Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00180

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/02242 дугаар шийдвэртэй

Н.Э-ын нэхэмжлэлтэй МОК ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би МОК ХХК-ийн Хөшөөтийн уурхайн агуулахын ахлах ажилтнаар ажиллаж байгаад тус компанийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн.

Миний бие тушаалд заасан зөрчлийг гаргаагүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөлөө гэмтээсэн тул хөлөндөө гипс тавиулан өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчсөн.

Иймд Н.Э-ыг МОК ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт халагдсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны нөхөн олговорт 99,900,884.05 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Н.Э-ыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан зөрчлийг үндэслэж, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Н.Э- нь зөрчил гаргаснаас хойш 2 хоногийн дараа эмнэлгийн магадалгаа авч, ажлаас чөлөөлөгдсөн. МОК ХХК-ийн дотоод журам, кемпийн журамд согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас халах зохицуулалт тусгагдсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн албаны ажилтнуудтай нийлж, асуудал нь илрэхээр тухайн өдрийн орой дур мэдэн кемпээс гарч явсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн үед кемптээ буцаж ирэхдээ нүд нь хөхөрч, хөл нь гэмтсэн байдалтай байсан. Болсон үйл явдал нь баримтаар нотлогдсон. Түүнчлэн Н.Э-тай хамт архи уусан хүмүүст сахилгын арга хэмжээ авсан байдаг.

Хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг цагаар тооцно гэж заасан. Н.Э- нь Хөшөөтийн уурхайд Ховд аймагт очиж 28 хоног тасралтгүй ажилладаг. Энэ хооронд дунд нь хагас сайн, бүтэн сайн буюу амралтын өдөр таардаг. Маргаан бүхий үйл явдал болох үед бүх нийтийн амралтын өдөр таарсан. Хөдөлмөрийн тухай хуульд 1 өдөр ажиллах хугацаа 8 цаг, 7 хоног ажиллах хугацаа 40 цагаас илүүгүй байх энэ зохицуулалт ростероор ажиллахад эвдэгддэг. Иймд ажлын цаг тооцвол маргаантай байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч МОК ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий гаргаагүй, бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн дүүрэн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас үнэлэж дүгнээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Н.Э- нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болох МОК ХХК-ийн гаргаж өгсөн бичлэгт согтуурлын зэрэг тогтоох багажаар хэмжүүлэхэд 0.000. гарсан болон бичлэг хийх үеийн гэрч н.Батжаргалыг байлцуулан хийсэн үлээлгэх сорилын тэмдэглэлээс тодорхой харагдана. Н.Э-ын зүгээс согтуурлын зэрэг хэмжүүлэхээс татгалзсан зүйл огт байхгүй бөгөөд согтуурлын зэрэг хэмжүүлэхээс хэдхэн минутын өмнө ажлын байрандаа хөлөө гэмтээсэн байдаг. Хөл нь өвдөлт их байсан тул хөлөө боогоод амрах өрөөнд байхад нь гаднаас зөвшөөрөлгүй бичлэг хийж орж ирсэн.

МОК ХХК-нь Н.Э-ыг хэмжигч багажаар үлээлгэсэн бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгөхдөө бүрэн бичлэг өгөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хэргийн талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм журам зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан зэрэг гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг нотлосон баримт хэрэгт авагдаагүй.

Хөдөлмөрийн гэрээний хавсралтад ажлын цагийг Даваа-Ням, 07:30-19:30 гэж, ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.3.-д уурхайд даваа-ням, 07:30-19:30 байна гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан 7 хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна гэснийг, мөн зүйлийн 70.2. дахь хэсэгт Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна гэж заасантай нийцээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 5.1 дэх хэсэгт баярын өдрүүдэд амрах эрхтэй гэж заасан байхад Н.Э-ыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу хуульд заасан нийтээр амрах баярын өдөр ажил тасалсан гэж үзэж ноцтой зөрчилд тооцож, ажлаас халсан ажил олгогчийн хууль бус шийдвэрийг зөвтгөж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

Иймд бодит байдалд нийцээгүй, чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулгаН.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэн ажлаа таслан явсан зөрчил гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн үйл явдал, зөрчил гарснаас хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэмжилт хийсэн баримтыг үнэлээгүй талаар гомдол гаргадаг. Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг тодруулан захирамжаар нотлох баримт шаардсаны дагуу МОК ХХК-иас баримт хүргүүлсэн нь хэргийн 120 дахь талд авагдсан.

Бичлэгийн тухайд МОК ХХК өөрт хадгалагдаж байгаа бичлэгээ л өгсөн. Уг бичлэг нь бичлэг хийлгэхгүй, цохиулж зодуулчих гэсэн ямар нөхцөлд хийгдсэн тэр байдлаараа байгаа бөгөөд үүнийг шүүх хуульд заасан журмын дагуу үзлэг хийн баталгаажуулсан.

Н.Э-ын хөлөө гэмтээсэн гэх асуудал нь ажлын байртай холбоогүй бөгөөд тухайн хүн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэн кемпээс гадуур хоноглож яваад буцаж ирэхдээ зодоон цохион хийсэн байдалтай ирсэн. Түүнчлэн хөлөө гэмтээсэн үйл явдал нь зөрчил гаргасан үйл явдалтай холбоогүй.

Хөшөөтийн уурхай нь Улаанбаатар хотоос 1900 орчим км зайтай бөгөөд ажилтнууд ростерын хувиараар очиж ажилладаг. Энэ тохиолдолд ердийн цагийн хуваарийг баримтлан ажиллах боломжгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт зааснаар Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш байна гэсэн зохицуулалтыг мөрдөн ажилладаг болно.

Мөн уурхайн тасралтгүй ажиллагааг хангах үүднээс ростерын хугацаанд нийтээр амрах баярын өдөр таарсан тохиолдолд ажилтан амрахгүй бөгөөд харин ажилтнууд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар нийтээр амрах баярын өдөр ажилласан цалин хөлсөө 2.0 дахин нэмэгдүүлж, 53 дугаар зүйлд зааснаар илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан цалин хөлсөө 1.5 дахин нэмэгдүүлж авдаг болно. Н.Э-т олгогдсон цалин хөлсөнд ч гэсэн холбогдох бүх нэмэгдлүүд орж тооцогдсон болно.

Түүнчлэн Н.Э-ын согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь гэрч Х.Өмөрбекийн мэдүүлэг, Н.Э-ын өөрийн гараар бичсэн тодрхойлолт, цахим захидалд шүүхээс үзлэг хийсэн ажиллагаа зэрэг хуульд заасан журмын дагуу бүрдүүлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч МОК ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Н.Э- нь МОК ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтнаар ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

МОК ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дугаартай тушаалаар ажилтан Н.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9.7, 2.5.9.9, 7.5, Сахилгын дүрмийн 1.1, 5.1, 8, 12, Компанийн дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.5, 6.3.1, 6.3.2, 6.3.7, 6.3.11, 8.2.6, 8.2.12, 8.2.13 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч явсан, түүнчлэн ажлын байраа дур мэдэн орхин явж ажил тасалсан гэх зөрчил нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон байна.

3.а. Тушаалд дэд захирал Ж.Оюунчимэгийг төлөөлж М.Энхмандах гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү энэ тушаалд гарын үсэг зурах эрхийг МОК ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэгээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/098 тоот албан бичгээр гаргасан итгэмжлэлээр олгосон /1хх 225/ байх тул тушаалыг эрхгүй этгээд гаргасан гэж үзэхгүй.

3.б. Хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогч өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлд хамаарах ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тодорхойлсон бол ажил олгогч нь ажилтны гаргасан уг зөрчлийг тогтоох ажиллагааг явуулсан байх учиртай. Ажилтан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.12, 6 дугаар зүйлийн 6.3.2-т зааснаар харилцан тохиролцсон байна.

3.в. Н.Э- 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь хэмжигч багажаар түүний согтуурлын зэргийг тогтоох ажиллагаа явуулахад тэрээр хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтанд зүй бус үг хэллэг хэрэглэсэн, хэмжигч багажаар хэмжүүлэхээс татгалзсан үйлдэл нь тухайн өдөр ажил олгогч талаас хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна /2 хх 33-34/ Иймд уг үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

Тодруулбал, уг үйлдлийг бэхжүүлж авсан бичлэгт шүүх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн, хийгдсэн бичлэгийг дутуу гэх байдал тогтоогдохгүй байна. Гэрч Х.Өмөрбек, Д.Отгонбаатар нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсны улмаас анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлээгүйг буруутгах үндэслэлгүй юм. /1 хх 170-173, 2хх 21-23 дэх тал/

Учир нь гэрч Х.Өмөрбек нь Н.Э-ыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уурхайн кемпед согтууруулах ундаа хэрэглэсэн гэж мэдүүлсэн бол гэрч Д.Отгонбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажил дээр архи уух боломжгүй гэж өөрөөр мэдүүлсэн. Гэрч Х.Өмөрбек нь хариуцагч байгууллагад ажиллаж байгаа, гэрч Д.Отгонбаатар нь хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 10 дугаар зүйлийн 25-ны өдрийн 063/20 тоот тушаалаар ажлаас халагдсан баримт хэрэгт авагджээ.

3.г. Түүнчлэн, Н.Э- ажлын байрыг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр орхиж явсан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажил тасалсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Н.Э- нь Хөшөөтийн уурхайд ажиллахдаа 28 хоног кемп буюу тусгай байранд байрлаж ажиллаад, 14 хоног амардаг, байрлаж ажиллах 28 хоногийн хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нийтээр амрах баярын өдөр таарсан боловч ажилтан дээрх хуваарийн дагуу ажиллаж буй тохиолдолд уг өдрийг кемпэд байх ёстой өдөрт тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгтзаасантай нийцжээ. Түүнчлэн хариуцагч байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.3-т зааснаар ажилтан ажилдаа ирэхгүй тохиолдолд ажил эхэлснээс хойш 1 цагийн дотор шууд удирдлагадаа мэдэгдэж, ажилтны чөлөө хүсэх тухай маягтыг бөглөж өөрийн шууд удирдлагаараа батлуулж хүний нөөцийн албанд хүргүүлэхээр байгууллагын дотоод журамд заасан байна. Ажилтан уг журмын дагуу хүсэлт гаргасан гэдгийг нотлох баримт гаргаагүй.

Н.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн тухай баримт хэрэгт авагдсан боловч энэ нь түүний сахилгын зөрчил гаргасан хугацаанд хамааралгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.д. Харин ажил олгогчоос 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Үлээлгэх батлах сорил хийсэн тэмдэглэл-д Н.Э-ын сорилын дүнг 0,000 гэж тэмдэглэсэн боловч энэ нь зөрчил гаргасан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нөхцөл байдлыг тодорхойлохгүй юм.

4. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч байгууллагын гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Н.Э-ын эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/02242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Э.ЗОЛЗАЯА