| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 106/2018/0106/Э |
| Дугаар | 292 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 292
Б.Ө, Б.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1170 дугаар магадлалтай, Б.Ө, Б.Т нарт холбогдох 201526022004 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Өын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2007 оны 12 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, Хойт овогт Бын Ө,
2. Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Баатарван овогт Бийн Т нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,
шүүгдэгч Б.Өыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Тыг гэмт хэргийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Б.Өыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Өт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзаж,
шүүгдэгч Б.Өын эзэмшлийн 35-33 УБЕ улсын дугаартай “Тоёота Румион” загварын автомашиныг хурааж, улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 ширхэг Сиди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Хойт овогт Бын Өыг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Өын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ө гаргасан гомдолдоо: “…Миний бие 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ээгий гэгчид тус болох гэж яваад хэрэгт холбогдоод байгаадаа маш их харамсаж байна. Уг хэргийн улмаас анхан болон давж заалдах шатны шүүх хуралд нийт 10 гаруй удаа оролцсон. Шүүхийн шийтгэх тогтоолууд янз бүр гарсаар 5 дахь жилийн нүүрийг үзэж байна. Анх хэрэгт холбогдсон талаараа мэдсэн даруй мөрдөн байцаагчид Ээгий гэгчийн талаар мэдээлэл өгсөн төдийгүй, ямар утсаар холбогдсон талаар нь тухай бүрт нь мэдээлж байсан. Гэтэл эрэн сурвалжлах ажиллагааг тууштай явуулаагүйгээс болж гол хэрэг хийсэн этгээдийг олж чадаагүй байж намайг хамт явсан гэх үндэслэлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хугацаанд прокуророос ямар ч үндэслэлгүйгээр Ээгий гэгчийг эрэн сурвалжлах нэрийдлээр тусгаарласан.
Би 2016 оны 4 сард энэ хэргийн улмаас анх байцаалт өгсөн ба өнөөдрийг хүртэл сэтгэл санаа, эд материалын хохирол их амсаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ өмнө нь намайг хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан гэдгээр нь дүгнэлт хийж байгаа байх. Би залуу насны алдаагаар нэг удаа өөрийн нэр хүндээ гутаах зүйл хийж байсандаа байнга харамсаж явдаг ба өөрийн алдаа дутагдлаа засаж залруулах үүднээс хүний газар очиж 3 жил ажиллаж амьдарч ирээд хувиараа бизнес хийж, хүнсний ногоо тариалж гэр бүлээ авч явж байна. Надад дахин гэмт хэрэг хийх ямар ч шаардлага байхгүй төдийгүй дахин өмнөх алдаагаа давтах ухамсар байхгүй гэдгийг хэлмээр байна. Би 2 охинтой, 1 хүүтэй ба охидууд маань 6-8 настай, хүү маань 3 сар гарантай юм. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хугацаанд эхнэр маань жирэмсэн байсан тул шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн хохирлыг аргагүй байдлаар төлсөн. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо уг хулгайн хэргийг хийсэндээ биш, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож аргагүй байдлаар төлсөн гэдгийг бичсэн.
Анхан шатны шүүх намайг гэм буруутайд тооцох үндэслэл болсон СД-д бичигдсэн бичлэгт тухайн гэрэлт самбарыг би авч байгаа талаарх үзэгдэл байдаггүй. Хамгийн анх хэрэг шүүхэд шилжиж ирэхэд СД бичлэг байхгүй байсан тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Гэтэл дахин шүүх рүү хэргийг ирүүлэхдээ миний машинд ачиж явж байгаа л дүрс бүхий бичлэгийг ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн талаар эргэлзээгүй нотлох ёстой боловч нотлоогүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн гэж бичсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь хянаж үзээгүй гэж бодож байна. Учир нь хуульд зааснаар би гэм буруугаа хүлээсэн нь бусад нотлох баримтаар давхар нотлогдох ёстой болохыг мэдсэн ба хэрэгт давхар нотолсон ямар ч баримт байхгүй. Надад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Д.Энхцэцэг хэлсэн саналдаа: “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Ээгий гэх хүн хэрэгт оролцсон эсэхийг шалгах ёстой байсан. Ээгийг олохын тулд мөрдөн байцаагчид түүний утасны дугаар, царай төрх зэргийг хэлсэн боловч ажиллагаа хийхгүйгээр зөвхөн камерт бичигдсэн дүрсийг үндэслэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Мөн эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломж бий. Мөн Б.Тын үйл баримтын талаар өгсөн удаа дараагийн мэдүүлэг бий. Шүүх бодитой шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хавтаст хэрэгг тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Өын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ө, Б.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Б.Ө, Б.Т нарыг Ээгий гэх хүнтэй бүлэглэж 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Эко-гийн 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Фитнес клубын 1 сая төгрөгийн үнэ бүхий Лед гэрлэн урсдаг хаяг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Өыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгч Б.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд илтэд тохироогүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.
Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тыг 2002 оны Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийг нуун далдлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ тэрээр Б.Өын үйлдсэн хулгайн гэмт хэргийг нуун далдлахад чиглэсэн ямар идэвхтэй үйлдэл хийсэн, эсхүл хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн шаардлагад нийцээгүй тогтоол гаргасан нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болно.
Иймд хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар шүүгдэгч Б.Өын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Ө, Б.Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1170 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт холбогдох 201526022004 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар шүүгдэгч Б.Өын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН