Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 87

 

 

 Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 1918004200307 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, А овогт Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Д.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар” шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг бичсэн эсэргүүцэлдээ “... Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан захын харалдаа авто замын явган хүний гарцан дээр М.Гансүхийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “М” зочид буудлын зүүн талын авто зам дээр Соната-6 маркийн 0922 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3-д “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.У-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай агийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 85 дугаартай магадлалаар хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан байх, хүний амь нас хохирсон байх, их хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн аль нэг шинж байхгүй, тогтоогдоогүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан болно.

Прокурор эрүүгийн 19180004200307 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хянаад яллагдагч О.Д-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийж хавтаст хэрэгт авагдсан замын байцаагчийн дүгнэлтээр О.Д нь Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх боловч уг зөрчсөн үйлдлийн улмаас М.У-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн мэдүүлэг, зам тээврийн ослын хяналтын камерын бичлэгээр нотлогдоогүй гэж үзэж, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 16 дугаартай тогтоолоор яллагдагч О.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Г-н 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай ослын талаар гаргасан дүгнэлт нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх талаар гаргасан дүгнэлт бөгөөд тухайн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болохыг нотолсон нотлох баримт биш бөгөөд дангаараа нотлох баримт болохгүй гэж үзэж байна.

Прокурорын хяналтын шатанд хяналтын прокуророос О.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар хохирогч мэдээгүйгээс хохирогчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь прокуророос хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн оролцогч нараас хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болохоор зохицуулсан ба О.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол шийдвэрийг танилцуулж гардуулаагүй талаар яллагдагч түүний өмгөөлөгч нараас шүүхийн шатанд гомдол гаргаж улмаар 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх гомдол хүсэлтийг хянан хэлэлцэж, 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн байна.

Мөн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчийн гэм буруугийн талаарх шүүхийн хэлэлцүүлгээр дээрх гомдол хүсэлтийг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан ба анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангасан, тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байна.

2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын “тодорхойлох” хэсэгт хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг бүх талаас нь үнэлж, хэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл болон шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх талаар тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар магадлалыг дэмжиж байна. Хэрэгт прокурорын шатнаас эхлэн хууль зөрчиж эхэлсэн буюу гэнэт О.Д үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж утсаар мэдэгдсэн. Би дээд шатны прокурорт гомдол гаргах гэж очтол хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. О.Д өмнө нь зам тээврийн осол гаргаж, автомашин жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд баримтад түүнийг осол гаргасан нь тогтоогдож байна гэж заасан. Анхан шатны шүүх О.Д-ий үйлдлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаагаа тайлбарлаж чадаагүй. Анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлээгүй үндэслэлээр буцаасныг дэмжиж байна. Прокуророос О.Д-ий үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэсэн мөртлөө түүнээс хохирол гаргуулах нь зүйтэй гэсэн хоёр утгатай зүйл хэлж байна. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч М.У-д учирсан гэмтэл шүүгдэгч Д.Б-ын үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан байгаа бичлэгийг үзэхийг хүсье. Хохирогч О.Д-ий жолоодож явсан автомашиныг өнгөрч хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад Д.Б ирж дайрсан. Прокуророос О.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хохирогчид танилцуулаагүй нь зөрчил хэдий ч одоо нэгэнт арилгах боломжгүй. Нэхэмжлэлийг шийдвэрлээгүй бол хэргийг прокурорт бус анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. О.Д-ийг иргэний хариуцагчаар татсан бөгөөд түүний буруу үйлдэл байгаа бол хохирогчид учирсан хохирлыг хариуцах ёстой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан зах”-ын урд талын төв засмал зам дээр “Соната-6” маркийн 0922 ДАР улсын дугаартай авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч М.Г-тэй маргалдаж түлхэн унагаж эрүүл мэндэд нь тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

мөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын               8 дугаар багт байрлах “МБМ” зочид буудлын эсрэг талын төв засмал зам дээр “Соната-6” маркийн 0922 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.У-г мөргөж, эрүүл мэндэд нь гавлын дагзны ясны гавлын суурь луу шилжсэн хугарал, тархины дунд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун тохой, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахад шүүгдэгч Д.Б нь учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хор уршгийг арилгаагүй байхад  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ ямар нэг тодорхой үндэслэлд тулгуурлаагүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Хэдийгээр энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд багтах боловч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заасан, түүнчлэн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэм хор арилаагүй талаар маргаж байхад анхан шатны шүүх хор уршиг арилсан хэмээн дүгнэж, дээрх зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэх боловч “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ...” гэсэн нөхцөлийн агуулга бодит байдалтай хэрхэн нийцэж байгаад дүгнэлт өгөх учиртай.

Хохирогчийн зүгээс хүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг арилаагүй талаар тайлбар, гомдол гаргаж байгаа бол шүүх үүнийг арилсан гэж үзэх үндэслэлээ тодорхой заах ёстой бөгөөд үндэслэл тодорхойгүй үед хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэл болон бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэм хорын хохирлыг бодитой нөхөн төлөхөө илэрхийлж, түүнийгээ нотолсон байдал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэл зоригийг заавал харгалзан үзвэл зохино.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна.

Мөн прокурорын шатанд энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан О.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд анхан шатны шүүхийн О.Д-ий үйлдлийг хэрхэн үгүйсгэсэн талаарх хууль зүйн дүгнэлт нь хангалтгүй атлаа түүнийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэснийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

Учир нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Г-н ослын талаар гаргасан 32 дугаар дүгнэлтийн “ Жолооч О овогтой Д нь “Приус-30” загварын 9331 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1/А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна”, мөн “... осол О.Д-ий буруутай үйлдлээс болж гарсан” зэргээр О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар татсан прокурорын тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Д.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН