Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 115/2018/0010/З |
Дугаар | 221/МА2018/0462 |
Огноо | 2018-08-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2018/0462
Г.Ц-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б-А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Г.М нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Ц-ын нэхэмжлэлтэй, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0013 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ц-ын, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус албаны хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Ц давж заалдах гомдолдоо: “Би Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус албаны хүнсний чанар, стандартын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон.
Миний бие 2012 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд 2017 онд тус сургуулийн Хүнс судлалын ухааны магистрын зэргийг хамгаалсан. Дорноговь, Завхан аймагт 2015 оны 04 дүгээр сарын 09-11 өдрүүдэд зохион байгуулагдсан Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэн нөөцөд бүртгэгдсэний дагуу ажилд орох хүсэлтээ гаргасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар тус албаны стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан улсын байцаагчийн албан тушаалд томилогдсон. Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/139 дүгээр тушаалаар улсын байцаагчийн эрх нээгдэж 25-11-100 хувийн дугаар, баталгааны тэмдэг олгогдсон. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/110 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон.
Ажиллаж байх хугацаанд буюу 2016, 2017 онуудад үр дүнгийн гэрээг тухай бүр байгуулж, хагас бүтэн жилээр “хангалттай” үнэлгээтэй дүгнэгдэж байсан. 2018 оны үр дүнгийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэгжийн менежертэй байгуулж, ажил үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэж байтал 2018 оны 03 дугаар сарын 14-нд Б/31 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Ажлаас чөлөөлсөн уг тушаалыг Төрийн албаны тухай хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр гэж үзэж 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дугээр зүйлийн 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 32.1, 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ц-ын Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус албаны хүнсний чанар, стандартын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх зэрэг захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн, гаргасан зөрчил бүр нь нь нотлох баримтаар хангалттай, бүрэн дүүрэн тогтоогдсон байх ёстой.
Маргаан бүхий 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/31 дүгээр тушаалд “...хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан... улсын байцагч Б-ийн Х-Э-ийг ажилд нь эргүүлэн томилон, түүний оронд хууль зөрчсөн тушаалаар томилогдон ажиллаж байсан Г.Ц-ыг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ. Дээрх тушаалаас үзэхэд юуны өмнө нэхэмжлэгч Г.Ц анхнаасаа хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.Х-Э-ийн орон тоонд буюу эзгүй байгаа алба хаагчийн оронд томилогдсон эсэх талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.
Энэ тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Тодруулбал нэхэмжлэгчийн анх Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл л маргаанд хамааралтай үйл баримт, фактуудыг он цагийн дарааллын хувьд авч үзэж нэгтгэн зөв дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийг ажилд орох хүсэлтийг гаргах тухайн үед Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд Стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан улсын байцаагчийн эзгүй 2 орон тоо байсан. Тодруулбал, Д.З 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар, Б.Х-Э 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн мөн 2 жилийн хугацаагаар тус тус хүүхэд асрах чөлөө авсан байжээ. Үүнээс Д.З нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа өөр ажилд шилжин ажиллах болсон тул тус албаны даргын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр тус алба 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Стандарт чанарын хяналтын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 1 сул орон тоо /Д.З-ын/, 1 эзгүй орон тоо /Б.Х-Э-ийн/-той болсон нь тогтоогджээ.
Тус албанаас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/139 дүгээр албан бичгээр Б.Н-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгуулахаар, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Г.Ц-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар тус албаны 01/179 дугаар албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж тус тусын хариуг авчээ.
Тус албаны стандарт чанарын хяналтын улсын байцаагчийн сул орон тоонд ажиллахаар хүсэлт гаргасан Б.Н, Г.Ц нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ийнхүү холбогдох байгууллагаар хянуулж хариуг нь авсан байх хэдий ч 2015 онд тэдгээрийн хэн алиныг ч тухайн сул орон тоонд /Д.З-ын/ томилоогүй байсаар, албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ...Б.Н-ын улсын байцаагчийн эрх ... олгогдсон гэх үндэслэлээр түүнийг нян судлалын шинжээчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан улсын байцаагчийн орон тоонд туршилтын хугацаагаар түр томилон ажиллуулжээ. Үүний дараа тус албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б/33 дугаар тушаал гаргаж, Г.Ц-ыг тус албаны Стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан улсын байцаагчаар мөн томилсон болох нь тогтоогджээ.
Анхан шатны шүүх үйл баримтуудыг цаг хугацааны дарааллын хувьд авч үзээд “Б.Н-ыг Д.З-ын сул орон тоонд, нэхэмжлэгч Г.Ц-ыг Б.Х-Э-ийн эзгүй орон тоонд тус тус томилсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь Д.З 2014 оны 02 дугаар сараас эхлэн хүүхэд асрах чөлөө авч улмаар чөлөөтэй байх хугацаандаа үргэлжлүүлэн 2015 оны 06 дугаар сард шилжсэнээр түүний сул орон тоо эхэлж гарсан, харин Б.Х-Э-ийн хувьд түүний сул орон тоо гараагүй тэрээр 2014 оны 12 дугаар сараас эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байсан тул түүний эзгүй орон тоо тухайн үед байжээ.
Мөн Б.Н, Г.Ц нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгуулахаар явуулсан албан бичигт тус тус ...сул орон тоонд ажиллах хүсэлт гаргасан хэмээн дурдсан байснаас нь үзвэл тэдний хэн, хэнийг нь тухайн үед гарсан байсан сул орон тоонд буюу Д.З-ын оронд ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлж байжээ гэж үзэхээр байх ба улмаар Б.Н-ын улсын байцаагчийн эрх эхэлж олгогдсоноор түүнийг хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон нь тухайн үед байсан сул орон тоо болох Д.З-ын оронд томилогдсон байна гэж үзэх үндэслэл болжээ.
Харин Г.Ц-ыг томилох тухайн үед тус албанд хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн сул орон тоо байгаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Х-Э-ийн эзгүй орон тоо байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн тус албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар Б.Н-ыг улсын байцаагчаар ажиллах туршилтын хугацаа нь дууссан гэх үндэслэлээр жинхлэн томилсноос үзвэл түүнийг улсын байцаагчийн сул орон тоонд /Д.З-ын оронд/ томилсон болох нь мөн батлагдаж байна. Эдгээр үйл баримтын тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Маргаан бүхий Б/31 дүгээр тушаалын 4 дэх заалтаар нэхэмжлэгчийн анх ажилд томилогдсон тушаал болох 2016 оны Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгожээ. Ингэснээр анхнаасаа Г.Ц тухайн албан тушаалд томилогдоогүй, ажиллаагүй мэт үр дагаврыг үүсгэж байна. Энэхүү байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч Г.Ц нь анх томилогдохдоо жинхлэн томилогдсон, улмаар төрийн албан хаагчийн тангараг өргөсөн “төрийн жинхэнэ албан хаагч” байна. Иймд түүнийг чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуульд заасан “чөлөөлөх” үндэслэл бүрдсэн байх ёстой. Маргаан бүхий тушаал нь “ажлаас чөлөөлсөн агуулгатай байна. Иймд шүүх Төрийн албаны тухай хуульд заасан чөлөөлөх үндэслэлийн талаар дүгнэлт хийх нь зүйтэй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан эсэхийг нягтлан шалгах шаардлагатай байна. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дахь хэсгийг хангасан эсэх талаар дүгнэх шаардлагатай.
Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл Г.Ц-ын гомдлын дагуу хянаад 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Г.Ц-ын тухай” 11 дүгээр албан бичгийг хариуцагчид /нэг хувийг нь иргэн Г.Ц-т/ хүргүүлсэн байна. Уг албан бичигт .”..Дээрх нөхцөл байдлыг үндэслэн дараах чиглэлийг өгч байна” гээд “1. Г.Ц-ыг Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд тэргүүн ээлжинд томилон ажиллуулах...” гэжээ. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс “...Хөшигийн хөндийн нисэх буудлын орон тоог харж байгаад шилжих хүсэлтээ өгсөн хүмүүс байгаа, ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын албанд хүнсний байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдсан, манай байцаагч нараас тэнд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүмүүс байгаа, ... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт 2 хүнсний байцаагчийн орон тоо зарлагдсан. Хүн бүртгэгдээгүй учраас дахин ажлын байр зарлагдана” гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн зүгээс шаардлага хангаагүй хүн томилогдон ажиллаж байгаа тухай тайлбарлаж байжээ. Иймд шинээр шаардлага хангаагүй хүн томилогдсон эсэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 11 дүгээр албан бичигт өгсөн чиглэлийн дагуу нэхэмжлэгчийг орон тоо гарсан тохиолдолд тэргүүн ээлжинд томилон ажиллуулах боломж байсан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР