Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 171

 

Б.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаар магадлалтай, Б.Дид холбогдох 1925004950332 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Б.Д нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор...” тус тус заасан байхад хохирол учраагүй, хор уршиг арилсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар үүсгэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Харин материаллаг, эсхүл өртгөөр үнэлэгдэх хэлбэрээр хохирол, хор уршгийг тодорхойлох нь хууль зүйн хувьд алдаатай болно. Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно. Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, хадгалах, худалдах төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол, үр дагавар үүсгэж байдагт дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч нь шээснээс илэрсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээн зөвшөөрч байгаа боловч мансууруулах бодисыг хаанаас олж авсан, хэрэглэсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тэнсэх журмыг хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаярын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Дид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Дийг 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэснээ зөвшөөрсөн хэдий ч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах үйлчилгээтэй бодисыг хаанаас, хэрхэн олж авсан талаараа огт мэдүүлээгүй, өөрөөр хэлбэл гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлээгүй байхад анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэсэн нь буруу байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Иймд энэ талаар Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаярын бичсэн эсэргүүцэл болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг чанд баримтлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН