Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01102

 

И.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00590 дүгээр шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 218/МА2020/00023 дугаар магадлалтай,

 

И.Бийн нэхэмжлэлтэй

Г.Ц холбогдох

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байрны үнэ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Алтандөш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. И.Б нь Г.Ц холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байрны үнэ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00590 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Г.Цгоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байрны 2-15 тоотод орших орон сууцны үнэ 32032026 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч И.Бэд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /2011 оны 07 сарын 09 өдрийн И.Б, Г.Ц нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 2967974 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч талаас 318110 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 218/МА2020/00023 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00590 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319000 /гурван зуун арван есөн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хяналтын гомдолдоо: ...Магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар шүүх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн зүйлийн 172.2.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2/ Тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийн оролцогч миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Учир нь би 2020.09.07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө энэхүү хэргийн үнэн бодит байдлыг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрчээр Балданжавын Нямжавыг оролцуулж, асуулгах хүсэлт гаргасан. Гэвч энэхүү хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэргийн оролцогч би нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй болох талаар баримтыг шүүхэд гарган өөрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болно. Ингэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гарган шүүхээр шийдвэрлүүлж болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байна. Гэтэл миний дээр дурдсан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй нь энэхүү хэргийг үнэн бодитоор шударгаар, хууль ёсны шийдэж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн. Мөн шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө хэргийн оролцогчдоос гаргах санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулж байгаа нь “Хэргийн оролцогчдод тодорхой санал, хүсэлт байгаа” тохиолдолд шийдвэрлэх зорилготой болохоос, шийдвэрлэхгүйгээр дүр үзүүлсэн /хэлбэрийн төдий оролцогчийн эрхийг хангах зорилготой/ байдалтай асуудаг шүүх хуралдааны хэсэг биш гэж үзэж байна. Гэтэл энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдахад тус шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл “Хэргийн оролцогчийн эрхийг хангаж шийдвэрлээгүй” талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тухай гомдолд давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн. Би И.Бэд 15,000,000 төгрөг өгсний 12,000,000 төгрөгийг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогддог. Харин 3,000,000 төгрөгийг бэлнээр өгснийг гэрчлэх хүн нь Б.Нямжав байсан. Иймд түүнээс гэрчийн мэдүүлэг авхуулж, нэхэмжлэлийн татгалзлаа нотлох гэсэн боловч энэхүү хүсэлтийг минь шүүх хангаж шийдвэрлээгүй. Ийнхүү шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хяналтын шатны шүүх зөвтгөн хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1/. Магадлалын 6, 7-р талд “Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2017.07.09-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг...баталгаажуулжээ. Үүнээс үндэслэн үзэхэд гэрээний талууд нь И.Б, Г.Ц нар бөгөөд орон сууцны үнийн талаар хариуцагч Г.Цгийн зүгээс ямар нэгэн төлбөр хийгдээгүй гэж шүүхээс үзсэн нь үндэстэй байна. Г.Ц нь орон сууцны үнийг төлөөгүй гэсэн бичиг баримт хавтаст хэрэгт авагдсан... Мөн гэрээний төлбөрийн талаар Г.Ц нь мөнгө төлөөгүй гэдгээ эрх бүхий байгууллагад мэдүүлж байснаас гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч Наранбаатар энэ гэрээн дээрх хугацаанд биш өөр цаг хугацаанд И.Бэд мөнгө өгч байсан тухай тайлбарлажээ. Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлтүүд үндэслэлтэй байна..." гэж үзсэн. Би шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий гэрээн дээрх хугацаанд /2011.07.09-ний өдөр/ биш өөр цаг хугацаанд /гэрээ байгуулагдахаас өмнөх хугацааг хэлж буй мэт тодорхойгүй/ И.Бэд мөнгө өгч байсан тухай нэгээхэн удаа ч тайлбарлаагүй. /Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдоно/. Надаас маргаан бүхий гэрээ байгуулагдсан буюу 2011.07.09-ний өдөр 3,000,000 төгрөг 2011.07.26-ны өдөр 1,200,000, 2011.07.26-ны өдөр 500,000, 2011.08.05-ны өдөр 80,000, 2011.09.29-ний өдөр 4,960,000, 2011.10.25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2012.04.19-ний өдөр 380,000 төгрөг, 2012.12.11-ний өдөр 200,000 нийт 13,020,000 И.Бийн “Хаан банк” ХХК-ийн 5450241016 тоот данс руу миний “Хаан банк” ХХК-ийн 5006423945 данснаас болон банкаар миний нэртэй шилжүүлэгдсэн байдаг. Дээрх хугацаа нь бүгд гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд шилжүүлэгдсэн болохыг тодорхойлно. Энэ нь магадлалын тус хэсгийг үндэслэлгүй байгааг илэрхийлж байна. Харин И.Бээс над руу /“Хаан банк” ХХК-ийн 5006423945/ дансанд 2011.11.15-ны өдөр 600,000 төгрөг шилжиж ирсэн байдаг. Энэ нь миний шүүх хуралдаанд гаргаад буй И.Бийг 15,000,000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй зээлсэн” болохын нотлох баримт юм. Учир нь 15,000,000 төгрөгийн 4 хувь нь 600,000 төгрөг болно. Өөрөөр хэлбэл би 2011.11.15-ны өдөр гэхэд И.Бэд 15,000,000 төгрөгийг бүтэн өгч, 15,000,000 төгрөг зээлүүлэх үүргээ биелүүлснийг илэрхийлэх баримт нь энэ юм. Дээр дурдсан баримтууд нь бүгд хавтаст хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүхээс хянаж, дүгнэлт хийгээгүй байдаг. Хэрвээ И.Б нь орон сууцаа зараад нэг ч төгрөг Г.Ц болон Ц.Н нараас аваагүй юм бол яагаад Г.Цгоос орон сууц зарсан мөнгөө тухайн үед нь нэхэмжлэхгүй байсан юм бэ? 2011.07.09-ний өдөр орон сууцаа зарсан хүн 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгөө нэхэх үү гэдэг асуудал гарна. Энэ бүхний цаана И.Бийн яриад буй орон сууцны мөнгөө аваагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа юм. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь И.Б, Г.Ц нарын хооронд байгуулагдсан. Энэхүү гэрээний зорилго нь анх бол И.Б нь 15,000,000 төгрөгийг зээлэхийн тулд надаас “Байраа нэр дээр чинь шилжүүлээд зээл чамаас авъя” гэсэн. Тухайн үед би өөрийн эцэг Г.Цгоор “Хас банк” ХХК-д илүү хөнгөлөлттэй зээл хөөцөлдөж байсан тул, И.Бийн байрыг эцэг Д.Г.Цгийн нэр дээр шилжүүлж авсан. Учир нь эцэг Г.Ц маань “Хас банк” ХХК-аас зээл хөөцөлдөж байсан тул барьцааг нь хангуулахын тулд эцгийн нэр дээр И.Бээс шилжүүлж авсан. Ийм харилцаа үүссэнийг ч И.Б тухайн үед мэдэж байгаа. Хамгийн гол нь энэ харилцааг И.Б хүссэн байдаг. Би ч мөн хүсэж дээрх үйл явдал болсон. Миний эцэг буюу хариуцагч Г.Ц нь И.Б бид хоёрын хооронд ийм харилцаа болсныг тухайн үед мэдээгүй. Мэдэх ч шаардлагагүй байсан. Учир нь би тухайн үед И.Бийн хүссэний дагуу байрыг нь шилжүүлэн авч, түүнд мөнгө зээлсэн шүү дээ. Тухайн үед И.Б ч хүсээд байсан мөнгөө авсан, би ч сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Надад ч ашигтай санагдаж байсан. Гэтэл И.Б нь надаас зээлсэн мөнгөө, хүүтэй нь өгөхгүй 3 жил гаран болж байгаад “Чамаас авсан зээлээ ч төлж чадахгүй боллоо. Байраа буцааж авна гэдэг худлаа юм боллоо. Нэгэнт л хоёулаа гэрээг 22,000,000 төгрөгөөр хийсэн юм чинь надад 7,000,000 төгрөг нэмээд өгчих. Тэртээ тэргүй байр чиний нэр дээр байгаа юм чинь, дахиж гэрээ хийх ямар ч шаардлагагүй. Миний бие өвдөөд хотод байна. Ээж аймагт яваа. Ээжид өгчих” гэсэн. Үүний дагуу И.Бийн ээж Валя нь надаас ирж 7,000,000 төгрөгийг 2016.03.11-ний өдөр авч, энэ тухайгаа бичээд, гарын үсгээ зурсан баримт хэрэгт байгаа. /хх-195/ Энэ баримтын талаар Валягаас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гэвч Валя нь намайг охинд нь /И.Б өртэй байсан тул өрөө өгсөн гэж “худал” мэдүүлдэг. Тухайн үед нь би өөрийн хүүхдийн төлөө эх хүн худлаа ярих байтугай л зүйл хийнэ биз дээ гээд цагдаагийн байгууллагад хандаагүй орхисон. Учир нь энэ баримт дээр цагаан дээр хараар тов тодорхой “Ц.Наас 7,000,000 төгрөг хүлээн авлаа. Байрны тооцоо дууссан. 7-р баг 14-р байр 2-15, хүлээн авсан Валя” гэж бичигдсэн байдаг. Валя гэрчээр мэдүүлдэг өгөхдөө энэ бичгийг хийж өгснөө үгүйсгээгүй байдаг. Мөн энэ бичигт зээлийн биш байрны тухай асуудал бичигдсэн байгаа нь ямар ч бичиг үсэг мэдэх хүнд тодорхой. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа энэ баримтын талаар огт дурдаагүй. Энэ хэрэгт хамгийн чухал үнэ цэнтэй баримтыг үнэлж, дүгнэх нь битгий хэл огт дурдаагүй байдаг. Магадлалын 7-р талд “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаж буй харилцааны нэг тал нь өөрөө Наранбаатар мөн гэж тайлбарласан, орон сууцны мөнгийг төлсөн гэж маргаж байх боловч энэ талаарх тайлбар нь нотлогдоогүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэстэй байна. Хавтаст хэрэгт авагдсан талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Наранбаатарын тайлбар болон давж заалдах гомдолдоо дурдсан зүйлүүд нотлогдохгүй байгааг тэмдэглэж байна...” гэж үзсэн. Би шүүхэд маргаж буй харилцааны нэг тал гэж маргаагүй. Харин И.Бийн хүссэний дагуу түүнд мөнгө зээлж, энэ харилцаа эхэлсэн. Тэр мөнгө зээлсэн хүн нь бол би мөн. Харин И.Б хэлж, тохирсон шигээ надаас авсан зээлээ төлж, байраа буцааж аваагүй. Тэгээд нэгэнт л надаас мөнгө зээлсэн байсан тул нэмээд 7,000,000 төгрөг өгчих, тэгээд энэ байрны харилцаагаа дуусгая гэсэн харилцаа бид хоёрын дунд болсон тухай хоёр шатны шүүхэд тайлбарлаж хэлсэн. Валягийн гарын үсэгтэй баримтад яагаад “Ц.Наас 7,000,000 төгрөг хүлээн авлаа, байрны тооцоо дууслаа...” гэж бичсэн бэ? Мөн яагаад гэрээ байгуулсан Г.Ц нь И.Бэд гэрээний дагуу нэг ч төгрөг шилжүүлсэнгүй вэ? Энэ талаар маш олон удаа тайлбарлаад байхад шүүхүүд яагаад дүгнэхгүй байна вэ? гэдэгт гайхаж байна. Би И.Бэд мөнгөнүүдийг өгсөн учраас дээрх бичгийг Валя хийж өгсөн, би И.Бэд 15,000,000 төгрөгийг өгсөн учраас Г.Цгоос түүнд ямар ч мөнгө төлөөгүй юм шүү дээ. 15,000,000 төгрөг хэрхэн төлөгдсөн талаар “Хаан банк” ХХК-ийн депозит хуулганы талаар энэхүү гомдлын дээд хэсэгт бий. Мөн магадлалын 7-р талд “...Өөрийгөө гэрээ байгуулсан хүн бөгөөд гэрээний нэг тал нь мөн, мөнгө төлсөн хүн гэж тайлбарлах боловч хэргийн нэхэмжлэгч И.Б болон хариуцагч Г.Ц нарын зүгээс талаар шүүхэд тайлбарласан, нотолж хүссэн зүйл байхгүй, хэргийн хариуцагчийг солих асуудал зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлт зөвшөөрлөөр явагдах хуулийн зохицуулалттай. Мөн хариуцагч талын зүгээс орон сууцны мөнгийг төлсөн гэх боловч үүнийг нэхэмжлэгч И.Б тайлбарлахдаа мөнгө авч өгөлцсөнөө үгүйсгээгүй бөгөөд уг мөнгийг өөрсдийн хооронд хийгдсэн зээлийн гэрээний асуудлаас үүдэлтэй тайлбарлажээ. Хэдийгээр Ц.Нын тайлбар хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга, зарим нэгэн бичмэл баримт зэргээр И.Б рүү нэлээн хэмжээний мөнгө шилжсэн харагдаж байгаа боловч энэ нь нотлогдоогүй байхаас гадна И.Бийн шүүхэд ирүүлсэн хариу талбар болон дансны хуулга зэргээс харахад И.Бийн 5450241016 данс болон Ц.Нын 5006423945 тоот дансны хооронд 2011 оны 06 сарын 23 буюу дээр дурдагдсан гэрээ байгуулагдахаас өмнөх үеэс эхлэн олон удаа гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний харилцаа байсан гэж тайлбарласныг шүүх хүлээн авсныг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна...” гэж үзжээ. Би өөрийгөө И.Бтэй маргаан бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж шүүхийн аль ч шатанд мэдүүлэг, тайлбар гаргаагүй. Харин ямар харилцаа үүссэн талаар дээр хэсэгт хангалттай тодорхой дурдлаа. Г.Ц мөнгө төлөөгүй, төлөх шаардлагагүй тул ямар нэгэн тайлбар гаргахгүй нь зүйн хэрэг. Мөн нэхэмжлэгч И.Б нь анхнаасаа шүүхэд худалж тайлбар гаргаж /Зохигч үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн/ шүүхэд нэхэмжлэл, тайлбарыг гаргаж ирсэн. Ийнхүү залилангийн шинжтэй, худал хуурмагаар дүүрэн шүүхэд хандаж байгаа хүн “Би Наранбаатараас 22,000,000 төгрөгөө авсан юм аа” гээд мэдүүлэг, тайлбар гаргахгүй нь зүйн хэрэг шүү дээ. Харин энэхүү гаргаж байгаа тайлбарууд нь Валягийн бичиж өгсөн баримт, И.Б рүү надаас шилжсэн мөнгөнүүдээр үгүйсгэгдэж байгааг шүүх огт харалгүй, дүгнэлт хийлгүй өнгөрөөсөн. Мөн давж заалдах шатны шүүхээс "...Наранбаатарын тайлбар хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга, зарим нэгэн бичмэл баримт зэргээр И.Б рүү нэлээн хэмжээний мөнгө шилжсэн харагдаж байгаа боловч энэ нь нотлогдоогүй...” гэж үзсэн. Нэхэмжлэгч, хариуцагч бид шүүхээр хэргийн талаар үнэн, худлаа шийдүүлэх гээд өчнөөн зардал, цаг хугацаа шаардаж шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг шүүх “Нэлээн хэмжээний мөнгө” гэж яавч дүгнэж, шийдвэр гаргаж болохгүй. Шүүх нь талуудаас гаргасан баримт бүрд нь дүгнэлт хийж, тооцоо, судалгааг хангалттай хийж шийдэх ёстой. Нэг төгрөгийн ч зөрүү гаргахгүй хэргийг шийдэх ёстой гэж жирийн иргэн хүний хувьд бодож байна. Тэр нэг төгрөгийн цаана миний, мөн хэн нэгний олон жилийн хөдөлмөр, үр шим байдаг байтал шүүх ийнхүү хайнга, хөнгөмсөг хандаж байгаа юм шиг “Нэлээн хэмжээний мөнгө” гэж дүгнэж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна. Мөн шүүхээс “...Ц.Нын тайлбар хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга, зарим нэгэн бичмэл баримт зэргээр И.Б рүү нэлээн хэмжээний мөнгө шилжсэн харагдаж байгаа боловч энэ нь нотлогдоогүй...” гэсэн хэсгээс өөр зүйл илэрхийлэгдэнэ. “...Зарим нэгэн бичмэл баримт...” гэж яг юуг хэлж байна вэ? Хэрэгт авагдсан нэг хуудас ч баримтыг шүүх тодорхой зааж дүгнэлтээ гаргах ёстой. Гэтэл энэ нь ямар баримтыг хэлээд буй нь эргэлзээтэй, тодорхойгүй байна. Мөн энэ хэсэгт “...нэлээн хэмжээний мөнгө шилжсэн харагдаж байгаа боловч энэ нь нотлогдоогүй...” гэж үзсэн. Энэ нь яг юуг нотлохгүй байгаа юм бэ? Энэ талаар яагаад шүүх тайлбарлахгүй байгаа юм бэ? Миний И.Бэд мөнгө өгсөн нь нотлогдохгүй байгаа юм уу? Хэрэв тийм бол би И.Бэд яагаад мөнгө шилжүүлээд байгаа юм бэ? Яагаад тэр надаас мөнгө аваад байгаа юм бэ? Энэ шалтгаант холбоосыг шүүх огтоос тайлбарлаагүй, тодорхойгүй байдлаар дүгнэсэн. Мөн магадлалын энэ хэсэгт “...И.Бийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон дансны хуулга зэргээс харахад И.Бийн 5450241016 тоот данс болон Ц.Нын 5006423945 тоот дансны хооронд 2011 оны 06 сарын 23 буюу дээр дурдагдсан гэрээ байгуулагдахаас өмнөх үеэс эхлэн олон удаа гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний харилцаа байсан гэж тайлбарласныг шүүх хүлээн авсныг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна...” гэж үзсэн. Би нэхэмжлэгч И.Бэд ямар ч өр, зээлгүй байсан. Нэхэмжлэгч нь намайг дансаар өрөө шилжүүлж байсан гэдэг. Гэтэл нэхэмжлэгч надад мөнгө зээлсэн ямар ч баримт байхгүй. Хэрвээ би нэхэмжлэгчид өртэй байсан бол нэхэмжлэгч нь над руу “2011.11.03-ны өдөр 100,000 төгрөг, 2011.11.15-ны өдөр 600,000 төгрөг, 2012.02.09-ний өдөр 500,000 төгрөг, 2012.03.30-ны өдөр 200,000 төгрөг, 2012.04.07-ны өдөр 100,000 төгрөг, 2012.06.21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2012.10.11-ний өдөр 30,000, 2013.03.09-ний өдөр 300,000 төгрөг, 2014.02.26-ны өдөр /Гүйлгээний утга: Зээл төлөв/ 300,000 төгрөг”-ийг тус тус яагаад мөнгө шилжүүлээд байгаа юм бэ? Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хангалттай тодорхой ярьсан байтал ийм зүйл болоогүй мэт давж заалдах шатны шүүх надаас асуулт асууж байсанд би үнэхээр гайхдаг /Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэж найдаж байна/ И.Бийн над руу шилжүүлээд байгаа дээрх мөнгө нь нөгөө л байраа түр шилжүүлээд 15,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлснийхээ хүүг нь төлж байсан л асуудал шүү дээ. Үүнийг шүүх хангалттай баримт байхад яагаад тогтоохгүй байгаа юм бэ? Хэрвээ би И.Бэд өртэй юм байсан бол над руу “Зээл төлөв” гээд мөнгө шилжүүлээд байх уу? Энэ гүйлгээ бүр нь ямар учир холбогдолтой байсан талаар шүүх яагаад дүгнэлт хийлгүй хэргийг шийдсэнд тун их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс ярьж буй зээлийн гэрээний харилцаа байхгүй. Харин зөвхөн анх И.Б нь надаас 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлье л гэсэн харилцаа бол байсан. Үүнд би маргадаггүй. Магадлалд талууд дүр үзүүлэн хэлцэл хийсэн байна гэж үздэг. Анх хийсэн зорилгоос харахад бол үнэхээр тийм. Гэвч И.Б нь надад би зээлсэн мөнгөө төлнө гээд хүүгээ алдаг, оног /дээр дурдсан байдлаар/ төлөөд хэдэн жил болсон. Тэгээд 2016.03 сарын эхээр би тэр байрыг И.Бийг өөр хүнд хөлсөлж байгаа талаар олж мэдсэн. Надад И.Бийг хөөж байрнаас нь гаргасан зүйл огт байхгүй. Надаас зээлсэн мөнгөө төлөөд, байраа буцаагаад шилжүүлээд авна даа л гэж бодож байсан. Гэтэл би зээлсэн мөнгөө олж авч чадахгүй 4 жил орчим явсан, И.Б ч төлж чадахгүй байсан. Тэгээд 2011.03.11-ний өдөр И.Б над руу яриад “...Зээлсэн мөнгөө өгч чадахгүй нь, нэгэнт л хоёулаа 22,000,000 төгрөгөөр байр зарахаар гэрээ хийсэн...” юм чинь гээд дээр дурдсан зүйлээ хэлсэн. Тэгээд би ээжид нь мөнгийг нь өгөөд бид хоёрын харилцаа дууссан. И.Бийн ээж Валягийн надад бичиж өгсөн баримт бол дүр үзүүлсэн хэлцлээ хожим хүлээн зөвшөөрч, надад үйлдэж өгсөн баримт гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...үнийг төлөх...” талаар дурдсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “Үнэлгээ”-г төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий гэрээнд 22,000,000 төгрөг гэж тодорхой заасан. Тодорхой дүн заагаагүй, тодорхойлогдох боломжгүй, эргэлзээтэй зүйлд л үнэлгээ хийлгэж шийдэгддэг гэж бодож байна. Мөн Г.Цг орон сууцны үнийг төлөөгүй гэдэг. Гэтэл И.Б надаас зээлж авсан 15,000,000 төгрөг дээрээ нэмж 7,000,000 төгрөгийг ээж нь бэлнээр авсан байдаг. Энэ харилцаа нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т заасан хууль болон гэрээнд үүргийг заавал үүрэг гүйцэтгэгч буюу Г.Ц гүйцэтгэхээр заагаагүй байх тул би үүргийг гүйцэтгэсэн нь хуульд харшлаагүй байна. Дээр дурдсан анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Энэхүү зөрчсөн байдал нь хэргийг үнэн бодитоор, шударгаар шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэж байна. Хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж чадаагүй, тодорхойгүй дүгнэлтүүд хийсэн гэж үзэж байна. Би шүүхэд анхнаасаа нэхэмжлэгч шиг худлаа ярьж, бид хоёрын хооронд ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж мэдүүлж болох байсан юм шиг санагдаж байна. Гэтэл би шүүхэд үнэн зөв мэдүүлэг, тайлбар гаргах үүрэгтэй хүн шүү дээ. Үүнийхээ төлөө үнэ, хөлсийг нь төлөөд авсан байрандаа дахиад илүү мөнгө төлнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Шударга ёс хаана байна вэ? Үнэн хаана байна вэ гэж хоёр шатны шүүх миний эсрэг талд гарсанд үнэхээр харамсаж, гомдож байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг хэрэглээгүй, 56 дугаар зүйлийн 56.5 буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэхдээ энэ хуулиа буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.байна

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Г.Ц холбогдуулан 2011.07.09-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч орон сууцыг бусдад худалдсан байх тул үнэ 35,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийг бүрэн тогтоож, хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж чадаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

8. Хэрэгт байгаа баримтаар, И.Б, Г.Ц нар 2011.07.09-ний өдөр Y0814000198 улсын бүртгэлийн дугаар бүхий Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байрны 2-15 тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Г.Цгийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн байх боловч нэхэмжлэгч И.Б нь орон сууцыг худалдах-худалдан авах тохиролцоо байгаагүй, Ц.Ныг танихгүй, Нямжав түүнийг дагуулж ирээд зээл авах гэсэн барьцаа хүрэхгүй байна, байраа барьцаанд тавиулж өгөөч гэхээр нь Г.Цгийн өмчлөлд шилжүүлсэн гэж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...орон сууц худалдах-худалдан авах хүсэл зориг талуудад байхгүй, ...хариуцагч орон сууцны үнэ төлөөгүй, ...гэрээнээс татгалзаж байна” гэж тодруулж байжээ.

09. Хариуцагч Г.Ц нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...И.Бийг танихгүй, хүү Наранбаатар гэрээн дээр гарын үсэг зураадах гэсэн, нэг эмэгтэй сууж байсан, зээл аваад мөнгө өгсөн юм яригддаг, бусад зүйлийг мэдэхгүй...” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н тайлбар гаргахдаа “...эхлээд орон сууц худалдах худалдан авах санаа зорилго байгаагүй, И.Б нь анх мөнгөний хэрэг гараад өөрийн нэр дээр зээл олдохгүй байна, байраа чиний нэр дээр түр шилжүүлээд нэр дээр чинь зээл авъя... зээлээ даруйхан төлөөд байраа буцааж авна гэдэг санал тавьсан...Би зөвшөөрч ... байрыг аав Г.Цгийн нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлэн аваад Хас банкны зээлийн барьцаанд тавьж, 27 сая төгрөгийг аваад 15 сая төгрөгийг нь нэхэмжлэгчид 4 хувийн хүүтэйгээр өгсөн, нэхэмжлэгч нь зээлээ төлж чадахаа байлаа нэмж 7,000,000 төгрөг өгөөд байрыг худалдаад авчихаач гээд гуйхаар нь 2016 онд нэхэмжлэгчийн ээжид 7,000,000 төгрөг өгч байрны тооцоо дууссан гэж бичиг хийж өгсөн... нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан байна.

10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж хуульчилсан. Талууд худалдах-худалдан авах хэлцэл байгуулах хүсэл зориг байгаагүй талаар маргаагүй боловч уг хэлцлийн үр дагаврыг хоёр шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй байна.

11. Шүүх маргааны зүйлийг бүрэн тодорхойлж, хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч И.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нар дараах үйл баримтыг маргасан. Үүнд:

11.1. Нэхэмжлэгч И.Б нь Нямжаваар дамжуулан Ц.Нтай харилцан тохирч, орон сууцаа барьцаалуулаач зээл аваад хэрэглээд өгье гэхээр нь тус болж түүний аав Г.Цгийн өмчлөлд орон сууцаа шилжүүлсэн гэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  маргаж “...нэхэмжлэгч өөрөө зээл авахын тулд манай аавын нэр дээр орон сууцаа шилжүүлсэн, нэхэмжлэгчид 15,000,000 төгрөг өгсөн гэсэн зөрүүтэй үйл баримт мэдүүлснийг шүүх дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид 15,000,000 төгрөгийг хэрхэн өгсөн, нэхэмжлэгч 15,000,000 төгрөгийг зээлж авсан эсэх, буцааж төлсөн эсэх маргааны зүйлийн талаар зайлшгүй дүгнэх шаардлагатай.

11.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч орон сууцаа худалдаад авчихаач гэхээр нь 2016 онд нэхэмжлэгчийн ээж Валяд 7,000,000 төгрөгийг төлсөн, ээж нь орон сууцны үнэ төлөгдөж тооцоо дууссан гэсэн бичиг хийж өгсөн гэж тайлбар гарган, баримт гаргаж өгсөн боловч үүнийг нэхэмжлэгч И.Б татгалзаж, эмнэлэгт хэвтэж байх хойгуур ээжээр ийм зүйл бичүүлж авсныг хожим харсан, энэ 7,000,000 төгрөг нь Ц.Нын надаас өмнө нь зээлж авсан мөнгөө эргүүлж төлсөн мөнгө юм...” гэж маргасан байхад шүүх энэ талаар дүгнээгүй. Талуудын хооронд гэрээ байгуулахаас өмнө мөнгө шилжүүлсэн үйл баримтын үндэслэлийг, гэрээ байгуулснаас хойш харилцан мөнгө шилжүүлсэн үйл баримтын үндэслэлийг тус тус дүгнэж, нэхэмжлэгч мөнгө зээлж авсан эсэх, эсвэл хариуцагч орон сууцны үнийг төлсөн эсэх, эсвэл талуудын хооронд харилцан тооцох мөнгөн төлбөрийн үүрэг байгаа эсэхийг тогтоож, эцэслэн шийдвэрлэх байсан.

Нэхэмжлэгч нь 2011.06.23-2012.06.21-ний хооронд хариуцагч Ц.Нт нийт 5,260,000 төгрөгийг дансаар, 2013.09 сард 2,500,000 төгрөг, 2011.07.20-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус бэлнээр зээлдүүлсэн гэсэн бол хариуцагч нь зарим мөнгө нь 15,000,000 төгрөгийн зээл, хүүгийн төлөлт байсан гэж маргасан ба шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

11.3. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр 2011.07.20-ны өдөр 20,000,000 төгрөг бэлнээр өгсөн байсан гэх тайлбар гаргасан, энэ нь ойлгомжгүй байх тул тодруулах /хх-3-р хавтас 64 дүгээр хуудас/

11.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь Нямжавыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх уг хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай нь тогтоогдоогүй гэж үзсэн нь буруу биш боловч гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой болохыг анхаараагүй, нотлох баримт бүрдүүлэх уг ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

12. Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, зохих хууль зүйн дүгнэлт өгч, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00590 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 218/МА2020/00023 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.30-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 320,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД