Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02007

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02007

 

 

 

Г.Чимэдмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дүгээр шийдвэртэй, Г.Чимэдмаагийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэглсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Чимэдмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Чимэдмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Г.Чимидмаа намайг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалаар тасалбар бичигч мөнгөний нярвын ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын буюу ажил олгогчийн санаачилгаар олон улсын тасалбар түгээх кассын орон тоог 40 хүнтэй нэгжийг 26 болгож цомхтгосон. Байгууллага бүтцийн өөрчлөлт хийхдээ Монгол улсын Засгийн газар, харьяа Зам тээврийн яамнаас нь байгууллага салбар нэгжид зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийсэн, тодорхой ажлын байр, орон тоо хасагдсан тухай тогтоол, журам заавар баталж гараагүй байхад өөрсдийн санаачлагаар нэг төрлийн ажлын байран дээрх хэд хэдэн ажилтнаас заримыг үлдээж, заримыг нь чөлөөлсөн. Миний ажлын байр хасагдаагүй, ажлын байрны орон тоо цөөрүүлсэн нь бодитой бус байхад намайг орон тоо цөөрүүлсэн гэх нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, орон тооны цомхтгол хийхдээ хуульд заагаагүй үндэслэлээр хийсэн. Орон тоо цөөрүүлэх зорилгоор явуулсан гэх шалгалтын удирдамж нь хэзээнийх болох нь тодорхойгүй, огноо байхгүй байсан. Салбар нэгжийн бүтцийн өөрчлөлт хийхдээ харьяа яамнаас орон тоо цомхтгох төсөлд хамрагдах ажиллагаа хийгддэг атал энэ ажиллагаа хийгдээгүй, өөрсдийн санаачилгаар орон тооны цомхтгол хийсэн. Ажилдаа эгүүлэн тогтоолгосны дараа ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах болно. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Чимидмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын салбар нэгж болох Тасалбар худалдаалах төвийн орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг зарим нэр бүхий ажилтанд өгсөн. Гэтэл тасалбар худалдаалах төвийн ажилтнууд гарын үсэг зурж гомдол гаргасан тул Зорчигч үйлчилгээний албаны дарга, Хуулийн зөвлөх, Зорчигч үйлчилгээний албаны ахлах байцаагч, Дотоод хяналтын албаны байцаагч, Үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөх нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллан тухайн асуудлыг шийдвэрлэсэн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар батлуулсан Мэргэжил, ур чадварын шалгалтын удирдамж гарсан. Удирдамжийн гол зорилго нь дурдсан албан тушаалын орон тоог хасч байгаатай холбогдуулан дээрх ажилтнуудаас мэргэжил, ур чадварын шалгалт авч, сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд Г.Чимидмаа нь 41.7% буюу хангалтгүй үнэлгээ авсан. Давтан шалгалт явуулахад мөн 46.7% хангалтгүй оноо авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын баталсан орон тооны өөрчлөлтөөр Тасалбар бичигч-мөнгөний нярвын орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын өмнө буюу 5 дугаар сарын 07-ний өдөр мэдэгдсэн. Улмаар Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалаар Г.Чимидмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэсэн. Г.Чимидмаатай 3 удаа уулзаж, өөр ажлын байр санал болгосон боловч тэрээр хүлээн аваагүй. Түүнтэй ижил үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн өөр ажилтанд мөн адил санал тавихад хүлээн авч, одоо орон тоо нь жинхлэгдсэн байгаа. Нийт 40 орон тоотой байснаас 26 болж буурсан. Иймээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдлага тасалбар бичигчийн ажлын байрыг цөөрүүлэх шийдвэр гаргасан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Чимидмааг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-мөнгөний нярвын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагатай нийцэхгүй байгаа бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн мэтгэлцээний үед шүүхэд мэдүүлсэн хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг тус тус үндэслэж гарсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлах гол үндэслэл нь сонгон шалгаруулалт явуулах юм. Г.Чимэдмаа болон бусад ажилчидтай хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа Сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргаж, шалгалтын комисс шалгалтыг удирдамжийн дагуу 2 үе шаттай авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг баримтлан жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудаас бусад ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулсан. Монгол Улсын Дээд Шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 03-ны №33 тогтоолын 15.1.2-д орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заалтын дагуу ажилтны тоог цөөрүүлэх -дээ ажилчдын мэргэжил ур чадварыг харгалзан үзсэн. Нэг төрлийн ажлын байран дээрх хэд хэдэн ажилтнаас заримыг нь үлдээж, заримынх нь гэрээг дуусгах төлөвлөгөө гаргасны дагуу тус үйл ажиллагаа явагдсан. Тус сонгон шалгаруулалтад ажилтан Г.Чимэдмаа хангалтгүй оноо авч ажлын байраар хангах боломжгүй болсон. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ганцхан Г.Чимидмааг сонгож, дур зоргоор субъектив хандлага гаргаж халаагүй, харин урьдчилан мэдэгдэж, удирдамж батлагдаж, 2 үе шаттайгаар, давтан шалгалт авсан. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шалгалтад Тасалбарын нярав Г.Чимидмаа нь 41.7% буюу хангалтгүй үнэлгээ авсан. Давтан шалгалтыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр явуулахад 46.7% мөн адил хангалтгүй оноо авсан юм. Өөрөөр хэлбэл, орон тоог цөөрүүлсэнтэй холбогдолтойгоор 14 орон тоог дараах байдлаар зохицуулсан. Үүнд: 3 ажилтан өндөр насны тэтгэвэрт, 4 ажилтанг өөр албан тушаалд, 2 ажилтанг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдах газарт, 5 ажилтантай хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Ажил олгогч ажилтны дунд сонгон шалгаруулалт явуулж байгаа нь хамгийн шударга хэлбэр бөгөөд сонгон шалгаруулалт орж байгаа энэ үйл явдлыг хэн ч үгүйсгээгүй, хууль бус гэж маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Чимэдмаа нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажилтны тоог цөөрүүлсний улмаас ажлаас чөлөөлсөн, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Г.Чимэдмаа нь хариуцагч байгууллагын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар тасалбар бичигч, мөнгөний нярвын ажил, албан тушаалд томилогдон, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалснаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, тушаалын болон хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 5-7 , 29 дүгээр тал/

Ажил олгогчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн талаараа ажилтны тоог цөөлүүлсэн гэж тайлбарласан.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, тасалбар худалдаалах төвийн орон тоо, ажилтны тоог цөөрүүлсэн үйл баримт, нөхцөл байдал болон ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалын үндэслэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу байна. Хэргийн 33-37, 93-95,106 дугаар талуудад авагдсан Улаанбаатар төмөр зам-ын Тасалбар худалдаалах төвийн дүрмийн хуулбар, тус төвийн орон тоог баталсан баримтын хуулбар, төвийн бүтцийг зохион байгуулах комиссын илтгэх хуудас, зохигчдын тайлбараас үзвэл тус төвийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, 40 ажилтан байснаас 26 болж цөөрсөн учраас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн байна.

Талууд орон тоо цөөрсөн талаар маргаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдах, ажилтны тоог цөөрүүлэх нь ялгаатай ба Г.Чимэдмаагийн хувьд нэг ижил орон тооноос тодорхой тоогоор цөөлсөн тул ажилтны тоог цөөрүүлэх үндэслэлд хамаарсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын тасалбар бичигч, нярвын орон тоо хасагдаагүй, харин тасалбар бичигч нярвын тоо цөөрсөн болно.

Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн дүрмийн 3.2-т Төвийн зохион байгуулалтын бүтэц, ... орон тоо, цалингийн санг УБТЗ-ын дарга тогтоож батална. гэжээ. Мөн тус төвийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллах орон тоо, цалингийн төсвийг Улаанбаатар төмөр замын дарга баталж, гарын үсэг зуран тэмдэг дарж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 106 дугаар тал/ Тасалбар худалдаалах төвийн орон тоог баталсан баримтад зурсан гарын үсэг, тэмдгийг хэргийн 34 дэх талд авагдсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн тушаал дахь гарын үсэг, тус хуулийн этгээдийн тэмдэгтэй харьцуулан үзвэл тохирч байна. Иймд тус төвийн орон тоо, цалинг дүрэмд зааснаар Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга тогтоосон байна. Эдгээрээс дүгнэхэд Тасалбар худалдаалах төвийн орон тоо, ажилтны тоо цөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон байх ба ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасантай нийцсэн. Ажилчдыг цомхтгож цөөрүүлэхдээ шалгалт авч, тэдний авсан оноог үндэслэл болгосон байх тул ажилчдыг ялгаварласан гэж үзэхгүй. Ажилтанд ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгч 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт нийцсэн. Хэргийн баримтаар нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлж эрхийг нь зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

Иймд ажилтныг ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлд хамааруулж ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй, ажил олгогчийн тушаалыг хууль бус гэж үзэх нь учир дутагдалтай, Г.Чимэдмааг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоох үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс ажилтныг хууль бусаар чөлөөлсөн гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай П.Чимэдмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ