| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 186/2018/0513/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 34
Г.Б , Д.Б , Х , Ч.У нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Ч.У , Д.Б нарын өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүгдэгч Х гийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, иргэний нэхэмжлэгч “Ж ш л” (Ч д) Олон Улсын менериал материал компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1537 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1002 дугаар магадлалтай, Г.Б , Д.Б , Х , Ч.У нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүгдэгч Ч.У , Д.Б нарын өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүгдэгч Х нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ....овогт Г.Б, 2. Монгол Улсын иргэн, ... овогт Д.Б, 3. Монгол Улсын иргэн, ...овогт Ч.У, 4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг бүлэглэн их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б , Д.Б , Ч.У , Х /Н/ нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Б , Д.Б , Ч.У , Х /Н/ нарыг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
Хэрэгт Д.Б ын нэр дээрх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ........... тоот, 169 200 000 төгрөгийн үнэлгээ бүхий 94 м.кв ........... өрөө орон сууц, ......... байрны ....тоот 198 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 110 м.кв .... өрөө орон сууц битүүмжилснийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Б , Д.Б , Ч.У , Х нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х /Н/ гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Э.Х миний бие гэмт хэрэг үйлдээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруугийн зарчмыг буруу хэрэглэсэн.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Хэрэг мөрдөх явцад “Э.Х миний хувьд ямар нэг санаатай үйлдэл хийсэн, бусдад гэм хор учруулахад хүргэсэн байдал тогтоогдоогүй.
Хэрэгт авагдсан ...шүүгдэгч Г.Б , Д.Б нарын болон миний мэдүүлгүүд, мөн мөнгө шилжүүлж авсан маягт дээр зурагдсан гарын үсэг нь Э.Х гийн гарын үсэг биш гэдгийг нотолсон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар уг 1 сая доллараас Э.Х нь огт аваагүй нь нотлогдсон.
Давж заалдах шатны шүүх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь ...миний эрх зүйн байдлыг дордуулсныг буруу гэж үзэж байна.
Иймд цагаатгах тогтоолын Э.Х д холбогдох хэсгийг хэвээр үлдээх өөрчлөлтийг магадлалд оруулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч байна. ...2011 оны 06 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, миний бизнесийн түншлэгч Тианжин хотын “Т К”-н захирал Ш Д Ш-ий санаачилгаар “Д Т Ү” -тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахад нь зуучлалын үүрэг гүйцэтгэж, “Урамшууллын гэрээ” байгуулж харилцан тохиролцсон.
Ш Д Ш нь дээрх “Урамшууллын гэрээ’’-г хуурамчаар үйлдэж 1.2 сая долларыг залилан авсан мэтээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш эдүгээ 8 жил гаруй хугацаанд хуулийн байгууллагад шалгуулж бие махбод, сэтгэл зүй, эд хөрөнгө, бизнесийн нэр хүндээрээ хохирч, нийт 409 хоног цагдан хоригдсон. Дээрх маргаан бүхий гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр иргэний эрх зүйн хууль тогтоомжийн дагуу Ш Д Ш-ий хүсэл зоригоор хийсэн болох нь цагдаагийн байгууллагад өгсөн 1 удаагийн мэдүүлгээс тодорхой харагдана.
Тэрээр 1 удаа мэдүүлэг өгөөд 2011 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу яваад өнөөдрийг хүртэл сураггүй болсон. Мөн талуудын хооронд байгуулагдсан “Урамшууллын гэрээ” болон “Д Т Ү” -иас 1.2 сая доллар авах албан бичиг нь хүчин төгөлдөр болохыг шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр тогтоосон.
Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарч гэмт хэрэг биш гэдгийг тогтоосон байхад ...давж заалдах шатны шүүх уг хэргийг ...анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасанд маш их гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс болж дахин хичнээн жил хууль шүүхийн байгууллагаар явж шалгагдах нь тодорхойгүй боллоо.
Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах гомдол гаргасан иргэний нэхэмжлэгч нь гомдол гаргах эрхгүй этгээд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёсгүй этгээд юм.
Итгэмжлэлтэй холбоотой асуудлыг зайлшгүй ярих шаардлагатай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор С Ш Л гэх хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг. Үүнээс хойш С Ш Л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй явж байгаад анхан шатны шүүх хурал дээр Л.Ганчимэг итгэмжлэл үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Итгэмжлэлийн агуулга, огноо, эрх үүрэг зэрэгт дүгнэлт хийвэл уг итгэмжлэл нь С Ш Л -аас Л.Ганчимэгт олгогдсон гэх хууль зүйн үндэслэлгүй болдог.
1. ...Эрх үүрэг зааж олгосон итгэмжлэлээр иргэний эрх зүйн харилцааны хүрээнд компанийг төлөөлж шийдвэр гаргах, мөнгөн хөрөнгийг бусдаас шаардах, мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх итгэмжлэл гэж ойлгогддог. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн оролцогчийн эрх, үүрэг эдэлж оролцох эрхийг олгосон итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй байхад давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүх хурал хийж, улмаар үндэслэлгүй магадлал гаргасан.
Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцаанд хамаарах итгэмжлэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэхээр тусгайлан олгоогүй байхад ...шүүх хурал хийж байгаа нь бүхэлдээ хуульд нийцэхгүй.
2. Иргэний нэхэмжлэгчээр тодорхойлогдсон Л.Ганчимэг нь өөрийгөө иргэний нэхэмжлэгч гэж тайлбарлаж байх боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон зүйл огт байхгүй.
Мөн ... “ДТҮ” ХК, Г.Б нарын хооронд мөнгөтэй холбоотой харилцаа үүсээгүй нь “СШЛ-ы тайлбараас тодорхой байна. Тиймээс энэ хэрэгт С Ш Лгэх хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг.
Хэнээс, хэнд ямар шаардах эрх үүссэн болохыг зөв тодорхойлж, иргэний маргаан эсэх, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг зөв тодорхойлоогүйгээс энэ бүх ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд Л.Ганчимэгийн тайлбарлаж байгаачлан Ж ш л (Ч д) компани мөнгөө буцаан шаардах эрх нь Г.Б оос бус тодорхой гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон “ДТҮ” К-ийг хариуцагчаар татаж иргэний журмаар шаардах нь зөв юм. Өөрийгөө иргэний нэхэмжлэгч гэж тайлбарлаад байгаа Л.Ганчимэг нь анхан шатны шүүх хуралд оролцохын тулд 2 өөр итгэмжлэлийг гаргаж өгсөн байдаг. Л.Ганчимэгийн шүүхэд хэлсэн тайлбар болон итгэмжлэлийг нь харахаар доод хэсэгт нь өмгөөлөгч гэх нэг өгүүлбэр байгаа бөгөөд хэн гэдэг нь тодорхой харагддаггүй.
2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Тяньжин хотын “Тайшин” импорт, экспортын худалдааны хөгжлийн компанийн захирал Ш Д Ш-аас “Д Т Ү” К-ийн захиргаанд санал, хүсэлт, гомдол гаргах, уг гэрээтэй холбоотой асуудлаар тооцоо нийлж акт үйлдэх, түүнд гарын үсэг зурах, үлдэгдэл төлбөрийг “Ж ш л” Олон Улсын уул уурхайн компанийн данс руу шилжүүлэн авах үйлдэл хийх эрхийг олгосон итгэмжлэл, нөгөө нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ж ш л” (Ч д) компанийн “Т” импорт, экспорт худалдаа хөгжлийн компанийн захирал гэх Ш Д Ш-д “Монгол улс дахь компанийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг хариуцан шийдвэрлэнэ” гэсэн итгэмжлэл олгосон байна.
Л.Ганчимэг нь өөрт нь хамааралгүй дээрх хоёр итгэмжлэлээр шүүхийг төөрөгдүүлэх замаар уг мөнгийг нэхэмжлэх, хүлээн авах эрхтэй этгээд мэтээр хандаж илт мөнгөний ашиг сонирхлоор хандаж байна гэж үзэхэд хүргэж байгаа болно. С Ш Лнь анхан шатны шүүх хурал болон өнөөдрийн байдлаар Л.Ганчимэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх байр суурь нь тодорхойгүй байгаа.
2. Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан асуудлыг тусгах хэрэгтэй” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй. Уг нь Г.Б шүүх хурал болохоос өмнө гомдол гаргах эрхгүй этгээдийн талаарх тайлбарыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн боловч магадлалдаа энэ талаар нэг ч дурдаагүй.
Иргэний хуулийн “Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, эсхүл хүчинд автаж хийсэн хэлцэл” гэх үндэслэлүүдээр хандах эрх нь нээлттэй байсаар байхад үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл мэтээр зориудаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр хандсан нь үндэслэлгүй.
Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үүнийг улсын яллагч шүүх хурал дээр тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байхад давж заалдах шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь хамаарах ба шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх хууль зүйн боломжгүй байхад шүүхийн процессыг цааш үргэлжлүүлэх агуулгатай магадлал гаргасан нь үндэслэлгүй юм.
Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б, Ч.У нарын өмгөөлөгч Д.Түмэнжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан маргаан бүхий гэрээний гарын үсэг нь Ш Д Ш-ий гарын үсэгтэй тохирсон талаар шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг болох нь тогтоогдохгүй байна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан нь үндэслэлтэй.
Нэгэнт хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг биш болох нь тогтоогдсон тул иргэний нэхэмжлэлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “гэмт хэргийн шинжгүйгээс цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих”-оор зохицуулсны дагуу шүүхийн тогтоолын ...9 дэх хуудсанд иргэний нэхэмжлэгч ...хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байхад шүүхийн цагаатгах тогтоолд иргэний нэхэмжлэлийг хэрхэх эсэх нь тодорхойгүй гэх агуулгаар гаргасан гомдлоор хэргийг хэлэлцэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр магадлал гаргасан нь үндэслэлгүй болжээ. Энэ хэрэг 8 жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолоос өмнө 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарч байсан. Үүний дараа нөгөө талын гомдлыг хүлээн авснаар прокурор “ийг” гэж гарын үсэг зурж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийн мөн чанар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд сайн дураараа харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан цагаатгах тогтоолыг гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх оролцогч биш этгээдийн гомдлыг хүлээж авахгүйгээр шийдвэрлэх ёстой байсан боловч хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл, хохирогч гэх Ш Д Ш гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х гийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж чадаагүй. Хэрэг 9 дэх жилдээ шалгагдаж байна. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарах үед Х , Ч.У нарыг цагаатгаж, бусад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож байсан. Х маргаан гарах үед ямар нэгэн өглөг, авлагын талаар мэдээгүй.
Х 9 жил гэртээ харьж чадсангүй. Энэ хугацаанд ээж нь нас барсан, өөрийнх нь тархинд цус харвасан. Гадаад паспортоо ч авч чадахгүй байж байна. Иймд цагаатгах тогтоолын Э.Х д холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн өөрчлөлтийг магадлалд оруулж өгнө үү. Шүүгдэгч Х гийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Г.Б нарт холбогдох хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Үүнд прокурор эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан. Улсын Дээд шүүх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хэлэлцээд магадлалыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн асуудалд дүгнэлт хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан байна.
Ямар нэгэн байдлаар шинэ нотлох баримт хэрэгт цуглараагүй. Анх шийтгэх тогтоол гаргаж байсан шүүгч шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийг үнэн зөв шийдвэрлэж байгаа эсэхэд эргэлзээ төрж байна. Цагаатгах тогтоолд яллах дүгнэлтийг няцаасан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Тийм учраас давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. Хэрэв магадлалыг хэвээр үлдээх шийдвэр гарсан тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүгдэгч Ч.У ын өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүгдэгч Х нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Б, Д.Б, Х, Ч.У нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Г.Б , Д.Б , Х , Ч.У нар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш Д Ш /X D S/-д мэдэгдэлгүйгээр баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Ш Д Ш-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х гэх нэрээр үйлдэж “Д Т Ү” К-д хүргүүлж тус компани болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Т хотын Т х э и” компани хоёрын хооронд байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Ш Д Шс шилжүүлсэн 2 000 000 ам.доллараас 1 200 000 ам.долларыг “С Т Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ..... тоот, Голомт банкны ...... тоот данс руу 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Энэхүү хэргийг анхан шатны шүүх 3 удаа хэлэлцэхдээ эхний удаа 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “хэргийг прокурорт буцааж”,
2 дахь удаа 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Ч.У, Х нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Г.Б, Д.Б нарыг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,
3 дахь удаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Хэргийг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дээрх 4 шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд сүүлийн хоёр удаагийн хэргийг эцэслэсэн шийдвэрүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дүгээр зүйлд заасан шийтгэх, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хүчингүй болжээ.
Шүүх аливаа хэргийг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргах эрхтэй боловч тэрхүү тогтоол нь хэлбэр болон агуулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-36.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан байх ёстой.
Прокурор дээрх хэргийг 10 нотлох баримтаар нотолж, яллахаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх үүний эсрэг шүүгдэгч нарыг цагаатгахдаа яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэж няцаасан дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь цагаатгах тогтоолын тодорхойлох буюу шүүхийн дүгнэлт хийх хэсэгт тавигдсан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тухайлбал, цагаатгах тогтоолд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, яллах гэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь уг цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Яллах талын нотлох баримтуудаас урган гарсан агуулга, үндэслэлийг хэрхэн, юугаар няцааснаас ямар үйл баримт тогтоогдсон, улмаар хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хууль хэрэглээний ямар дүгнэлтэд хүрсэн нь цагаатгах тогтоолд огт тусгагдаагүй байна.
Шүүхээс цагаатгах тогтоол гарсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд үүнийг хангаагүй тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу ноцтой зөрчилд хамруулан үздэг тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзлээ.
Дээрх зөрчлийг сүүлийн хоёр удаад шийдвэрлэсэн шүүгч давтан гаргаж, огт дүгнэлт хийхгүй байгаа тул хэргийг хүлээн авсан анхан шатны шүүх “Шүүгчдийн зөвлөгөөн”-ий шийдвэрээр тогтсон хэрэг хуваарилах журмын дагуу өөр хэн нэгэн шүүгчид хуваарилж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд Улсын ерөнхий прокурорын газраас оролцсон прокурорын саналыг хүлээн авсан болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасан тул хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй холбоотой асуудалд шүүхээр дүгнэлт хийлгэх, энэ талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсан 97 дугаар тогтоолыг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй.
Иймд хяналтын шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж, бусад хэсгийг нь хэвээр үлдээж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1537 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1002 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцааж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу даргалагч шүүгчийг өөрчлөн томилж хэргийг хэлэлцүүлсүгэй.” гэсэн хэсэг нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүгдэгч Д.Б, Ч.У нарын өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүгдэгч Х нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН