Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 707

 

                                                                        

 

 

 

 

 

 

П.Болдбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Гантулга,

            Ялтан П.Болдбаатарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Бадраа,

            Хохирогч Галбадрах, иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагва нарын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Мөнхзул, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Болдбаатарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Бадраа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Болдбаатарт холбогдох эрүүгийн 201626011050 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өрнөх овогт Пагамдоржийн Болдбаатар, 1965 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотодтөрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 31-07 тоотод оршин суух,

 

2001 онд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, /РД: ЧБ65111915/,

 

П.Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 9-нийорой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айраг” худалдааны төвийн дэлгүүр дотор үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэдийг үл ойшоон бүдүүлэг авирлан, аяга, хутга, хүнсний ногоо, ууттай зүйлийг зэвсгийн чанартай ашиглаж шидэн танхайрч иргэн Д.Галбадрахын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Болдбаатарын үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Болдбаатарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар түүнийг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар П.Болдбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Болдбаатараас 240.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагвад олгож, П.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Галбадрах нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, “энэ бол ухаалаг сонголт” гэсэн бичиг бүхий улаан өнгийн аяга 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, П.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан П.Болдбаатарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...Миний үйлчлүүлэгч П.Болдбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж улмаар анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаахдаа хэргийн зүйлчлэлийг сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж, П.Болдбаатарт 5 жил 1хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийн зүйлчлэлийг сольж ял сонсгож, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ миний үйлчлүүлэгч П.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан ял сонсгосон нь үндэслэлгүй, түүнд төлөвлөсөн ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй байгаа бөгөөд П.Болдбаатарын үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, үйлдэл нь хохирогч Д.Галбадрахын эгч, шүүгдэгчийн хамтран амьдрагч гэр бүлийн хүн Цэрэнлхагва болон шүүгдэгчийн дагавар хүү Баяржаргал нарын буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн иргэдийн эрүүл мэндийн эсрэг хөнгөн гэмт хэрэг байдаг. Өөрөөр хэлбэл “үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан” гэсэн нь үйл баримтын хувьд тогтоогдоогүй, мөн “зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглан танхайрсан” гэсэн нь мөн л үйл баримтын хувьд тогтоогдоогүй байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7дахьхэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD авагдсан боловч энэ бичлэгт зөвхөн дүрс бичлэг авагдсан, дуу бичлэг хийгдээгүй байгаа нь П.Болдбаатар нь үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан болохыг тогтоох баримт бишээс гадна дээрх бичлэгт П.Болдбаатар нь хутга барин Г.Баяржаргалын араас босч очсон болохыг тогтоосон бичлэг огт авагдаагүй байдаг. Миний үйлчлүүлэгч нь гэрч Г.Баяржаргалын хувьд өмнө нь хохирогч байсан бөгөөд гэрч Г.Баяржаргал хохирогч Д.Галбадрах нарт 2016 оны 2 дугаар 18-наас 19-ний өдрүүдэд зодуулан биедээ олон тооны гэмтэл авсан. Энэ гэмтлээ эмчлүүлэх эмчилгээний төлбөрийн мөнгөний асуудлаас болж Г.Баяржаргалтай маргалдсанаас биш огт зүгээр танхайрсан асуудлыг гаргаагүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй нь ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэх гэмт хэргийн санаа сэдэл нь зүгээр байж байгаад танхайрсан биш харин түүнийг өдөөн турхирсан эзэн нь гэрч Г.Баяржаргал бөгөөд мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр асуугдсан этгээдүүд нь бүгд хоорондоо төрсөн эх, хүү, эгч, дүү буюу садан төрлийн холбоотой этгээдүүд болохыг шүүх мөн л анхаараагүй. П.Болдбаатар нь өмнө нь хохирогчийн хувьд авсан гэмтэл бэртэл болон эмчилгээний төлбөр авах тооцоотой хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байсаар атал анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. П.Болдбаатар нь хохирогч Д.Галбадрахын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн боловч түүнийг анх сэжигтнээр тооцон улмаар яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон нь зөв зүйтэй, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял сонсгосон гэж үзэж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “...“Айраг” худалдааны төвийн хүнсний дэлгүүр хэний эзэмшлийнх болох, эд зүйл эвдсэн асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэх”-ийг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ажиллагаа мөн бүрэн гүйцэт хийгдээгүй, энэ ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүй зөвхөн өмнөх эзэн гэх П.Батсайханаас мэдүүлэг авсан төдийгөөр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийсэн байгаа нь захирамжид заасан ажиллагааг хийгээгүй, хуульд заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна. П.Болдбаатар, Д.Цэрэнлхагва нарын “Айраг” худалдааны төвийг худалдан авсан төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байгаа шалтгааны улмаас эзэмшигч нь П.Батсайхан гэгч харагдаж байгаа болохоос бус шүүгдэгч П.Болдбаатар болон Д.Цэрэнлхагва нарын хамтын амьдралын 20 жилийн хугацаанд хуримтлуулсан хөрөнгөөр энэ дэлгүүрийг зээлийн журмаар худалдан авсан болох нь тогтоогдсоор байтал гэрч Д.Цэрэнлхагвын “миний дан ганц хөрөнгө өмчөөр худалдан авч бий болсон хөрөнгө буюу дэлгүүр, П.Болдбаатарт юу ч байхгүй” гэх утгатай тайлбарыг үндэслэн Д.Болдбаатарын өмч хөрөнгө биш, мөн П.Болдбаатар өөрийн хөрөнгийг гэмтээж эвдсэн биш харин Д.Цэрэнлхагвын өмчийг гэмтээж эвдсэн мэтээр яллаж буй нь үндэслэлгүй юм. Гэрч С.Баяржаргал нь П.Болдбаатарыг зодон танхайрч бие махбодид нь санаатай гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсон шүүхэд шилжсэн ба анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Г.Баяржаргалын үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас П.Болдбаатарын 2 нүдний ухархай болон хамрын яс нь хугарсан, үүдэн хоёр шүд нь хөдөлсөн, тархиндаа гэмтэл авсан болон мөн хөлдөө гэмтэл авсан. Энэ гэмтлийн улмаас хоёр удаа хагалгаанд орсон, энэ үед нь Д.Цэрэнлхагва болон С.Баяржаргал нар эргэж тойроогүй, эмчилгээнд нь мөнгө төгрөг өгөөгүй, гэр орондоо ч ирэхээ больсон зэрэгт нь гомдсон хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн Г.Баяржаргалтай маргалдсан, Г.Баяржаргалыг өмөөрсөн тул Д.Галбадрахтай муудалцсанаас биш огт зүгээр байж байгаад зориудаар, үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж улмаар Д.Галбадрахын нүүрэн тус газарт нь маажин хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хийгээгүй. Энэ бүх нөхцөл байдлуудаас үзэхэд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах нь шүүхийн шударга зарчимд нийцнэ гэж үзэж байна. Хэргийг анх шалгахдаа гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохын тулд П.Болдбаатарын өмнө хохирогчоор тогтоогдон шалгагдаж байсан хэргийн баримтаас нотлох баримтуудыг хавсаргаагүй, шүүгдэгч ч энэ талаар хүсэлт гарган гэмт хэрэгт ямар шалтгааны улмаас холбогдох болсон, яагаад хувийн таарамжгүй харьцаа үүсэх болсон талаарх баримтыг цуглуулж өгөөгүй. Энэ баримтуудыг хавсаргалгүй анх шүүхэд шилжүүлсэний улмаас шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар захирамжид заасанчлан “...гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. ...П.Болдбаатарын үйлдэл хувийн таарамжгүй харьцаанаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж шүүх үзэхэд хүргэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөд нөлөөлсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь танхайрах гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд Д.Цэрэнлхагва, Д.Галбадрах, С.Баяржаргал нартай өмнө нь үүссэн байсан хувийн таарамжгүй харьцаанаасаа үүдэн маргалдаж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж өмгөөлөгчийн зүгээс хэлэх нь зүйтэй байна. П.Болдбаатарын гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь “Айраг” худалдааны төвийн хяналтын камерт бичигдэн үлдсэн. Энэ нь гол нотлох баримт болсон гэх боловч мөн хохирогч болон гэрч Г.Баяржаргалтай ярилцсан талаарх бичлэг хэрэгт авагдаагүйн улмаас энэ гэмт хэрэг ямар шалтгааны улмаас гарах болсон шалтгаан нөхцөл тогтоогдоогүй. Энэ шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдоогүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг зөрчин нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүй, улсын яллагч мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй учир мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг зөрчигдөн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан буюу өөрөөр хэлбэл “гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг илрүүлэх үүргээ биелүүлээгүй” энэ хуулийн заалтыг биелүүлж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулаагүйн улмаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт биелэгдээгүй” буюу гэмт хэрэг үйлдсэн этгээд бүрт зохих ял шийтгэлийг шударгаар оногдуулах зарчим алдагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар зүйлийн 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд танхайрах гэмт хэргийг бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялган зүйлчлэх талаар зааж өгсөн байна. Тухайлбал уг тогтоолын 2.1-д танхайрах гэмт хэрэг нь “гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн ёс заншилыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсвэл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ” гээд “харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь хэдийгээр олон нийтийн газар буюу “Айраг” худалдааны төвийн дэлгүүрт үйлдэгдсэн гэх боловч энэ дэлгүүр нь мөн шүүгдэгчийн өмч хөрөнгө бөгөөд хохирогч, гэрч нарын өөрсдийнх нь гэм буруутай байдлаас шууд шалтгаантай үйлдэгдсэн байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр зүйлчлэх нь учир дутагдалтай. Хэдийгээр хохирогч Д.Галбадрахын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч харин энэ гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч ямар шалтгааны улмаас холбогдох болсон шалтгаан нөхцлийг нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад гүйцэт тодруулалгүй зөвхөн “үл ялих зүйлээр шалтаглан” гэх дүгнэлт хийсэн нь хууль шударга ёсонд нийцэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8.1, 13.2, 14.1 дэх хэсгийг зөрчсөн дүгнэлт байсан ба шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад шүүх хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэргийн зүйлчлэлд хамаарах тул гэмт хэрэгт холбогдсон П.Болдбаатарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээг хийлгэх шаардлагатай байсан, энэ ажиллагааг хийж гүйцэтгээгүйгээр хэрэг хариуцах чадвартай гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. П.Болдбаатар нь 2016 оны 2 дугаар сард С.Баяржаргалд зодуулан тархиндаа гэмтэл авсан ба гэмтлийн улмаас тархины хагалгаанд орох шаардлагатай байгаа нөхцөл байдал нь П.Болдбаатарын сэтгэцэд тархины гэмтлийн улмаас ямар нэгэн өөрчлөлт орсон байхыг ч үгүйсгэхгүй гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт заасанчлан гэрчүүдийн мэдүүлгүүд нь эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлгүүд байсан атал “П.Болдбаатарыг шууд гэм буруутай, гэмт хэргийг ямар ч шалтгаангүйгээр эхлүүлсэн мэтээр яллах бодлого баримталсан” нь хууль, шударга ёсонд нийцэхгүй байсаар атал анхан шатны шүүх шүүгдэгчийн Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг нь хязгаарласан үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд хэргийг анхнаасаа шалгахдаа хэт нэг талыг барьж шалгасан, яллаж буй дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, дээрх бүх нөхцөл байдлын улмаас шүүхээс хэргийн талаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий байсан атал шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.3, 286.1.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэлгүйгээр шийдвэр гаргасан нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг сольж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нь өөрчлөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү…” гэв.

Ялтан П.Болдбаатарын өмгөөлөгч Б.Бадраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Болдбаатар нь дагавар хүү С.Баяржаргалд 2016 оны 2 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн орчим зодуулсны улмаас татаж унадаг өвчтэй болсон ба эмчилгээний зардалгүйн улмаас өөрийн биеийг эмчлүүлж чадахгүй байсан. 2016 оны 4 дүгээр сарын 9-ний оройн 22 цагийн орчим эхнэр Цэрэнлхагвыг ажлаас нь тосч авахаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Айраг” худалдааны төвд очоод сууж байхдаа эхнэртээ эмчилгээний мөнгө хэрэгтэй байгаа талаараа хэлэхэд эхнэр Цэрэнлхагва нь мөнгө байлгүй гэж хэлсэн. Энэ үед П.Болдбаатарыг зодож гэмтээсэн дагавар хүү болох С.Баяржаргал гаднаас орж ирсэн бөгөөд П.Болдбаатар түүнийг нааш ир гэж дуудахад С.Баяржаргал нь “хуц, пизда минь” гэж хэлснээс маргаан эхэлсэн. П.Болдбаатар нь лангуун дээрээс ямар нэгэн зүйл авч С.Баяржаргал руу шидээд шууд лангуугаа даван хөлдөөгч руу очиж дотроос нь юм авч шидэж үйл явдал болсонбайдаг.Маргаан эхэлсэн шалтгаан болон маргаан нь зөвхөн гэр бүлийн хүмүүсийн хооронд явагдсан хувийн сэдэлттэй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүргэлтийн ажиллагаа явуулж ял сонсгож, яллагдагчаар татах тогтоолыг прокурор баталж, прокурopоoc мөн зүйл, ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаахад зөвхөн н.Батсайхан гэгчийг гэрчээр байцааж, Цэрэнлхагвыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож өөр ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй бөгөөд П.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Гэрч Ц.Тайванжаргал нь дэлгүүрийн агуулахад бараагаа янзалж байсан гэх мөртлөө үйл явдал болох үед дэлгүүр дотор П.Болдбаатарын хажууд зогсоод бүх зүйлийг харсан мэтээр өгсөн байдаг. Гэрч С.Баяржаргал нь 22 цагийн орчим гэрээсээ дэлгүүр рүү хэрэглээний зүйлээ авахаар орсон, эгч Ц.Тайванжаргал нь С.Баяржаргалыг “дэлгүүрээс хүнс аваад хоол хийчих” гэж хэлсэн бөгөөд П.Болдбаатарын мэдүүлгээс үзэхэд Ц.Тайванжаргал дэлгүүрт орж ирээд намайг “боль” гэж хэлээд агуулах руу намайг аваад орсон гэсэн мэдүүлгээс зэргээс харахад Ц.Тайванжаргал нь дэлгүүрт байгаагүй, гэртээ байсан нь харагдаж байна. Мөн Ц.Тайванжаргалын дэлгүүрт байгаагүй нь хэрэгт авагдсан камерийн бичлэгээс тогтоогддог. Ц.Тайванжаргал нь дэлгүүрийн агуулахад байсан ч П.Болдбаатар С.Баяржаргал руу юм авч шидээд лангууны араас гараад шууд хөлдөөгч руу очиж юм авч шидэж байгаа энэ богино хугацаанд болсон үйл явдлыг харах боломжгүй. Гэтэл хөлдөөгчнөөс авч шидсэн зүйл нь эмэгтэй хүний толгой оносон мэтээр ярьж байгаа нь үнэн зөв байцаалт өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна.

Хэрэгт гэрчээр оролцож П.Болдбаатарын эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчүүд нь бүгд
нэг гэр бүлийн хүмүүс. Эдгээр хүмүүс нь П.Болдбаатарыг хутга аван лангууны араас гарч
ирэн С.Баяржаргалыг хөлдөөгч тойруулан хөөсөн гэдэг. П.Болдбаатар нь гартаа ямар нэгэн зүйлгүй лангууны араас гарч шууд хөлдөөгч рүү очиж юм авч шидэж байгаа нь камерийн бичлэгээс харагддаг. Гэрчээр байцаалт өгсөн н.Батцэнгэл нь гол үйл явдал өнгөрсний дараа дэлгүүр орж ирсэн үйлчлүүлэгч байдаг. Гэтэл үйл явдал болж байхад дэлгүүрт байсан гэрчүүд камерт бичигдсэн байдаг бөгөөд эдгээр гэрчүүдээс нэгээс нь ч мэдүүлэг аваагүй. 22 цагийн орчим дэлгүүрт орж ирсэн хүмүүс бүгд ойр орчмын хүмүүс байх магадлалтай. Энэ бүгдээс үзэхэд шийтгэх тогтоолын үндэслэл болгосон гэх нотлох баримтууд нь хангалтгүй, танхайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байхад шүүх шийдвэрээ гаргасан нь шүүхийг үнэн зөв шийдвэр гаргалаа гэхэд эргэлзэхэд хүргэж шүүхэд итгэх итгэл алдарч энэхүү гомдлыг гаргаж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэхийг хүсье. П.Болдбаатар нь иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн ба П.Болдбаатар, Цэрэнлхагва нар нь 2000 онд гэр бүл болсон бөгөөд гэр бүл болоход П.Болдбаатар нь хашаа байшин, машинтай, Цэрэнлхагва нь хоёр хүүхдээ дагуулан ирсэн байдаг. Хэдийгээр гэр бүлээ батлуулаагүй ч хамтран амьдарсан хугацаанд эд хөрөнгийг бий болгоход хувь хэмжээ буюу гэр бүлийн гишүүдийн хувьд ногдох хэсгийг тогтоогоогүй байхад хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон эд хөрөнгийг дан ганц эхнэрийнх гэж үзэн хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. Дэлгүүрийг худалдаж авахад П.Болдбаатар нь хашаа байшингаа 10 сая төгрөгөөр зарсан байдаг…” гэв.

Хохирогч Д.Галбадрах, иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагва нарын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би энэ хэрэгт хохирогч Д.Галбадрах, иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагва нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Иргэний нэхэмжлэгчид 240.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг барагдуулсан учир шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Д.Галбадрахын хувьд группт байдаг, биеийн байдал нь тааруу байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. “Айраг” худалдааны төв нь Батсайханы эзэмшилд байгаа нь нотлох баримтаар нотлогдсон. Мөн П.Болдбаатарын хашаа байшинг зарж “Айраг” худалдааны төвийг худалдаж авсан гэдэг. П.Болдбаатар, Д.Цэрэнлхагва нар хоёр талаасаа нэг, нэг хашаа байшинтай анх нийлсэн бөгөөд тухайн үед П.Болдбаатарын амьдарч байсан хашаа байшин одоо Д.Цэрэнлхагвын нэр дээр байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий гарсан. Хавтаст хэрэгт СД бичлэг авагдсан бөгөөд үүнийг анхан шатны шүүх хуралдаанд үзсэн. СД бичлэгээр П.Болдбаатарын үйлдэл нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

 

Прокурор Б.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нар нэг гэр бүлийн хүмүүс учир тэдгээрийн мэдүүлэг худал гэж ялтны өмгөөлөгч ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шинжээч зэрэг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод хуульд сануулж мэдүүлэг авдаг. Иймд нэг гэр бүлийн хүмүүсийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй, ач холбогдолгүй байна гэсэн зүйл хуульд байхгүй. Мөн бичлэгт хутга хэрэглэн танхайрч байгаа нь харагддаггүй гэж өмгөөлөгч ярьж байна. Бичлэгт П.Болдбаатар хутга бариад бусдыг хөөгөөд явж байсан зүйл харагддаггүй боловч П.Болдбаатарын бусад руу шидсэн мах, төмс зэрэг зүйлтэй хамт мах хэрчдэг хутга давхар шидэгдсэн гэдгийг хохирогч, гэрчүүд давхар мэдүүлж байгаа. Бусдыг ууж байгаа архины хундгаар цохиж, нүүр лүү архи цацан, төмөр, мах зэрэг шидсэн, нөгөө хүмүүс нь өөрсдийн биеэ хамгаалж хөргөгчний цаана нуугдаж байгаа байдал нь бичлэгээс харагдаж байгаа. Иймд ялтны өмгөөлөгчийн ярьж байгаагаас хэргийн бодит байдал өөр байсан. Бид үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авч лавлагааны дагуу Батсайханы үл хөдлөх хөрөнгө гэдгийг тогтоож, нотлох баримтыг хэрэгт хийсэн. Мөн Батсайханы мэдүүлгийг ач холбогдолтой гэж үнэлэхээс аргагүй. Ялтны өмгөөлөгч тухайн “Айраг” худалдааны төвийг бүхэлд нь худалдсан мэтээр ярьж байна. Гэтэл тэр төвийн зөвхөн дэлгүүрийн хэсгийг л худалдсан гэдгийг Батсайхан өөрөө мэдүүлсэн. Д.Галбадрах нь тухайн үед П.Болдбаатарын гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдлийг таслан зогсоох гэж ирсэн. Баяржаргал П.Болдбаатар нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа байж болох ч энэ асуудал нь тусдаа шүүхээр шалгагдан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг байгаа. Харин энэ хэрэг нь дэлгүүр дотор зөвхөн тэр гурвын хооронд үүссэн харилцаа биш юм. Гэрчийн “Энэ ямар аймар хүн бэ, би цагдаа дуудаад өгчих үү” гэж хэлж байсан нь ч хавтаст хэрэгт авагдсан байгаа. Камерийн бичлэг дуугүй учир нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж байна. Гэтэл хуульд нотлох баримтыг бэхжүүлэх, шалгах, үнэлэх гэсэн ойлголт байдгаас дуугүй байвал нотлох баримтад тооцохгүй гэсэн зүйл байхгүй. Камерийн бичлэгийг өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт юм. Мөн П.Болдбаатарыг сэтгэцийн өвчтэй байж болох тул шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой гэж байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.5 дахь хэсэгт “мэдүүлэг өгч байгаа байдлийн сэтгэцийн байдалд мөрдөн байцаагчид эргэлзээ төрвөл шинжээч томилж, сэтгэцийн дүгнэлтийг гаргуулж болно” мөн зүйлийн 156.6 дахь хэсэгт “онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэцийн байдлыг заавал шалгуулна” гэж заасан. Энэ хэрэг нь онц хүнд гэмт хэрэг биш. Мөн гэрч Тайванжаргал нь хэрэг болсон үйл явцыг харах боломжгүй, худал мэдүүлсэн байж болзошгүй гэж байна. Гэтэл Тайванжаргалд хууль сануулж, мэдүүлгийг авсан. Тайванжаргал нь “тэнд болж байсан маргааныг сонсоод, би гарч ирээд ааваа та боль” гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

П.Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 9-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айраг” худалдааны төвийн дэлгүүр дотор үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэдийг үл ойшоон бүдүүлэг авирлан, аяга, хутга, хүнсний ногоо, ууттай зүйлийг зэвсгийн чанартай ашиглаж шидэн танхайрч иргэн Д.Галбадрахын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

ялтан П.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд: “...Би эхнэр Цэрэнлхагватай “надад эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, миний хамар битүүрээд байна” гэж хэлсэн чинь эхнэр дуугараагүй. Би эхнэртээ дахин “чи надад эмчилгээний мөнгө өгөх юм уу, үгүй юм уу” гэж хэлсэн чинь Цэрэнлхагва “мөнгө байхгүй юм чинь юугаа өгдөг юм бэ?, Чи өдөр болгон 10000-20000 төгрөг аваад явдаг түүнийгээ яадаг юм бэ” гэж хэлэхээр нь би “эмнэлэгт зарцуулаад дуусч байна” гэж хэлсэн. Би эхнэрээсээ “чамд би хэрэгтэй юм уу, энэ дэлгүүр хэрэгтэй юм уу” хэлсэн чинь юм хэлэхгүй болохоор нь би босоод архины лангуун дээрээс 0.5 литрийн нэрийг нь мэдэхгүй архийг аван буцаж очоод задлан аяганд хийж байгаад уусан чинь эхнэр “битгий архи уу” гэж хэлээгүй. Дахин архинаасаа аяганд хийн амандаа балгахад дотор муухай оргихоор нь цамц руу асгасан. Би цонх налаад хэсэг суусан. Тэгтэл гаднаас миний дагавар хүү Баяржаргал ороод ирсэн. Би Баяржаргалыг дуудсан чинь “хуц пизда минь” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “над шиг пизда чи харсан уу” гэж хэлэн босоод Баяржаргал руу очих гэсэн чинь Баяржаргал дэлгүүрийн гол хэсэгт байрлах хөлдөөгч тойрон зугтсан. Би араас нь хөөхөд Цэрэнлхагва дундуур орон намайг лангууны араар дагуулан орсон. Би уурандаа “та нарт хүн хэрэгтэй юм уу?,эд хөрөнгө хэрэгтэй юм уу” гэж хэлэн лангуун дээр байсан шилтэй архиа аван урд лангуун дээр байсан сетиктэй өндөгөн дээр цохисон чинь шилтэй архи хагарсан. Эхнэр “чи эд зүйл эвдэллээ” гэж хашгирахаар нь би архины лангуун дээр очин 0,75 литрийн архийг аваад дэлгүүрээ тойрон баруун хэсэгт очин жижиг шилэн лангууг архиараа цохин хагалсан. Мөн цохихдоо дээр нь байсан тооны машиныг эвдсэн. Би лангууны хойноос гарсан чинь хадам дүү Галбадрах гүйж ирэн миний өмсөж явсан фудболкноос зуураад миний хоолойг боон хойш нь түлхсэн чинь Хаан банкны ATM машиныг тулж зогссон. Цэрэнлхагва лангууны араас гарч ирэн миний баруун гар талын тохой хэсгээс барьсан. Харин Баяржаргал нь намайг гүйжирэээд цохих гээд байсан. Би Баяржаргалыг “намайг цохь” гэж хэлтэл Цэрэнлхагва толгойгоо сэгсэрсэн чинь Баяржаргал надад хүрээгүй. Галбадрах миний хоолойг бооход би эвгүй дуугарсан чинь Цэрэнлхагва бас Галбадрах руу толгойгоо дахин сэгсэрсэн. ...Би зүүн гараараа Галбадрахыг боож байх үед нь мангасдах маягтай түлхсэн. Нэг ёсондоо өөрийнхөө нүүрийг хамгаалсан. Гаднааc миний дагавар охин Тайванжаргал орж ирэн намайг “ааваа боль” гэж хэлсэн. Намайг агуулах руу түлхэн оруулсан. Би өөрөө цагдаа дуудсан...” /хх-ийн 66-68/,

хохирогч Д.Галбадрах мөрдөн байцаалтын шатанд: “...Гаднаас хүргэн ах Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай дэлгүүрийн ногооны тасгийн лангууны ар хэсэгт орж ирээд  зогссон. ...Болдбаатар ах архины тасаг дээр ирж лангуун дээрээс 0.5 литрийн шар“Чингис” архийг авч ногооны тасаг дээр очиж лангууны араар орж архиа задалж улаан өнгийн шилэн аяганд хийж уусан. Энэ үед Цэрэнлхагва эгч хажууд нь зогсож байсанбөгөөд хоорондоо юм яриад байсан. Би юу ярьсан болохыг мэдэхгүй. Тэгтэл гаднаас миний үеэл Баяржаргал нь орж ирсэн. Баяржаргалыг хүргэн ах Болдбаатар өндөр дуугаар захирангуй “нааш ир” гэж дуудсан. Баяржаргал “тантай яриад байх зүйл алга, яах гээд байгаа тухай” асуусан чинь хүргэн ах Болдбаатар “чамайг нааш ир гэж байна” гэж хэлтэл Баяржаргал очоогүй. Болдбаатар “чамайг хүн дуудаж байхад пизда минь хүрээд ир” гэж хэлсэн. Болдбаатар лангуун дээр байсан төмснөөс авч Баянжаргал руу хэд хэдэн удаа шидсэн. Баяржаргал өөдөөс нь “та яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд очих гэтэл хүргэн ах Болдбаатар нь лангууны ард байсан ногоо цэвэрлэдэг хар иштэй хутга баруун гартаа барьж лангууны араас гарч ирсэн. Би Болдбаатар ахыг согтуу байгаа янз бүрийн юм болоод хэн нэгнийгээ гэмтээчих болов уу гээд лангууны араас гарч ирсэн. ...Болдбаатар ах хөргөгчнөөс хөлдүү нохойн хоол авч, мөн барьж байсан хутгаа дүү Баяржаргал бид хоёрын өөдөөс шидсэн. ...Би Болдбаатар ах дээр очиж “боль” гэж шаардлага тавьсан чинь миний өмсөж явсан малгайтай цамцны захнаас заамдахаар нь би зөрүүлээд Болдбаатарыг заамдсан. Болдбаатар маш муухайгаар хашгиран “та нар ах дүүгээрээ намайг дээрэлхлээ” гэж хэлж миний нүүр хэсгээс самардсан. Мөн нүүрэн тус газар руу уурандаа 2-3 удаа цохисон. Мөн гэдэс хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. ...миний ам, хамар, самардуулсан хэсгээс цус гарсан. Би лангууныхаа ард орж гараар болон цаасан алчуураар цусаа арчиж цэвэрлэсэн. Харин Болдбаатар ногооны тасгийн лангууны араар орж ууж байсан архинаасаа аягалан уусан. Болдбаатар лангууны ар хэсгээр явж байгаад миний хажууд ирж “пизда минь би чамайг ална шүү” гэж нүүр хэсэг рүү 2 удаа шүлсээ нулимсан. Мөн гартаа барьж явсан аягатай архиа нүүр лүү цацаж, аягаар нь зүүн шанаа руу нэг удаа цохисон. Болдбаатар нь мөн гартаа ууж байсан архиа барьсан байсан бөгөөд түүгээрээ дэлгүүрийн чихэр, ундааны 2 тасгийн жижиг шилэн лангуу, тооны машин зэрэг эд зүйлийг хагалсан...” /хх-ийн 43-44/,

гэрч Д.Цэрэнлхагва мөрдөн байцаалтын шатанд: “...нөхөр Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртүүлчихсэн орж ирсэн. ...архины лангуун дээрээс 0.5 литрийн шар “Чингис” архийг авч ногооны тасгийн лангууны ард задлаад аяганд хийж уусан. ...Гаднаас миний төрсөн хүү Баяржаргал орж ирээд дэлгүүрийн ногооны лангууны ард зогссон. Болдбаатар Баяржаргалыг “хүрээд ир чи” гэж хэлсэн чинь Баяржаргал “та яах гэж байгаа” тухай асуусан чинь Болдбаатар “дуугай хүрээд ир гөлөг минь” гэж хэлсэн. Баяржаргал “тантай ярих зүйл надад байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Болдбаатар ногооны лангууны дээр сагстай байсан төмс, манжин, сонгино нэг нэгээр нь авч Баяржаргал руу шидсэн. ...Болдбаатар лангууны араас “би чамайг ална” гэж хэлж ногооны лангуун доор байрладаг хиам зүсдэг жижиг хар бариултай хутгыг авч лангууны араас гарч ирж Баяржаргал руу дайрсан чинь Баяржаргал дэлгүүрийн ногооны тасгийн лангууны урд хэсэгт байрлах 2 хэвтээ хөргөгчийг тойрон зугтсан. Баяржаргал нь зайрмагны хөргөгчний дээд талын шилэн тагыг авч өөрийгөө хамгаалсан. Энэ үед дэлгүүрийн ногооны лангууны залгаа хүнс жигнэдэг жин тавьсан лангууг даван Галбадрах гарч ирсэн. Болдбаатар нь Галбадрах, Баяржаргал нарыг “ална” хэмээн хутгаа барьсан чигээрээ хөргөгч тойруулан хөөсөн. Болдбаатар нохойн хоол, жижиглэн хийдэг хөргөгчнөөс хөлдүү гялгар уутанд савласан нохойн хоолыг авч шидсэн. Баяржаргал, Галбадрах нар нь хөргөгчний шилэн тагаар өөрсдийгөө хамгаалсан. Тэгтэл гарт барьсан хутгаа Баяржаргал, Галбадрах нар луу шидэхээр нь би лангууны араас гарч Болдбаатарыг хөргөгчнөөс холдуулсан. Би хүү Баяржаргалыг “дэлгүүрээс гар” гэсэн шаардлага тавьж гаргасан. Энэ үед Болдбаатар нь Баяржаргалыг “ална” гээд дайраад байхаар нь Галбадрах ирээд “та боль” гэж хэлэхэд Болдбаатар нь Галбадрахыг өмсөж байсан саарал өнгийн малгайтай цамцны захаас заамдан нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон. Галбадрах нь мөн Болдбаатарын өмсөж явсан куртикнийх нь захаас зөрүүлэн заамдсан. Би Галбадрахыг Болдбаатарт битгий гар хүрээрэй гэж хэлсэн. Би дундуур нь орж болиулсан. Галбадрах, Болдбаатар бие биенийгээ заамдсан байсан гараа тавьцгаасан. ...Болдбаатарыг харсан чинь дэлгүүрийн баруун талын лангууны хойно Галбадрахын хажууд очоод зогсоод аягатай архиа гартаа барьсан байснаа Галбадрахын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Мөн нүүр хэсэг рүү нь нулимсан. Болдбаатар зүүн гартаа барьсан шилтэй архиараа дэлгүүрийн баруун хойд хэсэгт байрлах жижиг шилэн лангуун дээр байсан цахилгаан жин, тооны машин зэргийг эвдсэн. ...Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай хүү Баяржаргалыг дуудахад ирээгүй гэдэг шалтгаанаар агсам согтуу тавьж эд зүйл эвдээд байхаар нь таслан зогсоох гэж байсан Галбадрахын эрх чөлөөнд халдсан. Болдбаатар нь Галбадрахын нүүр хэсэг рүү гараараа 2 удаа мөн архитай хуванцар аягаар нүүр хэсэг рүү нэг удаа тус тус цохисон…” /хх-ийн 45-47/,

гэрч С.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 4 дүгээр сарын 9-ний орой 22 цагийн орчимд би гэрээсээ ээж Цэрэнлхагвын ажиллуулдаг “Айраг” худалдааны төвийн дэлгүүр рүү нь гэртээ хэрэглэх хүнсний зүйл авахаар очсон. Дэлгүүрт Галбадрах лангууны ард, харин ээж Цэрэнлхагва нь ногооны лангууны ард, баруун гар талд нь хойд аав П.Болдбаатар сууж байсан. Би ээж Цэрэнлхагвын урд очоод зогссон. Тэгтэл П.Болдбаатар ямар сонин хүн явж байна гэж хэлж инээсэн. Би дэлгүүрийн баруун талд байрлах жимсний лангууны ойролцоо очсон. П.Болдбаатар намайг “нааш хүрээд ир” гэж хэлсэн. Би тантай  ярих зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгтэл П.Болдбаатар ногооны лангуун дээр байсан төмс, сонгино зэрэг зүйл авч шидэхээр нь “яах гээд байгаа пизда вэ?” гэж хэлээд П.Болдбаатарын өөдөөс очсон. …П.Болдбаатар сууж байсан сандал дээрээс босон лангууны араар юм хайгаад байсан. Гэнэт лангууны доороос П.Болдбаатар хар иштэй дэлгүүрт хиам зүсдэг хутга гаргаж ирээд чамайг ална гээд дайрсан. Би хойш ухарч дэлгүүрийн заалны дунд хэсэгт байрлах нохойн хоол хийдэг хөргөгчний ар хэсэгт зогссон. П.Болдбаатар намайг ална гээд хөргөгч тойруулан хөөсөн. Энэ үед лангууны араас ах Галбадрах гарч ирээд миний хажууд зогссон. Бид хоёрыг хөргөгч тойруулан П.Болдбаатар хөөсөн. Гүйцэхгүй болохоороо хөргөгчинд байсан гялгар ууттай нохойн хоол авч шидэхээр нь би хөргөгчний шилэн тагыг авч ах Галбадрах болон өөрийгөө хамгаалсан. Тэгтэл ээж Цэрэнлхагва лангууны араас гарч ирж П.Болдбаатарыг барьж авахад ээжид дийлдэхгүй над руу дайраад байсан. Ээж намайг дэлгүүрээс гар гэж хөөсөн. Би тухайн үед П.Болдбаатарт огт гар хүрээгүй...” /хх-ийн 48-49/,

гэрч Ц.Тайванжаргал мөрдөн байцаалтын шатанд: “...Би дүү Баяржаргал руу “эгчийн дүү дэлгүүрээс хүнс аваад хоол хийчих” гэж хэлсэн. Гэнэт дэлгүүрийн зааланд их шуугиан гарахаар нь би дэлгүүрийн заал руу орсон чинь аав П.Болдбаатар нь дэлгүүрийн ногооны лангууны араас хутга гартаа барьчихсан гарч ирж байсан. Харин Баяржаргал дэлгүүрийн заалны дунд хэсэгт байрлах хөргөгчний цаад талд зогсчихсон хөргөгчний таг урдаа барьсан байсан. П.Болдбаатар нь гарт байгаа хутгаа хөргөгчнөөс авсан гялгар ууттай нохойн хоолны хамт Баяржаргал руу шидсэн. Нохойн хоол нь үйлчлүүлж байсан эмэгтэйн толгой хэсэг рүү онож газар унасан. Харин хутга нь дэлгүүрийн голын лангууны урд хэсэгт унасан. Лангууны араас ах Галбадрах гарч ирсэн. ...Ээж Цэрэнлхагва лангууны араас гарч ирсэн. П.Болдбаатарыг “боль” гэж хориод дийлэхгүй байсан бөгөөд Баяржаргалыг дэлгүүрээс гар гэж хэлж гаргасан. Харин Галбадрах ах П.Болдбаатарыг хорих гэхэд П.Болдбаатар түүнийг заамдаж авахад Галбадрах ах зөрүүлэн заамдаж авсан. Галбадрахын гэдсэнд Болдбаатар өшиглөсөн. Мөн нүүр хэсэг рүү нь “чам шиг банди ийм зан гаргахгүй шүү” гэж хэлээд нүүрэн тус газар руу нь нулиман, самардаад гараараа цохиод байсан. Харин Галбадрах ах цохисон асуудал байхгүй. Ээж Цэрэнлхагва салгасан. Галбадрах ах лангууныхаа ар хэсэг рүү орсон. Араас нь П.Болдбаатар лангууны араар очоод архины тасгаас архи авч задлаад аяганд хийж нэг уучихаад Галбадрах ахын хажууд очиж аягатай архиа нүүр рүү цацсан. Тэгээд барьж явсан шилтэй архиараа шилэн жижиг лангуу эвдэн, түүний дээр байсан цахилгаан жин, тооны машин зэрэг эд зүйлийг эвдээд байхаар нь би “ааваа одоо боль” гээд агуулах руу авч орсон. Үүний дараа цагдаа нар ирээд авч явсан. ...Болдбаатар нь гараараа нүүрийг нь маажсан. Мөн гэдэс хэсэг рүү өшиглөөд байсан...” /хх-ийн 50-51/,

гэрч Б.Батцэнгэл мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 22 цагийн орчимд гэрийнхээ ойролцоо байрлах “Айраг” худалдааны төвийн хүнсний дэлгүүр рүү ундаа авахаар орсон. Тэгтэл дэлгүүрт 40-50 орчим насны согтуу эрэгтэй нэг дэлгүүрийн лангууны ард, нэг урдуур нь гарч ороод ...0.5 литрийн шар “Чингис” архийг задлаад лангуун дээр тавьчихсан байсан. ...Лангууны ард худалдаа хийж байсан залууг заамдан аваад нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Харин худалдагч залуу “та боль” гээд гарыг нь тавиулах гээд байсан. Худалдагч залуугийн хамар, хацар хэсэг нь шалбараад цус гарч байсан. Би ундаа авчихаад гарсан. ...Намайг харахад Болдбаатар нь Галбадрахыг заамдаж аваад нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж, “ална” гээд заналхийлээд байсан. Намайг орж ирэхээс өмнө Галбадрахыг их зодсон юм шиг байсан. Учир нь Галбадрахын нүүр хэсэг шалбараад цус болсон байсан...” /хх-ийн 52-53/,

гэрч Б.Ангарагхүү мөрдөн байцаалтын шатанд: “...үүрэг гүйцэтгэх хугацаанд оройн 22 цаг өнгөрч байхад “Ачит 10”-аас Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айраг” худалдааны төв дотор хэрүүл маргаан болж байна гэсэн дуудлагын дагуу очсон. ...хүнсний 8 нэрийн дэлгүүрт ороход газраар өндөг, хөргөгчний шилэн таг хагарсан эмх замбараагүй байдалтай байсан. ...Эхнэр нь гэх эмэгтэй “манай дүүг нүүр лүү нь цохиж гэмтээсэн, наад хүнээ аваад яв” гэж хэлсэн. Би лангууны ард байсан худалдагч залуугын нүүр лүү харахад уйлчихсан, нүүр хэсгийг нь маажсан байдалтай байж байсан...” /хх-ийн 55/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “…Д.Галбадрахын биед нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүг мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл…” болохыг тогтоосон 5034 тоот дүгнэлт /хх-ийн 61/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-33/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-42/, CD бичлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс П.Болдбаатарын гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан П.Болдбаатарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Бадраа нарын гаргасан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан П.Болдбаатарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Бадраа нарын “…хэргийг дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан П.Болдбаатарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар П.Болдбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго зэрэг субъектив талын шинж, түүнчлэн хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үр дагавар, нөхцөл байдлыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой байдгаас гадна уг үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтой байдаг.

 

Дээрх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Галбадрах, бусад гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан ялтан П.Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 9-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айраг” худалдааны төвийн дэлгүүр дотор үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэдийг үл ойшоон бүдүүлэг авирлан, аяга, хутга, хүнсний ногоо, ууттай зүйлийг зэвсгийн чанартай ашиглаж шидэн танхайрч иргэн Д.Галбадрахын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсангэж хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ялтан П.Болдбаатар хохирогч Д.Галбадрах нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа байсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Ялтны өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Бадраанар нь П.Болдбаатарын үйлдсэн гэмт хэргийг хувийн сэдэлттэй хэмээн хэргийн үйл баримтыг тайлбарлаж, давж заалдах гомдол гаргасан хэдий ч үүнийгээ хэрэгт байгаа нотлох баримтыг заан чухам ямар хувийн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож чадаагүй болно. 

 

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан П.Болдбаатарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Болдбаатарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Бадраанарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: