Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 151

 

М.С, П.С, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1218 дугаар магадлалтай, М.С, П.С, Б.Э нарт холбогдох 1805037490841 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, аялал жуулчлалын хөтөч ажилтай, ам бүл 5, эмээ, ах, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 4 дүгээр гудамжны 40 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бын Э,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, “Хуст хайрхан” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 7-206 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Пийн С,

3. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Интерплант” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 26 дугаар байрны 28 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Мын С.

Б.Э, М.С нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай, 83.68 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан З.Наас 40,000,000 төгрөгийг залилсан,

П.С, М.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололлын 17 дугаар байрны 1004 тоот хаягтай, 72 мк.в талбайтай, 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан иргэн З.Наас 35,000,000 төгрөгийг залилсан,

М.С нь ганцаараа 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Эаас 37,000,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос М.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Э, П.С нарыг бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Сыг бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Э, П.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э, П.С нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч М.Ст оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.С, П.С, Б.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор “М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна гэсэн үндэслэлээр тус үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг үл харгалзан давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрхэн яаж харгалзан үзээгүй болохыг тодорхой зааж өгөөгүй байна.

М.Сыг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид гэмт хэрэг үйлдэх арга болж зохицуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан дүгнэсэн.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан хуулийн хүрээнд шүүгдэгч нарын цалин, хөлс, орлоготой талаарх баримт хэрэгт хангалттай цугларч тогтоогдсон. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.С нь Д.Э, П.С нартай бүлэглэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, барьцаалан хохирогч З.Наас 75,000,000 төгрөгийг, ганцаараа иргэн Ч.Эрдэнэбатаас Чех улсын визэнд орох гэж байна, банкны баталгаа хэрэгтэй байна гэж 37,000,000 төгрөгийг дансаар авч залилсан, мөн хуурамч бичиг баримт үйлдэх гэм хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байхад анхан шатны шүүх мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн М.С, П.С, Б.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын бусад үйлдлүүдийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэн тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.С, Б.Э нарыг 1,000,000 төгрөгөөр, шүүгдэгч М.Сыг 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, мөн түүнчлэн шүүгдэгч М.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, М.С нь П.С, Б.Э нартай бүлэглэн бусдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн түүнийгээ барьцаалан З.Нарантуяагаас 75,000,000 төгрөгийг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайлбал, төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь уг эд хөрөнгийг тухайн этгээдийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулах эрхэд байгааг нотолж буй баримт бөгөөд түүнийг хуурамчаар үйлдэх, ашиглах үйлдлийг Эрүүгийн хуулиар “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг гэж үзэж, хориглосон болно.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцдэг болно.

Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн хэргийн шинж чанар, үйлдлийн тоо, гэм буруугийн хэр хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн “...анхан шатны шүүх ...шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид гэмт хэрэг үйлдэх арга болж зохицуулсан ...тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1218 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С, П.С, Б.Э нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН