Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 218/МА2019/00031

 

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2019/00427 дугаар шийдвэртэй,

*******гийн нэхэмжлэлтэй *******од хариуцагдах 10566000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд маань одоо 7 сартай. Би хариуцагч *******ын хамаатны хүнээр нь дамжуулан 2018 оны 03 сард анх танилцсан. Танилцсанаас хойш надтай утсаар байнга ярьдаг. Цогтцэций суман дээр ирэхээрээ уулзаж ярьдаг жирийн сайхан харилцаатай найзууд байсан. Гэтэл 2018 оны 03 сард намайг хэд ч хамаагүй мөнгө зээлээч. Олон улсын хөрөнгө оруулалтын компанид ажилладаг. Хөрөнгө оруулагч шаардлагатай байна. Мөнгийг тань эргэлдүүлээд буцааж өгнө гэж гуйсан. Би нялх хүүхэдтэй гэртээ суудаг байсан болохоор хэдэн төгрөгний хүү авбал ашигтай юм гэж бодсон төдийгүй ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд "Мандал зоос ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг тул түүнийг санхүүгийн чадвартай гэж итгэж байсан тул нөхөр С.Бага-Эрдэнээр цалингийн зээл авхуулан 10.566.840 төгрөгийг 2018 оны 04 сарын 05-ны өдөр *******ийн *******ын 5991011495 тоот дансанд шилжүүлсэн юм. Түүнийг мөнгөө эргэлдүүлж ашиг олоод 3 сарын дараа өгөхөөр тооцсон. Утсаар ярилцсан болохоор би зээлийн гэрээг бичгээр хийж, хугацааг нарийн тогтож тохиролцоогүй нь үнэн. Түүнээс хойш ******* утсаа хаасан. Надтай утсаар ярих нь багассан. Мөнгөө нэхэхээр хариу хэлдэггүй болсон. Би удаа дараа мөнгөө шаардаж, ашиг олох чинь юу болсон бэ. Би хүүгүй ч хамаагүй анх өгсөн мөнгөө олж авъя гэхэд надад бэлэн мөнгө алга байна. Тавилга өгье, эсхүл Ванкоён гэдэг юм өгье. Түүгээр машин авч унаж болно. Төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж болно гэх зэргээр тайлбарлаж миний мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Нэгэнт би хуулийн мэдлэггүйгээс болж зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас *******оос хүү нэхэх боломжгүй гэдгээ ойлгосон. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу *******оос 10.566.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Жаргалант худалдааны төвд байрлах Мандал Зоос Капитал ХХК-нд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нэхэмжлэгч ******* 2018 оны 4 сарын 5-ны өдөр 10,566,840 төгрөгийг миний 5991011495 тоот дансанд шилжүүлсэн нь үнэн боловч нэхэмжлэл дээр бичсэн жирийн сайхан харилцаатай сайхан найзууд, мөнгө зээлээч, мөнгийг чинь эргэлдүүлээд өндөр ашиг өгье гэсэн зүйл байхгүй. Миний бие 2018 оны 1 сарын 10 даар хадам эгчийг нөхрийн нь хамт хүргэж өгөхөөр Цогтцэций сумруу явсан. Тухайн үед Баттулга гээд манай найз хамт явъя, очиж Стэнфорд гээд компанийн талаар хүмүүст танилцуулъя гэснээр хамт явсан. Ингээд Цогтцэций суманд Баттулга компанийхаа талаар танилцуулж явсан. Тухайн үед ******* мэдээллийг авч Баттулгатай холбогдож уг компанид өөр дээрээ болон нөхөр дээрээ 2000, 2000 долларын хөрөнгө оруулалт хийж, түүнээс хойш Баттулгатай холбогдоод явсан. Миний хувьд бол *******г нэрийг нь сонссоноос танихгүй явсаар 3 сарын сүүлээр Цогтцэций сум орохдоо анх уулзсан. Тухайн үед миний бие хадам эгчийнд байх ямааны ноолуурыг авах зорилготой явахдаа Стэнфорд гээд компанид хөрөнгө оруулалт хийсэн талаар мөн нэмж хийж байгаа талаар ярьсан. Тухайн үед ******* 10000 доллар хийнэ, цахим 10000 долларыг олж өгөхөд туслаарай миний мөнгө төгрөг бэлэн болж байгаа гэж хэлснээр бидний яриа дууссан. *******гийн 5598067230 тоот данснаас 4 сарын 5-нд тухайн үеийн ханшаар 4350 доллар олж өгөөч гэж надруу шилжүүлсэн. Тухайн үед уг компани урамшуулал зарлаад 4 сарын 6-нд дуусна гэж байснаар тухайн хугацаанд амжуулах зорилгоор надаас гуйсан би тусласан. Миний данснаас найман шаргын валютын газар руу шууд шилжүүлсэн гүйлгээ нь дансны хуулга дээр тодорхой байгаа. Тиймээс та бүгд дахин шалгаад *******гийн дансны хуулгыг авч чадвал маш олон хүмүүс рүү доллар авахаар шилжүүлсэн нь харагдана. ******* өөрөө 5650 долларыг нь хүмүүсээс цуглуулсан гэж ярьж байсан. Тухайн 10000 долларын хөрөнгө оруулалт Тугалхүү гэж хүний нэр дээр хийсэн байгаа. Эдгээрийг батлах баримт гэрчлэх олон хүн байгаа. Уг компанид өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалт хийгээд одоо надруу шилжүүлсэн мөнгөө намайг зээлсэн болгож, миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа нь үнэндээ таалагдахгүй байна. ******* фэйсбүүкээр хөрөнгө оруулалт хийсэн түүний талаар олон зүйлийг Стэнфордын групп чатаар бичиж байснаа өөрийнхөө фэйсбүүк хаягаа устгаж дахин шинээр нээсэн байгаа. Шалгаад үзвэл *******гийн хувьд надруу удаа дараа залгаж, мессеж бичиж утга агуулга нь заналхийлсэн, дарамталсан байдалтай бичиж эхэлсэн. Миний бие *******гийн шилжүүлсэн мөнгөнөөс 1 ч төгрөг авч завшаагүй учир тоолгүй өнгөрөөсөн. Одоо сүүлдээ дэндүү хол зүйл бичээд шүүхэд хандаж байгаад нь гайхаж байна. Иймээс уг нэхэмжлэлийн утга агуулга худлаа гүжирдэж бичсэн байгаа учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ******* овогт *******ийн ******* /*******/-оос 10566000 /арван сая таван зуун жаран зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ийн ******* /РД:/-д олгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 184100 /нэг зуун наян дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх *******гийн нэхэмжлэлтэй *******од холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, илт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж доорх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 10566840 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдож байх боловч энэ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг нотлохгүй, бусад бичгийн баримтаар талуудын хооронд хэрхэн ямар тохиролцоо хийгдсэн нь тодорхойгүй байна. Харин нэхэмжлэгч нь 10566840 төгрөгийг хариуцагч *******од шилжүүлж, хариуцагч нь уг мөнгийг захиран зарцуулж, нэхэмжлэгчид буцаан өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь өөрийн мөнгийг хариуцагчаас шаардах эрх үүсжээ. Нэхэмжлэгч нь хөрөнгөө сайн дураар хариуцагчид шилжүүлсэн байх боловч буцаан авахгүй талаар тохиролцсон баримт байхгүй бөгөөд өөрийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул... гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 10566840 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн ХААН банкин дахь 5991011495 тоот данс руу шилжүүлж, ийнхүү шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт ******* гэж бичсэн байдаг бөгөөд хариуцагчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан *******гийн ХААН банкин дахь ... тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тулгахүү гэх хүн их хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг ба хариуцагч талаас гаргаж өгсөн Стэмфорд" гэх сүлжээний Тулгахүү /account: 1110949/ гэсэн дансанд 2018.04.06-ны өдөр 12000 доллар үүссэн баримт авагдсан байдаг ба түүнчлэн гэрч Б.Мөнхбатын мэдүүлгээр мөн энэ үйл баримт тогтоогддог.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлд нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба зохигч нарын хүсэл зориг мөнгө зээлдүүлэх, нэг нь зээлдэх хүсэл зориг байсан гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа эхлээд, хэрэг хэлэлцэх явцад болон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөр хоорондоо зөрүүтэй тайлбар /...хамаатны хүнээр дамжуулан 2018 оны 3 сард танилцсан, утсаар байнга ярьдаг байсан ... 3 сарын хугацаатай зээлсэн.. хэдэн хувиар өсгөж өгөх талаар тохиролцоогүй.... 10 хувиар нэмж өгнө 12608208 төгрөг болгож өгөхөөр тохирсон ... 2000000 төгрөг нэмж өгнө гэж тохирсон, ...нөхөр Багахүүгээр зээл авхуулж *******од өгсөн..., би Олон улсын Хөрөнгө оруулалтын компанийн талаар юу ч мэдэхгүй..., гэх зэргээр худал тайлбаруудыг өгч байсан/-ууд гаргаж байсныг шүүх анхаарч үзээгүй.

ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40,2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан.

Хариуцагч талаас Стэнфорд гэдэг компанид хөрөнгө оруулалт хийх гэж Б.******* нь өөрөө *******оор дамжуулж мөнгөө доллар болгон солиулаад аваачаад өгөөч гэж гуйсны дагуу түүнд тусалсан, тийм ч учраас над руу мөнгийг бутархай байдлаар шилжүүлсэн гэж маргасаар байтал талуудын хооронд хэрхэн ямар тохиролцоо хийгдсэн нь тодорхойгүй байна... сайн дураар мөнгө шилжүүлсэн байна гэж дүгнэсэн хэрнээ түүнийгээ үгүйсгэж хариуцагчийг мөнгийг хууль бусаар эзэмшиж байсан гэж дүгнэн хэрэглэх ёсгүй хуулийг буюу тухайлбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх байр сууриа алдаж илт нэг талыг барьж шийдвэрлэсэн явдал гэж үзэж байна. /Нөгөө талаас нэхэмжлэгч зээлдүүлсэн мөнгөө буцааж авна гэж нэхэмжилж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс хальж шийдвэрлэсэн/

Нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн үйлдлийн цаана итгэмжлэл, даалгаврын гэрээ хэлцэл ч байгуулагдсан байж болох бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт нь бусад хөдөлбөргүй нотлох баримтаар дэмжигдэж, эргэлзээгүй нотлогдсон байх учиртай.

Мөн шүүхийн дээрх дүгнэлтийг сөргүүлэн тавибал мөнгийг буцаан авахаар тохиролцсон баримт хавтаст хэрэгт байхгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 139/ШШ2019/00427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, зохигчдын хооронд үүссэн маргааны үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүй, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн талаар хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан асуудлыг шүүхээс тодруулалгүй шийдвэрлэсэн байна.

Шүүх хариуцагч талын нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтүүдийг 2019 оны 09 сарын 19-ний өдрийн 139/ШШ2019/01376 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч Цагдаагийн ерөнхий газраас Stamford ХХК-нд Н.Алтансувд болон Куатбекид бэлэн мөнгө хураалгаж байсан бүртгэлээс Тугалхүү гэсэн бүртгэл /account:1110949/ хураалгасан эсэхийг шалгуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шүүх Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан.

Шүүх хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад шийдвэр гаргасан талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тухайн нотлох баримт /хэргийн 43-45/ -уудыг хэрхэн бүрдүүлж бэхжүүлсэн, уг баримтууд нотлох баримтын шаардлагыг хэрхэн хангаж, шүүх үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Шүүх хэргийн нөхцөл байдал тухайн баримтыг нотлох, батлах эсхүл үгүйсгэх үндэслэл нөхцөлийг шүүхийн шийдвэрт тодорхой заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад нийцнэ. Гэтэл шүүх нотлох баримтыг уг хуулийн заалтад нийцүүлэн үнэлээгүй, маргааны үйл баримтыг тодруулаагүй, нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна.

Нотлох баримт бүрдүүлж, цуглуулах талаар гаргасан хариуцагч талын хүсэлт хангагдаагүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг Давж заалдах шатны шүүхээс өөрчлөн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2019/00427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184100 /нэг зуун наян дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ