Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 121

 

          Б.Б-, Л Г М- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, Г.Энхтүвшин, хохирогч, иргэний нэхэмжлэгч “***”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Д.Наран, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 721 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1069 дүгээр магадлалтай, Б.Б-, Л Г М- нарт холбогдох 1702002090079 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Гэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш мэргэжилтэй, “**” ХХК-ийн захирал ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, Ш г овогт Б-ы Б,

2. Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-ын Тиан Жин хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, гадаад худалдааны менежер мэргэжилтэй, “***” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, Л овогт Г М /L G/.

Л Г М-, Б- нар БНХАУ-ын иргэн Ц Ж И, Ф Л Ж нартай бүлэглэн, 2017 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 сарын 30-нийг хүртэлх өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хот болон Монгол Улсын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадаад улсын арилжааны банкны хуурамч цахим картуудыг хуурамч болохыг мэдсээр байж ***-ны пос терминал төхөөрөмжинд уншуулж, олон удаагийн хандалтаар ашигласан, түүнчлэн эдгээр картыг ашиглан ***наас 172,913,723 төгрөг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л Г М- нарыг бүлэглэн “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн,

“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Б-, Л Г М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-, Л Г М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд, уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ялыг нэмж, тэдгээрийн эдлэх ялыг нийт 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Л Г М-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийтгэж,

шүүгдэгч Б.Б-, Л Г М- нарын насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... шүүгдэгч Б.Б-, Л Г М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт оруулж,

 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Б.Б-г ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Л Г М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил хорих ялаар” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7,000,000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж, торгох ялын хэмжээг 17,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Б-гийн нийт цагдан хоригдсон 200 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон торгох ялаас 3,000,000 төгрөгийг хасч тооцож, шүүгдэгч Б.Б-гийн торгох ялын хэмжээг 14,000,000 төгрөгөөр тогтоож, Л Г М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж, нийт 3 жил хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-г нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Л Г М-, түүний өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, шүүгдэгч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор О.Гэрэл бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-, Л Г М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэсэг болгон зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь “Залилах” гэмт хэрэг нь хохирогчийг төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, хохирогч нь гэмт хэрэг үйлдэж буй этгээдтэй тодорхой харилцаанд орж, итгэж үнэмшин өөрийн өмчлөлийн зүйлийг өөрийн хүсэл, зоригоор шилжүүлэн өгөх шинжтэй байдаг. Б.Б-, Л Г М- нарын үйлдлийг хохирогчид огт мэдээгүй, шүүгдэгчид нь бэлэн мөнгө олгох машин буюу техниктэй харилцаж, цахим мэдээллийг агуулсан чип бүхий төлбөрийн картыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийн арга болгосон байхад давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөний зэрэгцээ, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр эсэргүүцэл бичив. Мөн магадлалын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийг 17.8 гэж техникийн шинжтэй алдаа гарсан байх тул залруулга хийлгэхээр улсын яллагчийн санал гаргаж байна” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйл, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдэд буруутгагдсан. Хуурамч карт ашиглах гэдэг нь дансанд байгаа мөнгөөр төлбөр тооцоо хийхийг ойлгоно. Тэгэхээр эд зүйлийг нууцаар авсан буюу ***ны мөнгийг нууцаар авсан гэдэг нь үндэслэлгүй буюу аваагүй. Мөн нууцаар үйлдсэн шинж байхгүй буюу тухайн үед *** картын гүйлгээн дэх хяналтаа хэрэгжүүлж байсан. Ийм учраас миний үйлчлүүлэгч нарын үйлдлийг давхар зүйлчилсэн нь буруу.

Гагцхүү гэр бүлийн хүмүүс учраас эхнэр нь хоригдоогүй гэсэн байр суурьнаас гомдол гаргаагүй. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “бид ямар нэгэн эд зүйлээ алдаагүй, гадаадын иргэнд виза картын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу мөнгийг төлж, улмаар нэхэмжилж байгаа” гэдгийг хэлсэн. Хохирол төлбөрийг бүрэн төлсөн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин хэлсэн саналдаа “Хохирол бүрэн төлөгдөж, хор уршиг арилсан. Б.Б- нь бага насны хоёр хүүхэдтэй, хөхний хорт хавдартай. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж хэргийн зүйлчлэлд маргаж, гомдол гаргаагүй. Үйлчлүүлэгч маань хэргийн зүйлчлэлд маргахгүй, шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж биелүүлнэ гэсэн учир түүний хүсэлтийг дамжуулж оролцож байна” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, хохирогч нь гэмт хэрэг үйлдэж буй этгээдтэй тодорхой харилцаанд орж, итгэж үнэмшин өөрийн өмчлөлийн зүйлийг өөрийн хүсэл, зоригоор шилжүүлэн өгөх шинжтэй байдаг. Б.Б-, Л Г М- нарын үйлдлийг хохирогч нар огт мэдээгүй, шүүгдэгч нар нь бэлэн мөнгө олгох машин буюу техниктэй харилцаж, цахим мэдээллийг агуулсан чип бүхий төлбөрийн картыг ашиглан бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан. Иймд эсэргүүцлийг дэмжиж байна.

Мөн энэ хэрэгт шалгагдсан Ц Ж И, Ф Л Ж нарын хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тусгаарласан. Эдгээр иргэд хэдийгээр Монгол улсын хилээр гараагүй гэх боловч интерполоор эрэн сурвалжлагдаж, гадаад паспорт нь хураагдсан. Хилийн хориотой байсан боловч хуурамч нэр ашиглаж хилээр гарсан нөхцөл байдал харагдаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Гэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-, Л Г М- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Л Г М-, Б- нар бусадтай бүлэглэн 2017 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 сарын 30-нийг хүртэлх өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хот болон Монгол Улсын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадаад улсын арилжааны банкны хуурамч цахим картуудыг хуурамч болохыг мэдсээр байж ***-ны пос терминал төхөөрөмжинд уншуулж, олон удаагийн хандалтаар ашигласан, түүнчлэн эдгээр картыг ашиглан “ХААН” банкнаас 172,913,723 төгрөг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-, Л Г М- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, түүнчлэн цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-, Л Г М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь залилах гэмт хэргийн бусдын өмчийг хулгайлах гэмт хэргээс ялгарах үндсэн шинж нь хохирогчийн хандлага, субъектив шинж чанар байдаг бөгөөд тэрээр хууран мэхлэх болон итгэлийг нь эвдэж буй гэмт хэрэгтний үйлдэлд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгч байдаг бол хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэгтэн эд хөрөнгийг нь нууц, далд аргаар өөртөө шилжүүлэн авдаг тул хохирогчид дээр дурдсан хандлага, субъектив шинж чанар үгүйсгэгдэж байдаг.

Тодруулбал, залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт хэрэгтэнтэй бодит байдлаар харилцаж байгаа, оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт хэрэгтний зүгээс ашиглаж буй хууран мэхлэх арга хэрэгсэл, үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байгаа хүн байдаг. Гагцхүү энэхүү бодит харилцаанд орох явцдаа төөрөлдөх нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно.

Санхүү, мөнгөний бэлэн бус төлбөр тооцооны шинэлэг арга хэрэгсэл болох цахим картын гүйлгээ нь хүний бодит оролцоог ашигладаггүй, харин цахим тооцооллын суурь боломжинд тулгуурлан боловсруулсан автомат систем бүхий үйлдэл байдаг тул уг системд хууль бус халдлага, хандалт хийж, төлбөрийн мөнгөн хөрөнгийг авч ашиглах үйлдэл бол бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх, цахим картын олон удаагийн хууль бус хандалтын аргаар бусдын мөнгөн хөрөнгийг хулгайлсан шүүгдэгч нарын үйлдлийн шинжийг буруу тайлбарлан, тэднийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруу дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилснийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны шинж, гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаанд илэрхийлж буй байдал, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, бага насны хоёр хүүхэдтэй, мөн биеийн эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзвэл шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ялыг зохистой хэмжээгээр өөрчлөн хөнгөрүүлж оногдуулах боломжтой байх тул анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил болгох, түүнчлэн мөн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг, торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Б-д оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, прокурор О.Гэрэлийн бичсэн эсэргүүцлийн “...давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэрэг болгон зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1069 дүгээр магадлалыг хүчингүй болгож,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 721 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.3, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”, 

шийтгэх тогтоолын 3 дахь заалтын шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Гэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН