Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00933

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00933

 

 

Эн Эн Жи Юу ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00240 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Юниланд ХХК-д холбогдох

 

-               Ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг засварласан зардалд 79 694 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

-               Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 9 873 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мөнхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнчимэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХК нь Юниланд ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 015/55 дугаар гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр өөрийн компанийн барьсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын Залуу гэр бүл-2 216 айлын орон сууцны барилгын гадна талбайд ажил гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээгээр тохиролцохдоо 1126 м.кв талбайг бетондуулахдаа бетон зуурмагийг нь худалдан авч өгөхөөр тохирсоны дагуу 27 808 000 төгрөгийн үнэтэй зуурмаг ЭДТ ХХК-аас худалдан авч өгсөн. Мөн нэхэмжлэгч компани 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 015/55 дугаар гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний 5-д зааснаар төлбөрийг хугацаанд нь хийсэн. Юниланд ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа эхэлж, манай талд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бетондсон, мөн гэрээний 4.3-д зааснаар дулааны улирал болох 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хооронд өнгөлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг ирж гүйцэтгэх байсан боловч ямар нэг хүлээлцэх акт үйлдээгүй. Гэрээний хавсралтад заасан 10 ажлаас 2, 9, 10-т заагдсан ажлаас бусад ажлыг огт хийгээгүй, 4-т заасан бетондох ажил нь чанаргүй хийгдсэнээс болж хавар газар гэссэний дараа зүгээр л саарал шороо болж хувирсан.

Манай компани барилгын ажлаа хийж дуусгаад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр комисс ажиллуулсан. Энэ үед Юниланд ХХК-ийн хийсэн талбай цөмөрч ашиглах аргагүй болсон байсан. Ингээд Юниланд ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 016/64 дугаар албан тоот, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 016/95 дугаар албан тоот, 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 016/280 дугаар албан тоотуудаар хандаж, гэрээний 3.3, 12.1-д заасны дагуу өөрийнхөө хөрөнгөөр засварлахыг шаардсан албан шаардлагыг тус тус хүргүүлсэн боловч удтал шаардуулж байж Юниланд ХХК-ийн ерөнхий захирал Л.Шижирбаатар ирж уулзсан ба бид удахгүй мөнгөтэй болно, одоо хүн хүч, тоног төхөөрөмжөө зөөвөрлөн хүргэх санхүүгийн боломж байхгүй тул гэрээний 1.3, 5.3-д зааснаар мөнгөө төлчих, маргааш ирээд ажлаа дуусгана гэж хэлсэн. Ингээд манай зүгээс гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 1 922 300 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төлсөн боловч хариуцагч байгууллага ирээгүй. Байр захиалсан айлууд орох болж гарцаагүй байдалд орсон тул манай компани дахин Прайм капитал ХХК-тай 25 020 000 төгрөгийн гадна талбай тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дутуу ажлыг гүйцэтгүүлж, хөрөнгө, цаг хугацаагаар хохироод байна. Иймд хариуцагчаас бетон зуурмагийн үнэ 27 808 000 төгрөг, хийгдээгүй ажлын хөлс 31 912 000 төгрөг, дахин шинээр хийлгэсэн хөлс 25 020 000 төгрөг, нийт 84 740 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг давхардуулан нэхэмжилсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 11 046 000 төгрөгөөр багасгаж, 73 694 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Юниланд ХХК-ийн захирал Л.Шижирбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эн Эн Жи Юу ХХК-тай гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний хавсралтаар заагдсан ажлуудыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Хөрс хуулалт, бетон хучилт зэрэг ажлуудыг өвлийн улиралд хийж болохгүй талаар сануулсан ч барилгаа хурдан ашиглалтад өгөх хэрэгтэй, тайлбар хэрэггүй гэсэн тул бид захиалагчийн шахалтын дагуу ажлаа эхэлсэн. Гэрээнд заагдсан бетон хучилтын ажил хийгдэхийн тулд зайлшгүй хөрс хуулж, хуулсан хөрсний гадаргыг индүүдэн тэгшилж, бетон хучилтаа хийхдээ майхан хучилт хийж, пуужин тень тавьж хатаах, хучилтыг индүүдэж тэгшлэх гэсэн ажлууд хийгддэг. Бид гэрээний дагуу дээрх ажлуудыг /гэрээний 1,2,3,4,9,10/ горимын дагуу хийж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. Мөн дээрхээс гадна хогийн сав, сандал зэргийг гэрээний дагуу шаардлага хангасныг хүлээлгэж өгсөн ба хүүхдийн тоглоомын талбайд резин наах, тоглоом угсрах ажлуудыг /5,6,8/ хийж дуусгасан. Манай компани болон ажлын багийг ажил гүйцэтгэх явцад захиалагч тал ажлын хөлсийг тохирсон хугацаанд өгөхгүй чирэгдэл үүсгэж байсан бөгөөд гэрээнд зааснаар ажил эхлэхэд 30 хувь, ажлын 70 хувийг хийхэд 40 хувь, ажил дуусаж хүлээж авснаар үлдсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч хуваарьт хугацаанд төлбөрөө төлж чадаагүй. Нэхэмжлэгч тал барилгаа 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр улсын комисст өгөх гэтэл талбай цөмөрсөн, үүнийг дахин хийлгэсэн гэж үндэслэлээ тайлбарласан нь өвлийн улиралд хийж болохгүй зүйлийг шахаж шаардаж хийлгүүлчихсэн хүмүүсийн хувьд гаргаж боломгүй зүйл байна. Манай компанид болон ажлыг гүйцэтгэсэн хүмүүст ингэж талбай цөмөрсөн талаар албан шаардлага нэг ч удаа хүргүүлж байгаагүй, засаж сайжруулахыг сануулж байгаагүй. Нэхэмжлээд байгаа бетон зуурмагын хувьд бетон хучилт хийх материалыг нэхэмжлэгч өөрөө нийлүүлэх үүрэгтэй, энэ тал дээр бид ямар нэгэн оролцоо байхгүй. Ажил хүлээлгэж өгөхдөө талууд хамтарсан акт үйлдэж, хийсэн ажлуудыг нэг бүрчлэн бичиж хяналтын ерөнхий инженер н.Мөнхсүрэн гарын үсгээ зурж хүлээж авсан. Гэрээний 4.3-т заасан зам талбай өнгөлөх, тэмдэг, тэмдэглэгээ хийх төлбөр 3 000 000 төгрөг байдаг. Үүнийг нэмэлт гэрээ байгуулж шийднэ гэж заасан. Захиалагч компани нь манайхтай ямар нэгэн нэмэлт гэрээ байгуулаагүй. Тэдний өөрийнх нь сонгосон, өгсөн зуурмагаар л ажлыг гүйцэтгэсэн ба өвлийн улиралд хийх бетон зуурмаг стандартаараа 350-400 марктай байх ёстой боловч нэхэмжлэгч тал 250 марктай бетон нийлүүлснийг манай талаас сүүлд мэдсэн. Нийлүүлсэн материалын чанарын шаардлагыг бид хариуцах боломжгүй бөгөөд тухайн үед маркыг нь мэдэх  боломжгүй байсан. Төлбөрийн хувьд дансаар 29 912 200 төгрөг, бэлнээр 1 500 000 төгрөг, нийт 31 512 200 төгрөг ажлын хөлсөнд авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Юниланд ХХК-ийн захирал Л.Шижирбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Талуудын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нийт төлбөр нь 38 446 000 төгрөг бөгөөд энэ нь гэрээний хавсралт 1-д тусгасан 10 ажлын нийт төлбөр юм. Бид 10 ажлаас 1 ажил буюу гадна талбайн гэрлийн тохижилтыг нь хийгээгүй. Үүний төлбөр нь  1 000 000 төгрөг байсан тул нийт төлбөрөөс хасч 37 446 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн юм. Гэрээний хавсралт 2-т зааснаар гадна зам талбайн ажлын үнийн санал гэж тусгаж гэрээнд заагдсанаас өөр илүү ажил хийсэн хөлсөндөө 3 840 000 төгрөг авахаар тохирсон. Тиймээс гэрээнд заагдсан ажлын хөлс 37 446 000 төгрөг дээр нэмэлт ажлын хөлс 3 840 000 төгрөгийг нэмж нийт 41 286 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Үүнээс манайх захиалагч талаас хүлээн авсан 31 412 200 төгрөгийг хасч үлдэх 9 873 800 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал гэрээнд заагдсан ажлуудыг бүрэн хийсэн, хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл одоогоор тогтоогдоогүй байгаа тул цуцлах боломжгүй юм. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд гэрээгээр тохирсон ажлыг хийж дуусаагүй байхад гэрээг цуцлах талаар талуудын эрхийг заасан байдаг. Талууд 38 446 000 төгрөгөөр гэрээний үнийг тохирч ба гэрээнд заасан ажлуудаас гэрээний хавсралт нэгийн 2-т заасан хөрс суулгалт, 9-д заасан пандус, 10-т заасан том талбайг тойруулж хийсэн бордюр зэрэг нь чанарын шаардлага хангаж эвдэрч гэмтээгүй тул энэ ажлуудын төлбөрийг нийт өгсөн зардлаасаа хасч нэхэмжилсэн. Хариуцагч 41 286 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Ажил гүйцэтгэгч компанийн чанаргүй ажлын үр дүнд манай компани хохирч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч  Юниланд ХХКомпаниас 69 718 000 төгрөг /жаран есөн сая долоон зуун арван найман мянган/ төгрөг гаргуулан Эн Эн Жи Юу ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 246 000 /дөрвөн сая хоёр зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХКомпаниас 6 534 000 /зургаан сая таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж хариуцагч Юниланд ХХКомпанид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  3 339 800 /гурван сая гурван зуун гучин есөн мянга найман зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 581 651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Юниланд ХХКомпаниас 506 540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХКомпанид олгож, хариуцагч Юниланд ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХКомпаниас 119 494 төгрөг гаргуулж хариуцагч Юниланд ХХКомпанид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Бидний зүгээс 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гадна зам талбай, тохижилт хийсэн актаар нотлогдож байгаа болно. Анхан шатны шүүх Эн Эн Жи Юу ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэхийг шаардсан гэх албан тоотыг манайх хүлээж авсан гэх баримт нотолгоо байхгүй, нөгөө талаас хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт байхгүй байсаар байтал нотлох баримтыг нэг талыг барьж үнэлсэн. Мөн хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулах тухай анхан шатны хурал эхлэхээс өмнө хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн. Хариуцагч талын гэрээний хавсралтанд заасан хогийн сав болон сандлыг хөлсний машинаар хүргүүлсэн ба уг машиныг жолоодож явсан жолоочийг гэрчээр оруулах хүсэлтийг хүлээн аваагүй.

Гэрээний 8.2.2-т заасны дагуу захиалагч тал барилгын материалыг гаргасан тохиолдолд түүний эрсдлийг бүрэн хүлээхээр заасан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч тал өөрсдийн бетон авдаг газраасаа авна гэсээр бетон зуурмагыг өөрсдөө хүлээн авч гарын үсэг зурснаас биш түүний орц, марк ямар хэмжээтэй байгааг мэдэх боломжгүй байсан юм. Өвлийн улиралд 250 маркийн бетоноор ажлыг хийж болохгүйг бид урьдчилан сануулж хэлсэн. Захиалагч талын нийлүүлсэн бетон зуурмагын дагуу хийсэн ажлын бетоны чанараас үүссэн доголдлыг бид хариуцах нь зүй ёсонд нийцэхгүйгээс гадна захиалагч тал мөн энэ үүргээ ухамсарлан ийм үйлдэл гаргахгүй байх ёстой. Үүнийг анхан шатны шүүх гүйцэтгэгч талын буруу мэтээр үнэлж дүгнэсэн. Захиалагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй байгаа байдал нь эргээд бидэнд хохирол учирч байсныг шүүх дутмаг үнэлсэн байна. Хариуцагч талаас өөрсдийн хохирсон гэх нотлох баримтаар зөвхөн 2 хуудас зураг, мөн өмнө нь өөрийнхөө компанийн захирал байсан хүнтэй гэрээ байгуулж дахин ажил гүйцэтгэсэн мэтээр харагдуулж шүүхэд хуурамч гэж үзэж болохоор нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Хохирлын хэмжээг энгийн хүний нүдээр хараад тодорхойлох боломжгүй, бетон цутгалтын талбайн болон материалын тооцоог зөвхөн 1 ширхэг зургаар тодорхойлох нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Үүнд тусгай мэдлэг шаардагдах тул шинжээч томилуулах хүсэлтийг мөн гаргасан боловч хүлээж аваагүй. Хэргийн гол ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхойлох хохирлын үнэлгээг хэрхэн гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдахгүй. Мөн өөрийн компанид ажиллаж байсан хүнтэй өөр компанийн нэрээр гэрээ байгуулан бэлэн мөнгө өгсөн, авсан баримт нь үндэслэлгүй юм. Үнэхээр төлбөр өгч, авсан баримт байдаг бол санхүүгийн тайлан болон татвар төлсөн тухай баримтыг талуудаас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг мөн л хүлээж аваагүй. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс мь бодитойгоор харьцуулан үнэлээгүй. Бидний эрх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 47, 36 дугаар зүйлийн 38.6, 25 дугаар зүйлийн 25.1.3-т тодорхой заасан ба энэ эрх, үүргийг хэрэгжүүлэх боломж шүүх олгоогүй хэт нэг талыг барьсанд гомдолтой байна. Иймд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/00240 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХК нь хариуцагч Юниланд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг засварласан зардалд 79 694 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 9 873 800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан ЭТД ХХК болон Эн Эн Жи Юу ХХК-ийн байгуулсан бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээний дагуу хийгдсэн бетон зуурмагийн дагалдах баримт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, шаардах хуудсууд нотлох баримтаар авагдсан байна. Хариуцагч талаас дээрх нотлох баримтыг эс зөвшөөрөн маргаж, худалдагч талыг төлөөлөн дээрх гэрээнд гарын үсэг зурсан Э.Бат-Амгалан нь өмнө нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХК-д ажиллаж байсан, нэг компанид ажиллаж байсан хүмүүс гэрээний хоёр тал болж гарын үсэг зурсан нь эргэлзээ бүхий байна гэж тайлбарлан, уг нөхцөл байдлыг тодруулахаар Эн Эн Жи Юу ХХК-ийн санхүүгийн татварын тайланг холбогдох татварын газраас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2018/01358 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн гадна талбайд цутгасан бетон зуурмаг чанарын шаардлага хангасан эсэх, уг доголдол гарсан асуудалд гэрээний талуудын хэн нь буруутай талаар маргаж, өөр өөрөөр тайлбарласан байхад шүүх уг асуудлыг нарийвчлан тодруулаагүй байна.

Нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХК-иас хариуцагч Юниланд ХХК-д хаягласан 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 016/64 тоот, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 016/95 тоот, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 016/230 тоот албан бичгүүд нотлох баримтаар хэрэгт авагдсан байх ба хариуцагч байгууллага дээрх албан бичгүүдийг хүлээн аваагүй, манай компанид дээрх ажлыг засаж сайжруулахыг нэг ч удаа сануулж байгаагүй гэж маргасан байхад шүүх уг асуудлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх-ийн 53, 55, 57 тал/

Мөн хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор сандал болон хогийн сав зэргийг хөлсний машинаар ачуулан нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн тул уг хөлсний автомашины жолооч Д.Батсайханг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй байна. Нэхэмжлэгч Эн Эн Жи Юу ХХК сандал болон хогийн савыг нийлүүлээгүй, хариуцагч Юниланд ХХК хөлсний машинаар ачиж хүргүүлсэн гэж маргаж байгаа тохиолдолд хөлсний машины жолооч Д.Батсайханг гэрчээр асуух нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Түүнчлэн хариуцагч Юниланд ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр С.Оргилд итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байхад анхан шатны шүүх С.Оргилд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулах ажиллагааг огт хийгээгүй байна. Энэ нь талуудын тэгш байдал, тэдгээрийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан гэж үзэхгүй.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00240 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Юниланд ХХК-ийн төлсөн 506 540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО