Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 427

 

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2019/00427

Дундговь аймаг

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р баг, 17-10А  тоотод   оршин суух, РД:ЕП90100607 регистрийн дугаартай, Бо овогт Ба ийн У гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан   сумын 7-р баг, Жаргалант 209 тоотод оршин суух, РД:ЗГ88072532 регистрийн дугаартай, Ха овогт  Га ийн Г од холбогдох 10566000 төгрөг гаргуулах тухай 139/2018/00739/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. А /Говьсүмбэр аймгаас онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ба овогтой У миний биө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд маань одоо 7 сартай. Би хариуцагч Г.Гын хамаатны хүнээр нь дамжуулан 2018 оны 03 сард анх танилцсан. Танилцсанаас хойш надтай утсаар байнга ярьдаг. Цогтцэций суман дээр ирэхээрээ уулзаж ярьдаг жирийн сайхан харилцаатай найзууд байсан. Гэтэл 2018 оны 03 сард намайг хэд ч хамаагүй мөнгө зээлээч. Олон улсын хөрөнгө  оруулалтын компанид ажилладаг. Хөрөнгө оруулагч шаардлагатай байна. Мөнгийг тань эргэлдүүлээд буцааж өгнө гэж гуйсан.

Би нялх хүүхэдтэй гэртээ суудаг байсан болохоор хэдэн төгрөгний хүү авбал ашигтай юм гэж бодсон төдийгүй Г нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд "Мандал зоос” ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг тул түүнийг санхүүгийн чадвартай гэж итгэж байсан тул нөхөр С.Бага-Эрдэнээр цалингийн зээл авахуулан 10566840 төгрөгийг 2018 оны 04 сарын 05-ны өдөр Гаийн Гын 5991011495 тоот дансанд шилжүүлсэн юм. Түүнийг мөнгөө эргэлдүүлж ашиг олоод 3 сарын дараа өгөхөөр тооцсон. Утсаар ярилцсан болохоор би зээлийн гэрээг  бичгээр хийж, хугацааг нарийн тогтож тохиролцоогүй нь үнэн. Түүнээс хойш Г утсаа хаасан. Надтай утсаар ярих нь багассан. Мөнгөө  нэхэхээр хариу хэлдэггүй болсон. Би удаа дараа мөнгөө шаардаж, ашиг  олох чинь  юу болсон бэ. Би хүүгүй ч хамаагүй анх өгсөн мөнгөө олж авъя гэхэд надад бэлэн мөнгө алга байна. Тавилга өгье, эсхүл Ванкоён гэдэг юм өгье. Түүгээр машин авч унаж болно. Төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж болно гэх зэргээр тайлбарлаж миний мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Нэгэнт би хуулийн мэдлэггүйгээс болж зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас Г.Гоос хүү, нэхэх боломжгүй гэдгээ ойлгосон. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Гоос 10566000 төгрегийг л гаргуулан авах хүсэлтэй байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шалгаж намайг хохиролгүй болгож  өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Га овогтой Г миний бие нь Дундговь аймгийн Жаргалант худалдааны тевд байрлах “Мандал Зоос Капитал” ХХК-нд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нэхэмжлэгч Б.У 2018 оны 04 сарын 05-ны өдөр 10566840 төгрөгийг миний 5991011495 тоот дансанд шилжүүлсэн нь үнэн боловч нэхэмжлэл дээр бичсэн жирийн сайхан харилцаатай сайхан найзууд, мөнгө зээлээч, мөнгийг чинь эргэлдүүлээд өндөр ашиг өгөе гэсэн нэг ч зүйл байхгүй. Өнгөрсөнийг эргээд харвал миний бие 2018 оны 01 сарын 10 даар хадам эгчийг нөхрийн нь хамт хүргэж өгөхөөр Цогтцэций сумруу явсан тухайн үед Ба гээд манай найз хамт явъя, очиж Стэмфорд гээд компанийн талаар хүмүүст танилцуулая гэснээр хамт явсан. Ингээд Цогтцэций суманд Ба компанийхаа талаар танилцуулж явсан. Тухайн үед Б.У мэдээллийг авч Батай холбогдож уг компанид өөр дээрээ болон нөхөр дээрээ 2000, 2000 долларын хөрөнгө оруулалт хийж, түүнээс хойш Батай холбогдоод явсан. Миний хувьд бол Б.Уг нэрийг нь сонссоноос танихгүй явсаар 3 сарын сүүлээр Цогтцэций сум орохдоо анх уулзсан. Тухайн үед миний  бие хадам эгчийнд байх ямааны ноолуурыг авах зорилготой явахдаа Стэмфорд гээд компанид хөрөнгө оруулалт хийсэн талаар мөн нэмж хийж байгаа талаар ярьсан. Тухайн үед Б.У 10000 доллар хийнэ, цахим 10000 долларыг олж өгөхөд туслаарай миний мөнгө төгрөг бэлэн болж байгаа гэж хэлснээр бидний яриа дууссан. Б.Угийн 5598067230 тоот данснаас 4 сарын 5-нд тухайн үеийн ханшаар 4350 доллар олж өгөөч гэж надруу шилжүүлсэн. Тухайн үед уг компани урамшуулал зарлаад 4 сарын 6-нд дуусна гэж байснаар тухайн хугацаанд амжуулах зорилгоор надаас гуйсан би тусласан. Миний данснаас найман шаргын валютын газар руу шууд шилжүүлсэн гүйлгээ нь дансны хуулга дээр тодорхой байгаа. Тиймээс та бүгд дахин шалгаад Б.Угийн дансны хуулгыг авч чадвал маш олон хүмүүс рүү доллар авахаар шилжүүлсэн нь харагдана. Б.У өөрөө   5650 долларыг нь хүмүүсээс цуглуулсан гэж ярьж байсан. Тухайн 10000 долларын хөрөнгө оруулалт Тугалхүү гэж хүний нэр дээр хийсэн байгаа. Эдгээрийг батлах баримт гэрчлэх олон хүн байгаа. Уг компанид өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалт хийгээд одоо надруу шилжүүлсэн мөнгөө намайг зээлсэн болгож, миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа нь үнэндээ таалагдахгүй байна. Б.У фэйсбүүкээр хөрөнгө .оруулалт хийсэн түүний талаар олон зүйлийг Стэмфордын групп чатаар бичиж байснаа өөрийнхөө фэйсбүүк хаягаа устгаж дахин шинээр нээсэн байгаа. Шалгаад үзвэл надаас Б.Угийн хувьд надруу удаа дараа залгаж, мессеж бичиж утга агуулга нь заналхийлсэн, дарамталсан байдалтай бичиж эхэлсэн. Миний бие Б.Угийн шилжүүлсэн мөнгөнөөс 1 ч төгрөг авч завшаагүй учир тоолгүй өнгөрөөсөн. Одоо сүүлдээ дэндүү хол зүйл бичээд шүүхэд хандаж байгаад нь гайхаж байна. Иймээс уг нэхэмжлэлийн утга агуулга худлаа гүжирдэж бичсэн байгаа учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.У нь Г.Год холбогдуулан зээл 10566000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Г нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргаж байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 сарын 5-ны өдөр хариуцагчийн ХААН банкны харилцах дансанд 10566840 төгрөгийг шилжүүлсэн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно. Харин дээрхи мөнгийг нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Г.Год зээлдүүлсэн гэж нэхэмжилж байгаа бол хариуцагч Г.Г нь дээрхи мөнгийг Б.У нь доллар болгож Стэмфорд ХХК-д хүргүүлэхээр шилжүүлсэн, уг мөнгийг доллар болгон Стэмфорд ХХК-д хүргэж өгсөн тул Б.У нь нэхэмжлэх үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.У нь Хаан банк дахь 5991011495 дугаартай данс уруу 10566840 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байх  бөгөөд 5991011495 дугаартай дансыг хариуцагч Г.Г эзэмшдэг болох нь тогтоогдож байна /ХХ-4, 41-рт/. Ийнхүү нэхэмжлэгч Б.У нь 10566840 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Г.Г нь дээрхи мөнгийг  захиран зарцуулах эрхтэй болж уг мөнгийг захиран зарцуулсан болох нь тогтоогдож байна /ХХ-41-рт/.

Дээрхи мөнгийг доллар болгон Стэмфорд ХХК-д Б.Угийн нэрийн өмнөөс хүргэж өгсөн гэх боловч нэхэмжлэгч Б.У нь Стэмфорд ХХК-д холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй /хх-ийн 173-рт/, 2018 оны 4 сарын 5-ны өдөр Б.У нь Стэмфорд ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн тухай баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотолж чадаагүй болно.  

Гэрч Б.Мө-н мэдүүлгээр “Б.У нь Г.Год мөнгө шилжүүлж уг мөнгийг доллар болгон Стэмфорд ХХК-д хүргэж өгч байсан” болох нь нотлогдож байх боловч уг гэрчийн мэдүүлэг бүхэлдээ цаг хугацааны хувьд тодорхойгүй, талуудын 10566840 төгрөг шилжүүлсэн гэх огноотой тохирохгүй, нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Г.Год 2018 оны 4 сарын 5-ны өдөр доллар болгон Стэмфорд ХХК-д хүргүүлэхээр 10566840 төгрөгийг шилжүүлж уг мөнгийг Г.Г нь доллар болгон Стэмфорд ХХК-д хүргэж өгснийг нотолж чадахгүй байна /хх-ийн 170-172-рт/. Мөн нэхэмжлэгч Б.Угийн Хаан банкин дахь харилцах дансанд олон удаагийн Стэмфорд гэж хийгдсэн зарлагын гүйлгээ нь /хх-ийн 164-167-рт/ нэхэмжлэгчийг тухайн компанитай хамааралтай этгээд болохыг нотолж байх боловч 10566840 төгрөгийг Стэмфорд ХХК-д доллар болгон хүргүүлэхээр шилжүүлсэн гэдгийг нотлохгүй байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 10566840 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдож байх боловч энэ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг нотлохгүй, бусад бичгийн баримтаар талуудын хооронд хэрхэн ямар тохиролцоо хийгдсэн нь тодорхойгүй байна. Харин  нэхэмжлэгч нь 10566840 төгрөгийг хариуцагч Г.Год шилжүүлж, хариуцагч нь уг мөнгийг захиран зарцуулж, нэхэмжлэгчид буцаан өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь өөрийн мөнгийг хариуцагчаас шаардах эрх үүсжээ. Нэхэмжлэгч нь хөрөнгөө сайн дураар хариуцагчид шилжүүлсэн байх боловч буцаан авахгүй талаар тохиролцсон баримт байхгүй бөгөөд өөрийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 184100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 184100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Харнууд овогт Гаийн Г /ЗГ88072532/-оос 10566000 /арван сая таван зуун жаран зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бо овогт Баийн У /РД:ЕП90100607/-д олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гоос  184100 /нэг зуун наян дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.У