хувьцааг худалдах, худалдан авагч *********ХХК нь хувьцааны үнэ болох 500,000 ам.доллар төлөх, хувьцааг худалдагч тал бүх эрх, үр ашиг, хүртэх эрхийн хамтаар худалдахаар харилцан тохиролцжээ. Дээрх гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

 

Гэрээний дагуу ***** ******** ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн, *********ХХК нь хувьцааны үнэ 500,000 ам.доллар төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаангүй. Иймд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын хэн аль нь үүргээ гүйцэтгэсэн байх тул худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

3б.Харин хэлцлийн зарим хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.

 

Тодруулбал, 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээний 2.2в-д худалдагч тал нь ************* нүүрсний олборлолт болон борлуулалтын орлогод үндэслэн гурван хувийн роялти хүлээн авах эрхтэй байна, гурван хувийн роялти төлбөрийг улирал бүрийн төгсгөлд борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн худалдагч талд хуваарилна гэж харилцан тохиролцжээ. Энэ үүрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцээгүй, хууль зөрчсөн хэлцэл байна. Энэхүү гэрээний зүйл нь нүүрс буюу газрын хэвлийд байгаа байгалийн баялаг, түүнийг захиран зарцуулсан зарцуулсны орлого байна. Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заажээ. Гэтэл иргэн, хуулийн этгээдийн хоорондын тохиролцоогоор нүүрсний олборлолт болон борлуулалтын орлогоос роялти авахаар тохиролцож байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй.

 

Иймээс гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч нь шаардах эрхгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус боловч ******** ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээний тохиролцоо хүчин төгөлдөр, үүрэг дуусгавар болсон тул хариуцагч *********ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг буруу тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг оновчгүй хэрэглэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Энхжаргалын үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч *********ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02334 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч *********ХХК-аас гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *****-ын үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *****д холбогдуулан гаргасан 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам. доллар буюу 1,424,735,000 төгрөгийг буцаан гаргуулах, ххххх дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 019327 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон үнэ цэнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой зах зээлийн үнийн зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *********ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,317,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД