Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00066

 

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00066

 

 

Сиби энержи монгол групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03503 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Сиби энержи монгол групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Журмак ХХК-д холбогдох,

 

Нэмэлт гэрээ байгуулсан болон гэрээний зүйлийг хүлээж авсан болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Бат-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Оюунхишиг

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Уянгасайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБНГУ-ын ДВ Ойл трейдинг ГмбХ компанийн захирал В.Дерхогтой Журмак ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганбат уулзан, замын витум худалдан авахаар тохиролцож, нийт 100 000 метр тонн хүртлэх хэмжээний нефтийн гарал үүсэлтэй бүтээгдэхүүн худалдан авахаар 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот гэрээ байгуулж, гарын үсэг зурж, тамга дарсан. Уг гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ, хугацаа, үнийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцохоор заасан учир тэд 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3 тоот нэмэлт хэлцлээр ПБВ-90 маркийн замын битумыг 1 метр тонныг 865 ам.доллараар нийт 1680 метр тонн витумыг 1 453 200 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон.

Эдгээр гэрээний дагуу ДВ Ойл трейдинг ГмбХ компани 2014 оны 01 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд 32 вагоноор 630.4 метр тонн, 16 вагоноор 315.2 метр тонн, 30 вагоноор 591.0 метр тонн битумыг Журмак ХХК-ийн нэрээр ачиж илгээснийг хүлээн авсан болох нь баталгаажсан.

Бараа хүлээн авсан бичгийг үндэслэн ДВ Ойл трейдинг ГмбХ компанийн Коммерцбанк дахь дансанд Журмак ХХК, Богат Ойл ХХК-иудаас дээрх битумын төлбөрт бүгд 720 000 ам долларыг шилжүүлж, 569 159 ам долларын төлбөр төлөгдөөгүй үлдсэн.

Дээрх үлдэгдэл төлбөрийг ДВ Ойл трейдинг ГмбХ компанийн зүгээс Журмак ХХК-д хандан гэрээгээр тохирсон торгуулийн хамт яаралтай төлж барагдуулах шаардлагыг удаа дараа хүргүүлэх явцад Журмак ХХК-ийн ерөнхий захирал Т.Мяндагмаагаас ДВ Ойл трейдинг ГмбХ компанид хандан дараах хариуг өгсөн. Үүнд: 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15029 тоот албан бичгээр 1.536.6 мт ПБВ 90 бүтээгдэхүүнтэй холбоотой гэрээг ноён А.Ганбат Журмак компанийн удирдах албан тушаалтнуудад мэдэгдэлгүй байгуулсан. Мөн ПБВ-г худалдан авахаар манай компаниас ямар ч хөрөнгө зарцуулагдаагүй. Бүтээгдэхүүнийг ямар хөрөнгөөр худалдан авсан, бүтээгдэхүүний борлуулалтын орлого хаашаа ордог талаар бидэнд ямар ч төсөөлөл алга, манай компанийн дансанд ПБВ-тэй холбоотойгоор мөнгө гуйвуулсан, хүлээн авсан гүйлгээ байхгүй бөгөөд ноён А.Ганбат манай компанид ажиллахаа больсон. Бид танай байгууллагаас ирсэн өр барагдуулах талаарх асуудалд хариулахыг түүнд уламжилья гэсэн хариу өгсөн.

Ийнхүү Журмак ХХК-ийн одоогийн удирдлага өмнө нь байгуулсан гэрээг үгүйсгэх төлбөр тооцооны асуудлыг өөрсдөөсөө зайлуулах хандлага гаргах болсон ба ДВ Ойл трейдинг ГмбХ компани иргэн А.Ганбаттай бус, Журмак ХХК-тай гэрээ байгуулж, барааг зээлийн нөхцлөөр нийлүүлсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Зам тээврийн яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгж. Нэхэмжлэлд дурдсан авто замын битум худалдан авах хэрэгцээ шаардлага байдаггүй бөгөөд А.Ганбат манай компанийн нэр, тамга тэмдгийг ашиглан 2013-2014 онд ДВ Ойл трейдинг ГмбХ компанитай гэрээ хэлэлцээр хийсэн.

Манай компани битумыг аваагүй. А.Ганбат компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш бөгөөд битум худалдан авах ажиллагаанд Журмак ХХК-ийн нэрийг ашигласан. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Журмак ХХК-ийн захирлын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Би Журмак ХХК-ийн захирал Т.Мяндагмаагийн тушаалаар захирлын албан тушаалд томилогдсон. ДВ Ойл трейдинг ГмбХ компаниас битум аваад, төлбөрийг төлж байсан нь үнэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Сиби энержи монгол групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Журмак ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч шаардах эрх хүлээн авагчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээ байгуулагдсан гэдгийг баримтаар нотолж байгаа боловч хариуцагч манайх гэрээ байгуулаагүй, битум аваагүй, үүнийг манай ажилтан компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр албан тушаал, компанийн нэр, тамгыг ашиглаж хууль бусаар гэрээ байгуулсан гэж маргасантай холбогдуулан албан ёсоор гэрээ байгуулсныг болон барааг хүлээн авсныг тогтоолгох зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гаалийн байгууллага болон банкнаас гаргуулсан баримтаар хариуцагч "Журмак" ХХК нь гэрээгээр нийлүулсэн эхний ээлжийн барааг өөрөө гаалийн бүрдүүлэлт хийж хүлээн авсан, дараагийн ээлжийн барааг өөрийн зөвшөөрөл бүхий албан бичгээр "Богат Ойл" ХХК-д шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийлгэж олгосон болох нь баримтаар батлагдсан болно.

Шүүх нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болохоор нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл буруу байсан ч, зохигч талуудын хооронд үүсч буй гэрээ байгуулсан, байгуулаагүй гэх маргааныг тал бүрээс нь хянан үзэж, гэрээний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн талын зөрчигдөж буй эрхийг сэргээн хамгаалахад чиглэсэн шийдвэр гаргаж болох байсан гэж үзэж байна. Шүүх зохигч талуудын мэтгэлцээн болон хэрэгт авагдсан баримтад тулгуурлан бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нь зохигч талуудын хооронд үүссэн төлбөр тооцооны асуудлыг шийдэх, төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэх, маргаан шийдвэрлэх харьяаллыг Монгол Улсын шүүх болгож өөрчлөх асуудлаар хэлэлцэн тохирох зэрэгт ач холбогдолтой байсан юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 03 тоот нэмэлт гэрээг тус тус байгуулсан болохыг тогтоолгох, дээрх 03 тоот гэрээний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 02 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ПБВ-90 маркийн 1 536 6 метр тонн замын битумыг нийлүүлснийг Журмак ХХК гаалийн бүрдүүлэлт хийж хүлээн авсан болохыг тогтоолгох тухай 3 шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ 1 дэх шаардлага буюу 080713 тоот гэрээг байгуулсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотолж, нэгэнт тодорхой байгаа зүйлийг дахин тогтоох боломжгүй байна гэж дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Эндээс үзвэл эрх зүйн харилцааны талууд хэн болох гэдэг асуудал гарна. ДВ Ойл трейдинг ГмбХ компани нөгөө талаас Журмак ХХК-ийн хооронд ийм харилцаа байна гэж дүгнэхэд хүрч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан юм бол гуравдагч этгээд А.Ганбат /Богат Ойл ХХК/ болон ДВ Ойл трейдинг ГмбХ компани хоорондын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 080713 тоот гэрээний нэмэлт гэрээ 03, мөн Богат ойл тус гэрээнд дурьдсан барааг хүлээн авахдаа түүний татвар хураамжийг метр тонны зөрүүгүйгээр төлсөн баримт байсаар байхад яагаад дүгнэлт хийгээгүй орхисон нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас 03 тоот нэмэлт гэрээг Журмак ХХК-тай байгуулсан болон түүний дагуу илгээсэн 1 536,6 тонн замын битумыг Журмак ХХК хүлээн авсан болохыг тогтоолгох тухай шаардлагын хувьд шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй орхисон байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Богат ойл ХХК 03 тоот нэмэлт гэрээг байгуулж үүний дагуу ачаа хүлээн авсан тухай нотлох баримтууд хангалттай авагдсан байдаг. Үүгээр ДВ Ойл трейдинг ГмбХ компани болон Богат ойл ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн нь нотлогдохын зэрэгцээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанчлан Журмак ХХК-ийн хувьд дээрх гэрээнүүд нь зохих этгэдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл мөн.

Нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа үйл баримт тогтоогдоогүй байхад иргэний хэрэг үүсгэн зохигчдын хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа байгаа мэтээр дүгнэж байгаа цаашид Журмак ХХК-д гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүсгэсэн үр дагаварыг бий болгож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Сиби энержи монгол групп ХХК нь хариуцагч Журмак ХХК-д холбогдуулан гэрээ байгуулагдсан болон гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох гэж тодорхойлжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдсон, шүүхээр нэгэнт тодорхой байгаа үйлдлийг тогтоолгох боломжгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасантай нийцэхгүй.

 

Учир нь онцгой ажиллагааны журмаар гаргасан тодорхой үйл баримт тогтоох хүсэлтийг шийдвэрлэж байгаа тохиолдолд аливаа шаардах эрх, гүйцэтгэл, үүрэгтэй холбоотой эрх зүйн дүгнэлтийг хийж болохгүй юм. Гэтэл шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн худалдах, худалдан авах гэрээний талуудын үндсэн үүргийг тодорхойлсон хуулийг баримталсан атлаа нэгэнт тодорхой үйлдлийг шүүх тогтоохгүй гэж хоорондоо зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн.

 

Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулаагүйтэй холбоотой байх тул холбогдох хуулийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хууль буруу хэрэглэснийг залруулах нөхцөл байдал үүсчээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сиби энержи монгол групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөг, хариуцагч Журмак ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА